Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь

Монгол Улсын засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн
зэрэг дэв, нэгжийн хүснэгт
Нэгдүгээр зэрэг
аймаг (21)
нийслэл (1)
Хоёрдугаар зэрэг
сум (330)
дүүрэг (9)
Гуравдугаар зэрэг
баг (1568)
хороо (152)
Ү · Х · З

1930 онд хуралдсан МАХН-ын  VIII  их хурал, Улсын VI их хурлуудаас тус улсын нутаг дэвсгэрийг эдийн засгийн талаар ангилж орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан аймгуудыг олшруулан, хошуудыг татан буулгаж сумдыг цомхотгон өргөтгөх талаар шийдвэрлэсэн. Засаг захиргааг шинэчлэн зохион байгуулахад Монгол орны газар зүй, хөрс ургамал, байгалийн баялаг, нутаг бэлчээр, цаг уур, зам харилцаа, мал аж ахуй, газар тариалан, хүн амын нягтшил зэрэг эдийн засгийн бүсчлэлийг гол болгон авч үзсэн.

1930 оны 11 дүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар хуучин аймаг хошууны захиргааг устгаж, шинээр байгуулагдах 13 аймгийн дарга ба аймгийн прокуроруудыг томилсон.

Аймгийн түр хороог 1931 оны эхээр байгуулжээ. Мөн оны 2, 3, 4 саруудад аймгуудын төлөөлөгчдийн анхдугаар  хурлуудыг шинэ сонгуулийн хуулийн дагуу явуулж аймгийг удирдах дээд байгууллага “Аймгийн яам”-ыг байгуулжээ. Нутгийн захиргааны шинэ хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрийг арван гурван аймгийн 311 суманд хуваасан бөгөөд Архангай 35, Алтай 16, Дорнод 26, Дорноговь 26, Дөрвөд 16, Завхан 21, Өвөрхангай 31, Өмнөговь 24, Тариалан 17, Төв 36, Хөвсгөл 25, Хэнтий 28, Ховд 13 сумтай болжээ.

1931 онд шинээр байгуулагдсан сумдын нэр нь хэтэрхий урт, тахин шүтдэг уул овооны нэрээр нэрлэсэн хэмээн үзэж 1932 онд 60 орчим сум, аймгуудаас Тариалангийн аймгийг Сэлэнгэ, Дөрвөд аймгийг Увс аймаг хэмээн өөрчилсөн. 1934 онд Алтай аймгийг Завхан аймагтай нийлүүлж татан буулгасан ч 1940 онд Говь-Алтай нэртэйгээр 20 сумтай дахин байгуулсан юм.

1937 оны 12 дугаар сарын 15-нд Булган аймгийг шинээр байгуулсан. Булган аймагт Сэлэнгэ аймгаас 8, Архангай аймгаас 1, Хөвсгөл аймгаас 4, Төв аймгаас 2 бүгд 15 сумыг таслан өгчээ.

1940 он Ховд аймгийг хоёр хуваан Баян-Өлгий аймгийг байгуулсан. Тус аймгийн Толбонуур, Баяннуур, Хужирт, Цагаан гол, Цагаан нуур, Улаанхус, Дэлүүн сум нь хасаг, Алтанцөгц, Цэнгэл, Сагсай сумд нь урианхай ард түмнээр байгуулагдсан.

1941 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Баянхонгор, Дундговь, Сүхбаатар гэсэн гурван аймгийг шинээр байгуулсан. Баянхонгор аймагт Архангай аймгаас Баянхонгор, Бөмбөгөр, Мандал, Заг гол, Гурванбулаг, Баянбулаг, Өвөрхангай аймгаас Баянзүрх, Эрдэнэцогт, Баруун-Өлзийт, Баруун Богд, Жинст, Говь-Алтай аймгаас Хүрээмарал, Буянт, Цагаангол, Баян-Өндөр, Баянцагаан зэрэг 16 сумуудыг шилжүүлсэн. Дундговь аймгийг эхэн үедээ Шарангад аймаг хэмээн нэрлэж байса. Тус аймгийг байгуулахад Өмнөговь аймгаас Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цогтчандмань, Хулд, Луус, Өлзийт, Гурвансайхан, Буянт-Овоо, Төв аймгаас Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Сайнцагаан, Дорноговь аймгаас Өндөршил, Баянжаргалан, Их-Эрээн сумдуудыг шилжүүлэн захируулжээ. Сүхбаатар аймгийг байгуулагдах эхний үед Жавхлант шарга хэмээн нэрлэж байсан. Тус аймагт Дорнод аймгаас Дарьганга, Баяндэлгэр, Хонгор, Онгон, Асгат, Зотолхан, Дарханхан, Халзан, Урт, Жавхлант шарга сумдыг, Хэнтий аймгаас  Түвшинширээ, Өлзийт, Уулбаянмөнх, Баянтэрэм зэрэг 14 сумыг шилжүүлэн өгчээ.

1956 онд Сэлэнгэ аймгийг татан буулгаж Ерөө, Дархан, Хушаат, Шаамар, Баянгол, Орхонтуул сумууд, Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнхараа хотыг Төв аймагт, Баруунбүрэн, Цагааннуур сумыг Булган аймагт шилжүүлсэн.

1960 онд Сэлэнгэ аймгийг дахин байгуулжээ. 1960 онд БНМАУ-д нэгдэлжих хөдөлгөөн ялсны дараагаар засаг захиргааны хуваарьт нэлээд өөрчлөлт оров. Учир нь нэг суманд Хөдөө аж ахуйн нэгдлийн үйл ажиллагааг өргөтгөж, нэг суманд нэг нэгдэл байхаар зохион байгуулж олон сумдыг татан буулгажээ.    1994 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн УИХ-ийн тогтоолоор Дархан хотын нутаг дэвсгэрээр Дархан-Уул аймгийг, Эрдэнэт хотын нутаг дэвсгэрээр Орхон аймгийг, Чойр хотын нутаг дэвсгэрээр Говьсүмбэр аймгийг тус тус байгуулснаар Монгол Улс нийт 21 аймагтай болсон.

Монгол Улсын аймгууд ба улсын нийслэл Улаанбаатар

1992 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн хуульд зааснаар Монгол Улсын төр нутаг дэвсгэрээ хоёр баганы (аймаг, нийслэлийн) гурван дэвийн (1,2,3-р) зургаан нэгжээр (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо) шатлаж хуваан тохинуулжээ.[1] Урьдны 18 аймгийг олшруулж 21 аймаг болгосон. Аймгууд дотроо сумдад, сумд нь багууд болж хуваагдана. Улсын нийслэл Улаанбаатар хотыг ямарваа аймгийн харъяанд байлгахаас татгалзаж Улаанбаатар цөмтэй нийслэл гэх нэгж бүхий тусгаар нутгийг байгуулсан нь дотроо 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг нь хороонд хуваагдана. Аль ч нэгжийн нутаг байсан нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ), төрийн удирдлагыг хэрэгжүүлэх засаг дарга (ЗД) хоёр хариуцан удирддаг.


Зүүлтийн холбоос[засварлах | кодоор засварлах]