Jump to content

Хойт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хойд (овог)-с чиглүүлэгдэв)

Хойд нь Ойрад Монголын нэг ястны нэр. Цагтаа Ойрадын хамгийн том, хүчирхэг аймаг байсан тэдний ихэнхийг 1755-1758 оны үед Манж Чин улс Зүүнгарын хаант улсыг унагах үеэр хядаж хүйс тэмтэрсэн гэдэг. Халх болон Ойрадын сөргөлдөөний үеэр маш их хохирол амсаж Ар халх, Өвөр монгол, Алтайн бүгд найрамдах улс, Бүгд найрамдах Халимаг улс гэх олон газар таран бутарчээ. Өдгөө Монгол Улсад 5000, БНХАУ-д 15000, мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсад цөөн хэдэн мянган Хойдууд амьдардаг. Монгол улсын 3 аймагт хэсэг бүлгээр оршин суудаг: Говь-Алтай аймгийн Шарга сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Увс аймгуудад оршин суудаг байна.

Монгол-Ойрадын түүхнээ өөрийн балрашгүй ул мөрийг үлдээсэн олон арван улс төр, нийгмийн зүтгэлтнүүд Хойд аймгаас төрөн гарсан бөгөөд тухайлбал Хутуха бэх, Иналчи, Явган мэргэн, Төрөлчи, Хар хирүгэ, Мөнхтөмөр, Эсэлбэй, Сайн хиа, Султан тайш, Сүмэр тайш, Алдар хошууч, Баяр гүн, Амарсанаа зэрэг тухайн үедээ нөлөө бүхий д тооцогдон байсан төрийн зүтгэлтнүүдийн зэрэгцээ “Дөрвөн Ойрадын түүх”-ийг зохиогч Баатар увш түмэн Хойт хүн байсан ажээ.

Чингүнжавын ноёны Хотгойд түмэн анх үүсэхдээ Ойрадын Хойд болон Жалайр овгуудыг нийлүүлж үүсгэсэн гэдэг.

  1. Хойт - Ар тал, ар үзэг, иигэд хойт аймаг - ар талын аймаг.
  2. Баруун Монголд хонийг "хой" гэх бөгөөд энэхүү хой гэдэг үгээс хоньтон гэсэн утга бүхий хойт гэдэг нэр үүссэн юм гэж зарим судлаачид үздэг байна.

Чингис хааны дээд өвөг болох Торголжин баян Дува сохор, Добу мэргэн хэмээх хоёр хүүтэй аж Дува сохор ах нь Доной, Догшин, Эмнэг, Эрх гэх дөрвөн хүүтэй атал Дува сохорыг үгүй болсны хойно дөрвөн хөвгүүн нь Добу мэргэн авга юугаа урагт үл тоон гурван голын сав нутгаас дүрвэн нүүж Горлос буюу Енисей мөрний сав газар нутагласан хэмээн Монголын нууц товчоонд бичжээ. Энэ үйл явдал IX зууны сүүл X зууны эхэн үед болжээ. Ингээд Дува сохорын хөвгүүдээс салбарласан нь Ойрад /баруун монгол/ Добу мэргэний хөвгүүдээс салбарласан нь язгуурын монгол /зүүн монгол/ хэмээн нэрлэгдэх болжээ.
Дува сохорын дөрвөн хөвгүүн Доной, Догшин, Эмнэг, Эрх нар Ойрадын Өөлд, Баатуд, Хойд, Хэрэгнүүд, аймгуудын өвөг дээдэс болсон гэнэ.

XVII зууны эхэн үеэс Хойдууд тархан сарниж эхэлсэн бөгөөд 1612 оны Халх-Ойрадын дайны өшөөр Хотогойдын Алтан хан Хойдод сэхэл өгөхгүй довтлох болж улмаар Их мянган овгийн голдуу хүн амыг өөрийн эрхшээлдээ оруулж авч чадсан байна. Ингэснээр Хотогойдын зургаан том отгийн нэгэн нь бүрэлдэн бий болжээ [Монголо-Ойратскiе законы, 2004, тал 40]. Харин XVIII зууны сүүл үе буюу 1770-аад оны орчим Их мянган отгийнхон Хотогойдоос салан Ойрад түмнээ зорин ирсэн нь өнөөгийн Ховд аймгийн Мянгадууд юм. 1752 онд Хойдыг захирч байсан Амарсанаа Даваач хаантай эвдрэлцэн өөрийн харъяат 2000 Хойдын хамтаар Манжид дагаар орсонд Халхын Засагт ханы нутагт нутаг заан суулгасан улмаар Манж нар Ойрадыг эзлэх явцад Султан тайшийн удмын Галдандаржаа 1755 онд хүчинд автан дагаар орсонд Манж нар түүнийг тэргүүн зэргийн тайж өргөмжлөн Амарсанаагийн харъяаттай хамтаар захируулан нэгэн хошуу зохион Засагт хан аймагт хавсруулжээ. 1767 онд Галдандаржааг бие барсаны хойно түүний дүү Лагчин харыг засаг ноёноор өргөмжилжээ. Улмаар энэ хошуу Засагт хан аймагт хавсаргасан Хойд засаг тэргүүн зэрэг тайжийн хошуу, Засагт хан аймагт хавсарсан Хойд Сүжигт гүний хошуу, Хантайшир уулын аймгийн Батхайрхан уулын хошуу гэгдэж байгаад 1924 онд Гурван сайхан жаргалант уулын хошуунд нийлсэн байна. 1931 оны засаг захиргааны зохион байгуулалтаар Алтай аймгийн Шарга сум болон төлөвшжээ. Одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн ард тэрхүү Амарсанаа, Галдандаржаа нарын захирч байсан хүн ард юм.

Хойдууд Ойрадын тэргүүлэх их аймаг байсан тэрхүү хүчирхэг идэрмэг байдал нь алдагдаж өдгөө БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд Хөх нуурын Хойд нэгэн хошуунд, Монгол улсын Говь-Алтай аймгийн Шарга суманд, Ховд аймгийн Булган сумын 5-р багт, Увс аймгийн Түргэн, Тариалан сумдад Дөрвөд, Хотон нартай зэргэмжлэн тус тус бөөнөөр оршин суухын зэрэгцээ Ойрадын Өөлд, Хошууд, Торгууд мөн Хотогойдууд дунд овгийн байдалтайгаар оршин тухайн ястандаа бүрэн ууссан Хойдууд ч байна. Ингээд Хойдуудын зонхилон ууссан үндэстэн доторхи овгийн хэлбэрээр харахын бол

Дөрвөд: Дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Давст, өлгий, өмнөговь, Сагил, Ховд, Наранбулаг, Завхан, Тариалан сумдад, Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумдаар амьдарсаар иржээ. Дөрвөдүүд цорс, таргад, хошууд, дураал, шаазгай, хойд шарайдууд цагаагчууд, борлууд, галууд гэх мэт 100 гаруй овог, отог байдаг.

Өөлд:Ховдын Эрдэнэбүрэн суманд бөөнөөр амьдардаг энэ үндэстэн мөн Архангай, Баян-өлгий, Завхан, Сүхбаатар, Баян хонгор.Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Говь-Алтай аймгуудад амьдардаг байна. Энэ ястан нь бусад ястны л адил олон овогтой билээ. үүнд: цорос, ноён цорос, нохой цорос, хошууд, хойд, шар хойд, цагаан хойд, хойд цувдаг, хулан цувдаг бүргэд, шар монгол,цоохор гэх мэт олон овгууд багтдаг байна.

Тува: Энэ үндэстнүүд Баян-өлгий аймгийн Цэнгэл суманд бөөнөөрөө орщин суудаг ба Ховдын Буянт суманд цөөн тооны тува бий. Тувачууд 50 гаруй овогтой. Тэдгээрээс нэрлэвэл: хар соён, цагаан соён, иргид, галзаан иргид, өөлид иргид зэрэг багтана.

Урианхай: Ховд, Баян-өлгийн хэд хэдэн сумдаар нутагласаар иржээ. Мөн Хятадын Шиньжаан, Оросын буриад, өвөрмонголд оршин суудаг байна. Алтайн Монгол Урианхайн овог гэвэл: хорхон, түнхэл, өөлөг, их, дунд, бага өөлөг, хар дөнхөл, шар дөнхөл, ховшоо, ятуун, хойд, цагаан туг гэх мэт.

Хотгойд (Хотогойд) бол Монголын нутгийн хойд хэсэг Хангайн нурууны араар нутаглаж ирсэн овог аймаг юм. Урьд нь Хойд аймаг нэртэй байсан бололтой. Зарим хэсэг нь Зүүнгар руу нүүж үлдсэн нь Хойд буюу сунжирсаар Хотгойд болсон. XVI-XVII зууны үед Хотгойдын Алтан ханы улс оршин тогтнож байсан. Зүүнгарын Хойдын ноён Амарсанаа Хотгойдын Чингүнжав нар амархан нөхөрлөсний учир нь нэг аймгийн гаралдаа байсан болов уу. Одоо Завхан аймгийн хойд талын сумд, Хөвсгөл аймгийн олон суманд хотгойдууд суудаг. Хотгойдууд бол "Алтан Ураг" -ынханд багтах нэгэн овог гэж үздэг хүмүүс байдаг юм. Тэднийхээр үүний баталгаа нь "Их Эзэн Хаан"-ы 4 дэхь хүү Тулуйн угсааны "Батмөнх Даян Сэцэн Хаан"-ы 11 дэхь хүү Жалайрын Хунтайж "Гэрсэнз"-ийн ууган хүү "Дархан Хунтайж Ашихай Ноён"-ы удаах хүү "Дайчин Хунтайж Түмэндар"-ын ууган хүү Хотгойдын дээд өвөг болох "Хотгойдын Алтан Хан" "Сайн Хунтайж Шолой Уваш"-ын удаах хүү "Хунтайж Дай Эрдэнэ"-ийн ууган хүү "Гэндэн Бэйл" түүний хүү "Бүүвэй Бэйл"-ийн хүү "Банди Бэйл"-ийн ууган хүү нь манжын эсрэг тэмцлийн удирдагчдын нэг бөгөөд бүх цэргийн ерөнхий жанжин "Хотгойдын Шадар Ван Чингүнжав" юм. "Шадар Ван Чингүнжав" болон Хотгойд түмний өвөг дээдэс "Их Эзэн Хаан" бөгөөд "Тулуйн" угсааны үр сад бол "Хотгойд"ууд юм. "Хотгойд" гэдэг нь ямар нэг аймаг болон үндэстэн,ястан биш бөгөөд гагц овог юм. Ямартаа ч Хойд хэмээх нэгэн аймаг оршин байсан бөгөөд омог цөс ихт шудрага дайчин улс байж бурууг үл тэвчин зөөлөнд эергүү хандаж түүхийн их нугачаанд өдийг хүрсээр ирсэн ажээ. Харин үрс болох бидэнд эцэг өвгөдийн замаар замнаж энэхүү хөлс цус үнэртсэн түүхийг цааш омог бардам үргэлжлүүлэх л үлдлээ....