Монгол судлал

Монгол судлалмонгол үндэстний уламжлалт хэл, соёл, түүх, зан заншил, шашин мөргөл тэргүүтнийг шинжлэх ухааны арга зүйгээр судалдаг нийгэм-хүмүүнлэгийн ухааны цогц нэгдэл юм. Монгол судлалыг цаашид хөгжүүлэхдээ монгол хэл, соёл, түүх, угсаатан судлалыг гол үндэс болгохын зэрэгцээ олон шинжлэх ухааны цогц болсон, хавсарга шинжтэй мэдлэг ухааны олон салбарыг зохих хэмжээгээр харгалзан үзэж болно.

Монгол судлал нь монгол үндэстний хэл, соёлын дархлааг хадгалан бататгах, бусад улс үндэстнүүдэд сурталчлан таниулахад чухал үүрэгтэй бөгөөд энэ бүхнээр дамжин Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн гол тулгуур юм.

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгааны тэргүүлэх чиглэлийг салбар тус бүрээр тодорхойлж, гадаад, дотоодын монгол судлалын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, монгол судлалын салбарт гарсан шинэ мэдээллийг шуурхай дамжуулах, шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гадаадын эрдэмтдийн саналыг үндэслэн Монгол улсад монгол судлалын төрөлжсөн номын сан байгуулах, архив, номын сангийн үйлчилгээг боловсон, шуурхай болгоход дэмжлэг үзүүлэх шаардлага цаашид тулгарч байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монгол судлалыг хөгжүүлэх үндэс суурь нь Монголын, Хятадын, Перс, Арабын дундад зууны гар бичмэл, зохиолууд болон европчуудын Төв Азид XIII зуунд хийсэн аяллын тэмдэглэлүүд юм (Плано Карпини, Гийом дэ Рубрук, Андрэ дэ Лонжүмо, Марко Поло).

XIII зуунд Европ дахь, үндсэндээ Францын хятад судлаачдын ачаар орчин үеийн монгол судлал эхэлсэн гэж үзэж болно. Монголын талаарх анхны ул суурьтай судалгаанууд XIX зууны эхний хагаст Швед улсад эхэлсэн. Армен гаралтай швед дипломатч Абрахам Константин Д'Оссон алдарт Рашид ад-Дин, Жувейни нарын туурвилаас орчуулж, монгол судлалыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан байдаг. Тэр үед газар нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлж, хил залгаа болж эхэлсэн Орос улсын хувьд ч монгол судлал эрчимжиж ирсэн нь ойлгомжтой.

XIX зуун буюу 1800-гаад оны эхэн үеэс монголчуудын түүх, монгол орныг судлах ажил нэлээдгүй эрчимтэй явагдсан. Энэ түүхэн үед Оросын эзэн хааны дэмжлэгтэйгээр Казанийн шашны сургууль байгуулагдсан бөгөөд түүн дотор дорно дахиныг судлах судалгааны чиглэлийн үүсэл тавигдсан. Үүнийг нэг жишээ нь гэвэл Казаньд 1818 онд “Азийн музей” гэж байгуулагдсан. Тус музей нь Азийн улс орнуудын түүх, соёл, шашин шүтлэгийг судлах гол зорилготой байсан бөгөөд дорно дахины орнуудаас цуглуулсан 2500 ном, гар бичмэл, 20 гаруй мянган зоос бүхий сан хөмрөгтэй байсан ажээ.

Оросын XIX зууны Я.И.Шмидт, А.В.Попов, Н.Я.Бичурин, П.И.Кафаров, Г.Гомбоев, польш гаралтай Ю.Ковалевски нар Монголын хэл, газар нутаг, түүхийг судалж байсан. Тэд үндсэндээ Оросын Эзэнт гүрний Төв Азид газар нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлэх бэлтгэл болох судалгаа тандалтаа хийж байсан нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч тэдний хийж үлдээсэн судалгааны ажлууд дараа дараагийн XIX-XX зууны монгол судлаачдад (К.Ф.Голстунский, А.М.Позднеев, В.Л.Котвич, А.Д.Руднев, Ц.Ж. Жамцарано, Б.Я.Владимирцов) суурийг нь тавьж ихээхэн хэрэг болсон. Анх 1833 онд Оросын эзэнт гүрний Казаний Их сургуульд польш гаралтай эрдэмтэн монгол судлаач Юзеф Ковалевскийн (1800-1878) удирдлага дор Монгол, халимаг хэлний тэнхим нээж байсан. 1855 онд Санкт-Петербургийн Их сургуульд Дорно судлалын факультетад халимаг, манж хэлний тэнхим мөн нээж байжээ. Дараа нь Москва, Эрхүү, Улаан-Үд хотуудын Их сургуульд үе үеийн монгол судлаач нарыг бэлтгэж эхэлжээ.

XX зуунд Монголын эрдэмтэд болон Орос, Европ, Америкийн академик судлалын нийгэмлэгүүд хооронд харилцаа үүсэж, хамтын ажиллагаа эхэлсэн. Сүүлийн жилүүдэд Япон, Хятад, Солонгосын эрдэмтэд идэвхтэй ажиллаж эхлээд байна.

Социализмын үед (1921-1990) монгол судлал үзэл сурталжсан байсан хэдий ч хөрөнгө санхүүжилтээр улсаас дэмжиж байсан. Өнөө үед хоёр жилд 1 удаа хурлаа хийж байгаагаас өөр дэмжлэг туслалцаа байхгүйгээс зогсонги байдалд ороод байна гэж хэлж болох юм.

1959 онд Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус хуралд Англи, АНУ, Канад, Энэтхэг, Япон, БНАГУ, БНАСАУ, ЗХУ, БНХАУ, БНМАУ зэрэг 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож, монгол хэл, утга зохиолын сэдвээр нийтдээ 34 илтгэл хэлэлцүүлсэн байдаг. Энэ хурал бол “Олон Улсын Монгол Судлалын Холбоо” байгуулагдахын угтал эхлэл болсон гэж үздэг.

Японы Монгол судлалын нийгэмлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Монголын нийгмийн тогтолцоо, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Монгол судлалыг тууштай хөгжүүлсээр ирсэн түүхтэй.

“Монголч эрдэмтдийн их хурал” нэртэйгээр 1972 онд хоёр дахь хуралыг зохион байгуулсан. Тус хурлын үеэр “Монголч эрдэмтдийн байнгийн хороо”-г анх үүсгэн байгуулж таван жил тутамд зохион байгуулагдах хурлын бэлтгэл ажлыг хангах үүрэг оноосон. 1987 онд Олон Улсын Монгол Судлалын Холбоо(ОУМСХ) гэх албан ёсны төрийн бус байгууллагыг тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулсан. Ингэж дэлхийн монгол судлалыг зангидан төвлөрүүлдэг гол байгууллага бий болсон.

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн анх 1991 онд Монгол судлалын лаборатори нэрээр байгуулагдсан бөгөөд тодорхой хугацаанд завсарлаж байгаад 2000 онд Монгол Судлалын Төв нэрээр дахин байгуулагдаж, 2011 оны 8 дугаар сараас МУИС-ийн захирлын 400 тоот тушаалаар Монгол Судлалын хүрээлэн нэртэй болж бодлого, үйл ажиллагааны хүрээ нь өргөтгөн зохион байгуулагдсан. 2013 оноос МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн харьяанд ажиллаж байна. Цахим хаяг-https://ims.num.edu.mn/

2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Улмаар 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 56-р тогтоолоор “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсан. Энэ хууль батлагдсанаар монгол судлалаар мэргэшсэн дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагаа сайжирч, Монгол судлалын мэдээлэл, сурталчилгааны цар хүрээ өргөжих эрх зүйн орчин бүрдэж байна.

Тус зорилгын хүрээнд МСХ нь “Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сан”, “Монгол хэлний хэлзүйн лавлах толь бичиг”, “Монголын эртний түүх” (5 боть), “Юань улсын судар” (18 боть), “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс” (9 боть) зэрэг төслүүд хэрэгжүүлсэн бөгөөд гадаадын залуу монгол судлаачдад зориулсан монгол судлалын зуны сургуулийг тогтмол зохион байгуулж Академич Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ринчен нарын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 3 залуу судлаачдад олгож байна.

МУИС-ийн “Монгол судлалын хүрээлэн”-ээс  “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 2021 оны  дугаарт Монгол Улсын гавьяат багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Дашлхүмбийн Галбаатарын эрдэм судлалын бүтээлийн чуулганыг “Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд”,  “Уран зохиол судлал”, “Уран сайхны шүүмжлэл” хэмээх гурван ботиор эрхлэн хэвлүүлжээ.

Монгол судлаач эрдэмтдийн 2016 оны хурлаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж монгол судлалын холбоо бол зөвхөн судлалын газар биш, дэлхийд буй бүхий л монголч эрдэмтэн болоод өөрсдийн орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих, мэдээллээр хангах төв гэж үзэж байгаа.

Монгол судлаачид[засварлах | кодоор засварлах]

Бельги
Унгар
Герман
Монгол
Орос
АНУ
Финланд
Франц
Польш
Чех

Япон

  • Юки Каногаяа
  • Масарү Хашимото
  • Юкио Кабаяши
  • Ока Хироки
  • Казүюүки Окада
  • Аоки Масахиро
  • Кимүра Аяако
  • Шимизү Такэнори
  • Акира Камимура

БНСУ