Jump to content

Цагадай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цагадай хаан (1183 оны орчим–1241 эсвэл 1242) нь Чингис хааны хоёр дахь хүү бөгөөд Цагадайн улс, Цагадайн хэл, Цагадайн Туркийг байгуулагч хэмээн үздэг. Тэрээр эцгийнхээ өөд болсноос хойш Төв Азийг насан эцэс болтлоо захирсан. Тэрээр Чингис хааны зарлигаар Их засагт хяналт тавьж, гаргасан зарлигийн бичээч байсан ч эцэстээ тэрээр зөвхөн Монголын эзэнт гүрний хан цолтон төдий л болсон. Цагаадай хааны талаар бичиж үлдээсэн баримт маш бага байдаг юм байна. Монголын түүхэнд 1225 онд Их эзэн Чингис хаан 4 хүүдээ газар нутгаа хуваарилж өгөхдөө Цагаадай Уйгарын орноос Ану мөрөн хүртэл өргөн уудам нутгийг хувь болгон түүнд өгсөн баримт байдаг. Цагаадай хааны Төв Азийн хөгжилд оруулсан хувь нэмэр бол Чингис хааны түмтийн системийг Төв Азид бий болгосон. Узбек, Киркизид одоо болтол тэр систем хадгалагдаж байна. Торгоны замын аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа Ланжаугаас Машгадын хоорондын торгоны замыг мундаг хамгаалалттай болгож, өөрийн монополийг тогтоосон. Цагаадай хааныг дагаж очсон 4 аймаг байдаг. Энэ аймгууд Төв Азид очоод 800 жил болжээ. Тэнд 800 жил болохдоо тэд ёс заншлаа ер алдаагүй. Харин Жалайр аймгийг Кожоонтой, Барласыг Кажяадайрьяатай, Никузийг Амударьяатай, Найман аймгийг тэр хөндийд нь тус тусад нь байлгаж байна. Далай руу очсон тэр аймгууд өөрийнхөө монгол байдлыг яаж хадгалж чадах вэ гэсэн асуудал гарч байжээ.

Харин Монголын эзэнт гүрний хойч үед түүний эзэнт гүрэн нилээд алдартай болж ирсэн.

Өвөг эцэг: Есүхэй баатар

Эмэг эх: Өэлүн үжин

Эцэг: Чингис хаан

Эх: Бөртэ үжин

Ах, дүүс:

  1. Зүчи хан
  2. Хожин бэхи
  3. Цэцэйхэн бэхи
  4. Өгэдэй хаан
  5. Алага бэхи
  6. Тулуй ноён
  7. Түмэлүн бэхи
  8. Алталун бэхи
  9. Толай гүнж
  10. Хөлгэн ноён
  11. Зүчидэй
  12. Чахур
  13. Ючибай гүнж

Цагадай нь олон хатан, татвар эхнэртэй байжээ. Тэднээс хамгийн их нөлөөтэй хоёр хатан байв. Нэг нь хонгирад (аймгийн) эзэнтэн Даритайн хүү ... ноёны охин Есөнлун бөгөөд тэр Цагадайн алдаршсан бүх хөвгүүдийн эх юм. Чингис хааны их хатан Бөртэ Үжин ба Есөнлун хатан хоёул ах дүүсийн хүүхэд байжээ. Нөгөө нь Туркан (Турьхан) хатан бөгөөд дээр дурдсан Есөнлун хатны дүү нь билээ. Цагадай Есөнлун хатнаа өөд болсоны дараа Турканыг гэргий болгон авсан билээ. Цагадай нь зургаан хүүтэй байжээ. Тэднийг насны дарааллаар дурьвал:

  1. Мүтүгэн,
  2. Мужи Яя,
  3. Белькеши,
  4. Сарабан,
  5. Есөн Мөнх
  6. Байдар
  7. …,
  8. . …” гэж Рашид-ад-Дин бичжээ.[1]

Татаруудын гарал үүслийн түүх” номонд “Цагадай олон хатантай байснаас хонгирад аймгийн эгч дүү хоёр хатнаа их хайрладаг байв. Цагадай олон хүүхдийн эх Буссулун хатнаа нас барсны дараа Тархан хатнаа авчээ. Цагадайн хүүхдүүд нь:

  1. Мутуган,
  2. Мучи,
  3. Балда-шаг,
  4. Сагинлалга,
  5. Сарманс,
  6. Буссумунга,
  7. Байдар” гэсэн байна.[2]

Дээрх хоёр сурвалжийн мэдээнээс үзэхэд авааль гэргий, халамжит Есөнлун хатнаа нас барахад тэрээр түүний дүү Турканыг хатнаа болгон авснаар нэгд, талийгч хатандаа их хайртай байсныг, хоёрт, өнчин хоцорсон олон хөвгүүдээ төрсөн эхээс нь дутхааргүй хайрлах хүнийг олж авсныг харуулж байна. Үүнээс гадна Цагадайн хөвгүүдийн тоо хоёр сурвалжид зөрж байна. Цагадайн ахмад хүү нь Есөнлун хатнаас төрсөн Мүтүгэн бөгөөд тэрбээр өвөг эцэг Чингис хааны дэргэдөсөж торнижээ Бамиан цайзыг байлдах үед Мүтүгэн шархдаж нас барахад Чингис хаан ихэд хорсон гашуудаж, эсэргүүцэл үзүүлэгчдийг устгаж, барилга бэхлэлтийг нураажээ.[3] Энэ үед Цагадай Ургенчийг эзэлж аваад буцаж ирсэн аж. Чингис хаан Мүтүгэнийг алуулсан тухай эцэгт нь шууд хэлж зүрхэлсэнгүй. Энэ тухай Цагадайд хэлэхгүй байхыг зарлиг буулгажээ. Мүтүгэн юманд явсан гэж эцэгт нь хэлээд хэд хоносон ажээ.

Чингис хаан нэг удаа шалтаг олоод хөвгүүддээ: “Та нар миний үгэнд орохгүй, хэлж ярьсныг дагаж гүйцэтгэхгүй байна” гэж зориутаар аашилж загнажээ. Тэгэхэд нь Цагадай өвдөг сөхрөн “Эцэг хаан таны юу гэж тушааж зарлигдсанаар би зүтгэнэ. Би чадлын хирээр зүтгээд хэрэгцээтэй бол амиа өгөхөд ч бэлэн” хэмээн өгүүлэхэд нь Чингис хаан:”Чи үүнийг үнэн сэтгэлээсээ хэлж байна уу, чи үнэхээр миний хэлснийг дагах юм уу” гэж дахин дахин лавлахад Цагадай:”Өөрийн хэлсэн үгээсээ зөрчвөл, би үхтүгэй” гэж хариулжээ. Яг тэгж хариулахад нь эцэг нь :”Мүтүгэн байхгүй болсон, чи уйлж цөхөрч болохгүй” гэж хэлэв. Цагадайн дотор харанхуйлан гашуудсан боловч хэлсэн амандаа эзэн болж тэсвэрлээд уйлж унжсангүй. Харин гадагш гараад холхон очиж нууцаар нилээд уйлж сэтгэлээ онгойлгоод хаан эцгийн өргөө рүү буцаж ирсэн байна. “Судрын чуулган”-д өгүүлсэн энэхүү мэдээнээс үзэхэд Чингис хаан хүү Цагадайг ах дүү нараасаа түрүүлж дуу гарахыг мэдэж байсан учир ийнхүү аашилж загнан эхэлсэн ажээ.

Мүтүгэн нь Байчу, Бүри, Есөндува, Хар Хүлэг гэсэн дөрвөн хүүтэй байв. Эдгээрээс Бүри, Есөндува, Хар Хүлэг нар Цагадай улсын түүхэнд нэрээ үлдээсэн төрийн томоохон зүтгэлтнүүд юм.

Мүтүгэний ахмад хөвүүн Байчу нь Тудан гэдэг нэг хөвүүнтэй, Тудан нь Бужай гэдэг хүүтэй, Бужай нь Абдаллах гэдэг хөвүүнтэй байжээ.

Мүтүгэний хоёрдугаар хөвүүн Бүрийн тухай нэгэн хууч яриа байдаг. Эв-оглануудын гэрийн зарц нар цугларч ордны ажилд хамжилцдаг байжээ. Нэг удаа Мүтүгэн хааны ордонд орохдоо олон хүүхэн цугласныг харжээ. Тэдний дунд үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй байхыг үзсэн Мүтүгэн түүнтэй уулзан, дагуулж яваад өрөөнд орж нийлсэн байна. Тэр бүсгүй нь жирэмсэлж магадгүй гэж үзээд Мүтүгэн нөхрөөс нь тусгаарлан хамгаалахыг тушаав. Тэр бүсгүй үнэхээр жирэмсэн болоод мэндэлсэн хүү нь Бүри юм. Бүрийг мэндэлсний дараа түүнийг хан хүүгийн ордны халамжинд авч эхийг нь хуучин нөхөртэй нь дахин нийлүүлсэн байна. Энэхүү Бүри нь тун зориг зүрхтэй, шазруун эр болов. Тэрбээр согтохоороо элдвийг ярьж агсамнана. Мөнх хааны үед Бүри архи ууж согтохдоо сэтгэлдээ нуугдаж байсан хорслоо тайлж Батыг муу хэлэн хараадаг байв. Энэ тухай Бат мэдээд түүнийг өөрийн ордонд ирүүлэхийг шаарджээ. Мөнх хааны зарлигаар Мөнхсар ноён Батын ордонд Бүрийг хүргэхэд Бат түүнийг цаазалсан байна. Бүри таван хөвүүнтэй байв. Тэдгээрээс нэрд гарсан нь отгон хүү Абишка бөгөөд тэр нь Уруг нэрт нэгэн хөвүүнтэй. Хубилай нь Аригбөхтэй хаан ширээ булаалдан эв эвдрэлцэхдээ Абишкаг Цагадайн улсын Хар Хүлэгийн оронд эзэн суулгаж, Эргэнэ хатныг баривчлуулахаар явуулжээ. Замд нь Аригбөхийн цэргүүд Абишкаг баривчлан аваачжээ. Зарим мэдээгээр Мөнх хааны хүү Асутай Аригбөхийн тушаалаар Абишкаг цаазалсан гэх агаад өөр мэдээгээр энэ Абишка нь Хубилай хааны дэргэд байнга байсан бөгөөд дараа нь Хубилай хааны хүү Өлзийт хааны дэргэд нас өндөр болтол байсан гэх ажээ.[4]

Абишкагийн оронд Алгуйг, Аригбөх Цагадайн улсыг захируулахаар томилон явуулжээ. Алгуй бол Цагадайн ач, Байдарын хөвгүүн билээ. Аригбөх өөрийнхөө дэргэд алба хааж байсан Алгуйд гэрэгэ, зарлигаа атгуулан Цагадайн улсын эзнээр томилон явуулахдаа Дорнод Туркестанаас тариа нийлүүлэх, Алтан ордны зүгээс Хубилай руу цэрэг илгээхэд хүрвэл түүнийг тосон тулалдаж Монгол руу оруулахгүй байхын зарлигджээ. Хар Хүлэгийн хатан Эргэнэг Алгуй өөрийн хатнаа болгожээ.

  1. Рашид –ад-дин т.II: 88-89
  2. Родословная история о татарах т.II:10
  3. Рашид-ад-Дин т.II:89
  4. Рашид-ад-Дин т.II:90,166