Коминтерн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Comintern Logo.svg

Коминтерн (орос. Коммунистический интернационал), Хоёрдугаар коммунист интернационал задран унасны дараа 1919 онд В.И.Лениний санаачлагаар Коминтернийг шинэчлэн байгуулжээ. Эхэндээ олон улсын коммунистуудын холбоо нэртэй эв нэгдлийн байгуулага байсан боловч В.И.Ленинийг нас барснаас хойш үзэл суртал, бие даасан байдлаа алдан бүрэн дампуурч Зөвлөлтийн коммунист большевик намын хавсрага-тоглоомын байгуулага болж И.В.Сталины цуст дарангуйллыг бусад улс орнуудад тулган хүлээлгэх үзэл суртал-хүчирхийлэлийн байгууллага болж хувирсан түүхтэй.

1919 оны 3 сарын 4-нд эхээр Москва хотноо В.Ленины санаачлагаар Европ, Америк, Азийн 21 орны 35 намын 52 төлөөлөгчид цуглан олон улсын коммунист хөдөлгөөний Мөрийн хөтөлбөр, Коммунист III Интернационалыг байгуулах асуудлыг хэлэлцэж, Гүйцэтгэх хороо (Коминтерний Гүйцэтгэх хороо)-г сонгон Коммунист Интернационалын  тунхаг, “Бүх орны ажилчдад” уриалгыг гаргаснаар энэ байгууллагын түүх эхэлжээ.

II их хурлаар Коминтернд элсэх “Хорин нэгэн болзол” баримт бичиг ба Дүрмийг баталж, III  их хурлаар КИГХ-г  өргөтгөн Тэргүүлэгчид, ерөнхий нарийн бичгийн даргын албыг бий болгожээ. Коминтерний гол зорилго нь дэлхий дахинд коммунист  хувьсгалыг ялуулахад оршиж, нэгдэгч, талархагч  намуудын ажил хэргийг шууд удирдан  улс орнуудын онцлогийг үл хайхран бүх секцүүдийг большевикуудын бодлогыг хэрэгжүүлж, дотоод хэрэгт оролцож байв.

   Коминтерн Дорно дахинд хандсан бодлогынхоо хүрээнд Монголын асуудалд анхаарч, ОК(б)Н-ын Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секц, АДНБДНГ (Алс Дорнодын Нарийн бичгийн дарга нарын газар)-ын шугамаар монголчуудын эрх чөлөөний тэмцлийг дэмжиж,1921 оны хувьсгалын үйл хэрэгт шууд оролцож байжээ. 1924 оноос Коминтерний гишүүн бус, талархагч нам - МАХН-ын Төв Хорооны дэргэд КИГХ-ны албан ёсны төлөөлөгч суух болж, 1924-1927 онд Т.Рыскулов, М.Амгаев нар ажиллаж,1928 онд Төлөөлөгчийн газар байгуулагдсан байна.

Коминтерн нь Монголын үндэсний ардчилсан хөгжлийн замыг таслан зогсоохын тулд коммунизмыг чиг баримжаа болгосон үзэл санааг тус орны албан ёсны үзэл суртал болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулж, Монголын нөхцөлд хэрэгжих боломжгүй тогтоол шийдвэрийг гаргаж байв.Монголын удирдагчид Коминтерний тулгалт, шахалтыг сөрөхийг хичээж байсан нь МАХН, Коминтерний харилцааг хурцатгасан. Монголыг зөвлөлтийн нөлөөнд баттай барихын тулд МАХН-ын дотор тэмцэл зөрөлдөөнийг үүсгэх замаар төрийн эргэлт зохион байгуулж, үндэсний ардчилсан үзэлтнүүдийг намын удирдлагаас зайлуулжээ. Коминтерний  тулах хүч болсон зүүнтнүүд 1928 оны эцсээс 1932 оны дунд үе хүртэлх 3 жил хагасын хугацаанд зөвлөлт маягийн социализм байгуулахыг оролдсон балмад ажиллагааны уршгаар Монголын нийгэм хямралд автаж эдийн засаг унаж, дүрвэх хөдөлгөөн, зэвсэгт бослого гарсан юм.Үүссэн нөхцөл байдал  Коминтерн, БХК(б)Н-ыг Монголын талаархи бодлогоо хянаж үзэхэд хүргэсэн бөгөөд 1932 оны дундаас МАХН ба Коминтерний харилцаа зогсчээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засах]

 Commons: Коминтерн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Коминтерн – Энэ үгийг тайлбар толиос харна уу