Орхоны хөндий
| ЮНЕСКО-гийн дэлхийн өв | |
|---|---|
| Байршил | Монгол |
| Үүнд багтана | |
| Шалгуур | Соёлын: (ii), (iii), (iv) |
| Эшлэл | 1081rev |
| Бүртгэл | 2004 (28-р чуулган) |
| Бүс нутаг | 121,967 га (301,390 акр) |
| Буфер бүс | 61,044 га (150,840 акр) |
| Солбицол | 47°33′24″N 102°49′53″E / 47.55667°N 102.83139°EСолбицол: 47°33′24″N 102°49′53″E / 47.55667°N 102.83139°E |
Орхоны хөндийн соёлын дурсгал нь Улаанбаатар хотоос 360 орчим километр алслагдсан, Монгол Улсын төв хэсгээр урсах Орхон голын эрэг дагуу сунан байршсан байдаг. ЮНЕСКО 2004 онд 28-р чуулганаараа энэхүү газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан. Орхон голын хөндий нь Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна.
Орхоны хөндийн түүх соёлын өвүүд нь Орхон голоо даган байрлаж байдаг. Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн байгаль орчныг онгон төрхөөр нь хамгаалах, тус бүс нутагт эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах, газарзүйн онцлогт нь тохируулан шинэ дэд бүтэцийг хөгжүүлэх зорилгоор Байгаль орчны сайдын тушаалаар 2006 онд хамгаалалтын захиргааг байгуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байршуулжээ. Энэхүү хамгаалалтын захиргаа нь Орхоны хөндий орчмын нутаг, Хангайн нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна.
Гадаргын хувьд Орхон Сэлэнгийн сав газрын бэсрэг уулс, Орхон голын өргөн хөндий гэсэн хоёр хэсгээс тогтоно. Нутгийн гадаргын зонхилох хэсгийг бэсрэг уулс, намхавтар гүвээ жижиг толгодын зэрэгцээ Орхон гол, түүний цутгал жижиг голууд, уулс хоорондын ам, өргөн нарийн хоолой хөндий, тэгш талууд эзэлнэ. Уулсын хувьд 2377 метр өндөр Хутаг уул, 2312 метр өндөр Өндөр овоот, 2227 метр өндөр Шивээт улаан, 1863 метр өндөр Их бэрх, 1646 метр өндөр Их арцат уулс оршдог. Орхон голын сав дагуу Хангайн нурууны зүүн урд үзүүрийн өндөр уулын тайгархаг ой, уулын ойт хээр, голын хөндийн нуга, хуурай хээр гэсэн байгалийн олон янзын төрх байдал хосолсон байдаг.
48 зүйл хөхтөн амьтан байдгаас ховорт тооцогдох дагуурын зараа, шилүүс, зэрлэг гахай, халиун буга, баданга хүдэр бий. Сахалт багваахай, ойн багваахай, уссаг багваахай, жижиг соотгой, буурал самаахай, умрын сарсаахай, гар далавчтан зэрэг жижиг хөхтөн байхаас гадна агнуурын ач холбогдолтой 17 зүйл хөхтөн бий. Ургамалжилтаараа жинхэнэ хээр, Сибирийн тайгын бүс хоёрын завсрын бүсэд хамаарна. Орхон голын эрэг дагуу, хоёр хажуугийн хад асгатай огцом хажуу их бөгөөд тэнд сөөг, сөөгөнцөр ургамал ургадаг.
Дэлхийн өвийн II, III, IV шалгууруудыг хангасан тул 1081 дэх байршлаар бүртгэн, Ази-Номхон далайн бүс нутгийн өвд оруулсан байна.
Олон зууны турш Орхон мөрний хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор иржээ. Үүний хамгийн эртний нотолгоо нь 8-р зууны үед тогтнож байсан Хөх Түрэгийн эзэнт гүрний Билгэ хаанд зориулсан Руни бичээс бүхий чулуун хөшөө юм. Уг хөшөөнөөс хойш 25 км зайд нүүдэлчдийн нийслэл Орд балгасын туурь байдаг. Түрэгийн улсуудын үед Орхон голын хөндийд орших Этүгэн уул сүсэг бишрэл, улс төрийн төв болж байсан ажээ. Киданчуудын ноёрхлын үед тэдний сүр хүчийг илтгэсэн 3 хэлээр бичигдсэн олон тооний чулуун хөшөөнүүд бий болжээ.
Орхон мөрний хөндийд орших зарим дурсгалууд
[засварлах | кодоор засварлах]- 8-р зууны эхэн үед Хөх Түрэгийн Билгэ хаан, Куль Тегин нарт зориулан босгосон Орхоны бичээс бүхий хөшөөнүүд. Эдгээрийг Оросын археологичид 1889-1893 оны малталтаараа нээсэн байна.
- Хар балгасын туурь. 8-р зууны үеийн Уйгурын эзэнт улсын нийслэл хот нь ордон, сүм, дуган, дэлгүүр гэх мэт маш олон тооны сүрлэг байгууламжуудтай 50 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран оршиж байжээ.
- Монголын Эзэнт Гүрний нийслэл Хархорум хотын туурь уг хөндийд оршдог.
- Эрдэнэ зуу хийд. Монгол оронд Түвдийн Бурхны шашин дэлгэрсний бэлэгдэл, анхны буддын сүм. Уг сүмийн зарим хэсгийг коммунист дэглэмийн үед 1930-1940 оны орчимд устгасан байна.
- Төвхөн хийд. Даянч ламын агуй болох Төвхөн нь өвөрмөц, хосгүй сүм юм. Далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн уулын дээр орших уг хийдийг коммунист дэглэмийн үед нураасан байна.
- Өгэдэй хааны амьдарч асан 13-14-р зууны үеийн Монгол хааны ордны туурь
