Онгуд

Онгуд (монгол бичиг: ᠤᠩᠭᠤᠳ; хятад: 汪古, пиньинь: Wāng gǔ; Өнгүд, Энгүд, Цагаан татар) аймаг нь XII-XVI зууны үеийн монголжсон түрэг гаралтай аймаг. Онгуд аймгийн нэр 12-р зууны үеэс түүхэн сурвалжид бичигдэж эхэлсэн. Тус аймгийн нэрийг Судрын чуулган зэрэг түүхэн сурвалжид эр эм эгшиг ялгадаггүй араб үсгээр тэмдэглэснийг тус сурвалжийг орос хэлээр орчуулах үес "онгут" хэмээн буулгажээ. Гэвч уг нэрийн дуудлага нь зөв дуудлага нь "önggüd" болно.
Нэрний тухай
[засварлах | кодоор засварлах]"Онгон, дархлагдсан" гэсэн монгол үгнээс онгудын нэр үүссэн байж болох талтай юм. Мөн түрэг хэлний "он" (баруун) үгнээс үүсэлтэй гэсэн хувилбар мөн бий. Онгуд аймаг Монголын тэгш өндөрлөгийн баруун хэсэг буюу монгол хэлтнийхээ баруун өмнө захаар нутаглаж байснаас ингэж нэрлэгдсэн байж болох магадлалтай. Онгууд гэж үгийн бүтцийг "он+олон тооны дагавар=он+гууд" гэж задалж болно. Мөн он буюу ван цол, олон тооны гууд нэмэгдсэн гэж үзэх үзэлт гарч ирэх болжээ. Түүхч Гүнжийн Сүхбаатар эртний хятад хэлийг сайтар эзэмшсэн судлаач Хүннүгийн Вэньюйти аймгийн нэр бол Онгудын эртний хятад хэл дээрх дуудлага мөн гэж үзсэн байдаг. Мөн хүннүчүүд баруун тийш нүүхэд одоогийн Казахстаны нутагт үлдсэн юэбань хүннүчууд хожим түрэгүүдтэй холилдон шато түрэг аймгийг бүрэлдүүлж дараад нь зүүн тийш буцаж нүүн Хятадын хойд хэсэгт ирж онгуд аймаг болсон гэсэн таамаг мөн байдаг.
Түүхийн тойм
[засварлах | кодоор засварлах]Онгуд нь зүрчидийн Алтан улсын хойд хилийн хэрмийг сахин хамгаалж, найман, хэрэйд, монгол, татарын ханлигуудтай харилцаж байсан. Христосийн шашны несториан урсгалыг хүлээн авч шүтэх болсон бөгөөд шашны үйл хэрэгт сири хэл бичгийг хэрэглэж байсан боловч уйгур бичгийг төрийн хэрэгт ашиглаж байжээ.
1204 онд Найманы Таян ханы элч, онгуд аймгийн захирагч Алахуш тигидхурид очиж, Чингис хааны эсрэг дайнд холбоотон болгох гэсэн боловч Алахуш тигидхури татгалзаж, Чингис хаанд Юхунан гэх элчийг илгээн, сэрэмжлүүлснээр Чингис хааныг дэмжсэн.
Монголын захиргааны Онгуд аймаг
[засварлах | кодоор засварлах]
1206 онд Их Монгол Улсыг тунхаглах хуралдайд онгуд аймгийн Алахуш тигидхури ноёныг 88 гавьяатан сайдын нэг болгож, түүнийг 95 мянганы ноёдын нэгээр томилж, таван мянган өрх онгуд аймгийг захирах эрхийг соёрхосон. Чингис хаан Алага бэхи охиноо Алахуш тигидхурийн хүү Буяншибалд хатан болгож өгснөөс хойш онгудын ноёд монголын алтан урагтай ураг барилдах ёс тогтсон. 1211 онд монголчууд Алтан улстай дайтаж эхлэсний дараа зүрчидийн талыг баримтлагч онгудын ноёд монголын ноёрхолыг эсэргүүцэж, Алахуш тигидхури ноён, Буяншибал зэрэг ноёд, монгол цэргүүдийг алж, бослого гаргасан ч, Алахуш тигин хурийн өөр хүү Чингүй, Буюуха, Алага бэхи нар Чингис хааны цэргийн хүрээнд зугтаж амьд үлдсэн. Ингээд удалгүй монголын их цэрэг онгудын бослогыг дарж, Чингүй ноёныг Алага бэхитэй гэрлүүлж, Онгудыг захируулсан. Их Монгол Улсын онгуд аймгийн эзэн нь Алахуш тегины удмын ноёд байсан ч, тэдгээр нь дайнд цэргээ захиран явсан үед, тус аймгийг Алага бэхи зэрэг алтан ургийн монгол гүнж нар бодитоор захирч байсан. Харин Юань Улсын үед дайн байлдаан зогсож энх тунх байсан үед онгудын ван ноёд өөрийн аймгаа захирч байсан ч, цэргийн асуудлыг цэргийн явдлын хүрээлэн захирч, иргэний хэргийг төв бичгийн муж хариуцдаг байсан.
1235 онд Өгэдэй хааны үед онгудыг захирсан Алага бэхид гаотан жоугийн (高唐州) 20000 өрх шагнасан нь 1319 онд 6729 өрх болж, жилд авах татвар нь 2399 жин торго даавуу авдаг болсон. 1281 онд Хубилай хааны үед онгуд аймагт өмнөд хятадын Люжоу чөлгөөний (柳州路) 27000 өрхийг соёрхож, тэр нутгаас жил бүр 1800 ембүү мөнгө татварт авах болсон.[1]
1294 онд Айбухын хүү Кургуз хүргэнийг "гаотан ван" (高唐王), 1308 онд Нэгүдэй хүргэнийг "жао ван" (趙王), хүргэнийг "шу ван" (鄃王) гэх цолоор их хаадын зарлигаар хүртэж, үе залгамжлан тус аймгийг захирч байсан.
Онгудын ноёд
[засварлах | кодоор засварлах]- Алахуш тигидхури ноён
- Буяншибал хүргэн
- Буюуха
- жао ван Гүнбух
- Нангиадай
- жао ван Мажахан (1324-1328)
- жао ван Көлинчак
- Антун
- Нангиадай
- жао ван Айбух (1260-1294)
- гао тан ван Кургуз (1294-1298)
- жао ван Жуан (1308-1314): 1308 онд жао ван болсон.
- шу ван, жао ван Жухунан: 1308 онд жао ван болоод, удалгүй шу ван цол хүртсэн.
- жао ван Алахуд (1314-1324)
- Эсэн Каймиш
- Арибадай
- гао тан ван Кургуз (1294-1298)
- Чүрбух
- Хосидан/Констан
- жао ван Гүнбух
- Чингүй хүргэн
- Нэгүдэй: Алага бэхиэс төрсөн
Онгудийн ноёд христосийн шашны несториан урсгалыг шүтдэг байсан боловч 1293 онд Ромын папын төлөөлөгч Жиовани Монтекорвино онгудын ноён, гаотан ван Георгисийг (англи. George, хят. 阔里吉思, Kuolijisi) христосийн шашны католик урсгалд оруулжээ. Гэвч Кургузыг 1298 онд нас барсны дараа онгуд нар дахин несториан урсгалаа шүтэх болов. Онгуд аймгийн ван ноёдын сууж байсан орд харш болон оршуулгын газар нь одоогийн Өвөр Монголын Улаанцав аймгийн Дархан муумянган хошууны "Олон сүм" хэмээх газар бий. 1368 онд хятад газар Монголын Юань улсын ноёрхол унах үест онгуд аймаг нэгэнт монголжиж, монгол угсаатан болсон байжээ. XV зууны үест энэ аймгийн нэр нь энгүд хэмээн дуудагдах болж зүүн монголын Түмэд түмний бүрэлдхүүнд багтах болов. Юань улсаас хойш энэ аймгаас гарсан хамгийн алдартай хүн бол Мандуул хааны бага хатан, Батмөнх даян хааны их хатан болсон Мандухай нь энгүдийн Цоросбай төмөр чинсангийн охин болно.
Гүнжийн аав | Алтан ургийн гүнж | Онгудын хүргэн, ноён |
---|---|---|
Чингис хаан | Алага бэхи | Буяншибал, Чингүй, Буюуха |
Толуй ноён | Думуган | Нэгүтэй, Чаху |
Хубилай хаан | Юэлиэ | Буюуха хүргэний хүү Айбуха ван |
Гүюг хаан | Илимиш | Буюуха хүргэний хүү Гүнбух ван |
Чингим хунтайж | Худадаймиши | Айбухын хүү Кургуз ван |
Өлзийт хаан | Айшири | |
тодорхойгүй | Ринчин | Айбухын хүү Нангиадай хүргэн |
Ажиги ван | Уйгур гүнж | Көлинчак |
Найрбух ван | Ашихутлуг | Айбухын хүү Жухунан ван |
Урудай | Ихмянганжин | |
Хонхтөмөр ван[2] | Сүхбал гүнж | Нангиадай хүргэний хүү Мажахан |
нэр тодорхойгүй гүнж | ||
Болочу ван | Жухужин гүнж | Хосидан[3]/Констан/ |
Өлзий ван[4] | Нүлүн гүнж | Арбадай хүргэн[5] |
Гамала ван | Раднабал | Жуан хүргэн[6] |
тодорхойгүй | Гиржис | Алахуд хүргэн[7] |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "元史/卷095 - Юань улсын судар: 95-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-06-26.
- ↑ Мөнх хааны хүү Ширэги вангийн хүү
- ↑ Буюуха хүргэний отгон хүү Чүрбухын хүү
- ↑ Мөнх хааны хүү Ёлондаш вангийн хүү
- ↑ Айбух вангийн 3-р хүү
- ↑ Кургуз вангийн хүү
- ↑ Жухунан хүргэний хүү