Цорос

Цорос (эртний дуудлага нь Чорос) аймаг бол дөрвөн Ойрадын нэгэн аймаг юм. Цөөнгүй судлаачид Цорос аймгийн ноёдыг Урианхайн (Урианхан) Зэлмэ ноёноос гаралтай гэж үздэг (Ойрадын өөлд, дөрвөд, баяд зэрэг аймгийн тайж ноёдын төрөн гардаг язгуурлаг овог).

Цорос хэмээх нэр “цорго” хэмээх үгээс гаралтай гэж үздэг. Цорос овгийг Улиндай бадан тайш гэгчээс үүссэн гэдэг домог буй.

XV зууны эхэн үеэс Дөрвөн Ойрадын дотор Цорос овгийн ноёдын эрх нөлөө ихссэнээр тэдний захирч байсан аймгийг Цорос хэмээн нэрлэх болсон.

Дөрвөн Ойрадын холбоог гурвантаа байгуулагдсан гэж үздэг бөгөөд Цорос аймаг гурвууланд нь оролцож байжээ. Цорос аймаг XVI зууны үеэс Или мөрний хөндийд нутаглажээ. 1671 онд Цоросын Галдан бошгот хаан Зүүнгарын хаант улсыг байгуулав. Зүүнгарын хаант улс гэж нэрлэгдсэн учир нь, XVII зууны үед ойрадууд баруун, зүүн 2 гарт хуваагдаж байсны зүүн гарт нь багтаж явсан Цоросын ноёд хүчирхэгжин, бусдыгаа өөрийн эрхшээлд оруулаад, өөрсдийн багтсан гарын (зүүн гарын) нэрээр хаант улсаа нэрлэсэнд оршино.

Цорос овгийн ноёд зөвхөн Цорос төдийгүй Дөрвөд, Баяд аймгийг захирч байв. Тиймээс Манжийн эрхшээлийн үеийн Дөрвөдийн 2 чуулганы ноёд тайж нар, бас Сайн ноён аймагт хавсаргасан Өөлдийн 2 хошуу, түүнчлэн Хөх нуурын Цоросын 2 хошууны ноёд тайж нар Цорос овогтой байжээ.

Хожим нь Монгол дахь Цорос овгийн эрх мэдлээ алдсан хэсэг нь нохой цорос гэгдэх болсон ажээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.