Jump to content

Зүүнгарын Хаант Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Зүүнгарын хаант улс-с чиглүүлэгдэв)

Зүүнгарын хаант улс ( халим. Зүнһар хаант улс; Дөрвөн өөрд улс ) -ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарыг нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн гэж бичдэг. Ойрадууд Монгол улсаас салан тусгаарлах урт тэмцэл явуулсанаараа алдартай бөгөөд 1635 оноос өөрсдийн Зүүнгар улсыг байгуулжээ. Зүүнгар нь Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизийн хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байв.

1610 оноос Зүүнгарын хаант улсын суурь тавигдах үеэс Ойрадын Цорос аймгийн удирдагчид хунтайж хэмээх цолтой байв.[1] 1678 онд Галдан Далай ламаас Бошигт хаан цол хүртсэн ч, Галдан бошигт хааныг нас барсны дараа Цэвээнравдан, Галданцэрэн, Цэвээндоржнамжил, Лхамдаржаа, Даваач нар хунтайж цолтойгоор засаглаж байсан. Ойрадын Цорос, Өөлд аймгууд Ойрадын цэргийн зүүн талын жигүүр болдог байсан уламжилалаар хожим Цоросууд 17-р зуунд хүчирхэгжин урьд нь Ойрадыг тэргүүлж байсан Хошууд аймгийн оронд Ойрадыг толгойлон хүчирхэг улс байгуулсан нь Зүүнгарын улс болсон юм.

Зүүнгарын улс байгуулагдсан нь

[засварлах | кодоор засварлах]
Монгол улсууд 14-17-р зуунд: Монгол Улс, Дөрвөн Ойрад, Моголистан
Монгол улсууд 17-р зуунд: Монгол Улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан
Монгол 1720-иод он

Их Монгол Улс байгуулагдсаны дараа Чингис хаан хүү Зүчиэр удирдуулсан цэрэг илгээж ойн иргэдийг дагуулахаар очиход Ойрадын ноён Худуга Бэхи Ойрадуудаа дагуулан угтан ирж Их Монгол улсад нэгдсэн юм. Ийм учраас Чингис хаан Хутуг Бэхийн хүү Иналчид өөрийн охин Цэцэйхэнг, түүний дүү Төрөлчид Зүчийнхээ охин Холуйханыг хатан болгон өгч худ худгуй болж, Ойрадуудыг Их Монгол улсын Боорчийн харьяанд 4 түмэн болгожээ. Энэ цагаас Дөрвөн Ойрад гэдэг нэр гарчээ. Үүний дараа ойрадууд баруун зүг нүүж Енисей мөрний эх Дэлгэр мөрний саваар очиж нутаглаж байгаад XIII зууны II хагаст Завхан, Хүнүй гол Алтайн уулын зүүн бэл хүрч нутагласан бөгөөд тэд Аригбух, Хайду нарын харъяатууд болжээ. XIV зууны сүүлч үеэс Ойрадууд Чингисийн угсааны Монгол хаадын мэдлээс гарч салан тусгаарлахын төлөө тэмцэх болсноор Элбэг хааны үед уугуул Монгол орон баруун, зүүн Монгол, Урианхайн 3 хязгаар болж хуваагдан хоорондоо тэмцэлдэх үе эхэлжээ. Тэд Дөрвөн Ойрадын чуулган гэдэг эрх барих зөвлөлдөх дээд байгууллага байгуулж Бүүвэй Мирз, дараа нь Байбагас удирдаж байв.

Эсэн тайшийн Монгол төрийг эсрэг бослогыг Ойрад нар гаргаж, алтан ургийг хоморголон хядаж давуу байдал олсон ч удалгүй унажээ. Үүнээс хойш Ойрад баруунш алслан суух болсон ба тэднийг Монголд буцааж нэгтгэхийг хаад ноёд олонтоо оролдож, харьяатад буцааж байжээ. Гэвч тэд үе үе босож зугатан оддог байжээ.

17-р зуунд (16-р зууны сүүл?) Торгууд, Дөрвөдийн зарим нь баруун хойш нүүж Ижил мөрөнд, Хошууд нар 1630-аад онд Төвд, Хөх нуурт очиж нутаглажээ. Ижил мөрөнд очигсдыг Халимаг гэх болжээ. Гадагш нүүж одолгүй үлдэгсдийн нилээд нь Цорос овогтнууд болж, тэдний хүч нөлөө Ойрадуудын дунд өсөж эрх барих овог болсон үе байдаг. Цорос овогтны тэргүүн Эрдэнэбаатар хунтайж 1640 онд Тарвагатайн нурууны “Улаан бураа” одоогийн Тачван хот гэдэг газар Монгол ноёдын чуулган хийхийг санаачилжээ. Энэ чуулганд Халх болон Ойрадаас 28 ноён оролцсоны дотор Эрдэнэ бишрэлт засагт хаан Субадай, Очирай түшээт хаан Гомбодорж, Сэцэн хан ноёдын төлөөлөл, Ойрадын Эрдэнэбаатар Хунтайж, Хөндлөн Уваш, Хөх нуурын Хошууд аймгийн Гүш хаан Төрбайх, Ижил мөрний Торгуудын Шүхэр Дайчин тэргүүтэй ноёд, Халх Ойрадын шашны зүтгэлтнүүд оролцсон юм. Энэ чуулганаар “Дөчин дөрвөн хоёрын их цааз” гэдэг 120 зүйл бүхий хууль батлав. Энэхүү Их цаазын гол үзэл санаа нь: - Манж гүрний зүгээс эзлэн түрэмгийлэх аюул занал нүүрлэж байгаа нөхцөлд:

  1. Цогт тайжийн суусан нутаг, иргэдийг хуваах, Төвд, Алтайд Ойрадыг суулгах
  2. Харийн түрэмгийллийн эсрэг хамтран тэмцэх явдлыг хүн амын нийт давхарааны үүрэг хариуцлага болгох
  3. Шарын шашныг улсын шашин болгон хуульчилж шашны нөлөөн дор Монгол овогтны эв нэгдлийг бэхжүүлэх
  4. Том ноёдын хоорондын зөрчил сөргөлдөөнийг зогсоож хүчээ төвлөрүүлэх зэрэг гол асуудлуудыг хуульчилж өгсөн юм.

Монгол овогтны улс төрийн нэгдлийг сэргээх энэ чуулганы шийдвэр Эрдэнэбаатар хун тайж Ойрадын шарын шашны тэргүүн Зая Бандид Намхайжамц нарын хүчин чармайлтаар Ойрад нутагт зохих үр дүнд хүрч Ойрадын дотоод зөрчил зогсож аж ахуйн байдал нь сайжирч Орос, Казахтай холбоо харилцаа тогтоожээ. Гэтэл 1671 онд Эрдэнэбаатар хун тайжийг түүний Торгууд хатан Юм Агасаас төрсөн Сэнгэ залгамжласныг хунтайжийн Хиргис хатан Дара Балжаас төрсөн хүү Цэцэн, Зодов хоёр эвсэж хороосон байна. Энэ тухай мэдээг Юм Агас хатан Төвдийн Далай ламын дэргэд шавилан сууж байсан хүү Галдандаа хүргэж яаралтай ир хэмээн дуудсан байна. Галдан (1644-1697) улааны шашны сахил санваараа Далай багшдаа буцааж өгөөд нутагтаа ирж, Алдар хошууч, Данзан нарын туслалцааг авч хуйвалдагчийн эсрэг тэмцэхдээ Ойрадын чуулган дарга Очирт Сэцэн ханы дэмжлэгийг авсан байна. Очирт сэцэн хааны охин Ануг Галдан хатан болгон авчээ. Галдан, Цэцэнг устгаад Зодовыг Хөх нуурын зүг зугтаалган өөрийн холбоотон агсан Алдар хошуучийг 1671 онд, Данзанг 1673 онд өөртөө нэгтгэн (газар нутаг харъяат ардын нь хамт) авмагц хадам аав Очирт Сэцэн, авга ах Цөхүр нь Галдангаас болгоомжлохдоо түүнийг айлган сүрдүүлэх зорилгоор Галдангийн захиргаанд орсон зарим аймгийг довтлон булаан авчээ. 1675 онд хадам аав түүний хүү Лувсангомборавдан нар шинээр хуйвалдаан зохион байгуулж байгааг Галдан мэдэж өрсөн цохилт өгсөнд Очирт Сэцэн, Жултаст (Казахт) зугтахад хөөн барьж аваад Бортал гэдэг газар гөрөөчний хоёр отгийг захируулан суулгажээ. (Очирт Сэцэн 1680 онд нас барсан) Нөгөө авга ах нь Цөхүрийг 1676 онд бут цохисноор Ойрадын газар нутаг олон аймаг Галдангийн мэдэлд орж тэрээр 1676 онд Ойрадын эзэн суужээ. 1679 онд Галдан хаанд Далай лам Бошигт хаан цол хайрласан.

Зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

XVI зууны эхэнд Ойрадын 40 хошуу нь зүүн, баруун 2 гар болж хуваагджээ. Чорос, Шарас, Махас гэсэн 3 аймгийн 20 хошууд Зүүнгар Ойрад болдог байв. Баруун гарын олонхи нь Галдангийн довтолгооноос гадагш дүрвэн нүүгээд (ихэнх нь Манжид орсон) Зүүнгарынхан нь нутагтаа үлдсэн учраас Галдан улсаа Зүүнгарын хаант улс гэж нэрлэв. (Социализмийн үеийн түүх бичлэгт Зүүнгарыг Эрдэнэбаатар хунтайж байгуулсан гэж бичсэн байдаг). Галдан Зүүнгарын засаг захиргааны хуучин зохион байгуулалт болох хошуудыг эвдэж, хааны харьяатыг гал голомт гэсэн утгаар "отог", ноёдын харьяатыг "анги" болгов. Энэ нь ноёдын эрх мэдэл, эдийн засгийн хүчийг хязгаарласан арга хэмжээ байв. Галдан “захиа зарлиг” гаргаж засаг захиргаа хот айл, арван, хорин, дөчин отог гэж хувааж харьяат ардууд нэг отгоос нөгөөд дураараа шилжихийг зогсоов.

Отгийн захирагчийг “Зайсан”, Дөчиний захирагчийг “Дэмч” гэдэг байв. Зарга шүүх, маргаан таслах явдлыг чангатгаж, зарга буруу хагалбал, зарчийг огцруулдаг болгов. 1654 оноос өмнөх буюу эцгийн үеийн өр төлбөрийг хүчингүй болгов. Галдан Зүүнгарт анх удаа зоос цутгуулсан юм. Бурхны шашны сүм хийдүүдийн жас байгуулсан юм. Оргодол босгуул этгээдийг барьж өгсөн хүнд түүний мал хөрөнгөөс урамшуулал болгон өгөх журам тогтоосон байна. Галдан хаанд тод, дөрвөлжин, түвд үсэгтэй алтан тамга байжээ. Хаанаас дооших албаны хүмүүст мөнгө, зэс, төмөр, цагаан тугалган тамга өгч зиндаалдаг болсон байна.[баримт хэрэгтэй] Ногоон буюу алаг өнгөтэй туг хэрэглэж байв. Галдан Манж гүрэнтэй хөрш улсын хувьд худалдаа хийж эрх тэгш харилцаж байх хүсэлт тавьж байсан боловч Энх-Амгалан хаан Өөлд аймаг (Ойрадыг хэлж байна)-т Очирт хан, Аблай ноён, Галдан тайж гэж л байсан, ер Бошигт хаан гэж явсан газаргүй хэмээн Галданг ихэд дорд үзсэн хариу өгч байжээ. Гэвч Галдан Бээжинд ирж жил бүр элч илгээж олон мянган хасгаар өргөн хэрэглээний зүйлээ тээвэрлэж авдаг байв. Гэтэл 1683 онд Манж нар Ойрадын 200-гаас илүү хүнтэй элчийг цагаан хэрмийн хаалгаар оруулахыг хориглов.[баримт хэрэгтэй] 1678-1680 онд Галдан Дорнод Туркестан, Самарканд, Бухар зэрэг баруун зүгт газар нутгаа тэлж худалдааны замд ноёрхох, цэрэг зэвсгийн чадавхаа нэмэгдүүлэхийн тулд Зүүнгарт амьдарч агсан Орос, Швед гаралтай уран дархануудаар галт зэвсэг, хуяг, дуулга, жад, илд хийлгэж Буучин отгийг 1000 өрхтэйгээр байгуулжээ.[баримт хэрэгтэй]

Зүүнгарын хил хүчирхэг үедээ Ордос хүрч байв
Зүүнгар, Оросын хил өмнө зүг рүү багасаж байна

Яркендын хант улс ялагдсаны дараа. Галдан Бошигт хаан Төв ба Дундад Ази руу олон удаагийн аян дайн явуулж бүр Энэтхэгийн Кашмир хүрсэн байдаг. Хиви, Бухар, Самарканд, Моголистан, Кашгар, Яркенд, Турфан, Коканд зэрэг ханлигууд, Хами, Ферган зэрэг эзэмшил газрууд түүнд бууж өгч алба татвар төлж байсан ажээ. Түүний мэдэлд Дундад Ази бараг бүхлээрээ орж Манж, Орос улсуудыг жийрхэн болгоомжлоход хүргэжээ. Галдан хаан уйгар цэргүүддээ орос цэргийн хувцас өмсгөөд "энэ манай орос цэргүүд" хэмээн манж нарыг сүрдүүлж байв.[2]

XVIII зууны эхэнд Зүүнгарын Цэвээнравдан хаан Енисейд байсан Зүүнгарын харъяат Енисейн киргизүүдийг Оросын захиргаанд орохоос болгоомжлон өмнө зүг нүүлгэсэн байна.[3] 1703 оны 7 сард 3000 хүнтэй зүүнгарын цэрэг Хонгорайн нутагт очин нутгийн киргиз ноёдын тусламжтай 15-20,000 хүн буюу Хонгорайн хүн амын ихэнхийг цуглуулан 3 замаар зүүнгарын цэргийн хамгаалалтан дор Зүүнгарын хаант улсын гүн рүү нүүлгэн шилжүүлжээ.[3] Нүүн ирсэн киргизүүд Зүүнгарын цэргийн болон хилийн албанд хүчин зүтгэж байсан[3] Хонгорайчуудын ихэнхийг нүүснийг оросууд ашиглан 1704-1706 онд Минусын хотгорт үлдсэн киргизүүд рүү хэд хэдэн довтолгоон хийж мөн Зүүнгараас буцан ирсэн цөөн тооны киргизүүдыг довтолжээ.[3] Хонгорайн нутгийг оросууд эзлээд Абаканскийн цэргийн шивээг яаран байгуулж цаашдын довтолгоондоо ашиглах болжээ.

Ойрад Монгол улс тухайн үедээ Хятад, Дундад азийн гүүр болсон эртний түүхт торгоны замыг хяналтандаа байлгаж Узбек, Тажикийн зарим хэсэг, Киргиз, Казахстаны ихэнхи хэсгийг захирч байв.

Аныракайн тулаан нь Зүүнгарын хилийн хамгаалалтын бүлэг цэрэг рүү казахууд давуу хүчээр гэнэдүүлэн довтолсон жижиг тулаан болохыг Оросын түүхчид бичиж байна.

Европын колоничлогч их гүрнүүд ч тал засч асан манжтай зүүнгарчууд 1717-оос 1733 онд томоохон байлдааны ажиллагаа явуулжээ. Манжууд Зүүнгарыг унагахаар ойр ойрхон цэрэг татаж, дайны нүсэр зардал гаргасны эцэст өөрсдөө туйлджээ. Ази тивд хамгийн нөлөөтэйгээр оршиж байсан Манж чин гүрэн талын нүүдэлчин Монголчуудтай хийсэн дайны зардлаа дийлэхээ байж, эзэмшил нутаг даяар нь үгүйрсэн олны бослого оволзсон байна. Ийн аргадгүйдсэн Манж гүрэн ойрадуудтай гэрээ хийж Алтайн нуруугаар хил тогтоожээ.

1740-өөд оны эхэнд Казахын бага болон дунд жуз Галданцэрэнгийн захиргааг хүлээн зөвшөөрчээ.[4]

Захчин нар Чингэл, Өрөнгө гол, Эрээн хавирга хавьд байв. Тэд Зүүнгарын зүүн, өмнөд хилийг хамгаалах үүрэгтэй байсан бөгөөд захчин нар манжийн удаа дараагийн цохилтыг өөрсдийн хүчээр няцааж байв. Манжийн хаан Зүүнгарыг эзлэх замд саад болж байгаа урианхайчуудыг эхэлж цохих хэрэгтэй гэж хэлж байв.[5][6]

18-р зууны эхийн Зүүнгарын хаант улс

Ардын аман зохиолоос үзвэл тус хаант улс 2 гарын буюу Зүүн 8 хошуу, Баруун 6 хошуунд хуваагдсан засаг захиргааны хуваарьтай байсан. Зүүнгар хаант улсын нийгмийн жижиг энгийн нэгж нь хот айл байв. Зарим судлаачдын үзсэнээр, хот айлд 5-6 өрх багтах бөгөөд гол шинж төрхөөрөө хөдөөгийн хүйн байдалтай байжээ. Тэд бэлчээр нутгийг хамтран ашиглаж, нүүх, худаг ус гаргах, хороо барих, малын ноос үс авах зэрэг ажлыг хамжин хийдэг байв. Хоёроос гурван хот айл нэгдэж нэг арван болно. Түүний ахлагчийг аравны ах гэнэ. Хоёр гурван арван нийлж байж хорин болно. Хоринг мэдэгчийг шүүлэнгэ гэнэ. Хоёроос дээш хорин нэгдэж байж дөчин болно. Дөчнийг эрхлэн мэдэгчийг дэмч гэнэ. Дэмч бол зайсангийн туслах юм. Зарим дөчинд зуу хүртэл айл багтдаг бөгөөд нэг отцийн дотор хүн амын тооноос хамаараад дөчний тоо янз бүр байна. Арван, хорин, дөчин нь засаг захиргааны жижиг нэгжүүд бөгөөд Зүүнгар улсын цэрэг захиргааны үндсэн том нэгж нь отог буюу анги юм.

Үндсэн өгүүлэл: Зүүнгар-Чин улсын дайн
Даваач хааныг буулган авсан нь
Зүүнгарчуудыг хядан устгаж байгаа нь, Орой-Залаат уулын орчим. 1755 он.
Зүүнгарыг мөхөөсөнд зориулан бариулсан Пунинг-цогчин дуган буюу түмэн амгалант тэнгэрийн сүм нэрээр алдаршсан Юнхэгүн сүм, Хэбэй муж

Орос, Манж нар Төв Ази, Сибирийг эзлэхэд нь саад болж байсан Зүүнгарын эсрэг хуйвалдан нь ил болон далд олон баримтаар батлагддаг.

Эрчис мөрөн хавиар байсан дөрвөд, баяд нар дайнаас өмнө Зүүнгарын хаантай зөрчилдөн зүүн тийш Алтайг давж уулынхаа нөгөө талд гарсан боловч 1753 онд манжууд баригдаж аргагүй нь эрхэнд захиргаанд нь оржээ. Манж нар тэдийн эхлээд одоогийн Баянхонгор аймаг дараад нь Увс нуур орчим суулгажээ. Зүүнгарын хаан Галданцэрэнг нас барсны дараагаар түүний бага хүү хаан ширээнд залрах ёстой байсан ч хэтэрхий түргэн ширүүн ааштайгаасаа болж Зүүнгар улс-ын ноёдын итгэлийг хүлээж үл чадав. Үүнээс үүдэн Зүүнгарт улс төрийн хуйвалдаан болж Галданцэрэн хааны том хүү болох Дамбадаржаа хаан ширээнд залах болов. Гэвч Амарсанаа болон Даваач нар ахин хуйвалдаж баригдан нутгаасаа хөөгдсөн ба өөрсдийн 1500 хүнээс бүрдсэн армиа Дамбадаржаа хааны хүрээ рүү хөдөлгөв. Энэхүү довтолгоон нь амжилттай болж Даваач хаан ширээнд залрав. Даваач 1752-1755 хүртэл Зүүнгар улсын хаан ширээг 3 жил барихдаа Хаант Оростой холбоо тогтоож чадсан хэдий ч таранхай бутархай Зүүнгар улсыг нэгдэн нийлүүлж чадаагүй юм. Амарсанаа болон Даваач нар анх хамтран төр барихаар зэхэж байсан ч Даваач ганцаар хаан ширээнд суусан нь Амарсанаад таалагдсангүй. Удалгүй Амарсанаагаар удирдуулсан Ойрадууд дотроо иргэний дайн хийхэд хүрэв. Энэхүү иргэний дайн Зүүнгар хаант улсыг мөхөхөд хүргэсэн юм. Амарсанаа болон түүний цэргүүд ялагдан улмаар Манжийн дарлалд байсан Халхын нутаг руу дүрвэхээс өөр замгүй болсон. Энэхүү ялагдлын дараа Амарсанаа Манж-Чин улстай хамтарсан их цэргийн манлайд явав. 1755 онд Манжууд гол хүчийг нь ар, өвөр Монголоос татсан морьтон эрсээс бүрдүүлсэн 50 мянга орчим цэргийг Зүүнгар улс руу гурван замаар оруулсан байна. Манж цэргийн ерөнхийлөн захирагчаар Банди хэмээх өвөрлөгч жанжин явсан бол туслах жанжинаар Саарал гэх ойрдын ноён томилогдсон байлаа. Их цэргийн манлай ангийг Зүүнгарын хойд аймгийн цэрэг бүрдүүлж, ойрадын нөлөө бүхий ноён хойдын Амарсанаа тэргүүлсэн юм. Амарсанаа манлайлж явсан учраас ойрадын ард түмэн энэ удаад манжийг тэгтэлээ улайран эсэргүүцээгүй билээ...Шийдвэрлэх тулалдаан Гэдэн уулнаа болж Даваач хааны 8000 орчим цэрэг үлэмж давуу хүчний эсрэг хэдийгээр баатарлан тулсан боловч тэсч чадсангүй. Даваач хаан Кашгарын нутгаас баригдаж, Бээжин хотноо хүргэгдсэн байна.

1755 онд буюу манжууд ойрадыг эзлэнгүүт цэрэглэн боссон юм. Энэ бослого зөвхөн ойрад түмний тэмцэл байсангүй. Амарсанаа хэдий Манж-Чин улстай нийлж Зүүнгар хаант улсыг мөхөөсөн ч удалгүй тэднээс урван Манжийн эсрэг бослого тэмцэл гарган тулалдаж эхлэв. Үүнтэй зэрэгцэн Хотгойдын Чингүнжаваар толгойлуулсан бослого халх Монголд ч эхлэв. Манжийн эзэн хаан энэ тухай сонсоод “Жарны донсолгоо эхэллээ...” гэж айдас дүүрэн дуу алдсан гэдэг. Ойрадын босогчид эхний тулаануудад манжийн 36 мянган цэргийг устгасны дараа манжууд яаралтай цэрэг татаж, бялтат буу, үхэр буугаар зэвсэглэсэн үлэмж хүчийг мөн л гурван замаар Зүүнгарын нутаг руу цөмрүүлсэн байна. Амарсанаа, Дондогманж, Ням, Занагарав нарын баатруудаар толгойлуулсан ойрадын дайчид тэрхүү их цэргийг нь дахин хиар цохив. Харамсалтай нь энэхүү ялалтын дараа ойрадууд хаан ширээний төлөө маргаан үүсгэж, хоорондоо зэвсэг зөрүүлсэн байдаг. Голлох хоёр удирдагч Дондогманж, Амарсанаа нар зөрчилдөж, Дондогманж нь Амарсанаагаа довтлон Казах руу дутаалгажээ. Энэхүү үйл явдал манжуудад ашигтай байв. Гуравдахь довтолгоо цэрэг, технологийн хувьд тухайн үедээ л сонгомол, бас хүчний хувьд дэндүү хол зөрүүтэй байлаа. Энэ удаад Манжийн эзэн хаан ойрадуудыг даран дагуулах бус үгүйртэл хядахыг шууд зарлиглаж, алсан ойрад хүний тоогоор мөнгөн шагнал амалсан байна. Зүүнгарын өргөн уудам нутаг даяар эмх замбараагүй цуст хядлага ийнхүү эхэлжээ. Эмэгтэйчүүд, хүүхэдгүй хутга ханцуйлан “дэр авч үхнэ” хэмээн эцсийн тэмцэлд босон манжийн цэрэгт нилээд хохирол учруулжээ. Үүний дараа манжийн жанжид хүүхэд, эмэгтэйчүүдийг ч хайрлахгүй алахыг тушаасан байна. 2 жилийн хугацаанд Зүүнгарын хүн амаас дөнгөж 100 мянга орчим хүн л дүрвэж нуугдаж, дагаар орж амь гарчээ. Амь үрэгдэгсдийн үлэмж хэсэг нь эмэгтэйчүүд, балчир хүүхдүүд байсан юм. Тэд уултай газрыг гар гараасаа барьж байгаад самнасан байна. Жанжнуудын айлтгалд “500 махчинг алав, 1000-ыг барьж сөнөөв, 2000 хулгайг хийсгэв” “махчин, босуул, хулгай, дээрэмчнийг алав” гэх мэтээр бичсэн байдаг. Эхэндээ дандаа эр хүнийг нь алах бодлого барьж байв. Гэтэл ойрад эмэгтэйчүүд бүгд ханцуйдаа хутга бариад боссон. Тиймээс бослого дарах үйл явцад эр, эм, хүүхэд гэж ялгалгүй алах болжээ[7].

Чин гүрний эрдэмтэн Вэй Юаний бичсэнээр Баруун Монголчуудын нийт хүн ам 1,500,000 гаруй байсны 30% буюу 480,000 гаруй нь Чин улсын цэрэгт алагдаж, 40% буюу 600,000 нь цэцэг өвчнөөр нас барж (Чин гүрний цэргүүд албаар тараасан гэх), 20% нь буюу 300,000 орчим нь Орос, Халимаг болон казах аймгууд руу дүрвэж, 10% буюу 150,000 орчим хүн уул хад, ус гол руу нуугдан амьд үлджээ. Энэ тухай Майкл Эдмунд Кларк "зөвхөн Зүүнгар улсыг эзэлсэн төдийгүй Зүүнгар улсын ард иргэдийг ч бүрэн устгасан" гэж тодорхойлсон. Харвардын их сургуулийн доктор, профессор, түүхч Питер Пердюэ "Зүүнгарын хаант улсын ард түмнийг устгасан нь Тэнгэр тэтгэгч эзэн хааны явуулсан харгис хядлага устгал бүхий бодлогын үр дүн" гэж үзжээ.

Халхын цэрэг эхэн үеийн тулаанд оролцсон ч Халх, Өвөр Монголд манжийн эсрэг бослого үймээн эхэлсэн тул манжийн хааны тушаалаар нутаг буцсаныг Америкийн судлаач Бенжамин Леви судалгаандаа дурьджээ.[8].

Амьд үлдсэн цөөн ойрадуудын зарим нь Ижил мөрөн дэх халимагууд руу зугтан очиж, бусад нь манжийн захиргаанд оржээ. Л.Гумилев Зүүнгарчуудыг өмнө нь Хүннү, Түрэг, Уйгар улсуудын гүйцэтгэж байсан хятадын түрэлтийг зогсоох үүргийг гүйцэтгэж байсан гэсэн байдаг.[9]. Баруун монголын ард түмэн ойрад-зүүнгаруудыг хядан устгаж төр улсын голомтыг нь самарсны дараа Тэнгэрийн Тэтгэсэн хаан "Гурван үеийн хаадын сүнсийг амраалаа" хэмээн дуу алдсан гэдэг билээ.

Зүүнгарын сүүлийн хаан Даваач
Амарсанаа Чин улсын эсрэг бослого гаргажээ

Хядлагад манжийн эсрэг шаргуу байлдсан хойт, өөлд, захчин, урианхай, цорос, Дөрвөд, Баяд зэрэг аймгууд ихээхэн өртсөн байна. Бослогыг Дөрвөдийн гурван Цэрэнгээс бусад ойрдын бүх удирдагч дэмжин оролцжээ. Манж нар захчины ноён Мамуудыг баривчлан Тэнгэр уулын араар байсан захчингуудыг хойш Алтай давтал нүүлгэн захиргаанд оруулсан ч Амарсанаагийн бослогын үед ихэнх нь түүний талд орон тулалдсан ба Амарсанаа Мамуудыг цаазалсан байна. Манж нар захчингуудын нилээд хэсгийг хядаж, мөн зүүнгарын зарим эмэгтэй, хүүхдүүдийг нь Манжийн урд муж, Хятадын гүн хүртэл цөлөн манж цэргийн боол болгожээ. Мөн зарим захчингуудыг Өвөр Монголын Хөлөнбуйр зэрэг зүүн нутгаар цөлсөн байна. Торгууд, хошууд нарын гадагш нүүлгүй Зүүнгарын захиргаанд үлдсэн хэсэг нь мөн л хядлагад өртсөн бололтой. Зүүнгарын хүчирхэг улсын гол цөмийг бүрдүүлж байсан хойд, өөлд, цоросын томоохон аймгууд үндсэндээ тэр чигтээ сүйрчээ. Одоо цөөн тооны өөлд ястан Монгол, Хятадад байгаа бөгөөд ястан, аймгийн хэмжээтэй угсаатны бүлэг байсан хойд, цорос нар ихэнх нь хядагдаж одоо энд тарсан цөөн тооны овог төдий болсон байна. Мөн Чингүнжавыг дэмжсэн хотгойдуудыг 5, 10 айл болгон хэсэгчлэн хувааж Халх, Өвөр Монгол даяар тархаан цөлж хүчийг нь сарниулжээ. Одоо хотгойдууд Завхан, Хөвсгөл аймагд төвлөрөн суурьшиж байна. Манж улс Зүүнгарыг эзэлсний дараа Зүүнгарын нутаг дээр Шинжаан ("Шинэ муж") мужийг байгуулан уйгар, казах, хуй (дунган) нарыг суурьшуулжээ.

Ойрадуудын нутаглаж байсан Казахстаны зүүн хэсэг, Киргизстанд монгол нэртэй газар усны нэр нилээдгүй үлдсэн бөгөөд эрдэмтэд тэндээс монгол газар усны нэр нэмж олсоор байна.[10] Киргизстаний зүүн хэсэгт Джиргалан буюу "жаргалан", Дьюрбельджин буюу "дөрвөлжин", Алтайн БНУ-н өмнөд хэсгээр Чиндагатуй буюу "чандагатай", Усть-Улаган буюу "улаан", Онгудай гэсэн хотууд бий. Мөн халимагуудын байсан Казахстаны баруун хойд хэсэгт Чаган нуур гэх мэт монгол нэртэй газрууд бий. 1718 онд оросууд Зүүнгарын Цоржийн хийдээс холгүй орших буддын 7 сүмтэй газрыг эзэлж Семипалатинск ("семь" - долоо, "палат" -майхан) гэсэн бэхлэлт байгуулсан нь хожим нь хот болон өргөжжээ. Оросууд ойрдын эдгээр сүмийн талаар бүр 1616 онд мэдэж байв. 1660—1670 онд энд зүүнгар-казахын томоохон тулалдаан болсон учир 1734 онд Герхард Фридрих Миллерийг ирэхэд сүмүүд нилээдгүй сүйрсэн байдалтай байв.

XVIII зууны сүүлд нэрт судлаач Петер Паллас сүмүүдийн зургийг зурсан байна.

Семипалатинскийг 2007 онд Семей нэртэй болгон өөрчилсөн бөгөөд энэ нь ойрадын түүхийг бүдэгрүүлэх зорилготой хийгдсэн гэдэг. Хотын иргэдийн дунд шинэ нэр тийм ч оновчтой нэр биш гэж үзэх хандлага байдаг.[11] Мөн Алма-Ата хотыг Алматы болгон өөрчилсөн ба Семей, Алматы нь казах хэлэнд ч ямар ч утга илэрхийлдэггүй зохиомол үг юм.

О.Т. Молчанова Алтайн Бүгд Найрамдах Улсын 5400 газар зүйн нэрийг судлааад 423 нь монгол гаралтайг тогтоожээ.[12] Мөн Алтайн нурууны Казахстанд хамаарах хэсгийн 2000 нэрний 7 хувь буюу 140 нь монгол үг байна.[3] Эрчис мөрөнд цутгадаг Бүхдэрмэ голын зүүн эргээс урагшлах тусам монгол нэр олширч байгаa бол баруун эргээс нь хойшлох тусам орос нэр олширч байна. Зүүнгарын хядлагаас хойш олон зуун жил өнгөрсөн тул уул усных нь монгол нэр мартагдан орхигдох явдал гарч байна.

600 мянга орчим хүн амын 480 мянга нь үрэгдсэн Зүүнгарын хядлага нь дэлхийд томоохон орох 10 хядлагын нэг юм. Тэнд харуулын асуудлаар очсон манж түшмэл "20 хоног явахад нэг ч хүн таараагүй" гэж тэмдэглэн бичсэн байдаг. Мөн «ямар ч хvний мөргүй мянга мянган бээр эль хуль тал нутаг» хэмээн бичиж байв.

Түүхч На.Сүхбаатар: "Гэтэл манай зарим түүхчид ойрадын түүхийг тэднийг дарангуйлж байсан Манжийн эх сурвалжаас авч бичдэг. Тэр сурвалжид “Ойрадууд хоорондоо дайтаад байхаар нь Манжийн их цэрэг очиж төвшитгэсэн” гэсэн байдаг. Тэгж алж хядаж, юу ч үгүй болгож төвшитгэдэг юм уу. Үүнийг ойрадын өөрийнх нь түүхийн эх сурвалж буюу худам, тод бичгийн сурвалжаас үзэх хэрэгтэй. Бид түүхийг олон талаас нь олон баримт сэлтээс үндэслэж, болгоомжтой бичих ёстой юм".[13][14]

Аливаа бусдыг эзлэн түрэмгийлж, хүн ардыг хядан устгагч улс үндэстэн өөрийнхөө тэрхүү түүхээ цайруулан бичдэг түүхийг жишээ татан авбал: европчууд 1600 оноос Америк тивийг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш 1900 он хүртэлх хугацаанд уугуул иргэдийн 75-80 хувь нь амь үрэгджээ. Тэдний дийлэнх нь цагаан арьстнуудын тээж ирсэн элдэв өвчнөөр үхжээ. Америкийн зарим нэгэн түүхч энэ бол санаатай хядлага байгаагүй, халдварт өвчнөөр үхсэн гэдэг ч зарим тохиолдолд англи, францчууд уугуул иргэдийн дунд халдварт өвчин зориуд тарааж байжээ. Иймээс манжийн түүхийн сурвалжид зүүнгарчуудын нилээд нь халдварт өвчөөр үрэгдсэн гэж тэмдэглэсэн байдагийг дахин тодруулах хэрэгтэй юм.

Зүүнгараас үлдсэн иргэдийн бослого хөдөлгөөнөөс сэрэмжилж бүх галт буу, зэр зэвсэг, нум сумыг хурааж устган, зөвхөн урианхайчуудыг ангийн арьс бэлтгэх үүрэгтэйгээр нум сум хэрэглэх эрхтэй үлдээжээ.

Зүүнгарын хаадын ургийн хэлхээ

[засварлах | кодоор засварлах]
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эрдэнэбаатар хунтайж
(1634-1653)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэнгэ хунтайж
(1653-1671)
 
Галдан бошигт хаан
(1671-1697)
 
 
 
 
Бум тайж
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хошуудын Лхазан хан
(1698-1717)
 
 
 
Цэвээнравдан зоригт хунтайж
(1694-1727)
 
 
 
 
 
 
Их Цэрэндондов
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Галданданзан тайж
 
 
 
Ботлог хатан
 
Галданцэрэн хунтайж
(1727-1745)
 
 
 
Баатар тайж
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Амарсанаа хунтайж
(1755-1757)
 
Ламдаржаа хунтайж
(1750-1753)
 
 
Цэвээндоржнамжил хунтайж
(1745-1750)
 
Намжилдаш тайж
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Даваач хунтайж
(1753-1755)
 
 
 
  1. C.P.Atwood-Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, p.622
  2. Ш.Адьшаа "Галдан Бошигт" 2006
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 Николай Гусейнов "Кыргызский каганат - тюркское государство на Енисее"
  4. Русско-Джунгарские дипломатические отношения:Начало XVII-50-е гг.-XVIII вв. 07.00.02, кандидат исторических наук Кушнерик, Римма Арнольдовна
  5. "Ичинхорлоогийн Лхагвасурэн. Алтайские урянхайцы". Эх хувилбараас архивласан: 2021-04-15. Татаж авсан: 2016-03-04.
  6. Документы о политике Джунгаров 1991:9
  7. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2013-09-10. Татаж авсан: 2016-02-29.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  8. МУИС-н "Түүх" сэтгүүл 2011 оны дугаар. Б.Леви. Зүүнгар дахь Чингийн аян дайн ба сарнисан ойрадуудыг Илид нутаглуулсан нь, Benjamin Levi "Qing campaign in Zungharia and resettlement of dispersed Oirats in Ili region", "History" journal, NUM (National University of Mongolia), 2011
  9. ЛЮДИ И ПРИРОДА ВЕЛИКОЙ СТЕПИ Именно ойраты приняли на себя функцию, которую ранее отчасти несли хунны, тюрки и уйгуры, став барьером против агрессии Китая на север, и осуществляли эту роль до 1758 г., пока маньчжуро-китайские войска династии Цинь не истребили этот мужественный этнос
  10. [1]
  11. "13 запрещённых букв". Татаж авсан: 2015-02-23.
  12. Бердибек Нуралдинович Бияров "ОСОБЕННОСТИ МОНГОЛОЯЗЫЧНЫХ ТОПОНИМОВ КАЗАХСКОГО АЛТАЯ"
  13. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2013-08-05. Татаж авсан: 2016-03-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  14. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2013-09-10. Татаж авсан: 2016-01-14.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
Өмнөх
Монгол улс
Дөрвөн Ойрадын холбоо
Яркендын хант улс
Зүүнгарын хант улс
1671-1757
Дараах
Манж Чин улс
Оросын Хаант Улс