Jump to content

Чин ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Манжийн Энх Амгалан хааны хөвүүн хошой и чин ван Иньшянь

Чин ван нь (Ханз: 親王, пиньинь: qin wang) Хятадын эзэн хаадаас хааны ургийн хан хөвгүүн, гавъяа байгуулсан сайд ноёдод олгож байсан хятадын уламжлалт цолны нэг. Хятад тэргүүтэй зүүн ази, зүүн өмнөд азийн түүхэнд энэхүү цолыг хятад, солонгос, вьетнамд Хань улсын үеэс эхлэн Манжийн Чин гүрэн мөхтөл үе үеийн хаан угсааны ноёд хэрэглэж байсан бол, орчин үед зөвхөн Японы хааны гэр бүлд ашиглаж байна. Харин Монголын түүхэнд Юань, Чин улсын цагт төрд алтан ургийн язгуур гарвал өндөр хааны ургийнхан, жанжид ноёд, гавъяа байгуулсан ноёдод нэгэн үе болон үе улиран залгамжлуулж байсан.

Чин ван (亲王) цолыг Хань улсаас эхлэн хааны хөвүүд, хааны ах эсвэл дүү зэрэг шууд угсааны ноёдод ван цол соёрхохдоо дотор нь чин ван, жүн ван гэж ангилах болсон. Түүхийн явцад ван (王) гэсэн ханзны өмнө 1 ханз байвал тэргүүн зэргийн ван буюу чин ван, 2 ханзтай байвал хоёрдугаар зэргийн ван буюу жүн ван гэсэн утгыг илэрхийлдэг болж ирсэн. Жишээ нь: янь ван (燕王), лян ван (梁王), хошой гун чин ван (和硕恭亲王) гэх мэт. Чин гүрний үеэс манжийн хааны хөвүүд, зарим монгол угсааны итгэлт ноёдод "хошой чин ван" цолыг нэгэн үе, үе улиран залгамжлуулах байдлаар соёрхож байв.

Японы хааны гэр бүлийн хуулиар эзэн хааны хөвүүд, ах дүү нарт "шинно" (親王, しんのう), хааны гүнж нарт "най шинно" (内親王, ないしんのう) цолыг олгодог. 2024 оны 2 сарын байдлаар Японд шинно цолтой дараах 3 хүн байгаагийн хоёр нь одоогийн хааны дүү Фүмихито, ач дүү Хисахито, 1 нь авга ах Масахито нар юм. Японы хааны гэр бүлд эрэгтэй удам тасрах шахсан тохиолдол хэд хэдэн удаа тохиолдох бүрт хааны гүнж нарын дундаас эзэн хаан болсон тохиолдол гарч байсан учраас, гүнж нар "най шинно" гэдэг цол хэрэглэх уламжлал тогтожээ.

Солонгосын түүхийн туршид оршин тогтносон бүхий л улсын эзэд "ван" (王) цол, вангийн хөвүүд, дүү нар "гүнъ" (君, jun), залгамжлагчийг "сэжа" (世子, shizi) гэх цол хэрэглэж, угсаа залгамжлуулахаа зөвхөн хятадын аль нэг төрт улсын хуандигийн зөвшөөрлийг авч байсан. Хятадын төрийн үзлээр солонгосын ванг чин ван гэж үзэж болох ч, солонгос төвтэй үзлээр чин ван цолыг 1897 онд Чусон улсын ван Кожон, Японы шахалтаар улсын нэрээ Их Хан улс (大韓帝国) гэж өөрчлөн байгуулж, тус улсын хаан болж, хөвүүддээ чин ван цолыг олгожээ.

Манжийн үеийн Монгол чин ван

[засварлах | кодоор засварлах]

Чин вангийн хэргэм зэрэгтэй хүн малгайн оройд улаан өнгөтэй эрдэнийн чулуун жинс тогтоож, жинсний сууринд хоёр зэрэг алтан луу ороож, дунд нь 10 ширхэг тана эрдэнэ шигтгэнэ. Малгайн өмнө хадсан магнайвчинд 4 тана, малгайн хойд талд хадсан алтан цэцэгт 4 тана тус тус шигтгэнэ.

Дээлэнд нол магнаг буюу луут торгыг хэрэглэнэ. Гадаад энгэр, ханцуй, туурь, захыг нолтоор мөшгөөрлөж, өвөл булгаар хажлуулна. Фүст хүрмэнд дөрвөн дугираг луу байх бөгөөд өмнө ба хойтод төв эсрэг луу, зүүн баруун этгээдэд зөрүү луутай байна. Өвлийн цагт булган дэвсгэр хэрэглэнэ.

Чин вангийн бүтэн жилийн цалин пүнлүү нь 2000 лан мөнгө, 25 хуй торгоны авна. Гэхдээ энэ бол зөвхөн Халхын дөрвөн аймгийн хүрээнд хамаарч байсан юм. Хорчиний Зоригт Чин ван, Хошой чин вангууд нь жилд 2500 лан, 50 хуй торго хүртэж байв. Манжийн хуулинд зааснаар монгол чин ван 60 хамжлага өрх захирах эрхтэй байжээ. Энэ нь дунджаар 240 хамжлага ардтай байжээ.