Цагаадайн улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Цагадайн хант улс
Нийслэл Алмалиг хот, Харш
Албан хэл монгол хэл, Түрэг хэл
Ард түмэн  Монгол
Төр засаг Хаант улс
 -  Цагадай хан 1225-1242
 -  Алгуй хан 1263-1266
1225-14-р зууны дунд үе
 -  Цагаадайн улс байгуулагдав 1225 
 -  Цагаадай хан таалал төгсөв 1242 
 -  Цагаадайн хаант улс, Мавернахрстан, Моголстан болж хуваагдав  
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 1,310-1,350 онд 3,500,000 км² (1,351,358 sq mi) км2 

Цагаадайн улс Их Монгол улсын залгамжилсан дөрвөн Монголын хант улсын нэгэн байв. Чингис хааны цэрэг 1219-1225 оны хооронд Дундад Азид төвлөн байсан Сартуул улсыг байлдан дагуулж мөхөөж газар нутаг хүн ардыг нь харъяандаа оруулсан. Чингис хаан амьд ахуйдаа дөрвөн их хүүдээ улсаа хуваан өвлүүлэхээр заасан байдаг. Цагаадайд өвлүүлсэн улсад өнөөгийн Казахстан, Узбекистаны дорно бие, Кыргызстан, Тажикистан бүхэлдээ, Шиньжяны өрнө бие багтаж байжээ. Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол Улс Зүчийн, Цагаадайн, Хүлэгийн, Их хааны дөрвөн тусгаар улсад хуваагджээ.

1326 онд Ислам шашин Цагаадайн улсын үндсэн шашин болжээ. 1347 оноос тус улс, Могулистан, Мавераннахр гэх хоёр хэсэг болон хуваагдсан. Гэвч 17-р зуун хүртэл Цагаадайн удмын улс хант улс оршин тогтносоор байсан билээ.

Үүсэл[засварлах | edit source]

Судлаачдын үзэл баримтлал[засварлах | edit source]

Чингис хаан амьд сэрүүндээ дөрвөн хөвгүүндээ газар нутаг хувааж өгсөн гэдэг. Цагадайд чухам ямар газар нутаг өгсөн талаар судлаачдын санал их зөрөөтөй байна. Цагадайн эзэмшил газар хийгээд орд өргөөгийн талаар хамгийн анхны мэдээ бол Чан Чунь бомбын тэмдэглэл юм. Тэрээр 1221 онд Чингис хаантай уулзахаар Дундад Ази руу одохдоо болон 1223 онд түүнтэй уулзаад буцахдаа Цагадайн өргөөгөөр дайран өнгөрсөн тухай тэмдэглэсэн байна. Энэ үед Цагадайн өргөө Или голоос урагш байрлаж байв.[1]

Г.В.Вернадскийн үзэж буйгаар Чингис хаан, Цагадайд “Или голын саваар төвлөрсөн хуучин Хар Киданы газар нутгийг” хувь болгон олгожээ.[2]

Цагадай “эцгийгээ нас барсны дараа эзэгнэл нутагтаа байх болж түүнд нь Уйгурын нутаг, Хара Киданы хуучин эзэмшил, Мавераннахр багтаж байлаа”[3] хэмээн Ж.Ж.Саундерс өгүүлжээ. В.В.Бартольд бичихдээ: “Чингис хааны нөгөө хоёр хүү болох Цагадай, Өгөдэй нарт чухам хэзээ хувь олгосон тухай бидэнд мэдээ хараахан алга. Тэдний хувь газрын тухай хамгийн эртний мэдээ сэлтийг бид энэ нутгаар 1221 онд очихдоо,1223 онд буцахдаа дайран өнгөрсөн Чан Чуний тэмдэглэлээс олж үзэж болно. Цагадайн орд энэ үед Илийн урд биед байрлаж байв” гэжээ.

Сурвалжийн мэдээ мөшгөвөөс Лу. “Алтан товч”-д: “Чагадайг сартагчны газарт салгав” гэжээ.[4] Мөн тэнд “Чагадай эзний үр (хөвгүүд) зүүн зах нь Хэмил (Хамил) буй. Баруун зах нь Бургари (Болгар), Сэмисгин Самурхан (Самарканд), эд агсу (хүртэл) захачлан түмэн хот мэдэн эзлэв” гэжээ.[5]. Дээрх мэдээг тулгуурлан үзвээс Чингис хаан, Цагадайд хувь болгож Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг дэвгэр буюу хуучин Хар Киданы нутаг дэвсгэрийг таслан өгчээ.

Хар Киданчууд 936 оноос 1122 он хүртэл Бээжинг захирч байгаад 1128 онд зүрчдийн “Алтан хаанд” хөөгдөн Бээжингээс зугтан гарч Тэнгэр уулын баруунтаа очсон байна. Хэдийгээр тэд хятадын соёл иргэншлийг өвлөж авсан ч шинэ нутгийн түрэгүүд тэдэнтэй хоршин амьдрах болов. Тэгэхдээ тэдний нэг хэсэг, тухайлбал Долоон гол хавийнх нь бөө мөргөлтөн, зарим нь несториан, лалын шашинтан, харин Кашгар, Яркенд, Хотаны оршин суугчид толгой дараалан мусульманчууд байсан аж.

1229 онд эцгийнхээ их орд суусан Өгэдэй хаан, зүрчидийн Алтан улс руу дайн хийж эзлээд 1236 онд “ Хятадын нутгийг ноёд болон хааны ах дүү нартаа хуваан эзэмшүүлэв. …Цагадайд Тай-юань-фү, Гүюгт Да-минь-фү, … Цагадайд Даньцзинь… өгчээ. Хаан газар сайгүй дарга нарыг тодруулж, тухайн нутагт орлого цуглуулах түшмэдийг тавьжээ. Тэнд хаадын зарлиггүйгээр хэн ч газрын түрээс авах, цэрэг татахыг зүрхэлдэггүй байлаа” хэмээн Н.Я.Бичурин бичжээ.[6]

Цагадайн эзэмшилд орсон Тай юань фу гэдэг нь Шаньси мужийн Тай-юань-фу хот, Даньцзинь гэдэг нь Шенси мужийн зүүн урд байх Нинь-цянь-чжэу хот мөн.[7] Рашид-ад-ДиныСудрын чуулганд "Цагадайн эзэмшил газар бол Найманы аймгийн нутаг байсан Алтайн уулнаас Жейхун (Сыр-дарья) мөрөн хүртэл нутаг болно" хэмээжээ.[8] Энэ мэдээгээр Цагадайн улсын бүрэлдэхүүнд Хар-Киданы нутгаас гадна Сыр-дарья болон Аму-дарья мөрний хоорондох сав газар буюу Мавераннахр багтаж байгаа билээ. Гэхдээ Мавераннахрын баруун хэсэг буюу хоёр мөрний адаг Зүчийн эзэмшилд багтах ажээ. Чингис хаан, Мавераннахрын захирагчаар Махмуд Ялавачийг томилсон нь эл газар нутаг их хааны мэдэлд байсан гэсэн үг юм. Тийм ч учраас Рашид-ад-Дин дараах нэгэн сонирхолтой мэдээг иш татсан байна. “Өгөдэй хааны үед их хааны зарлигаар Ялавачийн мэдэлд байсан Мавераннахрын зарим мужийг Цагадай өөр хэн нэгэнд шилжүүлэн өгөх тухай зарлиг буулгасан гэдэг. Ялавач энэ нөхцөл байдлыг хаанд танилцуулав. Хаан, Цагадайгаас энэ тухай лавлан асуусан зарлиг илгээж хариу бичиж илгээхийг тушаасан байна. Цагадай: ”Би бодлогогүй ёс алдлаа, хариу болгож бичих зүйл ч алга. Гэвч хаан намайг заавал хариул гэж зарлигдсан учир ийнхүү бичив” хэмээн хариулжээ. Хаанд энэ нь ихэд таалагдсан учир тэрээр түүнийг уучилж тэр нутгийг Цагадайд инж болгон өгөв” гэжээ.[9] Энд өгүүлж буй инж гэдэг нь алтан ургийнханы дунд өгөлцөх эзэмшил газрын хэлбэр бололтой.

Цагаадайн улсын хангуудын ургийн хэлхээс

Ийнхүү Өгөдэй хааны үед Цагадайн улсын газар нутагт Мавераннахрын зарим муж харъяалагдах болсон байна. Энэ байдал цаашид Цагадайн болон Зүчийн удмыхны хооронд газар нутгийн маргаан гарахад нөлөөлжээ. Цагадайн улс хэмээн түүхэнд алдаршсан энэхүү улсын байгуулагдсан талаар он цагийн талаар судлаачид санал зөрөөтэй байдаг ажээ. Тухайлбал, Ш.Бира “Үнэн хэрэг дээрээ чухамхүү Алугу хан л Цагадайн Монгол хант улсыг байгуулсан ажээ. Тэрээр Төв Азийг бүхэлд нь өөрийн эрхшээлд авч, Цагадайн хуучин эзэмшил нутгийг өргөтгөн тэлжээ” гэсэн байна.[10] Гэтэл В.В.Бартольд “Цагадайн хант улсыг жинхэнэ үндэслэн байгуулагч нь Дува хан” хэмээн тэмдэглэжээ. Бидний бодлоор Цагадайн улс чухамдаа Цагадайг амьд сэрүүн байх үед бүрэлдэн тогтсон билээ. Цагадайгаас хойш, Цагадайн ахмад хөвгүүн Мүтүгэний 4 дүгээр хүү Хар Хүлэг тус улсын төрийг барьж байв. Цагадайн нь эзэмшил нутаг, улс иргэнээ ач хүү Хар Хүлэгдээ залгамжлуулахаар гэрээслэсэн ажээ. Хар Хүлэгийн хатан нь Эргэнэ бөгөөд Мубарек шахын эх юм.

Түүнийг залгамжлагчдын үйл ажиллагаа[засварлах | edit source]

1229 онд Өгэдэйг хаан ширээнд залах Их хуралдайд Цагадай отгон дүү Толуйн хамт чухал үүрэг гүйцэтгэв. Өгэдэйн хаанчлалын үед Цагадайн нэр хүнд өндөр байсан төдийгүй Толуйг нас барснаас хойш улам ч дээшилжээ. Өгэдэй хааныг 13 жил төр барихад түүний өмөг түшиг болж байсан Цагадай их хааны ахын хувьд, “Их засаг” хуулийг гарамгай мэдэх хүний хувьд Их Монгол улсыг бэхжүүлэх үйлсэд бүхий л оюун ухаан, зүрх сэтгэлээ зориулсан юм. Өгэдэй хааныг тэнгэрт хальсанаас хойш хэдхэн сарын дараа 1242 оны эхээр Цагадай өөд болжээ.

1260-1280-аад он[засварлах | edit source]

Алгуй 1263 оноос Аригбөхийн нөлөөнөөс гарч бие даах бодлого баримтлаж эхэлжээ. Аригбөх Цагадайн улсаас авахуулхаар илгээсэн элч нарыг Алгуй удаан хугацаагаар саатуулж улмаар ноёдын зөвлөлгөөнөөр хэлэлцэн тэдгээр элч нарыг бүгдийг нь алж хороож байжээ. Тэрбээр хожим нь Мавераннахраас Алтан ордны цэргүүдийг шахан гаргаж газар нутгаа тэлсэн ажээ. Алгуйг нас барахад Эргэнэ хатан ноёдыг ятгаж өөрийн хүү Мубарек шахыг их хааны зөвшөөрөлгүй Цагадайн улсын эзэн суулгажээ. Мубарек шах Цагадайн удмынхан дотроос хамгийн түрүүнд лалын шашинд орсон юм. Мүтүгэний гуравдугаар хүү Есөндува бөгөөд тэрбээр Мөөмэн, Басар (Ясаур), Борак (Борог) хэмээх гурван хөвүүнтэй байв. Мөөмэн нь архинд хэтэрхий орсон, хэсэж зугаалах нь дэндсэн нүгэлтэй нэгэн байв гэж Рашид-ад-Дин тэмдэглэсэн байна.[11] Есөндувагийн хоёрдугаар хүү Басар нь Ил хаант улсад сайдаар очижээ. Тэрбээр удалгүй амь үрэгдсэн ажээ. Есөндувагийн гуравдугаар хөвүүн Борак билээ. Борак нь Хубилай хааны дэргэд өсч өндийж, албан үүргээ гаргууд сайн биелүүлж байжээ. Цагадайн улсын эзнээр Хар Хүлэгийн ганц хөвүүн Мубарек шах байсан үед Хубилай хаан Цагадайн улсын толгойд Боракийг суулгах зарлиг гарган явуулжээ. Борак Цагадайн улсад очиж, арга заль хэрэглэж, Мубарек шахыг зайлуулан, тэнд эзэн суужээ.

Цагадайн улсын хил хязгаар нь Өгэдэй хааны ач хүү Хайдугийн эзэмшил нутагтай хиллэдэг байв. Борак, Хайдугийн нутгийн хэсэг газрыг эзлэн авч Хайдугийн цэрэгтэй хэд хэдэн удаа тулалджээ. Гэсэн хэдий ч удалгүй Өгэдэй хааны удмын Кипчак ноён тэр хоёрын дунд зуучилж эвлэрүүлжээ. Борак Хайду хоёр анд бололцож бие биеэ хүндэтгэдэг болжээ. Хожим хойно энэ хоёрын үр хүүхдүүд нэг нэгнээ “анд” гэж нэрлэдэг байсан гэж Рашид-ад-Дин өгүүлжээ. [Рашид-ад-Дин, мөн тэнд].Боракийг нас барсны дараа Цагадайн дөрөвдүгээр аөвүүн Сарабаны хүү Никпей Цагадайн улсын хаан ширээнд суужээ. Алгуй Цагадайн улсын хаан байх үедээ Алтан ордны мэдэлд байсан Мавераннахрыг эзлүүлэхээр Никпейд 5 мянган цэрэг захируулан явуулжээ. Никпейтэй хамт Учачар ноён, Хабаш Амидын хүү Сулейман-бэхийг хамт илгээн тухайн зорилгыг гүйцэлдүүлж байв. Никпей 1271-1272 онд хаан суужээ.

Бүрийн хөвүүн Хадагсэцэний хүү Бөхтөмөр (Туга-Темюр) Никпейн оронд хаан ширээг залгамжлав. Бөхтөмөр хаан суугаад төдийлөн удалгүй арьсны хомхруу өвчтэй болсон гэнэ. Түүний толгойны бүх үс халцран унаад, энэ өвчнөөсөө болж өөд болжээ.[12]

1280-1320-иод он хүртэлх үе[засварлах | edit source]

Цагадайн улсын улс төрийн байдал 1282 онд хаан ширээнд суусан Боракийн хүү Дувагийн үеээс ихэд тогтворжсон. Дувагийн зургаан хүү Цагадайн улсын хаан ширээг залгамжилжээ.Дува ханы төр барьсан хугацааны талаар эрдэмтдийн санал зөрөөтэй байдаг. В.В.Бартольд түүнийг 1282 оноос төр барьсан гэж үздэг ажээ.[13] К.Э.Босфорт түүнийг 1291 оноос хаан суусан гэжээ.[14] Дува 1307 онд нугас тархи нь хавдан саа өвчин дайрсны улмаас тэнгэрт хальжээ.[15] Өөрөөр хэлбэл Дува 25 жил Цагадайн улсын төрийн жолоог атгаж байжээ.

Дува хан өмнөх хаадын үед байнга гарч байсан язгууртан ноёдын хоорондын дайн самууныг намжааж, улс орноо төвхинүүлэв гэж Махмуд ибн Валид онцлон тэмдэглэжээ.[16] Дува хан улс төрийн дотоод байдлаа тогтворжуулж чадсан хэдий ч улс төрийн гадаад байдал нь төдийлэн тайван бус байв. Дува нь Хайду ханы хамтран зүтгэгч байсан төдийгүй Монголын нутаг дэвсгэр дээр болсон Хубилайн эсрэг зэвсэгт тэмцэлд биечлэн оролцож явжээ. Түүнээс гадна Бат хааны ах Ордын удмын Баян хантай Дува, Хайду хоёр 18 удаа тулалдаж байсан гэж В.В.Бартольд тэмдэглэжээ.[17] Хубилай хааны ач хүү Төмөр хаанд Баян хан элч зарж Хайду Дува нарын эсрэг холбоо байгуулж цэрэглэн цохих санал дэвшүүлжээ. Гэвч Төмөр хаан хатан эхийн зөвлөснөөр тодорхой хариу өгөөгүй байна. 1301 онд Хайду Юань улсын цэрэгтэй тулалдаж яваад амь үрэгдсэн ба Дува энэ тулалдаанд хүнд шарх олж “насан турш эдгэрэхгүй өвчтэй болжээ”.[18] Гэлээ хэдүй ч Дува хан идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлж Монголын эзэнт гүрний хэмжээнд дөрвөн улсыг холбооны хэлбэрээр нэгтгэж худалдаа арилжаа хөгжүүлж тогтмол харилцаа холбоог тогтоох санал дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлэх гэж хөөцөлдөж байжээ. Тусгаар улсуудын тэргүүн нар нь эзэнт гүрний их хааны билэгдлийн удирдлагын дор бие биетэйгээ эвтэй найртай аж төрөх ёстой бөгөөд худалдаа наймаагаа бүх Монгол гүрний хэмжээнд явуулна гэжээ.

Дува хан энэхүү төлөвлөгөөг Юань улсын их хаан Өлзийт (Төмөр) зөвшөөрч, өөрийн элчийг Дундад Азид томилон явуулжээ. 1304 онд уг элчийн хамт Дува хааны элч Эл хаант улс, Алтан ордны улсын хаадуудад уг төлөвлөгөөг танилцуулжээ. Тэд төлөвлөгөөг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэх талаар хэлэлцээр байгуулсан авч тэр нь биелсэнгүй. Учир нь 1305 онд Хайду ноёны хүү Чапарын цэрэг Цагадайн улсын нутаг Мавераннахрт довтлон дайн өдөөжээ. Дува хан Чапарт элч илгээн “Эвгүй явдлын учрыг ярьж шийдье” гэжээ. Үүний дагуу Ташкентэд уулзалт хийхээр болсон боловч Өгэдэй, Цагадай нарын үр ач нар хоорондоо тулалдаж Дува Чапарыг буулган авсан байна. Дуваг нас барахад түүний орыг хөвгүүн Кунжик залгамжилсан боловч тун удалгүй 1308 онд нас нөхчижээ. Хаан ширээг Бүрийн ач Талику эзлэн авав. Тэрбээр лалын шашинтан байсан бөгөөд Дувагийн үр хүүхдүүд түүний эсрэг хуйвалдаан зохиож Кебек 1310 онд түүний амь насанд нь халджээ.Кебек тэр жилдээ ноёдын чуулган хийж, өөрийн ах Эсэнбөхийг хаан ширээнд өргөмжлөв.

Эсэнбөхийн хаанчлалын үед Цагадайн улсын дотоод байдал тогтвортой байсан боловч гадагш хийсэн аян дайн түүнд сөргөөр нөлөөлжээ. Юань улсын хилийн цэрэгтэй тулалдснаас дайн дэгдэж, Юань улсын Чунхур ноёноор удирдуулсан цэргүүд Эсэнбөхийн өвөл, зуны ордыг эзлэн сүйтгэжээ. Юань улсын Буянт хааны эсрэг холбоо байгуулах зорилгоор Алтан ордны хаан Өзбектэй хийсэн хэлэлцээр нь төдийлэн амжилтанд хүрээгүй аж. Эл хаант улстай холбоо тогтоох оролдлого нь мөн бүтэлгүйтэв. Бартольдын тооцоогоор Эсэнбөх 1318 оны үед нас барсан бололтой. Цагадайн улсын түүхэнд нэрээ мөнхрүүлсэн тоотой хэдэн хаадын нэг болох Кебек 1318-1326 оны хооронд төр барьж байв. Арабын жуулчин Ибн Баттута 1333 онд Дундад Ази, Цагадайн улсаар аялахдаа Кебек ханы талаар сонссон зүйлээ бичиж үлдээжээ. Кебек бөө мөргөлтөн байсан бөгөөд улс орондоо шудрага байдал тогтоохын төлөө, лалын шашинтныг энэрч хамгаалхын төлөө, албат нарынхаа аятай байдлын төлөө тэмцэж байлаа. Тэр үед Цагадайн улсын нийслэл нь Нахшеб байв. Нахшеб хотоос холгүй газарт Кебек өөртөө тусгай орд байгуулжээ. Уг ордыг Карши (харш) гэж нэрлэдэг байв. Кебек нь Цагадайн улсын хаад дотроос анх удаа улсынхаа хэмжээгээр хэрэглэх мөнгөн зоосыг өөрийн нэрийн өмнөөс цутган гаргажээ. Энэхүү зоосыг түүний нэрээр кебекүүд хэмээн нэрлэж байв. Энэ нэр нь орос хэлэнд сунжирсаар “копейка” болон хувирсан гэж зарим судлаачид үздэг аж. [Хаадын сан 2000 а:205].Зарим түүхчдийн үзэж буйгаар Кебек өөрийн үхлээр нас нөхчсөн аж. Харин Ибн Батуттагийн тэмдэглэснээр Кебек өөрийн дүү Тармаширинд алагдсан гэдэг.Кебек, Тармаширин нарын хооронд Дува ханы өөр хоёр хүү Илжигдэй, Дурра-Төмөр нар хэдхэн сарын хугацаагаар төр барьж байв. Илжигдэйн үед Цагадайн улсад католик шашны суртал ухуулга дэлгэрч Фома Мангазола хэмээх доминикан ёсны гэлэн шашны үйл ажиллагааг өрнүүлж байв. 1329 онд гэлэнг Авиньон руу нутаг буцахад пап лам түүнийг Цагадайн улсын хамбаар томилон буцаан явуулжээ.

Цагадайн улсын мөхөл[засварлах | edit source]

1326 оны сүүлээр Цагадайн улсын хаан ширээг Тармаширин эзлэн авав. Тэрээр 1334 он хүртэл хаанчилжээ. Нахшеб хотын ойролцоо Тармаширинтэй Ибн Батутта дайралджээ. Тармаширин нь лалын шашин шүтэж суурин амьдралыг илүүд үзэж байсан бөгөөд мусульманчууд түүнийг Ала ад-Дин гэж нэрлэдэг байв. Түүний нүүдэлчин ардынхаа уламжлал ёс заншлаас хэтэрхий тасарч холдлоо хэмээн зарим хан хөвүүд дургүйцэн бослого гарган халджээ. Уг бослогыг Дурра-Төмөр ханы хүү Бузан удирдаж байсан бөгөөд тэрээр Тармаширинийг хаан ширээнээс зайлуулж амийг нь хөнөөсөн ажээ.Бузаны тухай Ибн-Батутта өгүүлэхдээ түүнийг лалынханд дургүй харин загалмайтнууд болон еврей нарт их талтай байсан учир тэдэнд сүм хийдээ сэргээн босгох боломж олгосон гэжээ.[19] Бузан хэдхэн сар төр бариад мөн 1334 ондоо хаан ширээг Дувагийн ач Женкшид тавьж өгчээ. Чанши хан бурхны шашинтан байсан бөгөөд 1332 онд Төвтөмөр хаанд 172 олзны орос хүмүүсийг илгээснийхээ төлөө мөнгөн шагнал хүртэж байжээ. Чанши ханы орд нь Алмалигт байсан бөгөөд католик шашны лам нар тус хотын ойролцоо газар худалдан авч сүм дуган бариулжээ. Чанши ханыг 1338 онд түүний дүү Есөнтөмөр амь насыг нь бүрэлгэх замаар төрийн эргэлт хийжээ. Есөнтөмөр удалгүй сэтгэл санаагаар унаж, ахынхаа үхэлд өөрийн эхийг буруутгажээ. Түүний дараа Цагадайн улсын хаан ширээг Өгэдэй хааны удмын Али султан булаан авч загалмайт шашинтны эсрэг аллага хядлага явуулжээ. Энэ аллагын үеэр католик шашны бүх лам нар амь үрэгджээ.

Али султаны дараа Кунжиг ханы ач Мухаммед Пулад хан болж, түүний орыг Ясаурын хүү Казан эзлэв. Казан дайн самуунд доройтсон хант төрийг бэхжүүлэхийн төлөө тэмцэж яваад 1346 онд Казаган ноёны гарт амь үрэгджээ. Түүний дараагийн хаадууд ёс төдий төр барьж байсан бөгөөд төрийн бодит эрх мэдэл монгол, түрэг ноёдын гарт оржээ. Цагадайн улсад 1241 оноос хойш 1370 онд Доголон Төмөр төрийн эрхэнд гарч ирэх үе хүртэл нийтдээ 25 хаан төр барьсан гэж судлаачид үздэг.[20] Гэвч Мавераннахрт Цагадайн угсааны Казан ханы дараа 1346 онд Өгэдэйн удмын хан Данишменж 2 жил төрийн эрхийг булаан авч барьж байв. Түүний дараа 1370 он хүртэл 22 жилийн турш бодит эрх мэдэлгүй болж, монгол, түрэг угсааны ноёдын гар хурууны тоглоомын хүүхэлдэй болсон Баян-Кули, Төмөр шах нар ээлж дараалан хаан ширээнд сууж байв. Харин Моголистанд 1348 онд төрийн эрхэнд гарч ирсэн 18 настай Төглөгтөмөрийг Дува ханы ач хэмээн зарлаж хаан ширээнд өргөмжилжээ. Туглагтөмөрийн эх нь Дува ханы хүү Эмиль-Хожагийн эхнэр байгаад түүний нас барахад хоёр дахь нөхрийн гэрт бие давхар очсон хэмээн үздэг байна.[21] Өөрөөр хэлбэл, Төглөгтөмөр Цагадайн удмын хаан гэхэд ихэд эргэлзээтэй учир зарим судлаачид түүний Цагадайн улсын хаан гэж үздэггүй байна. Зарим судлаачид Цагадайн угсааны сүүлчийн хан Казан гэж үздэг байна. Бидний бодлоор Цагадайн улс 1370 онд Доголон Төмөрийн дайны хөлд мөхсөн бололтой. Гэвч Цагадайн улсын үлдэц болсон хэсэг бусаг нүүдэлчид орон нутагтаа оршсоор байжээ.

Хаад[засварлах | edit source]

  1. Цагадай 1226-1242
  2. Хара Хүлэгү 1242-1246 d. 1252
  3. Есөнмөнх 1246-1252
  4. Хархүлэгү (дахин суусан) 1252
  5. Мубарак шах 1252-1260
    • Ургана хатан (засаг баригч) 1252-1260
  6. Алгуй 1260-1266
  7. Мубарак шах (дахин суусан) 1266
  8. Барак 1266-1270
  9. Никпей 1270-1272?
  10. Бөхтөмөр ?1272-1287
  11. Дува 1287-1307
  12. Кунжик 1306-1308
  13. Талику 1308-1309
  14. Кебек 1309 d. 1325
  15. Эсэнбөх 1309-?1318
  16. Кебек (дахин суусан) ?1318-1325
  17. Илжигдэй 1325-1329
  18. Дува Төмөр 1329-1330
  19. Тармаширин 1331-1334
  20. Бузан 1334-1335
  21. Чанши 1335-1338
  22. Есөнтөмөр 1338-?1342
  23. Али султан 1342
  24. Муххамед Пулад 1342-1343
  25. Казань 1343-1346
  26. Данишменж 1346-1348

Цагадайн улс нь баруун (Мавренахр), зүүн Могулистангэсэн хоёр хэсэгт хуваагдсан.

Маврэнахрстаны хаад[засварлах | edit source]

  1. Баян Кули (1348-1358)
  2. Төмөр шах (1358)
  3. Туглугтөмөр(Могулистанд 1348-1363) (1358-1363)
  4. Ильяс хожа (Могулистанд 1363-1368) (1363 -1368)
  5. Адил султан (1363)
  6. Кабул шах (1364-1370)

1370 оноос Цагадайн улсын хаад нь Доголон Төмөрийн тоглоомын хаад байв.

  1. Сюргатмишь (1370-1388)
  2. II Султан Махмуд (1388-1402)

Засаг захиргаа, төрийн бодлого, алба татвар[засварлах | edit source]

Чингис хаан Дундад Азийг эзлэж авмагц гурван хөвүүддээ эзлэсэн орны нутгийг хувааж өгсөн нь угтаа дайны хөлд нирвэгдсэн эдгээр газар орныг эзний ёсоор хандаж өөд татах зорилго агуулж байв. Цагадайд оногдсон харлугийн хуучин газар нутаг монголчуудад дагаар орсон учир дайнд төдийлэн нирвэгдээгүй аж. Дайны халуун мөрөөр явсан Чань-Чүнь бумбо Цагадайн газар нутгаар дайран өнгөрөхдөө эвдрэл сүйрлийн тухай огт өгүүлээгүй байна.[22]

Эзлэгдсэн газар орныг аль болох оновчтой захирахын тулд Чингис хаан тухайн орон нутгийн онцлогийг сайн мэдэх хүнийг захирагчаар томилж монгол даргач нарыг түүний мэдэлд өгдөг байв. Энэ бодлогыг түүний үе залгамжлагчид ч хатуу баримталсаар ирсэн билээ. Жишээлбэл, Рашид ад-дины мэдээлснээр, Аму-дарьяа мөрнөөс өмнө тийш монголын эзлэсэн газар, өөрөөр хэлбэл, Хорасан, Ираныг уйгар гаралтай Куркузэд захируулсан бөгөөд тэр нь Хорасан, Мазендараны хэргийг хөтөлж цэгцэлсэн аж. Мөнхүү зохиогчийн мэдээгээр, Хойд Хятадыг захирах үүрэг хуучин Чингис хаанаас Мавераннахрт тавьсан захирагч Сахиб Махмуд Ялавачид оногдов. Түүний хүү Масуд-бек Мавераннахр, Дорнод Туркестан, Уйгарын захирагчийн албыг насан өөд болтолоо хашиж байв. [Рашид-ад-дин т.I :142, т.II :46].

Түүнчлэн Монголын хаад Дундад Ази, Дорнод Туркестанд төрийн алба хаалгахаар монгол, хятад хүмүүсийг томилон явуулж байв. [Бартольд 1963 а:543].Ийнхүү, монгол хаадын төрийн бодлого нь тухайн газар орны аж ахуйн онцлогийг сайн мэдэх хүмүүсийг томилон ажиллуулахад оршиж байв. Зарим судлаачдын үзэж буйгаар “гадаадыхныг монголчууд албандаа татан оролцуулдаг байсан нь нүүдэлчид өөрсдөө соёлоор дорой, эзлэгдсэн ард түмнийг удирдах арга туршлагагүйгээр тайлбарлагдана” гэжээ. [Кутлуков 1984: 102].

Бидний үзэж буйгаар захирагч гэдэг нь нэгд, гүйцэтгэх тушаалтан хоёрт, тэрээр дан ганцаараа бүх асуудлыг шийдэж байгаагүй. Захирагчийн дэргэд байсан монгол даргач нар түүнийг хянах үүрэгтэй байв. Гуравт, монголчууд эзлэгдсэн орнуудад орон нутгийн засаг захиргааг орон нутгийн язгууртанд үлдээдэг байсан ахул, тэдний дэргэд монгол түшмэл-захирагч заавал тавьдаг ажээ. Тэдгээрийн гол үүрэг нь: 1/ хүн амын тооллого явуулна, 2/ орон нутгийн хүн амаас цэрэг эрс татна, 3/ өртөө шуудан зохион байгуулна, 4/ алба гувчуур хураана, 5/ ордонд алба, албан татвар хүргүүлнэ, 6/ орон нутгийн засаг захиргааг хянана. [Бартольд 1963 а:468]. Өөрөөр хэлбэл, захирагч бол монголын төрийн зүтгэлтэн, их хааны зарлиг шийдвэрийг тухайн газар нутагт хэрэгжүүлэгч албан тушаалтан юм. Эзлэгдсэн оронд захирагчаар харь хүнийг томилон ажиллуулж байсан нь тухайн албан тушаалд томилон ажиллуулах чадвартай монгол тушмэл байгаагүйгээс бус харин энэ байдал нь эзлэгдсэн орны талаар явуулж байсан монгол төрийн бодлоготой шууд холбоотой юм. Монголын хаадууд эзэлж авсан орнуудын нийгэм эдийн засгийн бүтцийг нь тухай бүрд эвдэж ард түмэнд нь өөрийн засаг захиргааны тогтолцоог хүчээр тулгаж байгаагүй бөгөөд үүнийг зугуухан шат дараалалтай хийж байсныг онцлон тэмдэглүүштэй. Эзлэгдсэн орны ард түмнийг юуны өмнө оюун санаагаар нь барьж байхыг илүүд үзэж байсан тул тухайн ард түмний сэтгэл санаанд бүх юм хэвийн, өвөг дээдсийн хуучин уламжлал заншлаар явагдаж байна гэдгийг ойлгуулах нь чухал байлаа. Иймээс тухайн ард түмний ахуй амьдралыг сайн мэддэг бөгөөд монгол хаадууд өөрийн итгэл найдварыг бүрэн хүлээсэн хүнийг захирагчаар томилон ажиллуулж байв.

1241 онд Махмуд Ялавачийг Хойд Хятадын захирагчаар томилон ажиллуулахад түүний хүү Масуд-бек өөрийн төрсөн нутагтаа үлдэж Дундад Азиа захирах болсон билээ. [Рашид-ад-дин, т.II:140]. Аль ч талаар бодсон харь хүнийг тухайн нутгийн захирагчаар ажиллуулах нь монголын төрд илүү ашигтай байж таарна. Махмуд Ялавачийн хувьд тэрээр Чингис хааны итгэлийг олсон монголын төрд үнэнчээр зүтгэж байсан харь гаралтай төрийн зүтгэлтэн байсан тул Монголын их хаадууд түүнд болон түүний үр хүүхдүүдэд бүрэн итгэж тэднийг Мавераннахр, Дорнод Туркестаны захирагчаар үе улируулан томилж байв.Их Монгол улсын үед эдгээр захирагч нар их хааны төлөө, Эзэнт гүрний үед тэд нар тухайн улсын ханы төлөө алба гувчуур татах үндсэн үүрэг хүлээж байв. Цагадайн улсын нийгэм эдийн засгийн байгууллыг тодорхойлоход тус улсын газрын харилцааны хэлбэрүүдийг авч үзэх хэрэгтэй юм. Монголчуудын үеийн Дундад Азийн газрын харилцааны ангилалыг анх А.Ю.Якубовский санал болгосон аж. [История народов Узбекистана 1950: 233-234]. Үүнд: 1/. Мильк - дивани буюу улсын газрын өмч мөн энд ханы хувь газар – инж (инджу) багтана; 2/. Мульк буюу феодалын болзолгүй газрын өмч; 3/. Вакф буюу лалын шашны сүм хийдийн газрын өмч багтадаг байна. Судлаачид энэхүү ангилалыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч газрын харилцааны дөрөвдөх хэлбэрийг нэмж оруулжээ: 4/. Мильк буюу тариачдын газрын эзэмшил. [Гафуров 1972: 465]. Ингээд Дундад Азийг ерөнхийд нь багтааж байсан Цагадайн улсад газрын харилцааны үндсэн дөрвөн хэлбэр байсан гэж судлаачид үздэг аж. Мильк - дивани буюу улсын газрын өмч.

Монголын байлдан дагууллын өмнөх үеийн Дундад Азийн түүхээс үзэхэд Хорезм шах Мухаммед өөртөө үнэнчээр зүтгэж, цэргийн гавъяа байгуулсан нүүдэлчин язгууртануудад улсын газрын сангаас шагнал болгон газар таслан өгч байв. Энэхүү шагналын газрыг икта гэдэг аж. Иктаг тодорхой хугацатайгаар цэргийн алба залгуулах болзолтой олгож байсан тул болзолт газрын эзэмшилд хамаарна. Энэхүү газрын эзэмшил нь Их Монголын улсын мянганы эзэмшил газартай уг утгаараа адил төстэй юм. Мянганы ноёд “тухайн мянганы газрыг бүрэн гүйцэд өмчлөгч бус харин хагас эрхтэй өмчлөгч төдий бөгөөд мянганы ноён харъяат мянганаа үе улиран эзэмших боловч түүнийгээ бутлан хувааж бусдад шилжүүлэх, наймаалах эрхгүй байсан юм” хэмээн монголын нэрт түүхч Ш.Нацагдорж тэмдэглэжээ. [Нацагдорж 1978: 60].Мянганы ноёны адил икта эзэмшигч цэргийн болон засаг захиргааны алба хаах болзолтой бөгөөд үүнийхээ төлөө тухайн газрыг эзэмшиж байжээ. Иктаг мянганы нутгийн нэгэн адил тухайн газарт оршин суух иргэдтэй нь хамт өгдөг байсан нь газар эзэмшигчдээс тариачид хараат болох байдлыг улам дэлгэрүүлж байжээ. Цагадайн улсын газар нутгийн суурьшмал хэсэг нь болох Мавераннахр их хааны мэдэлд байсан ахул нүүдэлчин хэсэг болох Долоон гол Или голын сав газрын дээд эзэн нь Цагадай болон түүний ургийнхан байв. Тиймээс Цагадайн улсын дивани газарт зөвхөн Мавераннахр харъяалагдаж байсан гэж үзэж болох юм. Цагадайн улс болон Эл хаадын үеийн Персид улсын газрын сан ихээхэн хорогдсон гэсэн И.П.Петрушевскийн дүгнэлттэй бид санал нэг байна. Учир нь улсын газрын сангаас икта болон соёрхолын газрыг таслан өгч байсан бөгөөд уг санг арвижуулах эх үүсвэр сүүлдээ бараг үгүй болсон тул дээрх дүгнэлт бодит байдалтай нийцсэн аж. Улсын газрыг тариачдад бутарган мильк болгон эзэмшүүлдэг байв. Эдгээр тариачид улсын сан диванид татвар төлдөг байв.

Их Монгол улсын үед Цагадайн ургийнханы эзэмшил газрыг инджу хэмээн нэрлэж байжээ. [Рашид-ад-дин т.II:102]. Харин Эзэнт гүрний үед инджу болон улсын дивани газар нь утга нэг болж нэгдсэн бололтой. Инджу газрын орлогыг Цагадайн орд өргөөний зардалд зарцуулж байсан ахул дивани газрын орлогыг Их хааны цэрэг захиргааны хэрэгцээнд зарцуулагдаж байв. [Петрушевский 1960: 240].Монголчуудын үед иктаг соёрхол хэмээн нэрлэх болсон гэж судлаачид үздэг. [Петрушевский 1960:274, Гафуров 1972:466]. Өөрөөр хэлбэл, ХIV зууны II хагасаас икта нь болзолт эзэмшлээс болзолгүй эзэмшил - соёрхол - болон хувирснаар Цагадайн улсын томоохон соёрхолын газрын эздийн гарт газар тариалангийн талбай болон уудам билчээр нутаг төвлөрөх болжээ. Улмаар эдгээр монгол түрэг угсааны том газрын эзэд эдийн засгийн эрх мэдлээс гадна засаг захиргааны болон шүүн таслах эрх бүхий болов. [Абдураимов 1961 :11]. Газрын эздийн эдгээр давуу эрх нь Цагадайн улс унаснаас хойш ХVII зуун хүртэл Дундад Азид хадгалагдсаар байжээ. [Абдураимов мөн тэнд]. Эрдэмтэн А.М.Беленицкийн тэмдэглэснээр Дундад Азид соёрхолын газар Доголон Төмөрийн үед хамгийн өргөн дэлгэрсэн аж. [Беленицкий 1941:46]. Мульк хэмээх нэр томъёо нь хүй нэгдлийн тариачдын газрын эзэмшил болон феодал ноёдын болзолгүй газрын өмчийн хэлбэрийг тодорхойлох аж. [Петрушевский 1960:251]. Энэхүү газрын хэлбэрийн талаар сурвалжийн мэдээ тун хомс тул судлаачид Ираны жишгээр тоймлон үздэг байна. Мулькийн эзэд улсад татвар төлдөг байсан бөгөөд энэхүү татвар нь газрын татвар болох хараджаас хавьгүй хөнгөн ердөө ургацын 1/10 хувьтай тэнцэж байв. Монголын ноёрхолын үеийн Дундад Азид зарим “чөлөөт мульк”-ууд улсын газрын татвараас бүрэн чөлөөлөгдсөн байжээ. [Петрушевский 1960:.255-256]. Мульк-ийн эзэд уг газраа үе дамжин өмчлөхөөс гадна хүн амтай нь цуг наймаалах, бэлэглэх эрхтэй байв. Хүй нэгдлийн газрын эзэмшил болох мульк эзэмшигч тариачид ямар ч болзолгүйгээр уг газраа үе дамжин эзэмшиж байжээ. Цагадайн улсын газрын харилцааны гурав дахь хэлбэр болох вакф буюу лалын шашны сүм хийдийн газрын өмчийн талаар сурвалжийн мэдээ харьцангүй илүү байдаг тул энэ талаар хийсэн судалгаа ч нэлээд байдаг.

Энэ талаар судалгаа хийсэн эрдэмтэд монголын ноёрхолын үед Дундад Азид сүм хийдийн эзэмшил газар урьд үетэй харьцуулахад өргөн дэлгэрснийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. [Петрушевский 1960:280]. Хорезмын хаант улсын төр нь хүчирхэг нүүдэлчин цэргийн язгууртануудад тулгуурласан цэрэг иргэний шинжтэй төр байсан тул шашны санваартангуудын нийгмийн байр суурь сул дорой байв. [Артемов 2000 :267]. Монголын байлдан дагууллын дараа Дундад Азийн орнуудын төрийн тогтолцоо өөрчлөгдөж улмаар лалын шашны санвартангууд нийгмийн байр сууриа үлэмж дээшлүүлэх таатай нөхцөл бүрджээ. Чингис хаанаас эхлэн монгол хаадын төрийн бодлогын чухал нэг хэсэг бол эзлэгдсэн орнуудын ард түмнийг эвээр засах буюу оюун санаагаар нь захирах бодлогыг тууштай хэрэгжүүлж ирэв. Үүний хүрээнд лам нарыг хөхүүлэн дэмжиж тэд нарыг аливаа алба татвараас чөлөөлдөг явдал байлаа. Сурвалжийн мэдээгээр хамгийн анх Чингис хаанаас ийм хөнгөлөлт авсан хүн бол Даосын бумбо Чань-Чүнь арш билээ. [Си юй Цзи 1866:335]. Судлаачдын үзэж буйгаар Чингис хаан 1222 онд мөн лалын шашны “бүх санваартан, тухайлбал, Имам, Кадисыг бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулж, шашны асуудлыг эрхлэх сайдын тушаалыг бий болгосон” ажээ. [Саундерс 1992:71]. Үүнээс гадна Мөнх хааны эх загалмайт шашинтай Сорхогтани-бэх 1000 мөнгөн лан хандивлан өгч Бухар хотноо лалын шашны сүмийн сургууль бариулж мөн уг сүмийн харьяа эзэмшил газар – вакф - худалдан авхуулжээ. Энэ сүмийн захирагчаар Сейф-ул-ислам Бохарзийг томилов. [Рашид-ад-дин т. II:128]. Сорхогтани-бэх 1252 онд насан өөд болтлоо энэ сүмээр дамжуулан мусульман ядуус гүйлагчдад буян үйлдэж хоол хүнс, хувцас хунар байнга түгээж байжээ.

Сайфид-дин Бохарзи уг сүм болон сүмийн эзэмшил газраа үе дамжин захирч байсан бөгөөд түүний ач хүү Яхьи Бохарзи 1326 оны 8 сарын 1-нд уг эзэмшилдээ нэмж Бухар хотын зүүн хэсэгт орших 100 кв.км талбай бүхий 11 тосгон болон 18 боол хулалдаж авсан тухай баримт бичиг олджээ. [Чехович 1965:33]. Яагаад жижиг газрын эздүүд өөрийн газраа вакф болгон худалдах болов оо? гэсэн асуулт үүнээс урган гарч байгаа юм. Учир нь уг газрыг худалдан авсан сүм хуучин эзэнд үеийн үед уг газрын орлогын тодорхой хувийг олгох үүрэг хүлээсэн байв. [Чехович 1959:157]. Вакф болгосон газар болон ард иргэдийг худалдахгүй, бэлэглэхгүй бөгөөд үеийн үед уг сүмийн эзэмшилд байх агаад хоёр талын үйлдсэн баримт бичигт тусгасан ёсоор орлого зарлагаа хувиарлаж байх ёстой аж. [Чехович 1959:153]. Өөрөөр хэлбэл, сүм хийдийн эзэмшил газар вакф аливаа алба татвараас бүрэн чөлөөлөгдсөн байсан учир жижиг газрын эзэд улсын татвараас зайлсхийж өөрийн газраа дуртайяа вакф болгож байсан бололтой. Чингэхдээ өөрийн хөдөлмөрөөр олж байсан ашиг нь сүмээс авах ашигтай ойролцоо байсан болов уу. Эс тэгвээс газраа вакф болгох ашиггүй юм. Үүнээс гадна 1299 оны вакфын баримт бичигт Бухар хотын умард хэсэгт том газрын эзэн томоохон сууринг худалдаж аваад сүм хийд шинээр бариулж тосгон байгуулж хамгийн гол нь тэндээ хэд хэдэн нэхмэлийн газар байгуулсан тухай тусгасан байна. [Бухарский вакф 1979:8].

Алба, татвар[засварлах | edit source]

Дээрх хоёр баримтаас үзэхэд монголчуудын үед Дундад Азид шашны байгууллагын эзэмшил газар эрчимтэй өргөжин тэлж лалын шашны санваартангуудын нийгмийн байр суурь үлэмж дээшилж байсныг гэрчилж байна. Жишээлбэл, ХIII зуунд Дундад Азийн санваартан Сейфид-дин Бохарзи анх удаа “шейх ал-олам” буюу дэлхийн шейх цолыг монгол хаадын ивээлээр хүртсэн аж. [Чехович 1965:9]. И.П.Петрушевскийн тэмдэглэснээр “вакфын түүхэн үүрэг жингийн худалдаа болон гар үйлдвэрийн төв болсон зах зээлтэй нягт холбоо бүхий феодал ангийн онцгой бүлэг болох мусульман лам нарын орлогын үндсэн эх сурвалж болж байсанд оршино” гэжээ. [Петрушевский 1960:249]. Милькийг зөвхөн чөлөөт тариачид эзэмшиж байсан бөгөөд монголын ноёрхолын үед эдгээр эзэмшил газруудыг том газрын эзэд болон сүм хийдийн эзэмшилд шилжиж эрс цөөрөх хандлага давамгайлах болов. [Петрушевский 1955:100]. Гэвч энэ хандлага нь феодалын газар эзэмшлийн хэлбэрийн цаашдын хөгжлийн зүй ёсны үр дагавар байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. [Петрушевский 1955: 102-103].Газаргүй болсон тариачид түрээслэгч болохоос гадна том газрын эзний хувь нийлүүлэгч издольщик болж байв. Гэвч хувь нийлүүлэгч нь үнэн хэрэгтээ “үе дамжсан феодалын хараат байдлын нэгэн хэлбэр” юм. [Петрушевский 1960:286].

О.Д.Чеховичийн хийсэн судалгаагаар вакфын эзэмшил газрыг “музоре” нар харин милк газрыг "кедивар" ”хэмээх тариачид тус тус боловруулж байв. [Чехович 1959: 149]. Гэвч эдгээр кедивар, музоре нарын нийгмийн байр суурийг тодорхойлох баримт бичиг хараахан олдоогүй байна. Тиймээс тэд нарыг эрх чөлөөтэй аль эсвэл хамжлага байсан эсэхийг тодорхойлох боломжгүй аж. [Чехович 1959:155].Дундад Азийн бүх хүн амд оногдуулсан Их Монголын улсын нэгдсэн татварыг “купчур” хэмээн нэрлэдэг байв. 1229 онд Өгэдэй хаан улсын нэгдсэн алба татварын хууль гаргаж ард иргэдээс авах татварын хэмжээг хуульчлан тогтоожээ. [Мункуев 1965 a :137]. 100 толгой малаас нижгээд малыг авахаар тогтов. [Рашид-ад-дин т.II: 36]. 1233 онд улсын албан татварын хуулинд шинээр нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тэр нэмэлт ёсоор адуу, үхэр, хонь тус бүр 100 толгой бүхий өрхөөс нэжгээд морь, үхэр, хонийг татварлан авах болон адуу, үхэр, хонь тус бүр 10 толгой өрхөөс тус бүр ч мөн адил нэжгээд морь, үхэр, хонь татварлан авахаар заасан байна. Ялангуяа худалдаа, арилжаа эрхлэгчдээс авах гаалийн татварыг чангатгасан хууль бас тогтоожээ. [Далай 1994:148-149]. Өгэдэй хаан эзэлсэн орны ардуудаас татварлах алба татварын хэмжээг Хятадын хүн амаас өрхөөр бодож, Дундад Азийн зэрэг баруун зүгийн орнуудаас эрийн тоогоор бодож авах журмыг тогтоожээ. [МУ-ын түүх. II боть :166].“Албаны хэмжээ нь сайн чанарын тарианы му тутмаас 3 жин, дунд тарианы му тутмаас 2 жин хагас, дорд тарианы нэг му тутмаас 2 жин тус тус хураах, ус оруулсан сайн тарианы нэг му тутмаас 5 жин тариа авахаар тогтоосон байна. Худалдааны зүйлээс гааль хураахдаа орлогын 1/30 авах, дарсны худалдаанаас 40 жин архи тутмаас нэг лан хураахаар тус тус тогтоосон байна. Энэ нь хятад иргэдээс авч байсан татварын хэмжээ бөгөөд Дундад Азийн орнуудаас мөн үүний нэгэн адил албан татвар авч байсан байна”. [МУ-ын түүх II боть: 166].

Өгэдэй хааны энэхүү хуулийн тухай мэдээ сэлт Дундад Азийн сурвалж бичигт тэр бүр тусгаагүй тул судлаачид гол төлөв Мөнх хааны хуулийн татварын заалтыг Жүвейнийн бүтээлд өгүүлсэн ёсоор авч үздэг байна. [Петрушевский 1960:115].Мөнх хааны алба татварын хуулийн заалтын ёсоор Дундад Азийн нүүдэлчин ард иргэдээс 100 толгой адуу, үхэр, хонь тус бүрээс нэжгээдийг, суурьшмал хэсгийн хүн амаас хөрөнгө чинээгээр авахаар тогтоов. “Баян чинээлэг ард иргэдээс нэг жилийн гувчуур 15 динар, ядуу доройгоос 1 динар” авхаар тогтжээ. [Якубовский 1936:114].Монголын ноёрхолын үед Дундад Азид купчур, калан, тагар, тамга зэрэг албан татвар шинээр орж ирсэн байна. [История таджикского народа 1964:310].Б.Д.Греков, А.Ю.Якубовский нар газрын татвар хараджийг монголчуудын үед калан хэмээн нэрлэх болсон гэж үздэг байна. [Греков, Якубовский 1950:111]. Газрын татвар харадж төлөхөөс гадна тариачдаас гаргуулж байсан тагар хэмээх бүтээгдэхүүний татвар нь монгол цэргийн хангамжинд зориулагдсан татвар байжээ. [Агаджанов 2000: 411].Тамга хэмээх татварыг гар урчуудаас авч байсан байна. [История таджикского народа 1964:308]. Дээрх алба татваруудын хэмжээ маргаантай хэвээр байна. Дээрх тогтмол татвараас гадна онцгой үед авдаг нэмэлт татварууд байснаас дайны үед авч байсан ашиг хэмээх бүтээгдэхүүний татварыг Цагадайн улсын бүх хүн амаас авч байсан гэж Б.А.Ахмедов тэмдэглэсэн байна. Энэ татварын хэмжээ нь тухайн нөхцөл байдлаас хамаарч байсан аж. [Ахмедов 1965:95].

Нийгмийн давхрага[засварлах | edit source]

Цагадайн улсын нийгмийн бүтцийг бүхэлд нь авч үзэхэд нийгмийн дээд давхаргад Цагадайн удмынхан багтаж байв. Удаах байранд монгол түрэг угсааны түмний болон мянганы ноёд. Эдгээр ноёдын адил давуу эрх эдэлж байсан лалын шашны хутагт хувилгаад энд бас хамаарна. Удаах байранд монгол түрэг угсааны нүүдлийн болон суурьшмал хэсгийн сурвалжит язгууртнууд. Тэгээд худалдаачид гар урчууд, тэдний дараа тариачид орж байв. Нийгмийн давхаргын доод хэсэгт боолчууд орж байв. ХIV зууны 20-иод онд Монголын эзэнт гүрний хэмжээнд улс төрийн байдал ерөнхийдээ төгтворжиж эдийн засаг, олон улсын худалдаа хөгжих таатай нөхцөл бүрдэв. Энэ үед пап ламын засгийн газар нь Алтан Ордны улс болон Цагадайн улсад худалдааны болон шашны үйл ажиллагаа өрнуулах тухай стратеги төлөвлөгөө боловсруулжээ. Уг төлөвлөгөөнд Тана-Сарай-Ургенч-Ханбалык гэсэн Алтан Ордны улс, Цагадайн улсын нутгаар дайран өнгөрч Европ Хятадыг холбосон олон улсын төв замд гол анхаарлаа хандуулсан байна. Учир нь энэ замыг шаардлагатай үед Энэтхэг орох нөөц зам болгон ашиглах боломжтой гэж тооцоолж байжээ. [После Марко Поло 1968:106].ХIҮ зууны 20-иод онд Ил хаадын улсад сууж байсан Венеци улсын консул Марко да Молин засгийн газартаа мэдээлэхдээ Иранд худалдаа зогсонги байдалд ороод байна, Ираны зам харгуй төдийлөн аюулгүй бус байна тэр байтугай Тебризд гадаадын худалдаачдад халдаж байгаа тухай өгүүлсэн байна. [После Марко Поло 1968:106].Венецийн худалдаачид Энэтхэг, Хятад руу Персийн нутгаар бус Цагадайн улс, Памир болон Гиндукушийн нуруугаар явах зам эрэлхийлэх болсон аж. Ингээд папын засгийн газар болон Европын худалдаачид энэ үеээс эхлэн Цагадайн улсыг эдийн засаг, шашны талаас ихэд сонирхож эхэлсэн байна. Энэ үед Цагадайн улсад Дува хааны хөвгүүд Элжигдэй болон Дурратөмөр нар (1326-1329) төр төр барьж байв. [Бартольд 1964 a:76]. Бусад улсуудыг бодвол Цагадайн улсын дотоод байдал төдийлөн тайван байсангүй. Мавераннахр болон Долоон голын нутгийн феодал ноёд өвөр хоорондоо байнга дайсагнаж тус улсын “бараг нийслэл” Алмалигт үе үе ордны эргэлт болж байлаа. [После Марко Поло1968:119].

Шашин шүтлэг[засварлах | edit source]

Пап лам XXII Иоанн доминикан ёсны гэлэн Томмазо Мангазолыг Самарканд хотын хамбаар томилон 1328 онд захидлын хамт Цагадайн улсын Элжигдэй хан руу илгээжээ. Гэлэн Томмазо Мангазол хэрэг зорилгоо амжилттай биелүүлж Цагадайн улсад шашны төлөөний газрыг нээж байр сууриа бэхжүүлж чадсан ажээ. Дува ханы ач хүү Джэнкши ханы үед (1334-1338) Алмалиг хот нь Дундад Ази дахь загалмайтны шашны номлолын төв болон хувирчээ. Несториан шашинтай байж болзошгүй Карасмон, Юханан хоёр пап ламын илгээсэн хамбад Алмалигийн ойролцоо эдлэн газрыг өргөл болгон барихад тэрбээр тэндээ тун удалгүй загалмайтны шашны сүмийн барилга бариулжээ. Энэ үеэс хойш Алмалигт Бургундийн хамба лам Ришар, Александр хотоос ирсэн ах дүү гэлэн Франциск болон Раймунд Руф болон Испанийн ламтан Пасхалий нар үзэгдэх болжээ. [Бартольд1964 a: 62-63]. Ханы бие чилээрхэхэд эдгээр лам нар түүнийг анагаахад тэрээр талархан өөрийн долоон настай хүүг загалмайлах зөвшөөрөл өгчээ. Папын засгийн газар нь тухайн үед папын өргөө байрлаж байсан Авиньон хот Ханбалык хот хоёрын хооронд байнгын харилцаа холбоо тогтоох оролдлого хийж байв. Хятад дахь загалмайтны шашны сүмийн хамба лам Монтекорвиног нас барахад пап лам XXII Иоанн шинэ хамба лам Николайг илгээсэн байна. Ламтан Цагадайн улсад ирж Джэнкши ханд бараалхахад хан түүнийг ихэд найрсаг хүлээн авсан байна. Гэвч тэрээр Хятад хүрч чадалгүй буцжээ.

Алмалиг хот улс төрийн амьдралын гол төвд оршиж байсан учир 1339 онд болсон ээлжит үймээний хөлд лам нар амь үрэгджээ. Цагадайн улсын хан ширээнд санаархаж байсан Өгэдэйн удмын Али-султан Джэнкши ханыг хан ширээнээс унагаж амь насанд нь хортойгоор халдав. Төрийн эргэлт хийх энэ үед загалмайт шашны хамба Ришар тэргүүтэй гэлэн, лам нарыг бүгдийг нь хүйс тэмтэрсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Пасхалий ламтан энэ аймшигт үйл явдлын өмнөхөн пап ламд Цагадайн улс болон Алтан Ордны улсын талаар сонирхолтой мэдээ агуулсан захидал илгээсэн байжээ. Гэвч 1339 оны төрийн эргэлт нь төдөлгүй дарагдаж Али-султаныг хан ширээнээс зайлуулж дараа жил нь Алмалигт ирсэн Мариньолли ламтан шашны төвөө бүрэн сэргээж чадав. 1338 оны 5-р сарын 31-нд Тогоонтөмөр хааны төлөөлөгчид Авиньон хотноо хүрэлцэн ирэхэд тэд нарыг пап лам ХII Бенедикт (1334-1342) хүлээн авч уулзжээ. Их хааны хүсэлтийн дагуу пап лам Ханбалык руу францискан гэлэн ёсны ламтан Джовани Мариньолли тэргүүтэй шашны төлөөлөгчдийг илгээхээр тогтжээ. Эдгээр төлөөлөгчдийн зорилго нь гагцхүү Ханбалык хүрэх төдийгүй зам зуураа Алтан ордны хан Узбек (1312-1341), Цагадайн улсын хан болон түүний загалмайт шашинт хоёр зөвлөх (Карасмон, Юханон) нарт захидал дамжуулж өгөхөд оршиж байлаа. Мариньолли ламтан эдгээр бүх зорилгоо амжилттай биелүүлээд 1353 онд Европ руу буцжээ. Иймд, Эл хант улсын улс төрийн дотоод байдал тогтворгүй болоход папын засгийн газар Хятад хүрэх худалдааны нөөц замыг Цагадайн улсын нутгаар өртөөлөн өнгөрөөх арга замыг эрэлхийлэн тус улсад элч төлөөлөгч илгээж байжээ. Гэвч Цагадайн улсад XIV зууны дунд үед улс төрийн зөрчил тэмцэл дэгдэж папын засгийн газар тэрхүү санаачилгаа орхиход хүрчээ.

Мөн үзэх[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  • Бартольд 1963 a:460
  • Вернадский 2001:52
  • Саундерс 1992: 82
  • Алтан товч 1990: 137
  • Алтан товч 1990: 147
  • Бичурин 1829:126
  • Хаадын сан 2000: 56
  • Рашид-ад-Дин т.II:94
  • Рашид-ад-дин т. II:102
  • Бира 2001:439
  • Рашид-ад-Дин т.II:91
  • Рашид-ад-Дин т.II :100
  • Бартольд 1963 б:70
  • Босфорт 1971:197
  • Бартольд 1963 б:73
  • Пищулина 1983:44
  • Бартольд 1963 б:70
  • Бартольд мөн тэнд
  • Бартольд 1963 б:76
  • Босворт 1971:197
  • Бартольд 1963 б:79-80
  • Си юй цзи 1866 :304,336-337