Jump to content

Булган гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Булган гол
ЭхАлтайн нуруу
Усаа цуглуулдаг орнууд Монгол
БайршилХовд, Булган
Урт700 км
Ховд аймгийн Булган сум, Булган гол Ярант орчимд, яг улсын хилээс дарсан байдал
Ховд аймгийн Булган сум
Булган гол, Ярант
Булган голын хар усан тохой, Ярант
Булган гол, Ярант, Гурван хүүхэд уул
Булган гол, 2 Хаац уулын дунд
Булган гол, 2 Хаац уулын дунд
Булган гол, Бүрэнхайрхан уул
Булган гол, Бүрэнхайрхан уул
Булган гол, Алагтолгой баг
Булган гол, Алагтолгой баг
Булган голын эх Холбоо 2 нуур
Булган голын эх Холбоо 2 нуур
Булган голын Алтайн нурууны хавцал
Булган голын Алтайн нурууны хавцал
Булган голын загаснууд
Булган голын загаснууд

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Дэлүүн сумын заагт орших Холбоо 2 нуур, мөнх цаст Дөш уулнаас эх авч Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Чингэл голтой нийлж Өрөнгө гол нэртэй болдог. Өрөнгө гол нь цаашаа олон улсын хэллэгээр Өлөнгөр нуур, тухайн нутагт амьдрах Монголчууудын хэлдэгээр Өрөнгөр нуурт цутгана. Өлөнгөр нуур нь Хяргас нууртай хэмжээгээр адилхан том нуур юм. Монгол орны Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах голууд дунд Ховд голын дараа орох 2 дахь том гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтад авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна. Голын хөндийн хоёр талаар орших уулс нь Монголын атираат уулсын тогтолцоонд хамаарах ба элсэн чулуу, шаварлаг занараас тогтоно. Зарим газар боржин чулуулгын илэрц ажиглагдана.

Зүүн баруун Хаац уулсаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уулын орчим нутагт салхины нөлөөгөөр тогтсон элсэн толгод томоохон талбайг эзлэн оршино. Баян-Өлгий аймгийн Булган сумын хойд зах Булган голын эхээр Монгол Алтайн салбар уулс оршино. Булган гол 100 гаруй цутгал гол горхитой бөгөөд тэдгээрээс хамгийн том нь Ёлтын гол, Хар нуурын гол, Улаагчины гол, Түргэн гол, Жаргалантын гол, Хужиртын, Их, Дунд, Бага Төмөртийн голууд, Түргэний гол, Ендэртийн гол, Тошилтын гол, Дээд нарийнын гол, Доод нарийны гол, Баянгол, Улиастайн зэрэг голууд юм. Мөн тухайн голын савд багтаж, тухайн гол руу Хар нуур нь Хар нуурын голоор, Хөх голын нуур нь Ёлтын голоор, Баян нуур нь Арцатын гол гарч Түргэний голоор, Сөнхөл нуур нь Сөнхөлийн голоор Түргэний голд цутгаж цаашаа Булган голд цутгадаг байна. Булган гол нь эхэн хэсэгтээ боргио, харгиа ихтэй уулын ширүүн урсгалтай, доошлох тусам урсгал нь намуухан дөлгөөн болно. Булган гол нь өндөр уулнаас буугаад хангай говь хосолсон өргөн хөндий дундуур урсаж улмаар БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны нутагт ороод Чингэл голтой нийлж Өрөнгө гол болж Өлөнгөр нуурт цутгана. Газрын гадарга нь гадаад хүчний нөлөөнд хүчтэй автсан хурц ирмэгтэй хяр, хад цохиотой уул нуруу, хонхор хөндий, нүх сэнж үүссэн цохиот уулс, бөмбөг шиг бөөрөнхий болтлоо элэгдсэн мөлгөр чулуутай хуурай сайр, хотос, хонхор, жижиг үйрмэг чулуу бүрхэн хучсан дэнж, тал бэл бүхий төрх байдалтай юм. Булган голын орчимд уур амьсгал ерөнхийдөө эрс тэс шинжтэй, зун нь халуун, өвөл нь хүйтэн, хур тунадас бага, салхи ихтэйгээс гадна намар орой хүйтэрч, хавар эрт дулаарах учраас хүйтний улиралд манай орны бусад нутгаас арай өвөрмөц юм. Булган гол нь эрт үед одоогийн Үенч, Бодонч голуудын адил Цоохор нуур луу цутгаж Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим шинэхэн тектоник хөдөлгөөнөөр чиглэлээ өөрчлөн баруун тийшээ урсах болсон нь сонирхол татаж байгаа юм.

Ургамалжилтийн хувьд баглуур, шар мод, хялгана, буйлс зонхилсон цөлийн хээрийн бүлгэмдэлтэй байдаг. Хэвгий тал, толгодлог газраар хялгана, хиаг, шаваг бүхий бүлгэмдэл ноёрхоно. Харин голын хөндий, хужирлаг нугын хөрстэй газраар бургас, харгана, чацаргана бүхий дэрст ургамал зонхилно. Булган голын хөндий нь зэрлэг чацарганы бут хадгалагдаж үлдсэн цөөн газрын нэг юм. Уг хөндийд 18 төрөл, зүйлийн зэрлэг чацаргана ургадаг гэсэн судалгаа хийсэн ба энэ нь Монгол улсдаа хамгийн ихэд орно. Нөгөө талаар энэ орчимд бургас шугуй, дэрс, хонхот харгана, зэгс, шагшуурга бүхий цөөрөмтэй байдаг нь усны минж идэш тэжээлээ олох, өсөж үржих, амьдрахад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг.

Амьтны аймгийн хувьд нэн ховор амьтан болох минж, ногоон бах, зэгсний зэрлэг гахай, мөнгөн сортой хар булга, ойн булга, хадны цагаан элэгт суусар, замба гүрвэл гэх мэт Монгол орны улаан номонд орсон 15 хөхтөн амьтан, 10 шувуу, 3 мөлхөгч, 25 төрлийн ургамал тухайн голын бүсэд бий. Нөөц газрын зурваст аргаль, янгир, хулан, хар сүүлт, ирвэс, шилүүс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад элбэгээс гадна Булган голд Монгол орны улаан номонд орсон шаргал үхэрдэй загас байдаг ба Монгол улсад зөвхөн тухайн голд байдаг алтлаг хэлтэг, зүүнгарын сугас, ердийн гүрц зэрэг 4 загас байдгаас гадна булуу цагаан, алгана, шивэр сугас, улаан нүдэн, сахалт эрээлж, шивэрт сахалт эрээлж, ердийн варлан, морин гүрц зэрэг 11 төрлийн загастай. Мөн Шиньжян Хадран хэмээх загас байж магадгүй гэсэн таамаг байдаг байна. Түүнчлэн нүүдлийн болон усны олон төрөл шувуудтай ба тухайн голын савд 273 төрлийн шувууд байдаг байна..