Даваач
Даваач | |
---|---|
Зүүнгар Улсын Хунтайж Чин гүрний чин ван | |
Хаанчлал | 1753-1755 |
Бүтэн нэр | Даваач |
Өмнөх | Лхамдаржаа |
Удаах | Улс нь мөхсөн |
Эцэг | Намжилдаш |
Шүтлэг | Шарын шашин |
Улс | Зүүнгар<Хунтайж> Чин улс<хошой чин ван> |
Ургийн овог | Цорос |
Даваач (халим. Давчи , -1759 онд Хаалганд нас барсан) -Зүүнгар улсыг 1753-1755 онд захирсан сүүлчийн 8 дахь хунтайж юм. XVII зууны эхэн үеэс хүчихэгжин Алтайн ар өвөр, одоогийн Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон, Төвөд, Хөх нуурыг эзэрхэж, Дундад Азийн хэд хэдэн улсаас алба гувчуур авч, Манжтай дайтаж, Оростой эн тэнцүү харилцаж байсан Зүүнгарын улсын хаадыг Галдан бошигт хаанаас (1644–1697) эхлэн тоолдог бөгөөд Цэвээнравдан, Галданцэрэн хаан, Цэвээндоржнамжил, Лхамдаржаа нар залгамжлаад хамгийн сүүлд Даваач богино хугацаанд төр барьжээ.
Уг гарал
[засварлах | кодоор засварлах]Даваач хунтайжийн дээд өвөг нь Эрдэнэбаатар хунтайж, хуланц өвөө нь Бум тайж, элэнц өвөө нь Их Цэрэндондов жанжин, өвөө нь Баатар тайж, эцэг нь Намжилдаш нар юм. Тарвагатай орчим нутаглаад, Галданцэрэн хааныг ч ойшоодоггүй байжээ.[баримт хэрэгтэй] Манжийн улс төрийн шургуу бодлого, дотоодын хямрал эвдрэлээс болж бууран доройтсон Зүүнгар улсын хаан ширээ эзэнгүйдэж ирсэн үймээнт үед Хойдын Амарсанаа хүчин тусалж түүнийг хаан сууринд суулгасан боловч мөн л эрх мэдэл булаалдсан хоорондын тэмцлийн дүнд Амарсанаагийнхаа гарт орж Манжид хүргэгдсэн түүхтэй хүн юм.
Зүүнгар улсын сүүлчийн хаан болсон нь
[засварлах | кодоор засварлах]Лхамдаржаа хан ширээг булаан авсанд Амарсанаа ихэс ноёдтой холбоолон эсэргүүцээд хүчин мөхсдөж, 1751 оны үеэр Казахстан руу зайлан оджээ. Лхамдаржаа хэдэн удаа Казахын хан Абалайд төлөөний хүн явуулж, хүргүүлж ирүүлэх гэсэнд Казахын хан эс зөвшөөрчээ. Гэтэл Лхамдаржаа 1752 оны 9-р сард Казахын зүг их цэрэг хөдөлгөж булаан авчруулахаар явуулжээ. Тэр зуур Даваач нутагтаа буцан ирж, Амарсанаатай нийлэн Ламдаржаагийн эсрэг тэмцэл өрнүүлж 1752 оны эцсээр Лхамдаржааг баривчлан алж, өөрөө хан өргөмжлөгджээ. Гэтэл орж ирээд удаагүй байсан Дөрвөд ноён Нэмэхжаргал “Даваачийн хамт Зүүнгарын газрыг хуваан захирсугай!” гэж 10000 цэрэг дагуулан Ил хотод очиж хан өргөөг дайрсанд Даваач Тарвагатайд зугтан оджээ. 1753 оны эцсээр Амарсанаагийн тусламжаар Нэмэхжаргалыг гэнэдүүлэн дайрч барьж алаад, хаан оронд дахин суусан ч удалгүй Амарсанаагийн Илээс хойш Алтай хүртэлх өргөн уудам газар оронг эзлэх шаардлагыг эс зөшөөрсөнөөс тэдний хооронд зөрчил гарчээ.
Зүүнгар улс мөхсөн нь
[засварлах | кодоор засварлах]Амарсанаа Казахын зүг явж Эрчис мөрөн сав газарт суужээ. Амарсанаагийн эсрэг 3 удаа цэрэг илгээсэн боловч ялж чадсангүй эцэстээ өөрөө 30000 цэрэг авч байлдахаар очсонд, Амарсанаа ихэд дарагдан өөрийн харъят 20000 Хойдоо дагуулан Манж улсад оржээ. 1753 онд дөрвөд аймгийн “Цэрэн, Цэрэн увш, Цэрэнмөнх” тэргүүтэй ноёд дургүйцэн Манж улсыг дагав. Үүний улмаас Зүүнгарын хаант улсын хүчин ихэд буурч, Манж улсын байлдан эзлэх бодлогод тохиол олгожээ. 1755 оны 3-р сард Манж улсын 50000 цэрэг 2 зам хуваагдан байлдахаар ирэв. Хойд замын цэргийг Банди, Амарсанаа нар, баруун замын цэргийг Юн Чан, Саарал нар удирдан ирэв. 3-р сард хойд замын цэргийн түрүүчийн бүлэг туршуулын ангийг Амарсанаа удирдаж Улиастайгаас хөдлөн гарав. Баруун замын туршуулын ангийг Саарал удирдаж, 4-р сард Бархөлөөс мордов. Их цэргийг Банди, Юн Чан нар авч хөдлөн гараад бор талд нийлж, Илийн зүг довтлон орж ирэв. Зүүнгарын хилд сахиул байсангүй Манж улсын цэрэг Зүүнгарын нутагт түрэмгийлэн орж 5-р сарын үеэр Эрээнхавирга, Бортал зэрэг чухал газрыг ямарч саадгүй эзлэн авч, 6-р сарын ихээр Илд хүрч, шийдвэрлэх тулалдаан хийхээр болжээ. Энэ үед 7000 шахам цэрэг цуглуулж, Хаш нуурын дэргэд хориглон байлдахаар шивээлэн хүлээжээ. Банди өдөөн гаргаж баривчлан авах гэсэнд, бэхлэн сахиад байлдахаар гараагүй болохоор, Банди шөнө дөлөөр цэрэг аван дайрч орж ирсэнд, 10000 гаруй цэргээ дагуулан, эхнэр хүүхэд, гэр тэргээ орхин зугтан яваад, Зүүнгарын жинхэнэ нутгаа алджээ. Эндээс хэдэн уул далдлан цэргийн хүрээ байгуулан сахин суув. 5-р сарын 23-ны шөнө Бандийн зарлигаар тагнахаар ирсэн Аюуш, Батжаргал, Цанши зэрэг 25 хүн цэргийн хүрээг гэнэдүүлэн дайрсанд, цэрэг анги нь үймэн сандарч, 4 зүгтээ бутран сарнив. Арай чамай 2000 гаруй хүмүүсээ цуглуулан дагуулж зугтаан гарсанд, үлдсэн олон нь байлдалгүгээр бууж өгчээ. Манж улсын Дарданга нар үргэлжлүүлэн нэхэж, авга Балжуур болон 6000 гаруй албатыг нь олзлон авжээ. Тэнгэр уулын өврийг чиглэн одоход 70 гаруйхан бараа бологсод л үлдсэн байв. Банди жанжин Аксу, Үш, Турфан зэрэг газар хүн илгээж, “Бидэнд туслан Даваачийг барьж өгөх болов уу?” гэж Уйгуруудад хэл хүргүүлэв. Үш, Түрфаны хотын дарга урьдаас найртай байсан хэдий боловч Бандийн хүчнээс сүрдэн Үш, Түрфанаар дамжиж, Кашгарт очих гэж байгааг нь тагнан мэдээд, шугуйд цэрэг бүгүүлж, өөрийн дүүдээ архи, мах бариулан хуурмагаар зам тосож угтаад 70 гаруй хүмүүсийг бүгдийг нь баривчлан авч, Манж улсын цэргийн хүрээнд хүргэж өгчээ. Банди ихэд баярлаж Бээжинд Тэнгэрийн Тэтгэсэн хааны дэргэд хүргэсэнд уучлал хүртээж, “Чин ван” өргөмжлөн, гүнжээ өгч эфү болгоод урьд дагуулж байсан 40-50 өрх хүмүүстэй нь хамт Бээжинд зохицуулан суулгажээ. Хожим нь шадар хиа өргөмжлөгдөж, 1759 онд Бээжинд өвчнөөр нас баржээ. Даваач хот газар дасахгүйгээс өдөр бүр нуурын усанд галуу, нугас тэжээх буюу сэлж сэтгэлээ хуурдаг байжээ. Түүний тэжээсэн галуу, нугасны өндөг нь онцгой том байсан тул хааны ордонд өдөр бүр аваачдаг байжээ.[баримт хэрэгтэй]