Ван
Ван (хятадаар: 王, пиньинь: wáng) хэмээх нь европын King, оросын Король, монголын Хан, арабын Султан цолтой дүйцэх бөгөөд Эртний Хятадын улсуудад их хаадыг хуанди, бага хаадыг ван гэж нэрлэдэг байжээ. Монголын нууц товчоонд Хэрэйдийн Ван Ханд Алтан улсын хаан Ван цол олгосоноор Ван Хан гэж алдаршсан гэж өгүүлдэг билээ. Энэ цол бол Хятадын төрийн улс төрийн бодлогын нэг хэсэг байсан бөгөөд хуанди бол тэнгэрийн хүү, тэнгэрийн доорхи бүхэн түүний эзэмшил гэдэг үзлийг илэрхийлэн хөрш орнуудын хаадад ван цолыг олгосноор түшмэл нь болсон гэх утга илэрхийлж байсан байна.
Монголын эзэнт гүрний үе
[засварлах | кодоор засварлах]- Гол сэдэв: Юань улсын төрлийн вангийн жагсаалт
Энэхүү цолыг монголын дундад зууны үед язгууртан ноёд хэрэглэхдээ тухайн үеийн харилцан адилгүй нөхцөл байдлын улмаас хэрэглэж байсан.
XII-XIII зууны үед монголын тал нутагт оршиж байсан Найман, Хэрэйд, Монгол, Татар зэргийн ханлиг аймагт энэхүү цол нь хөрш киданы Ляо улс, зүрчидийн Алтан улсаас тэдгээр аймгийг өөрийн харьяат албатаа болгосноо тулган зөвшөөрүүлэх улс төрийн шинжтэй түрэмгий бодлогын хариуд илрэл байв. Харин нүүдэлчин аймгийн хувьд энэ нь их улсад зөвшөөрүүлэхээс гадна хилийн бүсэд боомт нээж худалдаа арилжаа хийх боломж олгож байсан.
XIII-XIV зууны үеийн Их Монгол Улс, Их Юань Улсын цагт хятад орныг эзлэн авснаар тухайн газар орныг алтан ургийн ноёд, алтан ургийн бус ноёд жанждын байгуулсан гавьяа зүтгэлийг шагнаж урамшуулахдаа эзэмшил газрыг хишиг болгон соёрхож, захируулахаар илгээхдээ зарим үед ван цол соёрхож байсан. Хамгийн анх Чингис хаан Алтан улс руу довтолж, нийслэл хотыг нь эзэлсний дараа жалайрын Мухулайд гоо ван цол соёрхож, Тайхан уулнаас өмнө зүгийн газрын цэрэг иргэний хэргийг ерөнхийлөн захируулж, цааш Алтан улсыг байлдан дагуулахыг тушаасан. Харин Хубилай цэцэн хааны үед эзэлсэн нутгаа захирахын тулд улсын төвийг говийн өмнө шилжүүлснээр монголын төрийн бүтэцд хятадын нөлөө туссаны нэг нь ван цол юм. 1260-аад онд Хубилай цэцэн хаан өөрийн хөвгүүн Чингимд Янь ван, Мангалад Аньши ван цолыг соёрхов. 1260-1307 он хүртэл ван цолыг Мухулайн удмыг эс тооцвол зөвхөн алтан ургийн хан хөвүүдэд соёрхож, эзэмшил газрыг нь захируулахаар илгээж байсан. 1307 онд Хүлэг хааны үед өмнөх хаадын үед гавьяа байгуулсан олон ноёдыг ван цолоор нэхэн соёрхож эхэлсэн. Ингэж олон ноёд ван цолтой болсноор төрлийн ван эсвэл олон ван гэж нэрлэх болсон. Ингэхдээ 6 төрлийн тамгаар ангилж, эрх мэдэлд нь хяналт тавьж байлаа.
Их Юань Улс мөхсний дараа ван цолыг Чингис хааны дүү нарын удмын ноёд хэрэглэж үлдээд, бусад ван цолтой ноёд жанжид Мин улст дагаар орж, бууж өгснөөр уг цолыг хэрэглэх хүн үлдээгүй. Ингээд 100 жил өнгөрөхөд зөвхөн Хасар, Бэлгүтэй, Тэмүгэ Отчигин ноёдын удмын ихэс ноёд ван цолыг хэрэглэж явсаар 1636 онд монголын 16 аймаг хошууны ноёд манжид дагаар орсноор алтан ургийн ноёдыг язгуур угсаа, манжийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь харгалзан үзэж чин ван, жүн ван цолыг соёрхож эхэлсэн.
Манжийн үе
[засварлах | кодоор засварлах]Манж Чин Улсын төрийн тэргүүн зэргийн хэргэм болон Манжийн төр улсыг байгуулахад гавъяа байгуулсан хүмүүст олгодог хэргэм болсон байна. Манж Чин улсын үе болон Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол юм. Манж Чин улсын үеийн вангийн хэргэм дээр чин ван, жүн ван тэргүүтэн зэргийг нэмж олгодог байжээ. Ван хүн гурван нүдтэй тогосын отго малгайдаа зүүдэг байсан байна.
Чин Улсын үед чин ван, жүн ван цолыг Халх дөрвөн аймгийн 86 хошуу дотор урьд хожид нийт 15 хошууны засаг ноёд угсаа залгамжилсан байдгаас Түшээт хан аймагт 5 хошуу, Сэцэн хан аймагт 3 хошуу, Сайн ноён аймагт 4 хошуу, Засагт хан аймагт 3 хошууны засаг ноёд тус бүр угсаа залгамжилж, зарим үед эдгээр хошууны засаг ноёдоос Манжийн хааны овгийн гүнжтэй гэрлэж байжээ. Дотоод Монголын 49 хошууны засаг ноёдоос 16 орчим хошууны засаг ноёд чин ван, жүн ван цолыг үе улиран хэрэглэж байжээ. Тэдгээрээс Жиримийн чуулганы Хорчины Түшээт чин ван, Дархан чин ван, Бодлогот чин ван, Бинт чин ван, Засагт жүн ван, Дүүрэн жүн ван гэсэн таван хошууны засаг ноёд манжийн хааны гэр бүлийн гүнж, гэг нартай хуримлаж байжээ.
Манж Чин улс мөхсөн боловч Ар Монголд Богд хаант Монгол Улсын (1911-1924) үед хэрэглэж байгаад Ардын хувьсгалын дараа ноёд язгууртнуудын хэргэм зэргийг устгаснаас хойш Ар Монголд энэ цол хэргэмийг хэрэглэхээ больсон. Харин Өвөр Монголд 1949 он хүртэл хэрэглэж байжээ.
Одоо үед
[засварлах | кодоор засварлах]Мөн Орос хэлний Королевство, Англи хэлний Kingdom гэх өрнө дахины хаант засагт улсын үндсэн хэлбэрийг вант улс гэж нэрлэж байна. Улсыг жолоодогчийг нь ван гэнэ. Хэл бичгийн нэрт эрдэмтэн Бямбын Ринчен анх Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улс хэмээн монгол хэлэнд хөрвүүлснээр Европын хаант засаглалтай улсуудыг вант улс гэж ярьж, бичиж хэвшжээ. Зарим эрдэмтэн судлаачид улсыг нь вант хэмээн нэрлэх атлаа удирдагчийг нь хаан, хатан хэмээн нэрлэх нь утгын зөрүүтэй гэж маргалддаг байна.