Шаньду чөлгөө
Шаньду чөлгөө (上都路) бол Юань улсын Дээд нийслэл, түүний ойр хавийн газар нутгийг хянах үүрэгтэй засаг захиргааны нэгж билээ. Одоогийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэшигтэн хошууны нутаг, Хэбэй мужийн Чэндэ хот, Лайюань шянь, Шаньси мужийн Гуанлин шянь, Линчю шянь зэрэг нутгийг хамарсан тухайн үеийн Их Монгол Улсын Онгуд аймгийн нутагт 1252 онд Мөнх хааны зарлигаар Хятад нутагт нэвтрэх цэрэг дайны стратегийн түшиц хот байгуулах зорилгоор Кайпин фу (开平) нэртэй хот бариулжээ. 1263 онд Хубилай хааны зарлигаар Кайпин фу хотыг Шаньду чөлгөө болгон өргөтгөн Чөлгөөг байгуулсан. Шаньду чөлгөөнд Кайпин шянь, Шүньнин фу, Шиньжөү, Сүнжөү, Хөнжөү, Юньжөү гэсэн 1 шянь, 1 фу, 4 жөү захирагдаж байлаа. Шүньнин фу нь доороо Шюаньдө шянь, Шюаньпин шянь, Шүньшөн шянь гэсэн 3 шянь, Баоань жөү, Вэйжөү гэсэн 2 жөү харъяалагдаж байв. 1369 онд Мин улсын цэрэг эзлэн авсны дараа Шаньду чөлгөөг татан буулгаж, Кайпин харуулыг болгон өөрчлөлт хийсэн.