Jump to content

Урад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Урад нь монгол угсааны нэгэн салаа. "Урчууд дархад" хэмээх утагтай. Одоо БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотод Урадын өмнөд, дундад, хойд хошуу гэж бий.

Урад нь Хорчин ястанд багтана. Арван тавдугаар зууны сүүлчээр, Эзэн богд Чингис хааны дүү Хавт Хасарын арван тавдугаар үеийн ач Бурхай Цэцэн, харьяат ардаа дахин нэгтгэн, "Урад" гэдгээр аймгийн нэрээ болгов. Хөлөнбуйрын Хөвд Найман Цагаан хэмээх газарт нутаглаж байжээ.

Тэнгэрийн Сэцэний долоодугаар он (1633)-д Урад нь өргөц барин Манж Чин гүрнийг дагаад Мин, Солонгос зэргийг дайлсан бөгөөд Сөнөдийн Тэнгис ван урвахад Урад "гавшгайлан" оролцоод манж хаан ихээр сайшаав. Эеэр Засагчийн тавдугаар он (1648)-д хаанаас гавьяа тооцож, Омбын хүү Үбан (Өбан, Обан) ба Тобаг Улсын Түшээт Гүнгээр өргөмжлөн, Сэлэний хүү Багваахай (Багбахай)-г Улсын Туслагч Гүнгээр өргөмжилж (тухайн үед Омбо Сэлэн хоёр нэгэнт өнгөрөв), тэдний захирч байсан өмнө, дунд, хойд гурван салааг баруун, дундад, зүүн Гүнгийн хошуу болгов. Мөн ондоо Урадыг уг нутгаас салган Хатан голын хойд эрэг, Монь (Мона ч гэдэг) уулын орчим бэлчээрт нүүлгэн, Монь уулын гурван ам, тодруулбал Молцог Хошуу, Хадмалын ам, Хөндөлийн ам гэх гурвыг сахиулжээ.