Төвлөн засах яам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Төвлөн засах яам буюу хятадаар Жун Шу Шэн нь (ханз:中书省, пиньинь галиг:Zhōng shū shěng) Сүй улсын үед анх байгуулагдсан төрийн засаг захиргааны тогтолцоо юм. Тан, Сүн, Ляо, Жинь, Юань улсууд шууд авч хэрэглээд, Мин улсын эхэн үед хэрэглэж байгаад 1380 оноос дахин хэрэглэхээ больсон юм. Хубилай хаан, 1260 оноос өмнө нь Өгэдэй хааны байгуулж, Мөнх хааны татан буулгасан төрийн тогтолцоог дахин сэргээж, зарим нэг өөрчлөлт оруулан хуучин Алтан улс, Сүн улсын эзэлсэн нутгуудад байгуулсан.

Бүтэц, зохион байгуулалт[засварлах | edit source]

Төвлөн засах яам

Юань улсын үеийн бүтэц, зохион байгуулалт[засварлах | edit source]

Юань улсын үеийн засаг захиргааны гол байгууллага бол Жун Шу Шэн (Төвлөн засах яам) юм. Орчин үеийнхээр Засгийн газартай төстэй төрийн нэгж юм. Тухайн үед хоёр төрлийн үүрэг гүйцэтгэж байсан. Нэгд, төрийн 6 яам, 20 гаруй хэлтэс, товчоодыг удирдах; Хоёрт, эзэн хааны шууд захиргаанд байдаг нутаг дэвсгэр, тэдгээрийн удирдах байгууллага, түшмэдийг давхар хариуцаж байсан юм.

Уг яамны ерөнхий захирагчаар хунтайж нар зарим үед Жун Шу Лин тушаалтай түр томилогдож, хаан суусны дараа угсаа залгах хүүтэй нөхцөлд хүүдээ өгч, хэрэв ханхүү байхгүй бол цуцалж байсан. Юань улсын үед 1260-1263 онд Дорж хунтайж, 1272-1286 онд Чингим хунтайж, 1307-1311 онд Аюурбарбад хунтайж, 1316-1320 онд Шадбал хунтайж, 1324-1328 онд Ашидхэв хунтайж, 1329 онд Төвтөмөр хунтайж, 1331 онд Алтандара хунтайж, 1353-1370 онд Аюушридар хунтайж нар Жун Шу Лин тушаалыг хүртэж байсан.

Үүний дараа баруун, зүүн гарын чинсан байсан. Энэ хоёр чинсан бол тус яамнаа хамаарах зургаан бага яамдыг тэнцүү тоотой хуваан аливаа хэргийг хамаарч хамгийн их чухал албан тушаалтан байсан. Хэрэв Жун Шу Лин түшмэл байвал чухал хэргийг дээш мэдүүлж шидүүлэх, байхгүй бол чухал зармыг нь эзэн хаанд мэдүүлж байжээ. Чинсангийн дараа Пинжан Жэнши буюу Пинжан тушаалтай дөрвөн хүн байсан. Тэд хоёр хуваагдаж, хоёр чинсангийн доор алба хааж байсан. Зургаан бага яамд нь:

  1. Цэргийн яам
  2. Ёслолын яам
  3. Үйлдвэрлэхүй яам
  4. Сангийн яам
  5. Түшмэлийн яам
  6. Шүүх яам болно.

Эдгээр яамдыг тус бүр яамны сайд нар захирч, тус бүр дэс дараалсан түшмэд хэргийг захирна.

Харин Эзэн хааны хувийн эзэмшил, шууд захиргааны нутгийг Фули гэж хятадаар нэрлэдэг. Монголоор Монголын Их Хааны Өмч нутаг гэнэ. Одоогийн Хэбэй, Шаньдун, Шаньси, Хэнань мужийн хойд хэсэг, Өвөр Монголын ихэнхи нутгийг захирч, Юань улсын хуулийн дагуу дао, чөлгөө, фу, жөү, шянь гэсэн дарааллаар тухайн нутгийг хянаж байсан. Юань улсын бусад муж, хязгаарын нутгийг орон нутагт байгуулсан төлөөний нэгжээр дамжуулан захирч байсан. Орон нутагт байсан төлөөний яамдыг нь Син Жун Шу Шэн (行中書省) гэж нэрлэж, заримдаа Син Шэн (行省) хэмээн товчлох явдал байдаг. Ийм орон нутгийн төлөөний яамд Буянт хааны үед, Давааны арын Монгол нутгийг нэмээд 11 болсон.

Нутаг дэвсгэрийн хуваарь[засварлах | edit source]

Төв засгийн газарт дараах 4 дао буюу зам шууд захирагдаж байлаа. Үүнийг хятадаар Фули буюу Монголын Их Хааны өмч нутаг гэж нэрлэдэг.

  1. Дасин фу: Даду чөлгөө, Шаньду чөлгөө, Синхө чөлгөө, Баодин чөлгөө, Дөнин чөлгөө, Жөүлү чөлгөө, Тайнин чөлгөө, Жинин чөлгөө (集寧路), Инчан чөлгөө, Цюаньнин чөлгөө, Нинчан чөлгөө[1]
  2. Яньнань-Хөбэй замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс: Жөндин чөлгөө, Шүньдө чөлгөө, Гуаньпин чөлгөө, Жандө чөлгөө, Дамин чөлгөө, Хуайцин чөлгөө, Вэйхуй чөлгөө, Хөдун чөлгөө, Дунпин чөлгөө, Дунчан чөлгөө, Жинин чөлгөө (濟寧路), Цаожөү, Пүжөү, Гаотан жөү, Тай ань жөү, Дөжөү, Эньжөү[1]
  3. Шаньдуны зүүн баруун замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс: Идоу чөлгөө, Жинань чөлгөө, Баньян фу чөлгөө, Нинхай жөү[1]
  4. Хөдун-Шаньши замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс: Датун чөлгөө, Жинин чөлгөө (冀寧路), Жиньнин чөлгөө[1]

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 1.2 1.3 https://zh.wikisource.org/zh/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7058