Зайсан

Зайсан (хятад ханз:宰相, галиг:Zǎixiàng) бол эртний хятадын Жоу улсын Чи ванлигийн үед МЭӨ 685 онд үүссэн цол юм. Тэргүүн сайд гэх утгатай. Түүнээс хойш Их Цинь улсын Цинь Ши хуанди хэрэглэж, Хань, Жинь, Сүй, Тан, Сүн, Зүрчидийн Алтан улс, Киданы Ляо Улс, Монголын Их Юань Улс, Мин, Манжийн Чин улс, Зүүнгарын Хаант Улс, Умард Юань Улс гэх мэт Зүүн Азийн олон улсад хэрэглэж байсан. Харин Монголд Их Юань Улсын үеэс өргөн дэлгэрч, отог захирах дунд зэргийн албан тушаал болжээ.

Монгол дахь зайсангууд[засварлах | кодоор засварлах]

Юань Улсын үед төрийн 4-р дэсийн түшмэл байсан. Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх хэмээх сурвалжид "doluyan yeke bing-i erkileku doluyan jayisang mede"[1] (долоон их бинг эрхилэх долоон зайсан мэд) гэж тодорхой бичсэн байдаг. Харин улс төрийн бутралын үед ямар эрх мэдэлтэй байсан талаар Н.П.Шастина почётный титул правителя аймака буюу аймгийн захирагчын цол гэж үзсэн байна. Зайсангуудыг хууль цаазын бичиг, түүхэн сурвалжид бага ноёд гэх бүлэгт багтаажээ. Зүүнгарын Хаант Улсад отог ба жасыг захирах хүн нь зайсан цолтон байв. XVIII зууны үед 60 гаруй ийм зайсан байжээ. Халх Монголд их шавийн отгуудын даргыг зайсан гэж нэрлэх бөгөөд жил бүр хүрээнд алба өргөхөөр ирэхдээ Богд хан уулын хойд биед бууж, тахил өргөдөг байсныг одоо үед Зайсангийн ам, Зайсан толгой гэж нэрлэж байна. Тухайн үед шар зайсан, хар зайсан, сул зайсан гэж 3 ангилж байв. Өмнөд Монголын Их Зуугийн чуулганы Ордосын Эзэн хороонд Чингис хааны онгоныг сахигч найман яамтан дотор 500 өрх шар дархадыг захирагч зайсан гэх сул тушаал орж байв. Их онгоны зайсангууд нь тэдгээр өрхийг захирч, чинсанд захирагддаг байжээ.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол улсын арван буянт номын цагаан түүх нэрт судар оршивой. Хэвлэлд бэлтгэсэн Б.Баярсайхан. УБ., 2002. т.100