Jump to content

Чацаргана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чацаргана
Чацарганын бут. Нидерланд
Чацарганын бут. Нидерланд
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Хүрээ: Цэцэгт ургамал
Анги: Хос навчит ургамал
Баг: Сарнай
Овог: Elaeagnaceae
Төрөл: Чацаргана Elaeagnaceae
Карл Линней
Дэд зүйлүүд

Ердийн чацаргана Hippophae rhamnoides
Hippophae salicifolia

Чацаргана (Латин: Hippophae) нь Elaeagnaceae овгийн бутлаг ургамал, мөн түүний үр жимсийг хэлнэ. Монгол улсад өргөн тархсан ургамал юм. Дэлхий дээрх чацарганын нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ногддог.[1] Чацарганын бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Ази зэрэг хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.

Ердийн чацарганы үр жимс

Чацаргана бол хоёр гэрт ургамал юм. Өөрөөр хэлбэл, нэг модонд зөвхөн эм нахиа, нөгөөд зөвхөн эр нахиа байдаг байна. Чацарганын эр ургамал нь залуу үедээ эм ургамалтайгаа төстэй харагдана. Харин жимсээ өгөх үед нь тэднийг амархан ялгаж болно. Эм ургамлын нахиа арай нарийхан, уртавтар, голдуу хоёр хайрсаар хучигдсан байдаг бол эр ургамлынх нь арай том салаалсан булцуутай, дугуйвтар, хэд хэдэн хайрсаар хучигдсан булцуутай байна.

Цэцэглэх үедээ салхины тусламжтайгаар тоос хүртэлт явагдана. Хэвийн тоос хүртэлтийн үед талбайд нэг эр ургамалд 4-5 эм ургамал байхад хангалттай. Хойд зүгийн бүс нутгийнхан чацарганыг хавар тарих нь тохиромжтой гэдэг бол төв, өмнө зүгийн нутгуудад хавар болон намар тарих нь тохиромжтой гэж ярьдаг.

Чацаргана тарих

[засварлах | кодоор засварлах]

Чацаргана тариалахдаа голдуу хоёр настай суулгацыг сонгох ёстой. Суулгацаа 3*2 метр зайтайгаар байрлуулан суулгана. Тарих нүхнүүд 50 см-ээс илүүгүй тойрогтой, бас төдий хэрийн гүнтэй байх ёстой. Чацаргана сийрэг, ус болон агаар нэвтэрдэг хөрсөнд сайн ургана. Хүнд шаварлаг хөрстэй бол тарих нүхэнд 10-15 кг хүлэр, түүн дээр 40-60 г фосфорын, 20-40 г калийн бордоог нэмж хөрсөнд хольж хийнэ.

Тарьсны дараа хөрсийг нягтруулж, хонхорхой гарган 1 -2 хувин усаар усалж, ишийг тойруулан 5-6 см зузаантай хүлэр болон үртсээр манах хэрэгтэй. Ишийг тойрсон хөрсөнд зэрлэг байх учиргүй. Тиймээс сайн цэвэрлэх шаардлагатай. Ингэхийн тулд чацаргана ургах үеийн турш байнга зэрлэг ургамлыг түүж, хөрсийг сийрүүлж байгаарай. Цэвэрлэх үедээ өнгөн хэсгийн үндэстний системийг гэмтээхгүйн тулд анхааралтай байх ёстой.

Ишийг боловсруулах гүн нь 5-7 см, тогооны эргэн тойронд 10-12 см-ээс хэтрүүлэхгүйгээр цэвэрлэх хэрэгтэй. Гантай жил чацарганын нэг бутыг зун, намрын турш 3-4 хувин усаар тогтмол услах зайлшгүй шаардлагатай. Мөн органик болон эрдэс бордоогоор бордох хэрэгтэй. Мөн гурван жилд нэг удаа органик бордоо болох амьтны болон ургамлын гаралтай ялзмагийг 10 кг-аар, түүнчлэн эрдсийн гаралтай бордоо болох фосфорыг нэг ам метр талбайд 30-50 гр, калийг 30 гр хэрэглэхийг санал болгодог.

Эдгээр бордоог намар хөрсөө сийрүүлж 10 см-ын орчим гүнд хийх нь илүү үр дүнтэй. Азотын бордоогоор чацарганыг бордох шаардлагагүй. Учир нь үндэс болон нахианы системд амьдардаг бактерийн нөлөөгөөр чацаргана агаар мандлаас азотыг өөртөө шингээж, хөрсийг азотоор баяжуулдаг. Суулгац тарьснаас хойшхи 3-4 дэх жилдээ чацаргана жимсээ өгч эхэлдэг. 8-9 дүгээр сард жимсний болц гүйцнэ.

Чацаргана хүйтэнд хэдий тэсвэртэй гэрэл, дулаанд дуртай ургамал учраас тарих талбайг сонгохдоо салхи, шуургад бага өртөх урд ба зүүн урд зүг рүү бага зэрэг халсан наранд цэвэр агаар юм уу, нөмөр тэгш газрыг сонгож авна. Сонгож авсан талбай үржил шим сайтай дунд зэргийн механик бүтэцтэй элсэнцэр хөнгөн чанарын хар, хар хүрэн, цайвар хөрс байх нь тохиромжтой. Талбайны зах салхин талд 2-3 эгнээ улиас юм уу модлог ургамал урвалсан таривал нөмөр болохын хамт цас тогтоох сайн талтай.

Талбайн хөрсийг урьдчилан 30-40 см гүн хагалаад, хагалгааны хөндлөн чиглэлд 2-3 удаа борнойдож, хог ургамал ургах бололцоогүй болгоно. 1 га талбайд 30-40 тн бууцаар бордоно. Өөрөөр хэлбэл нүх бүрт 4-8 кг бууц 100-200 гр фосфор, калийн бордоо хийж, хөрстэй нь сайн холиод ханатал усалгааг хийнэ. Энэ аргаар суулгац тарих талбайг сайн бэлтгэнэ. Дараа нь 50-60 см диаметртэй, 40-50 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хэрвээ ухаж бэлтгэсэн нүх нь хүнд шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээний бууц, элс хольж хөрсөө бэлтгэнэ. Сийрэг саарал хөрстэй бол элс холих шаардлагагүй.

Монголын эрс тэс хатуу уур амьсгалд чацаргана хамгийн тохиромжтой боловч үүн дотроос “Улаангом”, “Тэс”, “Чандмань” зэрэг сортууд илүү сайн ургана. Эдгээр сортууд нь 20 шахам төрлийн амин хүчил, 10 гаруй бичил элемент, олон төрлийн витамин агуулдаг. Ер нь чацарганыг зүрх судасны өвчин, ходоод, улаан хоолойн шархлаа, хөлдөлт, түлэгдэлт, цацраг идэвхт туяаны хордолтыг эмчлэхэд хэрэглэдэг.

Нэг бутнаас эхний гурваас таван жилд мөчир, түүнээс хойш салаалсан олон жимст мөчир гарна. Чацарганын бутыг эр, эм гэж ангилах бөгөөд эм бут жимс өгдөг. Эм нь мөчир салаа нарийн, туяхан хайрслаг бүрхүүл бүхий нахийтай байна. Харин эр бут нь том том нахиатай, олон хайрстай, нахиа хоорондын зай бага байдаг. Нэг эр модонд 10 эм мод байхаар тооцоолж тарина. Өрхийн аж ахуйдаа арваас доош бут суулгаж байсан ч заавал нэг эр бут суулгах ёстой. Үрээр суулгасан чацарганын суулгац эхний үедээ эр эмийг ялгахад хэцүү байдаг. Нарийн ажиглавал эр суулгацын нахианы булцуу арай том, ойр зайтай байршсан байна. Тарьснаас хойш 3-5 дахь жилдээ цэцэг нахиатай болох үедээ эр, эмийн ялгаа нь тодорч эхэлнэ. Эр чацарганын нахиа намар орой, өвөл, хаврын улиралд задраагүй байхдаа олон давхар хайрстай, хэмжээгээрээ том хоорондоо ойр байрласан байх ба сайн ажиглавал нэг наст мөчир нь эмийнхээсээ бүдүүн байдаг.

Эм чацарганын нэг наст мөчир нь нарийн турьхан, нахиа нь гол төлөв 2 хайрстай, эрийнхээсээ жижиг, хоорондоо хол байрласан байдаг. Чацаргана 4-5 насандаа үр жимсээ өгч эхлэх ба 30-40 жил амьдарна. Хамгийн их ургацтай нэг, мод 25.8 кг жимс өгдөг. Харин хамгийн бага нь 4.8 кг. Нэг тонн чацаргана жимснээс 20 кг тос, 500 литр шүүс 50 литр поливитамины бэлдмэл гарган авч болно. Тэгэхээр нэг га талбайгаас 2-5 тонн жимс хурааж, 200-250 кг тос, 4-4.2 тонн шүүс, бэлтгэх нь. Чацаргана далайн түвшнээс 300-5000 метрийн өндөрт 50 хэм хүртэл хүйтнийг тэсвэрлэн ургах, чадвартай тул манай орны эрс тэс уур амьсгалд тарималжуулан ургуулахад хамгийн тохиромжтой ургамал.

Хавар тавдугаар сарын 1-25, намар аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд тариална. Суулгац тариалахдаа 10 ш суулгацад 1 ш эр суулгац байхаар бодож, эр суулгацыг голлох салхин талд нь суулгах ба томоохон талбайд бол 4 м-ийн зайтай шуудуу татаж, шуудуу дотор 2 м-ийн зайтайгаар суулгац тарих цэгүүдийг тэмдэглэнэ. Суулгацаа нүхэнд хийхдээ үндсийг нь тал бүр тийшээ тарааж модоо эгц шулуун суулгах хэрэгтэй. Ингээд үндэсний үзүүрээс дээш 5-10 см зузаан нойтон шороонд булаад суулгацаа тойруулан зөөлөн гишгэж чигжиж, нягтруулна. Суулгацыг тарьсан өдөртөө багтаан ус гүйх шанагаар буюу мод тарьсан тогоогоо усаар дүүргэн сайтар услана. Ус газрын хөрсөнд шингэж нэвчсэний дараа суулгацын хазайлт үндэс ил гарсан эсэхийг шалгаж хазайвал эсрэг талаас нь гадаслаж уях, бага зэрэг шороо нэмж хучих зэргээр зохих засвар хийж хамгаална. Чацаргана тариалах суулгац, ногоон мөчрөөр үндэслүүлсэн хоёр настай стандартад тохирсон байвал зүйтэй.

Чацарганын бутны хэвийн ургалт жил бүр жимслэхэд усалгаа чухал үүрэгтэй чацарганын бутыг тарьсан жил нь 8-аас доошгүй удаа дараагийн жилүүдэд 6-аас доошгүй услана. Жишээ нь: 2 дахь жилийн усалгаа

  • Нахиа задрахын өмнө буюу задарч эхэлж байх үед дөрөвдүгээр сарын 20- 30-ны орчим
  • Цэцэглэхийн өмнө тавдугаар сарын 10- 20-ны хооронд
  • Бут цэцэглэж дуусаад мөчрийн өсөлт эхлэх үед зургадугаар сарын 5-аас 15-ны хооронд
  • Үр тогтож, үрэвч томрох үед 6-р сарын сүүлчээр
  • Жимсний өнгө ногоон байснаа шаравтар болон хувирч эхлэх үед зургадугаар сарын сүүлчээр.
  • Мөчрийн өсөлт зогсох үед есдүгээр сарын сүүлч 10 сарын орчим

Усалгаа бүрийн дараа 2-3 хоноод хөрсийг заавал сийрэгжүүлээрэй. Жижиг талбайд бутыг нөхөн тарьсан бол нүхнүүдийг холбосон шуудуугаар ус урсгах буюу нүх бүрт хувингаар ус зөөж услана.

Чацарганын бут 25-40 см нэг иштэй, түүнээс дээш мөчрүүд салаалан зүг бүрлүүгээ жигд тэлж ургасан байвал хөрс боловсруулах, услах, бордох, бутны жимс түүхэд тохиромжтой байдаг. Хавар бүхэн бутын шүүс хөдлөхийн өмнө бут хооронд зэрэгцсэн илүү мөчрийг огтолж хэт нарийн урт мөчрийг тайрч хаяна. Бутыг залуужуулахын тулд 5-7 жилд мөчир салаалах бэлчирт зөвхөн 1 мөчир үлдээж, бусдыг нь огтолж хаях хэрэгтэй. Чацарганын бут 2-4 метрээс өндөр байх шаардлагагүй. Намар жимс хурааж дууссаны дараа мод тарьсан нүх тутамд 10-12 л усаар бодож, цэнэг усалгааг хийгээд анхны цас оронгуут бутны ишийг цасаар булах буюу цөөн мод тарьсан бол даавуу, таараар боож хавар хүртэл байлгана. Энэ нь бутыг хөлдөх болон мэрэгчид идэхээс хамгаалж, байгаа зэрэг юм.

Чацаргана нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг шүүслэг жимсгэнэ юм. Сүүлийн үед анагаах ухааны салбарт чацарганыг олон талаас нь судлан хорт хавдрын эсрэг бэлдмэл гарган авахаар зорьж байгаа аж. Энэхүү жимс нь ердийн жимстэй харьцуулахад С витамины агууламжаараа хэд дахин илүү байдаг юм. Тухайлбал 100 грамм жимсэнд 100-300 мг С витамин агуулагддаг тул хүүхдийн биеийн дархлааг сайжруулна. Эрт үеэс дорнын анагаах ухаанд чацарганын тосыг хүний биеийн бодисын солилцоог дэмжих, цус алдалтыг зогсоох болон элэг, уушги, гэдэс дотрын өвчинд, жимсний шүүсийг чийг бамын өвчин, ханиад ядаргааны үед хэрэглэж иржээ.

Орчин үеийн анагаах ухаанд чацарганын тосыг гадна, дотор шархлаа, түргэн аних боломжгүй гүн шарх, эмэгтэйчүүдийн савны амсрын улайлт, наранд түлэгдэх, хөлдөлтийн үед хэрэглэж байна. Мөн амны хөндий, хоолойн улайлт, гамритыг эмчлэх, нүдний өвчин, 3үpx судасны системийн хямралыг арилгах, гоо сайхны эмчилгээнд ашиглаж байна.

“Чацаргана” хөтөлбөр хэрэгжсэнээр мод үржүүлгийн ажил тодорхой хэмжээгээр хөгжиж байна. Чацаргана ургахад манай орны цаг уур нэн таатай нөлөөтэй бөгөөд чацарганын модыг үржүүлэх олон арга байдаг.

Модлог мөчрийн тайрдсаар үржүүлэх арга

[засварлах | кодоор засварлах]

Энэ бол харьцангуй хялбар арга. Оройн нахианы нэг наст модожсон хэсгийг 15–20 см урттай огтлон аваад үзүүрийг нь чацуулан тавина. Ингэхдээ таваас доошгүй нахиатай байх хэрэгтэй. Хэрэв олон тоотой бол 50-100 ширхэгээр багцалж тавиарай. Эдгээр багцаа гялгар уут эсвэл чийгтэй элсэнд босоо байдлаар суулгаж хадгална.

Ингэж бэлдсэн чацарганын мөчрөө дөрөвдүгээр сарын сүүлийн арав хоногт эсвэл тавдугаар сарын эхний хорь хоногт багтаан суулгана. Ингэхдээ 5x10 метр. кв талбай бүхий хөрсийг шуудуулж ухан хайрцаглан бэлтгэнэ. Эгнээ хооронд 30 см, таримлын хооронд, таван см зайтайгаар суулгавал сайн. Ингэхдээ мөчирнийхөө гуравны нэгийг хөрснөөс ил гарахаар /дөрвөөс таван нахиаг/ суулгаарай.

Чацарганын мөчрөө тарихын өмнө калийн гумат, гетероауксины уусмалд 14-18 цаг байлгаад дараа нь цэвэр усанд угааж суулгах хэрэгтэй. Уусмалдаа мөчрийг жигд дүрэхийн тулд задгай амтай хавтгай ёроолтой саванд уусмалаа хийнэ. Суулгацаа долоо хоногт хоёр удаа, хоёр сарын турш усалж байх хэрэгтэй. Харин долдугаар сарын дунд үеэс эхлэн долоо хоногт нэг удаа услахад хангалттай. Модлог мөчир 30 – 45 хоногт үндэсжиж ургаж эхэлнэ. Зуны туршид хог ургамлаас байнга цэвэрлэж, хөрсийг нь сийрүүлж арчилж чадвал сайн сортын, жимс их авдаг чацарганын төгөлтэй болж болно.

Ногоон мөчрийн үржүүлэг

[засварлах | кодоор засварлах]

Хэрвээ та хавар мөчрөөр үржүүлэх ажлыг хийж амжаагүй бол долдугаар сард ч бас хийж болно шүү дээ. Юу гэвэл, долдугаар сарын эхний хоёр арав хоногт чацарганын шинээр нахиалсан мөчир нь модлог хатуу болсон байдаг юм. Энэ үед нь дөрвөөс зургаан навчтай мөчрийг 30-40 см урттайгаар тайрч авах хэрэгтэй. Ингэхдээ бүрхэг өдөр, өглөөгүүр хийвэл сайн. Дараа нь өмнөх аргын нэг адил уусмалд 12-14 цаг байлгаад жижиг, хүлэмжинд суулгана. Хүлэмжний хөрсийг бэлтгэхдээ юуны түрүүнд бүх хөрсийг ухаад доор нь голын хайргыг 8 -10 см зузаан дэвсэж өгнө. Түүний дээрээс 15-25 см ялзмагтай хар шороо болон нарийн ширхэгтэй элснээс ижил хэмжээтэй хольж, арван см зузаантай тарааж өгнө. Дараа нь элс цацаж уг хөрсийг сайтар нягтаршуулах шаардлагатай.

Чацарганын мөчрөө эгнээ хооронд гучин см, мөчир хооронд таван см зайтайгаар суулган мананцар усан бороо орох маягаар услахад хүлэмжин дотор манан үүсдэг. Эхний 20 – 25 хоногт 10-20 минутын зайтай мананжуулахад суулгасан бүх мөчир ургаж, сарын хугацаанд үндэслэж навч нь ургаж эхэлдэг. Харин энэ үеэс эхлэн усалгааг багасгаж, хүлэмжиндээ салхи оруулан, дулааны хэмийг аажмаар бууруулах хэрэгтэй.

Хүлэмжийн температур 24 – 29 хэм байвал сайн. Үүнээс илүү нэмэгдвэл хүлэмжиндээ салхи агаар оруулж хэмийг бууруулж байх хэрэгтэй. Хоёр сарын дараа хучлагыг авч суулгацаа хэвийн нөхцөлд дасгана. Долоогоос арав хоногтоо нэг удаа мананжуулах усалгаа хийж, тарьцаа өлчиржүүлж, хасах хэмтэй болоод ирэх үед суулгацаа үртэс, өвсөөр хучна. Хавар агаарын дулаан нэмэх хэмтэй болох үед хучлагыг аван арчилгаа, усалгааг хийнэ.

Чацарганыг үндсээр үржүүлэх

[засварлах | кодоор засварлах]

Чацарганын модыг үндсээр нь үржүүлэх нь ажиллагаа багатай хялбар арга. Чацарганын мод нь ганц үрнээсээ хэдэн арван метр, км үргэлжлэх бичил төглийг зөвхөн үндэснээсээ салаалан үүсгэдэг өвөрмөц онцлогтой ургамал юм.

Үүний тулд чацарганын бутыг элсэрхэг хөнгөн хөрсөнд суулгаад хөрсний өнгөн хэсгийг зөөллөж, боловсруулан услахад олон суулгац бэлтгэх боломжтой болдог. Үндэснээс салаалан суулгасан суулгац арчилгаа сайн хийвэл жилд 50 – 60 см өндөр ургаж чадна.

Чацарганын мөчрийг залгаж үржүүлэх

[засварлах | кодоор засварлах]

Энэ арга нь амт чанар сайтай арвин их чацаргана жимс хураах шинэ сортыг гаргаж авахад хамгийн тохиромжтой арга. Үүний тулд үндэсний хүзүүвч хэсгээр 5 - 10 мм бүдүүнтэй, нэг настай, 50 – 60 см мөчиртэй суулгацыг сонгон авах хэрэгтэй. Гурван настай мөчрийг тайван байдалд орсон үед нь бэлтгээд залгалтыг тавдугаар сард хийдэг. Үндэснийхээ хүзүүвчээс 8 - 10 см зайд залгалт хийж полиэтелины лентээр чанга ороож бэхжүүлнэ.


Бордогч мод ба хөрс сайжруулагч

[засварлах | кодоор засварлах]

Чацаргана нь азотыг тогтоох бактеритэй хамтын амьдралыг (симбиоз) үүсгэдэг. Тариалснаас хойш 120 хоногийн дараа хэмжихэд, найлзуурт хуримтлагтдсан азотын 21-70 хувийг агаарын гаралтай азот эзэлж байсан.[2] Чацаргана нь мөн нэг га талбайн хөрсөнд 25-261 кг азотыг хуримтлуулдаг.[2] Иймд түүнийг мод хоорондын тариалангийн (Англи: Alley cropping) үед нэг эгнээгээр тарьж ашигладаг. Энэ тохиолдолд чацаргана нь хөрс сайжруулагчийн (бордогч мод) ба салхины хамгаалалтын үүргүүдийг давхар гүйцэтгэнэ.

Уламжлалт анагаах ухаанд

[засварлах | кодоор засварлах]

Чацаргана нь эмийн ургамал гэдгийг хүмүүс бүр эрт үеэс мэддэг байжээ. Эртний Грект гэхэд чацарганын навч, шинэхэн нахиа мөчрөөр нь цэрэг, дайчид болон морьдоо эмчилдэг байжээ.

Эмийн шинж чанар нь чацарганын жимс, навч, үрэнд нь байдаг. Өвөл болж хүйтэрсэн ч жимс нь анагаах чанараа алддаггүй онцлогтой юм. Чацарганын жимсийг хураах хамгийн тохиромжтой үе нь өглөө, оройдоо агаарын температур -15 хэмээс доогуур байх үед гэнэ. Харин нартай үед жимсийг хураах тохиромжгүй байдаг. Учир нь амархан нялцайдаг юм. Хөлдөөсөн байдлаар жимсийг хагас жил хадгалах боломжтой.

Чацарганын жимсэнд С, А, Е, К, В1, В2, ВЗ, В4, В5, В6, В9, Д, Р аминдэмүүдээс гадна алимны хүчил, каротин, тос бопон төмөр, кали гээд олон бичил элементүүд агуулагддаг. Үүнээс гадна биофлавонойд хэмээх биологийн идэвхит бодис нь дахин боловсруулсны дараа ч сайн хадгалагдаж үлддэг байна.

Ардын уламжлалт анагаах ухаанд чацарганын навчаар үе мөчний өвчнийг анагаадаг бол аминдэмийн дутагдлын өвчний үед чацарганын шүүс, сироп, тосыг эмчилгээнд хэрэглэдэг. Мөн чацарганын тос, чацаргана нь зүрх судасны өвчин, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт, түлэгдэл, үрэвсэл, ходоодны хүчил багадах, гэдэс булчингийн хөдөлгөөний идэвхижүүлэлт, ходоодны болон бусад шархыг анагаах, цацраг идэвхит туяа, химийн хордолт, биеийн чалх буурах зэрэг гуч гаруй төрлийн өвчнийг анагаах чадвартай байдаг.

Чацарганы цэвэр тосноос гарган авсан ОМЕГА 3 6 9 7

[засварлах | кодоор засварлах]

Омега-3, 6, 9 нь уураг тархины үйл ажиллагааг дэмжин, холестрины хэмжээг бууруулж, судасны хананы уян хатан чанарыг сайжруулж, цус харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хангана. Омега-7 нь үс, хумс, арьсны эрүүл толигор байдлыг ханган, нүдний эрүүл мэндэд ашиг тустай. Омега 3, 6 нь хүний биед үл нийлэгжих ханаагүй тосны хүчил тул эдгээрийг зөвхөн хоол хүнсээр нөхөх боломжтой.

ОМЕГА 3 6 9 7

 Commons: Чацаргана (Hippophae) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Dharmananda S. Sea buckthorn, Institute of Traditional Medicine Online, 2004
  2. 2.0 2.1 "Quantifying Nitrogen Fixation of Agroforestry Shrub Species" (PDF). Department of Soil Science, University of Saskatchewan. Archived from the original (pdf) on 2017-08-08. Татаж авсан: 2017-02-04.