Нирун улс

(Нирун-с чиглүүлэгдэв)
Нирун улс
МЭ 330–МЭ 555
Төв Ази дахь Нирун улс
Төв Ази дахь Нирун улс
ТөлөвХанлиг
Нийтлэг хэлМонгол хэлнүүд (Жужан & Монгол хэл)[1]
Шашин
Тэнгэр шүтлэг
Бөө мөргөл
Буддын шашин
Хаан 
• МЭ 330
Мугулюй
• МЭ 555
Анагуй
Хууль тогтоох байгууллагаИх Хуралдай
Түүхэн эринХожуу эртний үе
• Байгуулагдсан
МЭ 330
• Мөхсөн
МЭ 555
Газар нутаг
405[2][3]2,800,000 км2
Өмнө нь
Дараа нь
Сяньби
Хөх Түрэгийн хаант улс
Умард Ци
Умард Жоу
ӨнөөдөрХятад
Казахстан
Монгол
Орос
500 он
500 он

Нирун улс нь Хүннү улс, Сяньби нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм. Язгуур монголчуудын шууд өвөг, нирунчуудыг зарим түүхэнд хүннүгээс, зарим сурвалжид дунхугаас (сяньбигаас) гаралтай гэж бичжээ.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Түүхч Гүнжийн Сүхбаатар хятад хэл дээр тэмдэглэгдсэн нэрийг нь "нирун" гэж буулгасан байна.[4] "Нирун" (хятадаар: 柔然 Жужан) гэдэг нэр нь уулс гэсэн утгатай Хангайн нуруунаас гаралтай байж магадгүй. Зарим эрдэмтэд Нируныг "Ар орон" хэмээн өмгөөлж байна. Бусад эрдэмтэд Нирун нь Монгол хэлний "цэцэн" буюу "цааз"-тай холбоотой байж магадгүй гэж үздэг. Сяньбийн угсааны Тоба Вэй улс Хятадыг эзлэн авсаныхаа дараа аажимаар хятаджиж эхэлсэн тул хятад заншлаар хөрш улс үндэстнүүдийнхээ нэрийг гуйвуулан өөрчилдөг байв. Иймээс тэд говиос хойших монголчуудыг "роуран" (хятадаар: 蠕蠕, «өт» гэсэн үг) гэж нэрлэсэн байна.[5]

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монгол Улс, Булган аймаг дахь булшнаас авсан хамгаалагч дайчин баримал, 5-6-р зуун

Сяньби-табгач аймгийн Ливэй хааны (220-277 он) сүүлээр, Табгачийн хилийн харуул нэгэн хүүг олзолсон нь Мугулюй болой. Сяньби-табгачийн Илу хааны үед (304-316 он) цэрэг дайчлалын төвөөс хожимдсон Мугулюй зугтаж, өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү Чэлухуй (Чаругуй) эрэлхэг дайчин тул аймаг, олонтой болж өөрсдийгөө нирун (жоужань/жужан) гэж нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш гарч нутаглах болжээ.Чэлухуйн 6-р үеийн ач Жарун 394 онд говиос хойш гарч, Жолошуй голын эрэгт орд өргөөгөө босгож, цааз тунхаглаж, аажмаар хүчирхэгжиж эхэлсэн ба 402 онд, уламжлалаа дагаж Хаан цол хэрэглэжээ. Жарун Нирун улсыг байгуулж урад нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улсаа оруулж, цэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтоосон.

Нирун нар нь соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ илүү хөгжингүй байсан ба өөрсдийн тогтсон ёс заншилтай ба түүнийгээ баримтлан дагадаг байжээ. Нируны соёлын бас нэг онцлог нь гэвэл хожим нь бурхны шашин дэлгэрч бүр төрийн шашины хэмжээнд хүрч байсан байна. Tатар хаан их хүчирхэг байсан тул зарим хөрш улсууд Нирун улсыг датань (татар) гэж нэрлэх болжээ. Нируны өмнөд хөрш Тоба Вэй улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар, жилээр тусгайлан бэлтгэж байгаад Нирун улсыг их цэргийн хүчээр 22 удаа довтолж байснаас 424-425, 429, 449 оны дайн Нирун улсад их хохирол учруулжээ. Харин Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор их бага, тооны цэргээр 27 удаа довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдөлгөжээ.

Энэ улс нь 402 онд Жарун хаан ширээнд сууснаас хойш хүчирхэгжсэн. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв. Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ.

Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. Энэтхэгийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ. Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт "Чэн-юй" цолыг "хаган" цолоор сольсон байдаг. Жужаны хаад хан ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв. Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд Мугулюйн удмын нийтдээ 23 хаан 330 оны орчмоос 555 оныг хүртэл Жоужаний хаан ширээнд сууснаас хамгийн алдартай нь Жарун, Татар, Нагай (492-501 он), Чуну (508-520 он), Анагуй (520, 522-552 он) нар бөлгөө. Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь 6-р зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Аварчууд улам цаашлан, хуучин Аттила хааны Хүн улсын замаар Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж 9-р зууны сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхагласан билээ.

Чуну хаан Өндөр тэрэгтний Мэту ванг дайнд ялж олдзлон авч морин дээр хөлийг нь сажлуулан чирч алаад гавлаар нь аяга хийсэн байдаг.

Жаруныг залгамжилсан Хулюй хааны үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт Умард Янь улсын Хэлун хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Шэлунь хааны өвөө, Дисуюань-ий хүү Пухуний хүү Татар хаан суужээ. 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болсон нь хожим 552 оноос бусад Түрэг аймгуудыг нэгтгэн манлайлан Жоужань улсыг эсэргүүцэн босч улмаар Нирун улсыг 555 онд унаган Түрэгийн хаант улсыг байгуулав. Түрэгийн довтолгоонд цохигдсон нирунчууд нутгаа орхин нүүсэн ба зарим нь одоогийн Монголын зүүн аймгуудад үлджээ. Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт нүүн алга болов гэж тэмдэглэжээ. Унгараас нирунчуудын бүсний арал олдсон байдаг. Мөн зарим нь баруун зүг нүүж, 570-аад онд Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй. Энэ үед Европт зүүн зүгээс нүүн ирсэн Аварын гарлыг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг ба зарим нь нирунчуудтай холбодог бол зарим нь түрэг гэж үздэг. Нирун улс унасанаар Монгол овогтон урьд хүрсэн ахуй, соёл, ШУ-ны ололт амжилтаа 907 онд Кидан гүрэн мандах хүртэл алджээ.

Нийгэм[засварлах | кодоор засварлах]

Жужанчууд мал аж ахуй эрхлэн бэлчээр усны аясыг даган нүүдэллэж, аж төрдөг эртний нүүдэлчин аймгийн нэг билээ. Мал аж ахуйгаас гадна булга суусар зэрэг үслэг ан агнадаг байв.

Эдийн засаг, аж ахуй, соёл[засварлах | кодоор засварлах]

1992 оны "Монголын түүхийн дээж бичиг"т нирунчууд дундад зууны монголчуудтай олон талаараа төстэй байсан тухай дурьджээ:

-Эсгий гэрт амьдардаг, гэрийн үүдээ зүүн зүгт харуулан барьдаг.
-үсээ сүлжин гэзэг тавьдаг г.м
Мөн үзэх: Хүйс толгойн хөшөөний бичээс

Монголоос Сяньби, Нирунд хамаарагдах археологийн дурсгал төдийлөн олдоогүй ба хүннү, сяньби, нирунчууд уулаасаа гарал нэгтэй, соёлын хувьд ижил байдагаас археологийн дурсгалууд нь төдийлөн ялгагдаггүй. Тиймээс Монголд байгаа хүннүгийн хэдэн мянган булшны зарим нь тэдэнтэй нэгэн цаг үед амьдарч байсан сяньбичуудынх байж болох юм. Оросын Өвөр Байгалийн хязгаарт судалгаа хийдэг эрдэмтэд Сяньбийн соёл гэсэн бие даасан соёл Өвөр Байгалийн хязгаарт тархсан гэдгийг археологийн судалгаагаар тогтоожээ. Аливаа улс өөрийн нийслэлийг харь угсааны хүн амын дунд байгуулдаггүй бөгөөд Хүннү, Сяньби, Нирун улсуудын нийслэл нь бүгд Орхон голын хөндий, Хангайн нуруунд байсан нь одоогийн Монголын нутагт монголчууд эртнээс нааш төвлөрөн суурьшиж байсаныг нотолдог.

Засаг захиргаа нь, төрийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Монголын эрдэмтэн Г.Сүхбаатар Нирун улсын бүрэлдэхүүнд монгол угсааны Монгол, Татар, Жужан (Нирун) болон Өндөр тэрэгтэн аймгууд багтаж байсан гэж үзсэн.

Нирун улс төв Ази төдийгүй хөрш бүс нутгуудад нөлөөтэй хүчирхэг улс байсан юм. V зуунд тэдний довтолгоонд Дорнод Туркестан, Дундад Азийн Хами, Гаочан, Жимса зэрэг хот улсууд, Юэбань, Усунь, Их Юэчжи, Согд зэрэг олон аймаг, улс өртөж байлаа. Нирунчууд эртнээс Хөх нуурын Тугухунь (IV-VII зууны үеийн монгол угсааны улс ), Дундад Азийн Эфталит (V-VI зууны үеийн энэтхэг-европ угсааны улс) болон өмнөд хятадын төр улсуудтай найрсаг харилцаа тогтоож чаджээ. III зууны сүүл IV зууны эхэнд Төв Ази, Монгол орныг бүхэлд захирсан нэгдсэн улс байгаагүй.[6]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Seregin, Nikolai N.; Matrenin, Sergey S. (December 2020). "Mongolia in Rouran time: main aspects of the interpretation of archaeological materials". Povolzhskaya Arkheologiya (The Volga River Region Archaeology). 4 (34): 36–49. doi:10.24852/pa2020.4.34.36.49. S2CID 234514608.
  2. Taagepera, Rein (1979). "Size and Duration of Empires: Growth-Decline Curves, 600 B.C. to 600 A.D.". Social Science History. 3 (3/4): 129. doi:10.2307/1170959. JSTOR 170959.
  3. Turchin, Peter; Adams, Jonathan M.; Hall, Thomas D (December 2006). "East-West Orientation of Historical Empires". Journal of World-Systems Research. 12 (2): 222. ISSN 1076-156X. Retrieved 16 September 2016.
  4. Г.Сүхбаатар, "Их Нирун Улс"
  5. 白鳥庫吉『白鳥庫吉全集 第4巻』「支那の北部に拠った古民族種類に就いて」(岩波書店、1970 япон хэлээр)
  6. Сүхбаатар Г. Монгол Нирун улс (330 орчим - 555 он). УБ., 1992
Өмнөх
Сяньби
Их Нирун улс
330-555
Дараах
Түрэг улс