Jump to content

Баян-Өлгий аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Баян-Өлгий-с чиглүүлэгдэв)
Баян-Өлгий аймаг
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠥᠯᠦᠭᠡᠢᠠᠶᠢᠮᠠᠭ
Өлгий хот
Баян-Өлгий аймаг далбаа
Баян-Өлгий аймаг сүлд
Солбицол: 48°18′N 89°30′E / 48.300°N 89.500°E / 48.300; 89.500Солбицол: 48°18′N 89°30′E / 48.300°N 89.500°E / 48.300; 89.500
Улс Монгол
Байгуулагдсан1939
НийслэлӨлгий
Засаг захиргаа
  Засаг даргаД. Бауыржан[1]
Газар нутаг
  Нийт45,704.89 км2 (17,646.76 бээр2)
Өндөр
1,710 м (5,610 фут)
Хүн ам
 (2023)
  Нийт 109,467
ДНБ
  НийтMNT 734 тэрбум
US$ 0.2 тэрбум (2023)
  Нэг хүнд ноогдохMNT 6,710,756
US$ 1,967 (2023)
Цагийн бүсUTC+7
Бүсийн дугаар+976 (0)142
ISO 3166 кодMN-071
Улсын дугаарБӨ_
Вэб сайтwww.bayan-olgii.gov.mn

Баян-Өлгий (ᠪᠠᠶᠠᠨ ᠥᠯᠦᠭᠡᠢ) нь, Монгол Улсын аймгийн нэг юм. Аймгийн төв нь Өлгий хот бөгөөд Улаанбаатар хотоос 1636 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр. Хүн амын тоо 112,836. Малын тоо толгой 2021 оны дүнгээр 2,379,000. Тус аймаг нь 1940 онд байгуулагдсан. Хүн амын ихэнх нь казах үндэстнүүд бөгөөд Монгол овгийн урианхай, тува ястнууд амьдардаг.

Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй.

Өртөө аралд эртнээс улаачдын буудал байсан Хойлог /Цагааннуур/ын ширэгт 1931 онд Орос улстай худалдаа хийх  дамжлага баазын суурь тавигдсанаар Ховд-Цагааннуурын авто өртөөний буудал ч Өлгий орчим байрласан зэрэг гол дөт салаа замын зангилаа, тус аймгийн хошуу, сумдын дунд цэгт оршдог, ой мод, өвс ургамлаар элбэг хожим ирээдүйд томоохон хот байгуулахад газрын гадаргуу, хөрс шороо нь хүртэл зохимжтой байсан.

Баян-Өлгий аймаг нь 1940 оны 8 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулагдсан. Өлгийг 1940 оны 09-р сарын 17-нд аймгийн анхдугаар хурлаас аймгийн төв болгон сонгон баталгаажуулжээ. Өлгий хот нь Бугат, Буянт, Улаанхус, Сагсай сумуудтай хил залгаа оршдог.

Баян-Өлгий аймгийн яамнаас эхлээд тус аймгийн анх байгуулагдсан албан байгууллагууд цөөн байшин, 30-аад эсгий гэрт байрлаж байснаа хэдхэн сарын дараа тус тусын байр байшинтай болж, гар үйлдвэрлэлийн артель, хүнсний үйлдвэр, аж ахуйн газруудаа үүсгэн байгуулж Өлгийд оршин суугчдын эгнээ 1940 оны 11 сар гэхэд 100 өрх, 400 хүн амтай болжээ.

1950-иад оны дунд үеэс Өлгийд оршин суугчдын эгнээ 7000 давж хотыг тохижуулах ажил урьд өмнөхөөс илүү эрчтэй өрнөж, цэнгэлдэх хүрээлэн, ХД театр, хүүхэд залуучуудын ордон, орон нутгийг судлах музей, барааны зах зэрэг томоохон байгууламжийг Өлгийн иргэд Бямба, Ням гаригт оройн цагаар шан харамж, цалин хөлс нэхэлгүй бүтээж байгуулсан.

Аймгийн төвийн нийгэм эдийн засаг, соёл боловсролын өргөн цар хүрээ, хөгжил бадралыг үндэслэн 1956 оны 8-р сарын 1-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 4 тоот зарлигаар Өлгий хотын хороог байгуулжээ. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрээр 1961 онд дээрх хорооны байгууламж Өлгий хот болон өөрчлөгдөж тус хотын захиргаа 13 хэсгээс, 1964 оноос 4 хорооноос бүрдэх болж, 1990-ээд оны эхнээс сум, багийн системд шилжсэн юм.

Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улстай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв (1301 м) юм.

Аймгийн нутаг дэвсгэр кайнозейн эриний дөрөвдөгч галавын үеийн гол, мөрөн, нуур, усны ажиллагаагаар тогтсон элс, шавар, хайрга голлосон тунамалтай, уулын хүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилсон гол, мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс, өндөр уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй, элэгдэл, өгөршлийн ажиллагаагаар тогтсон хонхор, гүдгэр, уул нуруудаас тогтдог. Геологи-тектоникийн мужлалын хувьд Монгол Алтайн атираат мужийн баруун ба баруун хойд хэсэгт оршдог юм. Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нөөцтэй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой, Ховд гол 506 км үргэлжилдэг.

Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тунадасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.

Баян-Өлгий аймгийн хүн ам нь 2021 оны байдлаар 112,836 бөгөөд нягтрал нь квадрат километр тутамд 2.5 хүн байна.

Баян-Өлгий аймгийн хүн амын тоо[3]
Он Бүгд Өсөлт/Бууралтын хувь
1944 38,765
1956 38,765 7.7
1963 47,838 23.4
1969 58,131 21.5
1979 71,372 22.8
1989 90,911 27.4
2000 91,579 0.73
2010 88,183 -3.7
2011 88,772 0.7
2012 90,511 2
2013 92,454 2.1
2014 95,151 2.9
2015 100,189 5.3
2016 100,172 0
2017 102,604 2.4
2018 105,090 2.4
2019 108,530 3.3
2020 110,597 1.9
2021 112,836 2
Баян-Өлгий аймгийн ястан угсаатнууд[3]
Ястан угсаатан Эзлэх хувь
Казах 91%
Урианхай 5.6%
Халх 0.9%
Дөрвөд 0.9%
Тува 0.8%

Ургамал, амьтан

[засварлах | кодоор засварлах]

Агь, таана, хөмүүл, шаваг, шарилж , ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүд, хад, гүзээлзгэнэ, тошлой зэрэг зэрлэг жимсгэнэ ургадаг. Ой нь уулсын зөвхөн сүүдэр хажууг бүрхэн, өвөр хажуугаар хээрийн ургамал тархсан, уулархаг нутгаар вансэмбэрүү, бадамлянхуа, алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг боловч үйлдвэрлэлийн аргаар өргөн ашиглаагүй байна.

300 гаруй сээр нуруутан байгаагийн дотор 11 зүйлийн хэвлээр явагч, 8 зүйл загас бүртгэгдсэн байна. Дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг амьтдаас гадна чоно, үнэг, суусар, тарвага ,туулай, үен зэрэг ан амьтад, харцага, ёл, бүргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг жигүүртэн шувуудтай.

Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 1,4 сая малтай, тариалан сул хөгжсөн байна. Аж үйлдвэрийн хөгжил дорой боловч уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбарт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэх боломжтой, төмөр зам, хатуу хучилттай авто замгүй, холбоо, агаарын болон авто тээврийн үйлчилгээ харьцангуй илүү хөгжсөн.

Хэтийн төлөв сайтай алтны 6 үндсэн илрэл, 5 шороон хуримтлалын зангилаа хэсэг буюу талбайг тогтоосон нь ойрын жилүүдэд эрэл-үнэлгээ, хайгуул хийж, алт олборлолтын салбарыг хөгжүүлэн, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой боловч байгалийн нөөц, баялгийн судалгааг бүрэн хийгээгүй байна. Төсвийн урсгал зардлын 30 гаруй хувийг өөрийн орлогоор, үлдсэн хэсгийг улсын татаасаар бүрдүүлдэг, төсөв санхүүгийн чадавх сул юм. Аймгийн байгаль орчин нь унаган төрхөөрөө үндсэндээ хадгалагдсан, ус, хөрс, агаар бохирдуулах уул уурхай, химийн үйлдвэр хөгжөөгүй, малын тоо бэлчээрийн даацнаас хэтэрч, бэлчээр талхлагдан, цөлжих нөхцөл бүрдсэн байна. Байгалийн хязгаарлагдмал нөөц, баялгийг үнэ төлбөргүй ашигладаг үрэлгэн хэв шинжээс бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний үнэд байгалийн өртгийг тусгаж, байгалийн даацад зохицон амьдрах хөгжлийн шинэ хандлагад шилжих арга замыг сонгон хөгжих чиг хандлага нь аймгийн хөгжлийн гол стратеги болж байна.

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]

Жүжигчин, найруулагчид

[засварлах | кодоор засварлах]
  • Рамишийн Асай, Ардын эмч, доктор, профессор Улаанхус сум (Баян-Өлгий)
  • Билэгтийн Цээхээ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Буянт сум (Баян-Өлгий)
  • Банзарын Дамчаа, Монгол Улсын Ардын жүжигчин, Буянт сум (Баян-Өлгий)
  • Б.Хайжамал "Монгол Улсын Ардын жүжигчин", Булган сум ( Баян-Өлгий)
  • Б. Базилхаан Монгол улсын гавьяат, доктор, профессор
  1. Байжүлы Каби (1940-1942)
  2. А.Бэгзжав (1942-1943)
  3. Дүзелбайүлы Женисхан (1943-1950)
  4. Мухамэдиүлы Күрманхан (1950-1952)
  5. Ч.Шагдар (1952-1953
  6. Мүхамайдиүлы Күрманхан (1954-1955)
  7. Шайбиүлы Кабдыл(1955-1958)
  8. Жуанганүлы Рым (1959-1970)
  9. Асканбайүлы Сарай (1970-1978)
  10. Күсбекүлы Кызырхан (1978-1989)
  11. Т.Даваажав (1989-1990)
  12. Күнтуганүлы Мизамхан (1990-1996)
  13. Кадырүлы Мейрам (1996-2000)
  14. Кабдысилаймүлы Баделхан (2000-2004)
  15. Омарүлы Габсаттар (2004-2007)
  16. Сакейүлы Кабыл (2007-2012)
  17. Күзкейүлы Дарьмен (2012-2016)
  18. Айыпүлы Гылымхан (2016-2020)
  19. Далелүлы Бауыржан (2020-2024)
 Commons: Баян-Өлгий аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан
  1. near, 동북아시아지역자치단체연합. "동북아시아지역자치단체연합, near". www.neargov.org. Татаж авсан: 9 April 2023.
  2. "GROSS DOMESTIC PRODUCT, by region, aimags and the Capital". www.1212.mn. Mongolian Statistical Information Service. Татаж авсан: 2023-12-06.
  3. 3.0 3.1 2020 оны тооллого

|}