Виллиам де Рубрук
Виллиам де Рубрук буюу Гийом де Рубрук (франц. Guillaume de Rubrouck, нидерл. Willem van Rubroeck; 1215 - 1220 оны орчим Францд төрсөн; ойролцоогоор 1270 онд нас барсан) - Фламандын францискан номлогч бөгөөд судалгаа, тандалтын зорилготой европоос Их Монгол Улсад 1253 онд ирж 1255 онд буцсан анхны европ хүмүүсийн нэг юм.
Нэрийн хувилбарууд
[засварлах | кодоор засварлах]Түүний нэр нь олон янзаар бичигдэн үлдсэн байдаг ба учир нь олон хэлэнд янз бүрээр хөрвүүлэн бичсэнээс шалтгаалдаг аж. Үүний жишээ нь:
Виллиам де Рубрук, Гийом де Рубрук, Виллиам де Руисброк, Гуилелмус де Руисброк, Виллиам Рубрукуйс, Виллем ван Руброук, Виллеммус де Рубрук, Виллиам фон Роебрук, Виллиам оф Рубрук, Гуилелмус де Рубрук, Вилхелм фон Рубрук, Вильгельм Де Рубрук гэх мэт.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Фламинген гаралтай тэрээр бага байхын францискан номлогч болсон бөгөөд дараа нь Парист шашны сургуульд сурсан байна. Ингээд 1248 онд ариун газар луу явсан ба тэндээ Аккод дөрвөн жилийг өнгөрүүлсэн байна.
Их хаанд айлчилах замд гарсан нь
[засварлах | кодоор засварлах]1252 оны хавар Францын IX Луи хааны зарлиг даалгавараар алс дорнод руу аялалд гарчээ. Рубрук эхлээд Константинополь руу явсан. Тэндээ жил орчим болоод 1253 оны 5-р сарын 7-нд номлогч Бартоломеус фон Кремона болон нэг орчуулагч, нэг зарцын хамт Төв ази руу чиглэсэн аян замдаа гарсан байна. Түүний өмнө нь Их Монгол Улс руу өөр элч илгээгдэж байсан ба үүнд жишээлбэл Плано Карпини (1245 онд), Андре де Лонгжюмо (1249 онд) нар байв. Тэрээр холын үл мэдэх улс руу явах аялалд гарахаасаа өмнө урьдны явсан худалдаачид, элч төлөөлөгч нарын аяллын тэмдэглэлийг уншиж ихэд бэлтгэсэн байна. Мөн түүнчлэн Андре де Лонгжюмогийн аяллын тэмдэглэлийг уншсанаас гадна түүнтэй биечлэн уулзаж туршлага сонссон аж[1].
Хархорумд ирсэн нь
[засварлах | кодоор засварлах]Аялагчид урт холын зам туулсаар 1253 оны 12 сарын 27-нд (өөр эx үүсвэрүүдэд 1254 оны 4-р сар гэж бичсэн байдаг) Их Монгол Улсын нийслэл Хархорумд ирсэн байна. Хархорум хотод ирсэний дараа тухайн үеийн Их Монгол Улсын Их хаан Мөнхийн ирсэн элч зочдыг 1254 оны 1-р сарын 4-нд хүлээн авч уулзсан байна. Үүний дараа Их хааны звшөөрсөнөөр хагас жилийн турш тэд хааны ордонд амьдарсан байна.
Шашин шүтлэг, улс төрийн болон дипломат харилцааны зүгээс харвал Рубрукийн энэ аялал нь францын хааны урмыг хугалсан явдал байлаа. Учир нь христийн шашинтаны исламын шашинтантай хийж байгаа тулалдаанд дэмжлэг авах мөн түүнчлэн Иерусалимын хаант улсын 1187 онд Хаттины тулалдаанд муслимчуудад алдсан Ариун Газрыг буцаан эзлэхэд дэмжлэг авах зэрэгт нь олон төрлийн шашныг бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг Мөнх хаанаас дэмжсэн хариу ирээгүй юм. Тиймээс Францын хаан Их Монгол Улсад христийн шашныг дэлгэрүүлэн түгээх үйлсэд ахин төлөөлөгч явуулах шаардлагагүй юм байна гэдэг нь ч тодорхой болсон юм. Харин Рубрукийн хувьд энэ аялал- айлчлалын хугацаандаа олон ургальч үзэлтэн болон өөр шашны төлөөлөгчидтэй харилцан уулзаж ярилцах сайхан завшааныг ашигласан явдал байв.
Буцах аялал
[засварлах | кодоор засварлах]1254 оны 7-р сарын 10-нд Гийом де Рубрук Хархориноос гараад ирсэн замаараа буцсан байна. Тэрээр бүтэн жил орчим явсаар 1255 оны 6-р сарын 16-нд Кипр дахь Фамагуста хотод ирсэн ба дараа нь 1255 оны 8 сарын 15-нд Бейрутын Триполид иржээ. Тэндхийн шашны тэргүүн нь Рубрукийг цааш Ром болон Франц руу явуулаагүй бөгөөд тэрээр Акко дахь нэгэн томоохон сүмд сүмийн номлогч буюу уншлага үйлдэгчээр үлдсэн байна. Аккод байх хугацаандаа тэрээр өөрийн аяллынхаа талаар "Itinerarium Willelmi de Rubruc" (Аяллын тайлан Виллиам де Рубрук) гэх захиаг бичин Францын хаанд хамтдаа явсан хүнээр хүргүүлсэн аж. Энэ захиаг нь европод Их Монгол Улсын талаарх хамгийн бодит мэдээлэл агуулсан анхны европын мэдээлэл хэмээн үздэг. 1257 онд Виллиам де Рубрук буцаад Парист ирсэн бөгөөд түүнээс хойших амьдралын тухай мэдээлэл байдаггүй ажээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Hans Dieter Leicht (Hrsg.), Wilhelm von Rubruk: Beim Großkhan der Mongolen. 1253 - 1255 (= Itinerarium ad partes orientales.). Erdmann, Lenningen 2003, ISBN 3-86503-003-3, S. 24 энэ номын, хуудас 99 дээр, Рубрук түүнийг биечлэн танидаг байсныг нотлох өгүүлбэр байдаг нь: Учир нь Андре ах тэдний талаар надад өгүүлсэн,... .