Тогоонтөмөр хаан
Тогоонтөмөр хаан ᠲᠤᠭᠤᠨᠲᠡᠮᠤᠷ ᠬᠠᠭᠠᠨ | |
---|---|
Хаанчлал | 1333.07.19–1370.05.23 (37 жил, 11-р хаан) |
Төрсөн огноо | 1320 оны 5 сарын 25 |
Өнгөрсөн огноо | 1370 оны 5 сарын 23 (
|
Өнгөрсөн газар | Умар Юань, Инчан хот |
Өмнөх | Ринчинбал хаан |
Удаах | Аюушридар хаан |
Хатан | Данашир (1333–1335) Баянхутаг (1337–1365) Өлзийхутаг (1365–1370) |
Эцэг | Хүслэн хутагт хаан |
Эх | Маалайдай хатан |
Ургийн овог | боржигин |
Төрсөн нэр | Монгол: Тогоонтөмөр |
Сүмийн цол | Монгол: Ухаант хаан Хятад: 元惠宗 (Юань Хуйзун) |
Оны цол | Юаньтун, Жыюань, Жыжөн |
Тогоонтөмөр ухаант хаан (ᠲᠤᠭᠤᠨᠲᠡᠮᠤᠷ
ᠤᠬᠠᠭᠠᠲᠤ
ᠬᠠᠭᠠᠨ, *1320 оны 5 сарын 25-ий өдөр — 1370 оны 5 сарын 27-ий өдөр) — Юань улсын арван нэгдүгээр буюу сүүлчийн хаан байв. 1333-1370 он хүртэл 37 жил төр барьсан. 1368 онд Дотор газрыг хятадын Мин улсад алдсан ч уугуул Монгол орноо захиран суужээ.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Тогоонтөмөр 1320 оны 5 сарын 25-нд хожмын Хүслэн хутагт хааныг Цагаадайн улсын нутаг Эмиль гол орчим байхад ахмад хүү нь болон төржээ. Эх нь түрэг угсааны харлуг аймгийн Маалайдай хатан байв. 1329 оны 1 сард Хархорумын хойно хаан сууж, цэрэг удирдаж, нийслэл Дайду хот очиж байсан. Тус оны 8 сарын үед Онгучат гэх газар эцэг нь өөрийн эх өөртэй дүү Тугтөмөрийн түшмэл Элтөмөрт хорлогдож үхсэн. Уг явдлаас хэдхэн хоногийн дараа Тугтөмөр авга нь хаан болсон. 8 настай Тогоонтөмөрийг Фэнвэй ван хэмээн өргөмжилсөн.
Заяат хаан, Тогоонтөмөрийг Гуулин улсын Чэжү арал руу цөллөгт явуулсан гэх буюу эс бөгөөс 1330 онд Бабуша хатныг хилсээр алуулахад солонгос вангийн удмын ноёны хатан болсон Дарамбалын охин Будшир оргуулсан, тэнд эцэг хааных нь солонгос хатан Ки Ван-гү асарч байв гэх нь бий. Удалгүй Заяат хаан, түүний хатан Будшир нар «Тогоонтөмөр Хүслэн хутагт хааны хүү биш» гэж худал бичиг үйлдэж Чэжүгээс Гуанши руу шилжүүлж байжээ.[1]
1332 онд Заяат хаан өөрийн түшмэл Элтөмөрт хорлогдоод, улсын хэргийг түүний бэлэвсэн хатан Будшир, Яньтөмөр сайд нар шийдэх болов. Заяат хааны «Хүслэн ахын хүүг хаан болгоорой» гэсэн захиас ёсоор Тогоонтөмөрийн дүү Ринчинбалыг хоёр сар гаруй хаан суулгажээ. Энэ хооронд Тогоонтөмөрийг алс холоос залж авчирах 40 хоногийн хугацаанд Ринчинбал, хаан суусан. Гэтэл Тогоонтөмөр ирсэн ч, Элтөмөр сайд татгалзсаар 6 сар улс хаангүй байв. Эцэст нь Элтөмөр үхсний дараа, Тогоонтөмөрийг хаан сууринд залсан.
Хаанчлал
[засварлах | кодоор засварлах]1333 оны 7 сарын 19-нд Дайду хотноо Будшир хатан тэргүүтэй ихэс чуулж 13 настай Тогоонтөмөрийг Юань улсын 11 дэх хаанаар өргөмжлөв. Будшир хатныг хатан эх өргөмжилж, Баяныг Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан, Садуныг зүүн этгээдийн чинсангаар томилжээ.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]1335 онд Садун чинсан нас нөгчихөд оронд нь Яньтөмөрийн хүү Тайпин ван Тэнгисийг томилов. Баруун этгээдийн чинсан болж чадаагүйдээ Тэнгис гоморхож өөрийн дүү Дархай, Садуны дүү, авга ах Дарь, Хонхтөмөр ван нартай хуйвалдаж Баяныг зайлуулъя хэмээн цэрэглэхэд Баян урьтан мэдэж нийслэлийг хамгаалах цэргээр байлдан дийлжээ. Үүнээс хуйвалдаан үүсгэгч нар эсэргүү нэр зүүж, алагдав. Тэнгис, Дархай нарын дүү Данашир их хатан мөн эсэргүү нэр зүүж цөлөгдөв.
Мэргэд аймгийн Баян чинсан монголоо гэсэн үзэлтэй бөгөөд Тогоонтөмөр хаан солонгос хатнаа их хатан болгох гэхэд Баян тэргүүтэй монгол ихэс ноёд эсэргүүцэж 1337 онд Баянхутаг хатанг оронд нь сонгож өгчээ. Баян, хятад түшмэдийг монгол хэл сурахыг шаардах ба хятад хүнд харгис дээрэнгүй хандаж байв. Баяны өргөмөл хүү Тогтох эцгээ омог сүр, дээрэнгүй нь хэтийдлээ хэмээснээр Тогоонтөмөр хаан 1340 онд Баяныг ордноос хөөх зарлиг гаргаж, Тогтохыг Баяны оронд чинсан болгов.
1340 онд хаан өөрийн эцэг, эх, бага эхийг нь алж, өөрийг нь цөлсөн өсийг санаж Төвтөмөр заяат хааны тахилын сүмийг нурааж, Будшир хатны хэргэм зэргийг бууруулан Дунань аймаг руу цөлж, түүний хүү Янтөгсийг Гуулин улс руу цөлөв. Хаан болоход нь Будшир хатан Янтөгсийг дараагийн хаан болгох тохироо хийж байжээ.
Түүний тушаалаар Алтан улсын түүх, Сүн улсын судар, Кидан Улсын судар зэрэг түүхийн бүтээлийг туурвисан. Энэ үеэс эхэлж түүний засаглалын ноёдын дотоод тэмцэл эхэлсэн. Энэ тэмцэлд Мэргидийн Баян, Тогтох, Хама, Бортөмөр... зэрэг цэргийн томоохон зүтгэлтнүүд нэг үе оройлж байсан боловч цөм Тогоонтөмөрийн нөлөөгөөр үхсэн. Мөн 1360 аад оноос түүний хүү Аюушридар нь хаан сэнтийг булаах оролдлого удаа бүр хийж байсан нь Юань улсын хүчийг мохооход хүргэсэн ба энэ нь өмнөд Хятадад гарч байсан бослогуудыг дарахад хүндрэл учруулж байв.
Юань улсын мөхөл
[засварлах | кодоор засварлах]1351 оноос Хятадад Хань Шантун, Лю Футун нараар удирдуулсан улаан алчууртны бослого дэгдэж эхэлсэн. Мөн энэ үед Юань улсын дотор дотоодод хагарал их болсон нь Юань улсыг мөхөлд дуудсан. Энэ бослого улмаар улам бүр хүчээ авсаар 1368 онд тус бослогын нэгэн удирдагч 1368 оны 1 сард өөрийн эзэлсэн газраа Мин улс гэж нэрлээд, оны цолоо Хунъү гэж нэрлэж, Нанжин хотоор төвлөрсөн засаг захиргааны зохион байгуулалт хийж эхэлсэн. Мөн Юань улсыг мөхөөх дайны бэлтгэлээ хийж дуусгаад, Жү Юаньжан өөрийн цэргийн жанжин Сюй Да ноёнд их цэрэг өгч, түүний толгойлуулсан улаан алчууртнуудын Мин улсын их цэрэг, Юань улсыгн харьяанд байсан Хэнань муж, Шаньдун муж, Дайду хот орчмын газар нутгийг эзлэн, 1368 оны 9 сарын 26 нд, Дайду хотыг эзлэн авснаар Юань улсын, хятад орон дахь монгол хаадын шууд ноёрхлыг дуусгавар болгожээ. Харин энэ эрчээрээ 1369 оны эхээр Шанду хотыг эзлэн авахад монголын хаан, улам ухарч, Инчан хот буюу Хэрлэн барс хотноо очсон.
Нас барсан нь
[засварлах | кодоор засварлах]1370 онд хонгирад аймгийн нутаг дахь Инчан хотод 51 насандаа таалал төгсчээ. Түүнийг нас барахад түүний мэдэлд цагаан хэрмээс хойших газар үлдсэн байсан.
Гэмшилийн шүлэг
[засварлах | кодоор засварлах]Элдэв зүйл, эрдэнэсээр шулуухан
Сайхнаар бүтсэн Дайду минь,
Эртний хаадын суусан зуслан
Шандугийн Шар тал минь,
Сэрүүн сайхан Хэйбун Шанду минь,
Улаан халзан туулай жилээ алдсан
Хайран Дайду минь,
Өглөө манагар өндөр дээр гарваас, сайхан униар чинь
Ухаант хаан миний өмнө
Лаган, Ибагу хоёр хийж бүлгээ.
Ухаж мэдэж, тавьж илгээвэй, хайран Дайдуг
Ухаан үгүй төрсөн ноёд, улсаан харж эс үзэлцвэй,
Уйлж хоцорвой, би
Нутагт хоцорсон улаан бяруунд адил болбой, би
Элдэв зүйлээр бутсэн
Найман талт цагаан суврага минь,
Их улсын нэр төрийг аван суусан
Есөн эрдэнэсээр бүтсэн Дайду хот минь,
Дөчин түмэн Монгол улсынхаа
Нэр төрийг аван суусан
Дөрвөн хаалгат дөрвөлжин их Дайду хот минь,
Шашин номыг дэлгэрүүлэн явтал
Төмөр шат хугарч хайран Дайду хот минь,
Нэр төр минь,
Хаанах яанах Монгол улсаа
Харуулан гайхлагч хайран Дайду минь,
Өвлийн өвөлжих өгүй балгас минь,
Зуны зуслан Хэйбун Шанду минь,
Сайхан Шар тал минь,
Лаган, Ибагу хоёрын үгэнд эс орсон хорон минь,
Хутагтан байгуулбай, хулсан ордыг,
Хувилгаан сэцэн хаан зуснам бүлгээ, Хэйбун Шандуг
Хумьж автвай, Хятад улсад
Хурьцах муу нэрийг Ухаант хаанд тавивай.
Хамгаар байгуулбай, хан Дайдуг
Харшлан авалцам булгээ, хайран Дайдуг
Хамж автвай, Хятад улсад
Харшлах муу нэрийг Ухаант хаанд тавивай.
Элдвүүдээр байгуулбай, эрдэнэ Дайдуг
Эрхлэн зусам булгээ, Хэйбун Шандуг
Эндэж автвай, Хятад улсад
Эргэх муу нэрийг Ухаант хаанд тавивай.
Хаан эзэний зөөсөн их нэр төрийг,
Гайхамшиг Сэцэн хааны барьсан хайран Дайдуг,
Хамаг улс шүтээн тулга эрдэнэт хотыг,
Хамж автвай, Хятад улсад, хайран Дайдуг.
Хан тэнгэрийн хөвгүүн Чингис хааны алтан ураг
Хамаг бурханы хувилгаан
Сэцэн хааны алтан харшийг
Хамаг Бодисун нарын хувилгаан Ухаант хаан
Хан тэнгэрийн заяагаар алдвай, хайран Дайдуг.
Хан эзэний хасбуу тамга ханцуйлж гарвай.
Хамаг дайсны дотроос хатгалдаж гаргавай.
Буха төмөр чинсан булха дотроос.
Хан эзэний урагт хан орон болтугай, түмэн үед.
Гэнэдэж алдвай, хайран Дайдуг
Гэрээс гарахуйд, эрдэнэ шашин ном хоцорвой, тэр цагт
Гэгээн билигт Бодисун нар ялгатугай, хойд цагт
Хэрж ирж тогтугай.
Чингис хааны алтан урагт.[2]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эцэг: Хүслэн хутагт хаан
Эх: Маалайдай хатан
Дүү нар: Ринчинбал хаан, Будашири гүнж, Юэлу гүнж (Ерөө?)
Хатан
[засварлах | кодоор засварлах]- Данашир хатан
- Баянхутаг хатан
- Өлзийхутаг хатан
- Мунашири хатан (? - 1347 оны 1 сар)[3]: Хонгирад аймгийн хүн. Лонфу ордны 3-р хатан. Жыжөнгийн 7-р оны 12 сар буюу 1347 оны 1 сард таалал төгссөн.[3]
Хан хөвгүүн
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]Өмнөх Ринчинбал хаан |
Их Юань Улсын Их Хаан 1333-1370 |
Дараах Аюушридар хаан |
Өмнөх Ринчинбал хаан |
Хятадын эзэн хаан 1333-1368 |
Дараах Хунъү хаан |