Jump to content

Монгол нутаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Даяар Монгол-с чиглүүлэгдэв)

Дэлхий дахинд хамгийн их газар нутаг эзэлж байсан Даяар Монгол буюу Монгол нутаг нь Монгол үндэстний нутаглан сууж буй газар нутаг юм. Үүнд одоогийн засаг захиргааны хуваариар Монгол Улсын бүхэл нутаг дэвсгэр, Бүгд Найрамдах Хятад Ард Улс доторх Монголчуудын төвлөрөн сууж байгаа Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон бусад муж өөртөө засах орон доторх Монгол үндэстний өөртөө засах аймаг, хошууны нутаг багтана. Мөн Оросын Холбооны Улсын Буриад, Халимагуудын сууж байгаа Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс болон бусад аймаг, тойрог зэрэг газар нутаг багтана. Монголын түүхэн нутаг нь таван сая км² гаруй газрыг хамардаг.

Даяар Монголын хүн ам уламжлалт соёлоороо тодорхой түвшинд нийтлэг, монгол хэлний бүлгийн хэл, аялгуунуудаар ярилцана. Эдүгээ Монгол Улсаас бусад ихэнх нутаг газарт уугуул Монгол угсаатан эх нутагтаа үндэсний цөөнх болсон байна.

Газрын зурагт монгол угсаатан харьцангуй нягт суусан нутаг дэвсгэрийг улаанаар будаж, ягаан зураасаар Их Монголын Эзэнт гүрний байлдан дагууллын оргил үеийн хил хязгаарыг харууллаа.

Монгол нутагт хүннү, дунху аймгаас гаралтай монгол угсааны ард түмэн, тухайлбал сүмбэ, ухуань, нирун, тоба, кидан нар эрт цагт оршин сууж байжээ. Монгол угсааны гэдэг нь нотлогдсон хамгийн эртний ард түмэн Дунху аймаг нь анх МЭӨ 699-632 оны үед Сыма Цяний "Түүхийн тэмдэглэлд" бичигдсэн байдаг. Түрэгийн хаант улс (555-745), Уйгурын хаант улс (745-840), Киргиз нарын ноёрхлын (840-907) үед монголчууд зүүн тийш шахагдан суух болсон ба Түрэгийн хаант улс унасны дараа 8-р зуунаас эхлэн аажим аажмаар нутагтаа эргэн ирэх болсон гэж монголын түүхчид үздэг. Кидан нар 907 онд Ляо Улсыг байгуулснаас хойш Даяар Монгол нутаг, ялангуяа Монголын өндөрлөгт монгол угсаатнууд зонхилон амьдрах болсон байна. Монгол аймгууд Манжуур нутагт тогтсон зүрчидийн Алтан Улсаас Монгол нутагт нөлөөллөө нэвтрүүлэх гэсэн оролдлогын эсрэг идэвхтэй тэмцэж байв. Ялангуяа Хамаг Монгол аймгийн холбоо энэ тэмцлийг тэргүүлж байв. Их Монгол Улсын Эзэнт Гүрний үед (1206-1368) уугуул Монгол хаадын гал голомт хэмээн ихээхэн ач холбогдолтой болсон байв. Монголын Их Эзэнт Гүрэн задарсны дараа монголчууд уугуул нутгаа 1634 онд Лигдэн Хутагт хааныг нас барах хүртэл захирч байсан юм. 14-15-р зуунд Мин Улс Монгол нутагт удаа дараа халдан довтолсон боловч эзэлж чадаагүй, Монгол цэрэгт ялагдан хөөгдөж байлаа. 1691 онд Халхын ноёд Ойрадтай хийсэн дайнд ялагдсаны улмаас Манж Чин Улсад дагаар орсон юм. Манж Чин Улсын ноёрхлын үед Чингисийн угсааны ноёд эх нутгаа захирч байв. Жишээлбэл монгол ба манжаар сийлэгдсэн Халхын Түшээт ханы тамга “Халхын Очирбат Түшээт ханы тамга” гэсэн бичигтэй байдаг.

Монголчуудын үндэсний ухамсар 19-р зууны сүүлчээр сэргэж эхлэв. Ялангуяа Манжийн 1900 оны “Шинэ засгийн бодлогын” хүрээнд монголчуудын уугуул нутгийг хятадчилан колоничлох ажиллагаа эхэлсэн нь монголчуудын дургүйцэл хилэнг бадраасан юм. Богд Хаант Монгол Улс 1911 онд байгуулагдсан тусгаар тогтнолоо тунхаглан зарлахдаа Монголчуудыг нэгтгэсэн нэгдмэл улс байгуулахыг зорьж байв. Дагуурт 1919 онд Г. Семёновоор удирдуулсан Нармай Монголын Засгийн Газар гэдгийг байгуулсан боловч Богд Хаант Монгол Улсын Засгийн Газар тэрхүү улс төрийн тоглоомд оролцоогүй билээ. Ар Монголыг Үндэсний Хувьсгалт Армиас чөлөөлсөн барон Унгерн фон Штернберг ч нармай Монголын асуудлыг дурдаж байжээ. Барон Унгернийг дарагдсаны дараа Монголд социалист дэглэм тогтсон ба энэ үед ч Ар, Өвөр Монголыг нэгтгэх асуудал тавигдсаар байв. Гэвч хоёр сая хүрэхгүй монголчуудын төлөө Хятадыг цааш түлхэх нь ашиггүй гэж үзсэн Коминтерний шахалтаар 1920-иод оны дунд үед энэ асуудлыг орхисон байна.

БНМАУ-ын цэрэг Дэлхийн 2-р дайны сүүл үед Манжуур дахь Зөвлөлтийн байлдааны ажиллагаанд оролцох үеэр Ар, Өвөр Монголыг нэгтгэх үзэл санаа дахин сэргэжээ. Гэвч дайн дуусмагц Монголын цэргийг Өвөр Монголоос яаралтай татаж, Өвөр Монголыг Хятадын Ардын Чөлөөлөх Арми эзэлсэн байна.

1990-ээд оны ардчилсан шинэчлэлийн үеэр хэд хэдэн төрийн бус байгууллага монголчуудыг нэгтгэх үзэл санааг сурталчилсан байдаг.