Тэмүгэ отчигин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Тэмүгэ (1168 - 1246)[1] - Чингис хааны хамгийн бага эрэгтэй дүү, Есүхэй болон Өэлүн хоёрын дөрөв дэх хүүхэд байсан юм.

"Монголын нууц товчоо"-д <<Тэмүжинийг есөн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмүгэ отчигин гурван настай, Тэмүлүн өлгийтэй байсан бүлгээ>> гэсэн байдаг. Айлын отгон хүү байсан тул түүнийг “галын хаан, голомтын эзэн болох отчигин” гэж дууддаг байжээ. Иймд Нууц товчоонд болон бусад түүхэн эх сурвалжид Тэмүгэ отчигин, эсвэл Отчигин гэж нэрлэх нь олонтаа. Тэрээр хүүхэд ба өсвөр насандаа ээж, ах нараараа эрхлүүлсэн, тансаглах хандлагатай байсан нь Нууц товчооноос харагддаг ч

"Эрт унтдаг боловч

Эрэлхэг зоригтой хүн,

Отгон хөвүүн учраас

Орой босдог боловч

Омог чадалтай эр,

Байлдаан үймээн болоход

Байрандаа хоцордоггүй

Баатар Отчигин " гэж түүнийг дайснууд нь хүртэл хүлээн зөвшөөрч байжээ.

Ах Тэмүжин нь дүү нарынхаа дэмжлэгтэйгээр монгол аймгуудыг нэгтгэх үйлд Тэмүгэ ихээхэн хувь нэмэр оруулж, аян дайны бэлтгэл ажлыг хангах, ээж болон Бөртэ үжиний хамт ар гэрээ хамгаалах, омог доторхи асуудлуудыг зохицуулах зэргээр түүний оролцоо их байжээ. Жишээ нь, Мэнлиг эцгийн долоон хөвүүний дундахь Хөхөчү Дэв тэнгэр бөө Тэмүжин болон түүний гэр бүлийнхний өсөн нэмэгдэж буй хүчийг анзаарч байсан тул омог аймгуудийг өөртөө татах хандлага гаргадаг болжээ. Иймд Бөртэ үжиний асуудлыг гаргаж тавьсанаар, Тэмүжиний зөвшөөрснөөр Тэмүгэ Хөхөчү бөөтэй гэрийн гадаа барилдаж байгаа мэтээр бөөгийн амийг хороосон түүхтэй.

Тэмүжин Чингис хаанаар өргөмжлөгдөснийхөө дараа монгол ёсын дагуу дүү Тэмүгэ, ээж Өүлэнд хамгийн их газар нутаг, хамгийн олон тооны албат хамжлагыг өгсөн нь мөн л өвөг дээдсийн голомтоо отгондоо хайрладаг заншилтай холбоотой. Чингис хаан дүү нар, бусад садангийн хүмүүстэйгээ харь газар аян дайнд явсан хойгуур эх нутгаа эх Өүлэн, Тэмүгэгийн удирдлага дор үлдээж байжээ. Олон арван жил Монгол улсынхаа арыг дааж явсан Тэмүгэ нь туршлагатай захирагч, чадварлаг зохион байгуулагч, үнэнч шудрага хүн болохоо баталсан.

Чингис хааны дунд хүү их хаан Өгэдэйг 1241 онд нас барсны дараа түүний бэлбэсэн гэргий Дөргөнэ аажмаар улс орныг захирдаг болсныг Тэмүгэ эсэргүүцжээ. Тэр үед Өгэдэйн хүү Гүюг Орос, Европод байлдан дагуулалтаар явж байжээ, энэ завшааныг ашиглан Тэмүгэ их хааны ширээнд суух оролдлого хийсэн ч бүтээгүй. 1246 оны их хуралдай Гүюгийг их хаанд өргөмжилсний дараа түүний авга ах Тэмүгэ, мөн өөр хэд хэдэн төрийн эрхийг барилцаж байсан хүмүүс цаазлагдсан байна.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Хотулбаатар Доржбат: Чингис хааны түүхэн он дараалал