Jump to content

Хойлог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хойлог

Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тахиатан
Овог: Гургуулынхан
Зүйл: Хойлог
Латин нэр
Tetraogallus
(Жон Эдуард Грей, 1832)


Гималайн Хойлог

Хойлог (мэргэжлийн нэр: Tetraogallus) Евразийн эх газрын урд хэсэг, Кавказын уулс, Гималайн нуруу, Төвөд зэрэг өндөр уулаар нутагладаг. Мөн Гималайн Хойлогийг Америкийн Нэгдсэн Улсын Невада муж улсад шилжүүлэн нутагшуулж байна.

Ургамал үндсээр хооллодог. Газар дээр үүрээ барьдаг.

Хойлог бол тахианы баг, гургуулын овогт багтдаг манай орны дархан цаазтай шувуу юм. Биеэр тахианаас томгүй 30-40 см өндөр, 2,5-3 кг орчим жинтэй, хөх бордуу зүстэй, зоо нуруу хар судалтай, элгэн биеэрээ цагаан толботой энэ шувуу манай орны Монгол Алтай, Говь-Алтайн нуруу, Алтайн цаадах говийн уулс, Хангайн нуруу, Хөвсгөл, Тагнын салбар уулсын эгц өндөр хадан хясаа, тагийн бүс, царамд оршино.

Хойлог өвөлдөө уулын бэл рүү бууж сүрэг сүргээрээ явснаа, хавар 4-р сарын сүүлчээр эрэгчин эмэгчнээрээ салж уулын таг, царам өөд өгсөн идэшлэдэг байна. Сүргээрээ бэлчээрлэн амрах үед 1-2 эрэгчин хойлог дайснаас сэргийлэн харуулдаж хад чулуун дээр гарч зогсоно. Тэд хүн амьтны бараа хармагцаа исгэрэн түгшүүрийн дохио өгөхөд хойлогийн сүрэг ихэвчлэн газрын өөд явгалан холдоно. Хойлог нисэхдээ муу, явгалан гүйхдээ сайн тул уулын өөд, элгэн хад өөд ч хар гүйхээр гарч чадна.

Хойлог бусад шувуудтай адилгүй, хүн амьтны хөлөөс зайдуу аль нууцгай бут, хадан доор газар малтаж, өвс, үс ноос дэвсэж өндөглөнө. Цайвар хүрэн толбо бүхий шаргалдуу ногоон туяатай 4-15 хүртэл өндөг гаргаж, эмэгчин нь 21-28 хоног дарж дэгдээхэй болгодог. Хойлог гол төлөв сонгино, шувууны хөл, гогод, хойлогийн цагаан зэрэг ургамлын үр, навч нахиа иднэ.

 Commons: Хойлог (Tetraogallus) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан