Гүюг хаан

Далай хаан[1]
Гүюг
ᠭᠦᠶᠦᠭ
Их Монгол Улсын хаан
Хаан суусан1246
Төрсөн огноо1206
Өнгөрсөн огноо1248
ӨмнөхӨгэдэй хаан
УдаахМөнх хаан
Их хатанОгул Хаймиш
ЭцэгӨгэдэй хаан
ЭхДөргөнэ
Ургийн овогХиад Боржигин

Гүюг хаан (ᠭᠦᠶᠦᠭ ᠬᠠᠭᠠᠨ, * 1206 оны 3 сарын 19-нд; † 1248 оны 4 сарын 20-нд) нь Их Монгол Улсын гурав дахь их хаан байжээ. Тэрээр Өгэдэй хааны ууган хүү ба Чингис хааны ач байсан бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Түүний эх нь Мэргид аймгийн Дөргэнэ (түүнийг түүхийн сурвалж бичгүүдэд Туракина, Турхан, Наймалж, Наймалжин гэх мэтээр нэрлэсэн байдаг) хатан байсан юм.

П.Карпинийн тэмдэглэснээр Гүюг хаан “дунд зэргийн нуруутай, хэрсүү ухаалаг бөгөөд хэтэрхий зальжин, буурьтай ба ихэмсэг зантай” хүн байв. Чингис хааны үндэс суурийг нь тавьж, Өгэдэй хааны үед жинхэнэ ёсоор төлөвшин тогтсон Монгол гүрэн Гүюг хааны үед нүүдэл, суурьшмал хосолсон дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болсон билээ. Гүюг хаан өөрийн гол өрсөлдөгч Алтан ордны улсын Бат хааныг дарахаар баруун зүг хөдлөөд замдаа өвчний улмаас нас баржээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Гүюг эцэг Өгэдэй хааны Алтан улсыг мөхөөсөн 1232-1235 оны дайнд оролцож явсан байна. Мөн зүүн Зүрчин улсыг мөхөөх дайныг биечлэн удирдаж явжээ. Түүний дараа 1236-1240 онд болсон Бат хааны Кипчак, Алан, Кавказын нутаг болон Оросын вант улсуудыг эзлэх аян дайнд оролцож байсан бөгөөд энэ дайны явцад Баттай муудалцсан тул Өгэдэй хааны зарлигаар өөрийн цэргийн хамт Монгол улс руу буцжээ. Монголд ирсэний дараа Өгэдэйн удмынхны эзэмшил болох Эрчис мөрөн, Тарвагатайн нурууны орчимд Эмээл хотод (Хятадын түүхчид Эмил гэх болсоннэр бөгөөд өнөөгийн БНХАУ-ын Шинжааны өөртөө засах орны Тарвагатай аймгийн Дөрвөлжин сумын нутагт оршино. Тэнд Дөрвөлжин хэмээх шинэ хотыг Өгөдэй хааны ордон байсан газар босгожээ) сууж байв.

Перс зурагт дүрслэгдсэн Гүюг хааны хөрөг

1241 онд Өгэдэй хаан нас барсны дараа түүний их хатан Дөргэнэ таван жил төрийн эрхийг атгажээ. Үүнд дургүйцсэн Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин ноён өөрийн харъяат газраас цэрэг дайчлан Дөргэнэ хатныг зайлуулж, өөрөө хааны суурийг эзлэхээр хөдөлжээ. Гүюг Монголын хаан ширээнд өөрөөс нь өөр хүн гарахыг хэзээ ч тэвчихгүй байсан тул мөн өөрийн цэргийг авч, Тэмүгэ ноёныг угтан хөдлөв. Тэмүгэ ноён хүчин мөхөсдөхөөс болгоомжилж, Өгэдэй хааны үхэлд гашуудахаар ирсэн хэмээн аргалж, Их хааны гашуудалыг гүйцэтгээд буцжээ.

Түүний дараа 1246 онд Гүюг Монголын Их Хааны суурийг эзлэв. Түүнийг хаан сууринд өргөмжлөгдөх ёслол дээр Багдадын халифт улс, Сүн улс, Гүрёо, Зүрчид зэрэг олон улс орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Мөн Ромын пап ламын элч Плано Карпини (польшийн лам Бенедикт Полак хамт ирсэн) оролцсон бөгөөд тэрээр Ромын папын монголчуудыг Христийн шашинд орж, Унгар зэрэг Христийн шашинт орнуудыг түйвээснийхээ бурууг хүлээхийг шаардсан захидлыг авч иржээ. Гүюг хаан пап ламын шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монгол Улсад дагаар орохыг сөргүүлэн шаардсан хариу захидал илгээсэн аж. Уг захидлын перс хэл дээрх хувилбар нь эдүгээ Ватиканы номын сангийн архивт хадгалагдаж байна. Плано Карпини Монголд байх үеийнхээ тухай бичсэн аян замын тэмдэглэлийг бичсэн нь одоог хүртэл хадгалагдан үлджээ.

Гүюг хаан эзэнт гүрний нутаг даяар хүн, амын тооллого хийж, албан татварын хэмжээг тогтоов.

Гүюгийг хаанд өргөмжлөх ёслолд Бат ирээгүй бөгөөд тэрээр өөрийн харъяат газрыг нилээд бие даасан байдалтайгаар захирч байлаа. Гүюг хаан Батын хүчин чадал их тул түүнтэй эвдрэлцэхээс болгоомжилж байв. Эцэстээ 1248 онд Гүюг хаан Батын зүг цэрэглэн хөдөлж яваад одоогийн Шинжаан мужийн нутагт байсан Бешбалык хотын ойролцоо нас баржээ.

Гүюг хаанаас Ромын пап Иннокентийд 1246 онд илгээсэн захидал

Шашин шүтлэг[засварлах | кодоор засварлах]

Гүюг хааны "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн үсэгтэй төрийн тамга

Мөнх тэнгэрийг шүтэн биширч төрийн шашин болгож байсан их хааны нэг бол Гүюг юм. Гүюг хаан нь 1246 оны 8 сарын сүүлч 9 сарын эхээр Ромын папын элч Плано Карпиниг (1182-1252) хүлээн авч уулзаж байсан ба энэ үеэр Плано Карпини нь Ромын пап IV Иннокентийн (1195-1254) албан захидлыг их хаанд өргөн барьжээ. Монголын талаас хариу бичгээ 1246 оны 11-р сарын эхээр төлөвлөн бичиж орчуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Албан бичгийг перс хэлээр бичиж латин хэлээр орчуулан хоёр хувь үйлдэж бас сарацин хэлний орчуулгыг хавсаргажээ. 1 метр 12 см урт, 20 см өргөн хоёр хэсгээс бүрэлдэж бичгийн төгсгөл ба наалдуулсан залгаас дээр нь "Мөнх тэнгэрийн хүчинд" хэмээх Монгол үсгийн улаан тамга дарсан энэхүү бичиг хожим нь Ватиканы номын сангаас олдсон юм. Бичиг нь “Мөнх Тэнгэрийн хүчинд” хэмээн эхэлсэн бөгөөд цааш нь бичихдээ “Их хаанаас папад илгээсэн бичгийн сайтар уншиж ойлгогтун. Пап өөрийн биеэр бараалхахаар ирвэл зохимой. Тэгвэл бид өөрийн засаг билгээ сонсгох болно. Мажар зэрэг Христийн шашинт улс оронд Чингис хаан ба бусад хаад элч томилон явуулж Мөнх Тэнгэрийн зарлигийг дуулгах гэв. Гэтэл тэдгээр улс орны иргэд Мөнх Тэнгэрийг үл тоомсорлож чиний хэлж буй тэдгээр иргэд чинь үймээн самуун дэгдээж манай элчийг балмад хэрцгийгээр алж хороов. Учир иймийн тулд сая Мөнх Тэнгэрийн хүчинд тэдгээр улс орныг даран эрхшээв. Мөн үүний дотор зарим иргэд Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэн эсэн мэд үлдэв. Эгэл жирийн хүн хэрхэн өрөөл бусдыг гэсгээн цээрлүүлж чадах билээ. Чи бас <би бол Христийн шашинтан. Би Ертөнцийн Эзэнийг хайрлана. ... -ыг үзэн ядна> гэжээ. Ертөнцийн Эзэн хүн төрөлхтнийг нүгэл гэмтэй төрүүлсэн мөртлөө бас энэрэн хайрлах сэтгэл байна гэгчийг чи яаж мэдсэн бэ? Энэ мэт өгүүлэгч хүн тэнгэр бурхныг хэрхэн таних билээ. Наран мандахаас наран жаргах хүртэлх дэлхий ертөнц Мөнх Тэнгэрийн хүчинд ивээгдэж буй. Мөнх Тэнгэрийн зарлигийг зөрчвөл хэн ч юу ч хийж бүтээж чадахгүй. Та нар одоо үнэн сэтгэлээсээ биднийг дагаж орогтун. Тэгвэл бид та нарыг өршөөн хайрлана. Хэрвээ та нар Мөнх Тэнгэрийн зарлигийг сонсохгүй эсэргүүцэн тэмцвэл бидний өстөн дайсан болно. Үүнийг та бүхэн сайтар мэдэгтүн. Хэрвээ та нар ондоо санаа өвөрлөх юм бол түүнээс гарах үр дагаврыг Мөнх Тэнгэр мэдмой ” гэжээ. Бичгийг Гүюг хаан анх монголоор хэлж, перс, латин хэл рүү орчуулжээ. Тус албан бичиг бол Монголчуудын сүсэг бишрэлийн тухай Их Монгол улсын эзэн хааны байр суурийн илэрхийлэл юм[2].

Зан чанар[засварлах | кодоор засварлах]

Гүюг хаан нь Ромын папын элчин Плано Карпиний тэмдэглэснээр: «...дөч буюу дөчин тав орчим настай...дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бөгөөд ихэмсэг зантай, хий хоосон инээвхийлэх буюу гэнэхэн явдал гаргахыг нь хэн ч үзээгүй» бөгөөд эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн хатуу ёс журмыг дээдлэгч, Их хаан байсан билээ.[3]

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Гүюг хааны их хатан Огул Каймиш нь Мэргид аймгийн хүн байв. Эр нөхрөө нас барсны дараа Огул Каймиш хатан 1248-1251 онд гурван жилийн хугацаанд төрийн хэргийг түр хамаарч байжээ. Гүюг хаан олон хатад, татвар эмстэй байсан. Тэдгээрээс гурвынх нь нэр түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг. Гүюг хаан Хожа, Нагу, Хөхөө (Хүкү) гэдэг гурван хүүтэй байв. Мөн хоёр охинтой байжээ.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Далай хаан гэж Их Монгол улсын их хааны тамга тэмдэглэгдсэн байдаг.
  2. Г.Гэрэлбаатар "ГҮЮГ ХААНЫ МӨНХТЭНГЭРИЗМ" (Memento 28. Арваннэгдүгээр сар 2011 цахим архивт)
  3. "Гүюг хааны их хатан Огул Хаймиш"

Номнууд[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Өгэдэй хаан
Их Монгол Улсын Далай Их Хаан
1246-1248
Дараах
Мөнх хаан