Jump to content

Эзэн хороо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Страленбергийн 18-р зууны үеийн "Great Tartary" газрын зураг дээрх "Karakoſchun буюу Их алдар цуутай Чингис хааны булш"-ыг өмнөд "Ordus"-д харуулсан дэлгэрэнгүй.
Charles-Eudes Bonin-ийн 1897 оны Эзэн хорооны гэрэл зураг.
Ордосын Чингис хааны онгон

Эзэн Хороо (монгол бичиг: ᠡᠵᠡᠨ ᠬᠤᠷᠤᠭᠠ) гэдэг нь Чингис хаан болон түүний дөрвөн хатдын сүнс, сүлдийг тахидаг тахилгын онгон бөгөөд, заримдаа "Чингис хааны онгон" (ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨᠤ
ᠤᠩᠭᠤᠨ
), "Ерөнхий шүтээн", "Эзний найман цагаан гэр"[1][2], "Найман цагаан гэр"[3], "Цагаан гэр"[4][5] гэж нэрлэж байсан.

Чингис хаан 1227 онд Тангуд улсыг мөхөөгөөд 8 дугаар сард нь нас нөгчихөд алтан шарилыг нь хамгаалан монголын уламжлалт ёсны дагуу эх нутагт нь хүргэн явах зам зуур Ордосын Мунын хөөвөр гэдэг газар шарил ачсан тэрэг саатсанд, Сөнидийн Гилгүдэй баатар тэрэгний өмнө өчил өчсөнд тэрэгний дугуй шавраас гарахад Чингис хааны өмссөн цамц, өргөө гэр, өрөөсөн оймс зэргийг тэнд онголж Чингис хааны шүтээн тахилгын онгон анх үүсэн байгуулж “ерөнхий шүтээн” гэж нэрлэх болжээ. Чингис хааны жинхэнэ шарилийг Бурхан Халдуны өвөр Хүрэлхү гэдэг газар оршуулж хамаг улсын шүтээн болгон тахисан байна.

Өгэдэй хааны үед Хархорумд тахилгын ордон байгуулж, Чингис хааны сүнсийг тахьсан нэг удаагийн тохиолдол нь ноёдын дөчин гоо охидыг сонгож Эзэн Богдын араас дагуулж оршуулсан тахилгын зан үйл болжээ. Хубилай хааны үед Шанду хотын Бумбатын хөндий гэдэг газар тахилга үйлдэж байжээ.[баримт хэрэгтэй]

Чингис хааны дөрвөн их ордос

[засварлах | кодоор засварлах]

Юань Улсын үед монгол хаад ноёд Чингис хаан болон түүний хатад зэрэг өвөг дээдсийн сүнсийг тахьдаг хоёр томоохон төв тусдаа оршиж байсан. Эхнийх нь "Чингис хааны дөрвөн их орд", "Найман цагаан орд" гэдэг нь хоёр тусдаа байгууламжийг өөр өөр цаг үед бий болгон шүтэж байсан. Чингис хааны дөрвөн их ордос нь Чингис хаан болон түүний дөрвөн хатны амьдарч байсан орд гэрийг Өгэдэй хааны үед Хархорум хотод төвлөрүүлэн барьж, тахилын шүтээн болгосон. Хубилай хааны үеэс эхлэн Монгол нутгийг захирах болсон алтан ургийн жинь ван буюу жинон цолтой ханхүү нар Хархорум хотод төвлөрч суухдаа төрийн хэргээс гадна Дөрвөн их ордын тайлга тахилгыг ерөнхийд нь хариуцаж хийлгэн, тухайн вангийн шууд харъяаны дотоод хэргийг хариуцсан хэлтэсээр дамжуулж хятад нутагт байсан соёрхолын газраас ирэх татварын эд бараа, мөнгөнд хяналт тавин, захиран зарцуулж байсан.

1292 онд Хубилай хааны зарлигаар ач хөвгүүн Гамалад жинь ван цол өгөхдөө "...Чингис хааны дөрвөн их орд, цэрэг морь, Монгол улсын бүх газрыг..."[6] захируулан суулгажээ. Юань улсын сударт дөрвөн их ордост их хэмжээний мөнгө, торго тусламжаар өгч байсан тэмдэглэл цөөн удаа тэмдэглэжээ.

Дөрвөн их ордын жилийн хишиг

Юань Улсын үед Чингис хааны дөрвөн их ордын соёрхолын газраас жил бүр тодорхой тооны мөнгө, торго даавуу ирдэг байсан. Жилийн хишгийг улсын сан болон умар хятад дахь эзэмшил газраас ёнгор даавуу тушаадаг өрх, өмнөд хятад дахь эзэмшил газраас зоосон мөнгө тушаадаг өрх гэсэн гурван эх үүсвэрээс ихэнх орлогоо олдог байсан.

  1. "Их ордны жилийн хишиг: Мөнгө 43 ембүү, улаан хүрэн гурамсан сиймхий (торгын нэгэн зүйл) 24 толгой, өнгө бүрийн өөтөн ба ёнгор 5000 жин, зүү 3000 ширхэг, торго 75 толгой, байнга гаалийн торго 800 толгой. Ёнгор даавуу тушаах өрх 1275 онд 60,000 өрх хувьлан өгчээ. 1319 онд тэдгээр өрхийг дахин шалгахад 12693 өрх үлдсэн бөгөөд нийт 5207 жин ёнгор хураадаг байжээ. 1281 онд Зяннаний (Өмнөд хятад) Ганьчжоу лу-гаас 20000 зоос тушаах үүрэгтэй өрхийг (өрх бүр таван цэн тушаадаг) хуваан өгсөн бөгөөд жилдээ найман зуун мөнгөн ембүү хураадаг байв.[7]
  2. Хоёрдугаар ордны жилийн хишиг: Мөнгө 50 ебмүү, торго 75 толгой, байнга тушаах гаалийн торго 1490 толгой, ёнгор даавуу тушаах өрх: 1257 онд Цинчэн сяний 2900 өрхийг хувьчилж өгчээ. 1319 онд дахин шалгахад 1556 өрх үлдсэн бөгөөд нийт 657 жин ёнгор хураадаг байсан. 1281 онд Зяннаний (Өмнөд хятад) Ганьжоу Лу-гаас 15000 зоос тушаах өрх хувьчилж өгсөн бөгөөд жил бүр зургаан зуун ембүү хураадаг байв.[7]
  3. Гуравдугаар ордны жилийн хишиг: мөнгө 50 ембүү, торго 75 толгой. Байнга гаалийн торго 682 толгой, ёнгор даавуу тушаах өрх: 1252 онд 318 өрх өгсөн ч, 1319 онд шалгахад 121 өрх байсан бөгөөд 48 жин ёнгор хураадаг байжээ. Зяннаний зоос тушаадаг өрх 1281 онд Ганьжоу Лу-гаас 21000 өрх хувьдан өгсөн бөгөөд нийт 840 ембүү хураадаг байв.[7]
  4. Дөрөвдүгээр ордны жилийн хишиг: мөнгө 50 ембүү, торго 75 толгой. Ёнгор тушаах өрх: 1252 онд Жэндин зэрэг газрын 283 өрхийг хувьдан өгчээ. 1319 онд шалгахад 116 өрх байсан бөгөөд нийт 46 жин ёнгор хураадаг байв.[7]

Мөн эдгээрээс гадна Дайду, Шанду, Баодин, Хэдун, Жуожоу, Тай-ань зэрэг газарт дөрвөн их ордод мөнгө, будаа тутарга, торго мяндас даавуу, архи дарс зэргийг үйлдэх жижиг үйлдвэрүүд олон тоогоор байжээ.

Найман цагаан гэр ба Хубилай хааны байгуулсан тахилын сүм

[засварлах | кодоор засварлах]

Найман цагаан орд хэмээх нь Дайду хотод Хубилай хааны байгуулсан хятад, монгол ёсыг хольсон өвөг дээдсийн тахилгын сүм юм. Найман цагаан ордыг 1263-1266 онд дараах найман гэр өргөөтэй байгуулахдаа дараах байдалтай байв.

  1. Есүхэй баатрын 1-р гэр[8]
  2. Чингис хааны 2-р гэр[8]
  3. Өгэдэй хааны 3-р гэр[8]
  4. Тулуй хааны 4-р гэр[8]
  5. Хааны авга Зүчийн 5-р гэр[8]
  6. Хааны авга Цагадайн 6-р гэр[8]
  7. Гүюг хааны 7-р гэр[8]
  8. Мөнх хааны 8-р гэр[8]

Юань Улсын сүүлээр олон хаад хатад солигдсоор анхны найман цагаан гэрээс гадна нэмж 10 гаруй хаадын орд гэр бүхий тахилын онгон байгуулагдсан. Дайду нийслэл хотод дээдсийн тахилгын 8 сүм байгуулж Есүхэй баатар тэргүүтэй өвөг дээдэстээ шүтлэгийн ордон байгуулсныг "Найман цагаан орд" гэж нэрлэх болсон нь яваандаа "Найман цагаан гэр", "Цагаан гэр", "Эзний найман цагаан гэр", "Эзэн Хороо" хэмээх нэрс үүсэх үндэс болсон.

1368 онд Юань Улс мөхөж монголчууд Бээжингээс ухран уугуул нутагтаа буцахдаа Дайду хотод байсан Найман цагаан гэрийн эд хэрэгслийг Монгол нутаг руу нүүлгэсэн. 1439 он хүртэл 70 гаруй жилд Найман цагаан гэрийн тухай мэдээ сураг алдарснаа Тогоон тайш бүх Монголыг дахин нэгтгэсний дараа Найман цагаан гэрт ирж тахилга хийн, Монголын хаан болохоор горилоод алагдаж байгаа тухай Алтан товч, Эрдэнийн товч зэрэг сурвалжид гардаг. Чухам энэ үеэс Монголын хаан сэнтийд залрах ёслолыг Чингис хааны онгон шүтээний өмнө зохион байгуулж, хаан цолоо баталгаажуулдаг ёс 1634 он хүртэл мөрдөгдөж байсан. Монгол нутагт ирсэн Найман цагаан гэр, Чингис хааны 4 их хатдын цомцог ордон хоёрыг нийлүүлж, Ордос түмэн хариуцан тахисаар байжээ. XVI зууны эхэн Даян хааны үед Монголын ноёрхлын төв дахин говийн өмнө шилжихэд Ордос түмэн дагалдаж, Хатан голын Бортохойд нутаглахад Эзэн Хороо зэрэг олон шүтээн, өнөөгийн нутагт ирж нутаглах болов.

Чингис хааны Найман цагаан орд зэрэг шүтээн нь тухайн үед Ордосын Арвас, Алаг уул, Харгуна ханы өвөр, Вангийн голын Их зуу зэрэг олон газраар нүүн шилжиж 1649 онд Ордос зүүн гарын дундад хошууны (бас Жүн вангийн хошуу гэдэг) Баянцанхагийн голын хөвөөнд хадгалан тахижээ. Түүнээс хойш энэ газрыг "Эзэн хороо" хэмээн нэрлэх болсон байна. БНХАУ байгуулагдсны дараа 1959 онд уг газарт Эзэн Хороо хошуу хэмээх засаг захиргааны нэгж байгуулжээ. 1955 онд уг газарт Чингис хааны онгон хэмээх шүтээн онгоны барилга баригдаж нүүж орсон. жил бүр дөрвөн цагийн тахилга үйлддэг болсон байна.

Албан тушаалтан

[засварлах | кодоор засварлах]

14-17-р зуунд Эзэн Богдын онгоныг тахигч Ордос түмнийг жинон захирах тул ерөнхий эзэн болж, онгоны өдөр тутмын үйлийг тайш, чинсан, хонжин, ерөөлч, тахилч, туульч зэрэг сул тушаалтад гүйцэтгэн бусад дархадаа хариуцаж байсан. Дархад хэмээх нь онгоны өдөр тутмын тахил тайлгыг хариуцдаг тахилчид, тэдний өрх гэр бүл, хамгаалан сахигчдыг үеийн үед татвар гувчуураас чөлөөлж, зөвхөн Эзэн Богдын онгонд үйлчлэх тул дархалсан нь ийм нэр үүсэхэд нөлөөлсөн. Анх олон тоотой байсан ч, манжийн эрхшээлд орсны дараа тэдний тоог 500 өрх айлаар тогтоож, манжийн төрийн алба татвараас чөлөөлжээ. Жонон цол нь манжаас өмнө монголын улс төрд хааны дараа орох эрх мэдэлтэй чухал цол, албан тушаал байснаа Манжид дагаар орсноос хойш билэгдэлийн шинжтэй сул цол болж хувираад, хэн томилохыг Монгол журганаас тогтоодог болжээ.

Дөрвөн цагийн хурим

[засварлах | кодоор засварлах]

Чингис хааны онгоны тахилын хамгийн чухал зүйлийн нэг нь Хубилай хааны үед зохиож, Алтан ханы үед засагдсан "Арван Буянт Номын Цагаан Түүх" зохиолд "Дөрвөн цагийн хурим" хэмээх эртний монголын цаг тооллын дагуу хийх ёслолыг зохиосон нь онгоны тахил тайлгыг хийх баримжааг олгодог.

  1. Хаврын эцэс сарын 21-нээ Чингис хааны 99 гүүдээ уяж, цагаан сацалаа сацсанаар цагаан сүргийн хурим[9]
  2. Зуны дунд сарын 15-наа ертөнцийн шүтээн дэлгэр эх их тугийг тавьж, 99 цагаагчнаа уураг үрсийг гаргаснаар зуны уурын хурим[9]
  3. Намрын эцэс сарын 12 унаганы ногт шилбийг эвхэснээр намрын ширгийн хурим[9]
  4. Өвлийн тэргүүн сарын шинийн гуравнаа Чингис хааны мялагаадын хурим[9]

Эзэн Хороонд ямар зүйлийг тахихаас шалтгаалж олон төрлийн тахилга үйлддэг. Цагаан, Хар сүлдийг тахих бол сүлдийн тахилга, Мялгаалгийн тахилга, Их бага Жигий, 7 бурхан одны тахилга, галын тахилга, Цахар усан шүтээний алаг сүлдийн тахилга зэрэг тахилга хийж байсан. Ингэхдээ юу тахиж байгаагаас шалтгаалж, хар цагаан сүлдийн сан, гарилын өчиг зэрэг төрөл бүрийн ерөөл магтаалыг цээжээр уншиж байсан.

  1. Choimaa 2006, х. 249.
  2. Bayarsaikhan 2006, х. 132.
  3. Choimaa 2006, х. 269.
  4. Bayarsaikhan 2006, х. 135.
  5. Zayabaatar 2006, х. 56.
  6. Song 1976, х. 637.
  7. 1 2 3 4 Saishaal 2015, х. 226–227.
  8. 1 2 3 4 5 6 7 8 Song 1976, х. 1712–1713.
  9. 1 2 3 4 Choimaa, Turdalai & Bayarsaikhan 2006, х. 32–33.
  • Choimaa, Sh (2006). Лувсанданзан гүүш. Алтан товч. Улаанбаатар: Соёмбо принтинг.
  • Bayarsaikhan, M (2006). Саган сэцэн. Эрдэнийн товч. Улаанбаатар: Соёмбо принтинг.
  • Zayabaatar, D (2006). Жамба. Асрагч нэртийн түүх. Улаанбаатар: Соёмбо принтинг.
  • Saishaal, D (2015). Чингис хааны товчоон. Vol. 2 (2 дахь хэвлэл). Улаанбаатар: Соёмбо принтинг.
  • Choimaa, Sh; Turdalai, R; Bayarsaikhan, B (2006). Арван Буянт Номын Цагаан Түүх (1 хэвлэл). Улаанбаатар: Соёмбо принтинг.
  • Song, Lian (1976). Yuan Shi (Хятад хэлээр). Beijing: Zhonghua shuju.