Jump to content

Огул Каймиш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Огул Каймиш (бас Огул Хаймиш, Огул-Гаймыш гэх мэтээр бичдэг, 1218 он орчим төрсөн- 1252 онд нас барсан) бол Ойрад аймгийн хүн юм. Тэрээр Их Монгол Улсын Гүюг хааны их хатан байжээ. Огул Каймиш хатан Нагу, Хожа хэмээх хоёр хүү төрүүлсэн. Огул Каймиш Гүюг хааныг нас барсны дараагаар 1248-1251 онд төрийн хэргийг хамааран мэдэж байв.

Огул Каймиш хатан нь өөрийн үр садыг үргэлжлүүлэн хаан ширээнд суулгах гэж тэмцэж байсан зоригт хатдын нэг юм. Тэр үед Зүчи, Тулуйн үр сад нэг талд, Цагадай, Өгэдэйн үр сад нөгөө талд байсан ба хаан ширээг авахын тулд юуг ч золиослоход бэлэн байв. Тулуйн том хүү Мөнхийн хувьд Огул Каймиш хамгийн том дайснуудын нэг болон хувирсан ба түүнийг *шазруун хөөрхөн* гэж хүртэл нэрлэж байв.

1250 оны эхээр Францын IX Луи хааны элч Андре де Лонжумо тэргүүтэй төлөөлөгчид Огул Каймишд бараалхсан байна. Францын хааны бэлгийг Огул Каймиш алба гувчуур гэж үзэж аваад лалын шашинтнуудын эсрэг тэмцэлд хамтрахыг хүссэн захидлын хариуд нь монголын хаанд даруй захирагдах, заналхийлсэн хариу захидал илгээжээ.

Мөнх хаан Бат ханы дэмжлэгтэйгээр Их Монгол Улсын хаанд 1251 онд өргөмжлөгдсөнийхөө дараа Огул Каймиш болон түүнд алба хааж байсан 72 түшмэлийг аманд нь чулуу чихэж цаазалжээ. Монголчуудын Алтан Дээд Гэрээ номонд Хау Мөл Үсү хатны тухай өөр баримт байдаг. 1248 онд Хау Мөл Үсү буюу Огул Каймиш хатан Жэндин газарт өөрийн гурван хүү, Тулуйн бага хатан Мукэйн хүү Жөн Тоба Мон нарын хамт цөлөгдөн (нутаг заагдан) амьдарч байсан Сорхогтун бэки хатныг Монгол газар дуудан ирүүлсэн байдаг. Хубилай хятад газраа үлдээд Сорхогтун хатан 4 хүүгийнхээ хамт ирсэн. Хау Мөл Үсү хатан 1251 он хүртэл төрийн эрхийг бариад Мөнх хаанд эрх мэдлээ шилжүүлж өгчээ.

Өмнөх
Турхан
Их Монгол Улсын их хатан
1246-1248
Дараах
Хутугуй хатан
Өмнөх
Гүюг хаан
Их Монгол Улсын төрийн тэргүүн
1248-1251
Дараах
Мөнх хаан