Jump to content

Ойрад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ойрад

Хорьдугаар зууны эхээр жин тээж яваа Ойрад
Олон нэрхудам монголоор – ᠣᠶᠢᠷᠠᠳ оирт-д
монгол кирилээр – ойрад
тод бичигᡆᡕᡅᠷᠠᡑ (ойирад)
халимаг кирилээр – өөрд
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 690 мянга (2020он). Үүнээс:

 Хятад (БНХАУ) — 300,000 (тооцоо)

 Монгол236,067 (тооллого) [1]

 Орос — 183,372 (тооллого)[4]

Киргиз Киргиз (БНКирУ) — 4,188 (тооллого) [5]
Хэл аялгаМонгол хэлний өрнөд аялга (ойрадын
үндсэн), төв аялга, төв-өрнөдийн завсрын
аялга, зарим хэсэгт тухайн улсын
орос, хятад, киргиз, англи хэл
Бичиг үсэгуламжлалт тод монгол үсэг, орчин цагт
нутаг орноо дагаад худам монгол үсэг,
халимаг кирилл, монгол кириллээр бичдэг.
Шүтлэг Буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан, Ислам
Төрөл холбоо
Ойр төрөлбусад монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан (монгол төрлийн хэлтэн)
Дотрообузава, баяд, дөрвөд, захчин,
мянгад, өөлд, сарт халимаг, торгууд,
урианхай, халимаг, хотон, хошууд ,Цаатан

Монгол угсаатан болон монгол үндэстний дунд баруун зүгт байдгаараа, хэл аялга, түүхэн үрээр бусдаасаа ялгарах бүлгийг Ойрад гэдэг.

Ойрад монголчууд XIII зууны эхнээс Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж, XIV зууны эцсээр бага хаадын үе эхлэхэд хааны захиргаатай мөчөөрхөж Монгол төрөөс салан тусгаарлах маягтай зайдуухан байх болжээ. Ойрадыг өөртөө буцаан нэгтгэхийг Монголын төрөөс олон удаа шахаж шаардаж, байлдаж, хөөж мөрдөж байв. Дөрвөн аймаг холбоолсныг түүхэнд Дөрвөн ойрад гэдэг. Дөрвөн ойрадаас улбаалсан Ойрадын төр улс XVII зуунд Зүүнгарын хаант улс, Хошуудын болон Халимагийн хант улсыг байгуулж XVIII зууны дунд хүртэл 400 гаруй жил тодорч яваад манж Чин улс, хаант Орос улсын харьяанд хуваагдснаас 300 гаруй жил болоход дахин улс байгуулсангүй. Өдгөө Монгол, Хятад, Орос гурван улсад тус бүр бараг тэнцүү тоотой, нийтдээ 700 мянга гаруй Ойрадын яс аймгийн хүн амьдарч байна.

Монгол улсын ойрадууд орон даяар, голцуу Улаанбаатар, Увс, Ховдод оршин сууж байна. Баяд, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, урианхай, хотон гээд хуучин хошуу, одооны ястныхаа нэрээр бүртгэгддэг. 2010 оны тооллогоор 236 мянган хүн байв. Хятад улсын Ойрадууд хуучин Зүүнгар, одоогийн Шинжаан орны Бортал, Баянгол, Ховогсайр нутаг, Хөхнуур муж болон Өвөр Монгол орны Алшаа, Хөлөнбуйр нутагт амьдарч, яс аймгаар бус ерөнхий «монгол үндэстэн» үгээр бүртгэгдэж байна. Тооцож багцаалснаар 250 мянга байна. Үүнд торгууд, хошууд, урианхай яс голлодог. Ойрадын уг нутгаас 6000 км алсад, Европ тив, Каспийн тэнгисийн эрэгт Оросын Ойрадууд буюу халимаг-ууд байна. Оросын хэмжээнд 183 мянга, түүнээс Халимаг оронд 163 мянган халимаг тус орныхоо хүн амын 58 хувийг эзлэн байна. «Халимаг» (᠋калмыки) гэж бүртгэгддэг бөгөөд уг нь торгууд, дөрвөд, хошууд, зүүнгар, хойт аймаг, шинэ бузава ястнаас бүрджээ. XIX зуунд Шинжаанаас уул даваад өдгөөгийн Киргиз оронд суусан цөөн тооны хотон халимаг, XX зуунд гадаад руу цагаачилсан хүмүүс бас бий.

Ойрадын хэл аялга гурван хэсэгтээ жаахан зөрүүтэй болсон. Монголын хэл шинжлэлч Ш. Лувсанвандан 1959 онд урьдын олон судалгааг нэгтгэн дүгнэж монгол хэлний өрнөд аялгаар Шинжааны Ойрад, Ижилийн Ойрад (халимаг) хэлцэж байна, монгол хэлний өрнөд-төвийн завсрын аялгаар Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгийн Ойрад, Хятад улсын Хөхнуур, Алшаагийн Ойрад хэлцэж байна гэдгийг тодотгожээ. Ойрад худам монгол үсгээр бичиж байгаад XVI зуунаас бусад монголчуудын адил бурхны ном судлан самгарди, төвөд бичгээс монголчилж бичигт мэргэшсэнд 1646 онд Зая бандид Намхайжамц тэр үеийн монгол хэлнээ тааруулан бичих дүрэм уялдуулж, үсэг өргөтгөн хэл бичгийг ойртуулж тодруулсан нь тод үсэг байв. Халимаг, Монголын Ойрад XX зуунд латин, кириллтэй золгох хүртэл тод бичигтэй байсан бол Шинжааны Ойрад худам үсгийн хажуугаар одоо ч тод үсгээр бичиж байна. Ойрадууд биелэх (бий), хөөмийлөх дуртай, «Жангар» баатрын тууль хайлдаг.

«Ойрад (ойрад)» хэмээх нэрийн гарлын талаарх дөрвөн судлаачийн таамгийг энд онцлов.

  1. XIX зуунд Хаант Оросын орчуулагч, хар лам Н. Бичурины дэвшүүлсэн монгол кирилл үсгээр ойр, халимаг кирилл үсгээр өөр (хоёул «ойр, дөт, хол биш» хэмээх утгатай) гэж бичдэг үгнээс гаралтай[6] гэсэн нь хамгийн үнэмшилтэй таамаг юм. Монгол үсгээр ᠣᠶᠢᠷᠠᠳ гэж бичдэгийг задалвал ойир-а (ойр) гэх үгний араас олон тооны -д нөхцөл ойира-д (ойр-д) гэж залгаад «ойр тойрны юмс» гэсэн утга бүхий ойирад (Ойрад) гэсэн үг ганц ч үсгийн зөрүүгүй үүсдэг.
  2. XIX зууны Оросын буриад эрдэмтэн Б. Дорж «ойрат» гэдэг нь ой (ой модны ой)- арад (ард) гэх хоёр үг нийлсэн байх гэсэн үүднээс «ойн иргэд, ойн ард» гэх утгыг дэвшүүлж, энэ нь ч МНТ-ны орчуулганд хэрэглэгдэн түүхэнд оржээ.[7]
  3. XX зууны эхэнд Финландын швед эрдэмтэн Г. Рамстедт «ойрат» «огуз» хоёрыг холбон дурдаж байв.
  4. Саяхан буюу 1993 онд Оросын халимаг эрдэмтэн Н.Убушаев фин-угор бүлгийн хэлний койра (нохой) гэх үгтэй холбогдуулан чоно, нохойг дээдлэх үзлээс гарсан уу гэх санал дэвшүүлсэн.[8]

Ойрадыг (Орос: ойраты, Англи: Oirats) олон улсад доорх утгаар төлөөлүүлж бичих нь байдаг.

Дундад зууны үеийн Ойрадын газрын зураг. Балхаш нуур, Или, Эрчис, Обь мөрнийг зурсан байн

1207 онд Ойрадын ноён Хутуга бэх (Худуга бэхи) Чингис хааны хүү Зүчиэр удирдуулсан цэрэгт ялагдаж дагаар орсон бөгөөд хожим үнэнчээр зүтгэсэний тул Чингис хаан Хутуг Бэхийн хүү Иналчид өөрийн охин Чэйжинийг, түүний дүү Төрөлчид Зүчийнхээ охин Холуйханыг хатан болгон өгч худ худгуй болж, Ойрадуудыг Их Монгол улсын Боорчийн харьяанд 4 түмэн болгожээ. Энэ цагаас "Дөрвөн Ойрад" гэдэг нэр гарчээ. Үүний дараа Ойрадууд баруун зүг нүүж Енисей мөрний эх Дэлгэр мөрний саваар очиж нутаглаж байгаад XIII зууны II хагаст Завхан, Хүнүй гол, Алтайн уулын зүүн бэл хүрч нутагласан бөгөөд тэд Аригбух, Хайду нарын харъяатууд болжээ. XIV зууны сүүлч үеэс Ойрадууд Монголын хаадын мэдлээс гарч салан тусгаарлахын төлөө тэмцэх болсноор Элбэг хааны үед уугуул Монгол орон баруун, зүүн Монгол, Урианхайн 3 хязгаар болж хуваагдан хоорондоо тэмцэлдэх үе эхэлжээ. Эсэн тайш дарагдсанаас хойш XV зууны үед Ойрадууд дахин баруун тийш зайлан нүүдэллэж Алтайн уул, Эрчис мөрний эх, Бархөл, Хами-гаар сууж зүүн хэсэг Ордосын баруун хойгуур очиж суурьшжээ. Тэд "Дөрвөн Ойрадын чуулган" гэдэг эрх барих дээд байгууллага байгуулж, даргаар нь Бүүвэй Мэрзэй, дараа нь Байбагас нар ажиллаж байжээ.

XVI зууны сүүлээр Монгол хүчирхэгжиж Түмэд, Халхаас Ойрадыг нэгтгэх бодлого сэргэсэн тул ихэнх Ойрадууд алсалж Алтайн баруун нутаг, Эрчисийн адгаар цаашлан суух болжээ. Энэ байдал бараг зуун жил үргэлжлэв. Халхаас тусгаарласан Цогт тайжийг дарахад Ойрадууд тусалсанаар улс төрийн энэ ужиг мөчөөрхөл зөөлрөв. 1640 онд Халхын нутагт Монгол-Ойрадын цааз байгуулж Халхаас Ойрадын тусгаар байдлыг анх зөвшөөрчээ. Үүнээс хойш Ойрадууд Алтайн өвөрт бүрэн эрхээр буцаж суурьших болсон төдийгүй Төвөдийг зарим Ойрад ноёд захирах болжээ. Ийнхүү хүчирхэгжих болсон Ойрадууд хожим Төвдийн дэмжлэгээр улс байгуулж "Зүүн гарын хант улс" гэх болжээ.

Ойрадуудын Монголоос салан тусгаарлах тэмцэл үе үе түр зуурын амжилтанд хүрч байв. 1453 онд Эсэн тайш улс төрийн хядлагын аргаар Монголын төрийг түр авсан бол, 1688 онд Галдан бошогт Монгол төрийн сүүлчийн мөхлөгийг довтолж унагаад өөрөө мөхжээ. Мин улс, Манж гүрэн зэрэг харийн түрэлтэд Монгол төр доройтсон нөхцлийг ашиглаж монголыг эзлэн авахаар Ойрадууд ийнхүү довтолдог байв. Социалист түүхэнд үүнийг доройтсон Монголыг нэгтгэх, хариас аврахаар тэд тэмцсэн гэж бичих болсон ч ингэж үзэх нь хууль ёсны үүднээс буруу дүгнэлт гэж зарим нь үздэг болжээ. Ойрад ноёдын бүс нутагт хийсэн дайн тэмцэл бүр нь ихэнхдээ бүтэлгүйтэж, өөрийн улс төдийгүй өөрсдийнхөө амь насыг ч алдахад хүргэдэг давтамжтай байв. Тэд "Зүүн гарын хант улс" хэмээгдсэн ч баруунш Түрэг гаралтнууд, зүүнш Монголчуудыг тогтвортой засаглаж чадсангүй хямарсаар эцэстээ Манжид дагаж, улс байгуулах оролдлого нь талаар болжээ.

Хүн амын тоо, нутаг, овог аймаг

[засварлах | кодоор засварлах]

Өдгөө баттай Ойрадын яст хүн гэвэл 700 мянга байна. Үүнээс Хятадад 250 мянга, Монголд 240 мянга, Орост 190 мянга бий.

Монгол улсын хүн амын яс үндэс, угсаатны зүйн газрын зураг. 1979 он

Монгол улс 2010 онд хүн ардаа тоолоход суурин хүн амын 9.0 хувь, 236 мянга нь Ойрадын ястан байлаа.[1] Үүнд торгууд, дөрвөд (дөрвөд дотор хотон), баяд, захчин, мянгад, хойт, хошууд, өөлд, урианхай байна. Унаган Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар нийслэлд оршин сууж байна. Аж үйлдвэржилт, атрын аянаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгийг зорьсон нь цөөнгүй.

Яс, аймаг 2000 он 2010 он[1] 2010 онд голдуу хаана нутаглаж байв
Дөрвөд 66,706 72,403 Увс (42.9%), УБ (31.3%), Ховд (7.1%)
Баяд 50,824 56,573 Увс (45.4%), УБ (32.5%), Дархан-Уул (6.9%)
Захчин 29,766 32,845 Ховд (60.3%), УБ (26.2%), Дархан-Уул (4.9%)
Урианхай 25,183 26,654 Ховд (23.4%), УБ (23.0%), Баян-Өлгий (19.9%)
Өөлд 14,634 15,520 УБ (38.9%), Ховд (32.1%), Архангай (16.4%)
Торгууд 12,628 14,176 Ховд (44.1%), УБ (40.3%), Дархан-Уул (6.3%)
Хотон 9,014 11,304 Увс (47.6%), Орхон (17.3%), Сэлэнгэ (14.4%)
Мянгад 6,082 6,592 Ховд (57.0%), УБ (29.7%), Увс (2.7%)
Нийлбэр 214,837 236,067 УБ, Увс, Ховд, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ

Мөн дархад, хотгойд, дарьганга ястныг бүрдүүлэхэд Ойрад оролцсон гэдэг.

Монгол, Хятад дахь Ойрад аялганы тойм төдий газрын зураг  (орос.)

Хятад улсад монгол үндэстэн гэж бүртгэдэг болохоор тэр доторх Ойрадын тоог ялган мэдэх хэцүү. Нутгаар баримжаалсан судалгааг доор хүснэгтлэв.[9] Шиньжянд 150 мянга, Хөхнуурт 80 мянга, бусад газарт 20 мянга гээд бүгд 250 мянга байна. Шиньжянд торгууд, хошууд, урианхай, өөлд, Хөхнуурт хошууд (дээд монгол), Өвөр Монголын Алшаад хошууд, торгууд, Хөлөнбуйрт өөлд байдаг.

Муж, орон Аймаг, хот Хүн ам Яс, аймаг; олонхын нутаг
Шинжаан Баянгол 49,000 торгууд, хошууд; Хэжин шяньд 30000
Бортал 26,000 ихэвчлэн торгууд; Рашаан шяньд 11000
Или 34,000 өөлд; Монголхүрээ шяньд 17000
Тарвагатай 32,300 торгууд; Ховогсайр шяньд 17000
Өрөмч 7,000 ихэвчлэн торгууд, хошууд, өөлд
Хармай 2,000 торгууд
Хамил 2,000 Бархөл шяньд суудаг
Цонж 2,000 Жимсайр шяньд суудаг
Хөхнуур 70,000 Хайши (Цайдам), Хэнаньд байна
Ганьсү Сүбэй шяньд байж магадгүй
Өвөр Монгол Алшаа Алшаа хошууд, эзнээ торгууд
Хөлөнбуйр Эвэнх хошууны Имин голын эрэгт
1971 онд зурсан нутгийн аялганы газрын зураг. Улбар шараар торгууд, элсэн шараар дөрвөдийг зуржээ

Орос улсад Каспийн тэнгис, Ижил мөрний эрэгт Халимаг орон (БНХалУ) байна. 2010 оны хүн амын тооллогоос үзвэл Халимагт 162,740 (хүн амын 58 хувь), Астрахань мужид 6,624, Москва хотод 3,996, нийт Орос даяар 183,372 халимаг буюу Ойрад хүн байна.[4]

Халимаг гэж нэгтгэн бүртгэдэг болохоос өмнө хамгийн сүүлд 1861 онд овог аймгаар бүртгэжээ. Үүнд 45% нь торгууд, 34 хувь нь дөрвөд, 15 хувь нь бузава, 6 хувь нь хошууд байв. Одоо ч гэсэн тэр дүнг барин тооцвол 80 мянган торгууд, 60 мянган дөрвөд, 30 мянган бузава, 10 мянган хошуудаас бүрдэж байгаа юм.[9]

Оросын алтай ястныг 1948 он хүртэл Ойрад гэгдэж явсны хувьд, туваг урианхай гэгдэж явсны хувьд хамаатуулах нь байдаг.

Киргиз улсад «халимаг» (калмыки) гэж бүртгэгддэг Ойрад байна. Ислам шашинтай болсны хувьд хотон халимаг гэнэ. 1999 онд 5,824 байснаа 2009 он болоход 4,188 хүн халимаг гэж мэдүүлжээ.[5] Үүнээс 2,805 нь Ак-Суй район, 679 нь Харгол хотод оршин сууж байна. Гэхдээ өөрсдийгөө Киргизгэж бүртгүүлдэг болсныг оруулаад хотон халимагуудыг 10,000 гаруй байгаа гэж тооцдог.

Ойрад гэдэг нь мэдэгдэж байгаагаас хэлвэл АНУ-д 2000, Чехэд 2000, Францад 800, Хасагт 1000, Украинд 700 орчим халимаг буюу Ойрад байна. Монгол улсын 100 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж амьдарч байгаа, тэднийг дээр тооцоонд оруулаагүйг бодон жинлэвэл 10,000 мянга орчим нь Ойрад байх боломжтой. Талаас илүү нь Өмнөд Солонгос, Америк хоёрт байгаа.

Зүүнгарын хаант улс 600,000 Ойрад хүн амтай байсан ч Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны 15-18-р он буюу 1755-1758 онд Монголын Зүүнгарын хаант улсыг эзлэн ойрадуудыг манжийн эсрэг дахин тэмцэхээс сэргийлж зүүнгарчуудын гуравны хоёрыг нь хядаж дуусгасан билээ.

Ойрадууд нь эрт цагт Байгал нуурын баруун эрэгт байгаад хожим нь урагш нүүжээ. Дөрвөн Ойрад нь Алтайн нурууны баруун зүүн тал, Тэнгэр уул, Балхаш нуур, Исикуль нуур, Тарвагтайн нуруу хойшоогоо Енисэй, Обь, Эрчис мөрний сав газрыг багтаасан өргөн уудам нутагт амьдарч байжээ.

Монголын ард түмэн хэдийгээр үндэсний тусгаар тогтнолоо алдан Манж гүрний хараат байсан авч үндэсний соёлоо бүрэн бүтнээр нь хадгалан угсаатны хувьд нэгдлээ бат хамгаалж байсанд тухайн үеийн Монгол угсаатны үйл явцын онцлог оршино.Манжийн ноёрхлын үед [1754-1762 ] зохин байгуулагдсан Дөрвөд, Баядын 14 хошуу, Захчин, Торгууд, Хошууд, Мянгад, Алтайн Урианхайн "хошуу", "анги", "сумд", "дөчин", "арван"-ы байгуулалт нь тухайн үед жижиглэн сарнисан улс төрийн шинжтэй байсан боловч угсаа соёлын нийтлэг төлөвшихөд төдийлөн саад тотгор болж чаддагүй юм. Учир нь тэдгээр хошуудын нутаг дэвсгэр нь нутгийн тодорхой дээс заагтай, ястан бүр өөрсдийн хэл аялга, угсаа гарвал, түүхэн замналаа сайн мэддэг байсан нь нийт Ойрад түмний угсаа соёлын нийтлэг төлөвших, тус бүрийн өвөрмөц соёл хөгжих үйл явцад зохих үр дагавар бүхий хүчин зүйл болж байжээ.

  1. 1.0 1.1 1.2 "Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого. Нэгдсэн дүн". Эх хувилбараас архивласан: 2016-03-12. Татаж авсан: 2014-05-09.
  2. Увс аймаг дахь Ойрадын тоог гаргахад 2010 оны хүн амын тооллогын дүнгээс тухайн ястны тоо, аймаг, нийслэлд тархан суусан хувийг харьцуулав. Үүнд: дөрвөд нийтдээ 72,403 байгаагаас 42.9 хувь Увсад гэх мэтээр үржүүлж тооцов.
  3. Ховд аймаг дахь Ойрадын тоог гаргахад 2010 оны хүн амын тооллогын дүнгээс тухайн ястны тоо, аймаг, нийслэлд тархан суусан хувийг харьцуулав. Үүнд: дөрвөд нийтдээ 72,403 байгаагаас 7.1 хувь Ховдод гэх мэтээр үржүүлж тооцов.
  4. 4.0 4.1 Итоги ВПН 2010
  5. 5.0 5.1 Перепись населения Кыргызской Республики 2009 года. Численность постоянного населения по национальностям.
  6. Бичурин Н. Я. (Иакинф). Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. 2-е издание, Элиста: Калмыцкое книжное издательство, 1991. (Текст печатается по изданию: Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. Сочинено Монахом Иакинфом. Санкт-Петербург. 1834. Типография Медицинского департамента Министерства внутренних дел.
  7. Банзаров Д. Об ойратах и уйгурах // Библiот. Восточн. Истор. Т. I, приложение V; перепечат. въ книгъ «Черная въра и другiя статьи Дорджи Банзарова», подъ ред. Г.Н. Потанина, СПБ. 1891, стр. 84.
  8. Убушаев Н.Н. Происхождение этнонима ойрат // Теегин герл. Свет в степи. №3 (апрель-май), Элиста, 1994.
  9. 9.0 9.1 "Хойт С.К. Последние данные по локализации и численности ойрат // Проблемы этногенеза и этнической культуры тюрко-монгольских народов. Вып. 2. Элиста: Изд-во КГУ, 2008. стр. 136-157". Эх хувилбараас архивласан: 2010-07-05. Татаж авсан: 2014-05-10.
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Ойрад – Энэ үгийг тайлбар толиос харна уу