Jump to content

Пётр Бадмаев (Жамсран)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Петр Бадмаев (Жамсран)-с чиглүүлэгдэв)
Пётр Александрович Бадмаев
Төрсөн огноо1851 он
Хаант Орос улс, Өвөр Байгалын Агын Буриадын тойрог
Нас барсан огноо1920 он
ЗХУ, Чесмены лагерийн Петербург хотын шорон
Оршин суугаа улсПетербург хот
ИргэншилХаант Орос Улс, ЗХУ
ҮндэсМонгол (буриад)
УгсааБуриад
СалбарДипломат-Дорно дахиныг судлаач, Эм зүй, Төвөд судлаач
Алдаршсан зүйлДипломат-Дорно дахиныг судлаач, Төвөд эмч

Жамсран Бадмаев буюу Пётр Александрович Бадмаев (монгол нэр нь: Жамсран, 1851 онд төрж, 1920 онд нас барсан) — Төвөд эмнэлгийн эмч, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч, судлаач, дипломатч, томоохон худалдаачин, соён гэгээрүүлэгч, “Дорнод хязгаарын амьдрал” сониныг үүсгэн байгуулагч. Тэрээр Үнэн алдартны шашинтан болохдоо өөрийн шүтээн болох I Пётрын нэрийг сонгосон бөгөөд эцгийн нэрийг нь хаанчилж байсан хүний ​​нэрээр өгдөг байсан тул Жамсран Бадмаев Пётр Александрович Бадмаев нэртэй болсон байна.

Тэрээр Оросын II Николай хааны гэр бүл болон алдарт Григорий Распутин нарыг уламжлалт анагаах ухааны эм, тангаар эмчилж байсан. Төвөд, Монгол болон Чин улсыг Оросын бүрэлдэхүүнд оруулахыг Оросын хаадад зөвлөн ятгадаг байсан.

Жамсран Бадмаев 1851 онд Өвөр Байгалын Агын буриадын гэр бүлд төржээ. Эцэг Бадмаев нь нэлээд чинээлэг, нөлөө бүхий хүн байсан учир хүүхдүүдээ багаас нь бичиг үсэгт сургаж, өндөр боловсрол эзэмшүүлжээ. Жамсран Бадмаевын ах Сультим /Чүлтэм/ төвөдийн анагаах ухааныг эзэмшин эмч болж алдаршсан юм. ХIХ зууны дундуур Өвөр Байгалд гарсан хижгийн тахалтай тэмцэх үеэр Сультим үнэхээр авьяас чадвартайгаа харуулсан тул Хаант засгаас түүнийг өндөр үнэлж, 1857 онд Николай хааны цэргийн эмнэлэгт уригдан очиж, туслах эмчээр ажиллаж байгаад 1860 онд өвчтөнийг бие даан эмчлэх эрх олж авчээ. Тэр Петербургт байхдаа ургамлын эмийн сан нээн ажиллуулснаас гадна профессор К.Ф.Голстунскийн хамт төвөдийн анагаах ухааны “Жуд-Ши” судрыг орос хэл рүү орчуулах оролдлого анх хийж байжээ. Гэвч тэр орос хэлийг, К.Ф.Голстунский төвөдийн анагаах ухааныг сайн мэддэггүй байсан учир энэ ажлаа бүрэн хэрэгжүүлж чадаагүй аж. Ах Чүлтэм нь С. Петербургт үнэн алдартны шашинд орж, Александр Александрович Бадмаев нэртэй болсон байна. Тэрээр III Александр хааны загалмайлсан эцэг нь болжээ. Нэгэнт үүсгэсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэх хүн хэрэгтэй байсан учраас дүү Жамсранг ах нь өөр дээрээ авахыг эцгээсээ хүсчээ. 1871 онд дүү Жамсран Эрхүүгийн гимназийг алтан медальтай төгсөөд Петербургт ах дээрээ очсон байна.

Тэрээр 1871 онд тэр Петербургийн Их сургуулийн Дорно дахины салбарын хятад-монгол-манж хэлний ангид орж, сүүлдээ Цэргийн Анагаах ухааны академийн мэс заслын ангид сайн дурын сонсогч болжээ. Үүний зэрэгцээ ахынхаа эмийн санд ажиллаж, эм тан бэлтгэн, өвчин оношлох аргад суралцаж байв. Зуныхаа амралтаар Монгол, Төвөдөөр явж, төвөд эмнэлгийн ном судар цуглуулж, судалдаг байжээ. 1875 онд их сургуулиа онцсайн дүнтэй төгсөж, хаант Оросын Гадаад яамны Азийн хэрэг эрхлэх газарт алба хашин Хятад, Төвөд, Монголоор байнга явдаг болжээ. Пётр Бадмаев хүн эмчлэх ажлаа орхилгүй явсаар нэрд гарч, ихэс дээдэстэй мөн холбоотой болсон байна.

1893 онд Гадаад хэргийн яаманд ажиллахаа больж, бизнесийн салбарт ажиллаж эхэлжээ. Жамсран “Жүд-Ши” судрыг орос хэлээр орчуулахад гол үүрэг гүйцэтгэж, ах нь төвөдөөс буриад руу, дүү нь буриадаас орос руу орчуулан амаар хэлэхэд хоёр нарийн бичгийн дарга тэмдэглэж авдаг байв. Мөн Жамсран Бадмаев сонгодог гимназийн хөтөлбөртэй буриад сургуулийг өөрийн хөрөнгөөр байгуулж, Дорно дахины салбарт орос биш үндэстний оюутнуудад зориулсан тэтгэлэг бий болгож байжээ. Тэрбээр Оросын хааны гэр бүлтэй ойр дотно байдгаа ашиглан, III Александр хааны загалмай зүүлгэсэн хүүгийн хувьд түүнтэй шууд харилцдаг байв. Хожим III Николайтай бичиг, захидлаар харилцдаг байжээ.

1893 онд Монгол, Хятад, Төвөдөд хэд хэдэн экспедиц хийсний дараа дипломатч Бадмаев "Азийн Дорнод дахь Оросын бодлогын зорилтын тухай" санамж бичгийг бичиж, эзэн хаан Александрт өргөн барьсан. Бадмаевын төлөвлөгөө нь асар том бөгөөд Монгол, Хятад, Төвөдийг Орост сайн дураараа нэгтгэх тухай тусгасан байв. Тэрээр Хятадад Манж Чин гүрний өдрүүд дуусаж байгаа гэж зөгнөж, хэрэв бид тэнд очихгүй бол англичууд ирнэ гэж анхааруулж байжээ.

Тэр олон сая рублийн зээл авч “Торговый дом Бадмаева и К” хэмээх пүүс байгуулсан бөгөөд түүний захиргаа нь Читад байрлаж байв. Мөн Өвөр Байгалд мал өсгөх томоохон аж ахуй байгуулж, жин тээвэрлэх олон тооны тэмээ худалдан авчээ. Үүнээс гадна худалдааны хэд хэдэн мухлаг, зочид буудал, хэвлэх үйлдвэр нээж, 1895 онд монгол хэлээр гарсан анхны сонин болох “Дорнод хязгаарын амьдрал” (“Жизнь на восточной окраине”) сониныг орос, монгол хэлээр гаргаж эхэлжээ.

1894 оноос Бадмаевын пүүс Монголд үйл ажиллагаагаа явуулдаг болж, Өргөө дэх Оросын консулын газрын ойролцоо томоохон газар авч, дэлгүүр, агуулах, орон сууцны байшин барьжээ. Уг пүүс нэлээд далайцтай, дуулиантай ажиллаж эхэлсэн боловч цаашдаа нэг их амжилт олоогүй 1905 онд хаагджээ. Жамсран Бадмаев хааны гэр бүлийнхнийг эмчилдэг байсан бөгөөд ялангуяа хаан ширээг залгамжлагч Алексейг эмчилж байхдаа их нэрд гарсан юм. Үүний ачаар тэр Петербургт их нөлөөтэй хүн болж, хааныг тойрон хүрээлэгсдийн явцуу бүлэгт багтдаг байв. Тэр үеийн хүмүүсээс П.А.Б-т улс төрийн зүтгэлтнийх нь хувьд өгсөн олон тодорхойлолт байдаг. Тэдгээрт түүнийг олон янзаар тодорхойлсон боловч төрийн бодлогод ихээхэн нөлөөтэй гэсэн дүгнэлтийг бараг бүгдээрээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр засгийн газрын бүлгийн дотор нэлээд нөлөөтэй, ялангуяа Алс дорнодын бодлогын асуудлаар үлэмж үүрэгтэй хүн байжээ.

1911-1916 онуудад П.Г.Курлов, Г.А.Манташев нарын хамт Монголоор дайран Бээжин хүртэл төмөр зам барих төсөл анх боловсруулж асуудлыг анх санаачилж байсан юм.

Тухайн үеийн тэргүүний сэхээтнүүдийн нэг Жамсран төвөдийн анагаах ухаан судлах, дипломат бодлого явуулах, багшлах, үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, орчуулга хийх, сонин гаргах зэрэг олон талт, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байв. Тэрбээр монгол хэлээр гаргасан анхны сониныг үүсгэн байгуулж, түүнийг Монголд тарааж, Монгол орны тухай байнга мэдээлж, сонинд нийтэлж байсан томоохон хэвлэн нийтлэгч байснаараа сэтгүүл зүйн түүхэнд мөн үлджээ.

1917 онд Оросын "хоёрдугаар сарын хувьсгал"-ын дараа Пётр Бадмаев Хельсинки рүү цөлөгджээ.

1919-1920 оны өвөл Петроград хотын шоронд болон Чесме хорих ангид хоригдож байгаад 1920 оны 7-р сард нас баржээ. Түүнийг 1920 оны 8-р сарын 1-нд Петроград дахь Шуваловскийн оршуулгын газарт оршуулжээ.