Jump to content

Банзарын Дорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Банзарын Доржид зориулсан хөшөө.

Банзарын Дорж (орос. Доржи Банзаров, буриад. Банзарай Доржо; 1822 он орчим Буриадын Доод үшөөт (өнөөгийн Буриадын Жидийн дүүрэг) төрсөн— 1855 онд Эрхүү хотод нас барсан) — Дорно дахины судлаач эрдэмтэн, буддын шашинтан эртний урианхай овогтон, буриадын анхны европ дээд боловсрол эзэмшсэн эрдэмтэн, Оросын хаант улсын төрийн өндөр цолтон буриад хүн байв.

Банзарын Дорж нь монгол судлалын чухал бүтээлүүдээрээ алдартай бөгөөд Оросын эзэн хааны газарзүйн нийгэмлэгийн Сибирийн салбарын гишүүн байжээ.

Дорж нь буриадын казак цэргийн гарал үүсэлтэй байсан. Эцэг нь Ашибагат казак цэргийн дэглэмийн тэтгэвэрт гарсан Борхоны Банзар юм.

1833 онд Атамано-Николаевын сургуулийг төгсөөд 1835 оны 9-р сар хүртэл Троицкосавскийн Орос-Монголын цэргийн сургуульд суралцаж, улмаар Казанийн эрэгтэйчүүдийн гимназид суралцахаар явжээ. 1836 оны 1-р сарын 25-нд тэрээр гимназийн нэгдүгээр ангид элсээд 1842 оны 6-р сард тэрээр Казань хотын гимназийг алтан медальтай төгсөж, Их сургуульд элсэх эрх авчээ.

1842 оны 9-р сард тэрээр дорно дахины зэрэгтэй Казань дахь эзэн хааны Их сургуулийн философийн факультетэд элссэн байна.

1846 оны 6-р сарын 5-нд тэрээр их сургуулиа монгол, халимаг, манж, санскрит, турк хэлтэй төгссөн байна. Банзарын Дож мөн герман, англи, франц, латин хэлээр чөлөөтэй уншдаг байжээ. Тэрээр шинжлэх ухааны монгол судлалын үндэслэгчдийн нэг Юзеф Ковалевски-гийн шавь байжээ. Монголын уран зохиолын чиглэлээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

1847-1849 онд Дорж Санкт-Петербургийн Азийн музейд шинжлэх ухааны судалгаа хийжээ. Тэрээр Оросын эзэнт гүрний археологийн нийгэмлэгийн сурвалжлагч гишүүнээр сонгогджээ. Тэрээр 1848 онд “Пайз буюу Монголын хаадын зарлиг бүхий төмөр хавтан” бүтээлээ хэвлүүлсэн.

1848-1850 онд Казань хотод ажиллаж байжээ. Тэрээр Казань мужийн албанд бичиг баримт бүрдүүлэх чиглэлээр суралцсан.

1850-1855 онд тэрээр Эрхүү хотод Зүүн Сибирийн захирагч генерал Николай Николаевич Муравьев-Амурскийн тусгай үүрэг гүйцэтгэгчээр алба хааж байжээ. Тэрээр Хиагт, Чита хотод байгууллагынхаа ажил эрхэлж амьдарч байв. Верхнеудинск хотод тэрээр мөрдөн байцаалтын хэрэг дээр ажиллаж байсан.

1851 онд тэрээр Оросын эзэнт гүрний Газарзүйн нийгэмлэгийн Сибирийн хэлтсийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон. Тэдний өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж ажиллаж байжээ.

Тэрээр 1855 оны 2-р сарын 27-нд Эрхүү хотод нас баржээ.