Хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хаан гэх цолыг анх монголын Сяньби улс хэрэглэсэн бөгөөд сурвалжид тэмдэглэгдснээр Нирун улсын үеэс эхлэн хаган хэмээн нэрлэгдэх болсон. Тухайн үед аймгийг эзэдийг хан гэж цоллох агаад бүх аймгийн хангуудыг нэгтгэсэн гэх утгаараа Хаган гэх болсон. Нирун улсын үеэс хойш нүүдэлчин ард түмэнд Хаган буюу Хаан хэмээх цол хэрэглэх болсон. Хаган цолыг Хөх Түрэг, Уйгур, Их Монгол улсын үед тус тус хэрэглэж байсан. Монголын эзэнт улсын үед уг цолны эрх мэдэл нь маш өргөн газар нутгийг захирах хүндэт цол болоод зогсохгүй бүх ертөнцийг захирах Далай Их Хаан гэж ойлгогдоход хүрсэн нь хаан цолны оргил үе нь байжээ. 1206-1259 оныг хүртэл бүх эзэнт гүрэн даяар орших нутгийг эзэмшиж байсан бол 1260 оноос эхлээд түүний мэдлийн хүрээ нь Монгол, Уйгур, Нанхиад, Зүрчид, Хятан, Тангуд, Сүн улсын нутгийг шууд захирах хэмжээнд хүрч доройтоход хүрсэн явдал нь тухайн цагийн Хубилай-Аригбөх нарын хаан ширээний төлөө тэмцэл нөлөөлжээ. Юань улс мөхсний сүүлээр уг цол нь томхон аймгийн эзнээс үл ялгарах болж, тэдэнд хүртээх өндөх шан хишиг үгүй болж эсрэгээрээ өөрөө эд хөрөнгөгүй болж, хуучин албат нарынхаа тоглоомон хүүхэлдэй болжээ. 1370-1480 он хүртлэх "их хаан" цолыг хүртсэн 10 гаруй хүн цөм цаг бусаар өнгөрч, бусдын идэш болсон. Энэ үед монголыг Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн Ойрад гэх болж, хаан эзэн зургаан түмний гурван түмэн Халх, Урианхай, Цахар түмнийг мэдэх болжээ. Бусад нь нэр төдий захирагдах болсон бололтой. Энэ үеийг чухамдаа Бага хаадын үе гэж нэрлэх болсон. 1480-1547 оныг хүртэл их хаан цолыг хүртсэн 3 хүний үед нийт улсыг хураамжилан захирч, Их хааны сүр хүчинд дөхөж очсон ч, Говийн өмнүүр нутаглах болсон нь Ар Халхын нутаг түүнээс аажимдаа салангид байх нөхцөл эхэлсэн. Сүүлдээ энэ цол нь цаг үеэ дагаад нэрийн төдий болж,их бага ноёд үл захирагдах болсон нь аажимдаа Манжид эзлэгдэхэд дөхөм болж, 1635 онд Манжийн Абахай хаан Бүх Монголын их хаан болсноор, Хаан цол хэрэглэхээ больсон.

Нэрний үүсэл[засварлах | edit source]

Уг цол нь нэршилийн хувьд Монгол болон Түрэг угсаатанд адил төстэй дуудагддаг.