Jump to content

Орхон гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орхон гол
Орхон голын хөндий
ЭхСуварга хайрхан уул, Хангайн нуруу
АдагСэлэнгэ мөрөнАнгар мөрөнЕнисей мөрөнУмард мөсөн далай
Усаа цуглуулдаг орнууд Монгол
Байршил Архангай
 Булган
 Сэлэнгэ
Урт1,124 км
Урсац-дундаж 66 м³/с
-хамгийн их 190.2 м³/с, 7 сар
-хамгийн бага 0.5 м³/с, 2 сар
Ус цуглуулах талбай132,835 км²
Зүүн цутгалуудТамир гол
Баруун цутгалуудТуул гол, Хараа гол

Орхон (монгол бичгээр орхон) гол нь Монголын хамгийн урт гол.

Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм. Усаа цуглуулах талбай нь 132,835 км² бөгөөд энэ нь Сэлэнгийн манай нутагт дахь усаа цуглуулах талбайн 47% болно. Орхон голын эхний хэсгийг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтаасан.

Орхон эхний хэсэгтээ Улиастай гол, Цагаан Гүүт гол, Тонгорог гол, Цагаан гол, Улаан гол зэрэг олон голуудыг нийлүүлж авдаг. Мөн жаахан доошлоод зүүн талаасаа Тамир гол, Хавчуу гол, баруун гараасаа Нарийн гол (Хөгшин Орхон), Туул гол, Хараа гол, Ерөө гол, Шарын гол зэрэг олон голыг нийлүүлдэг.

Эх хэсэгтээ уулархаг газраар урсдаг, хөндийдөө хүрмэн чулуун гүн хавцалтай, адаг хэсэгтээ их өргөн болдог. Туул гол нийлсний дараа Орхон гол нь олон салаа болж урсдаг, Голын өргөн нь ихэссээр 150 м хүрнэ. Ерөө гол нийлснээс хойш усны түвшин нь хурдан дээшилдэг. Орхоны хөндий нь нугатай, тариалангийн ихээхэн талбайтай. Эрдэнэ-Зуу (Өвөрхангай) орчимд Орхоны усыг усжуулалтад ашигладаг. Энд 8150 га талбайг услах чадалтай. Услалтын системийн суваг байдаг. Суваг дээр 528 квт чадалтай усан цахилгаан станц бий. Энэ бол манай улсын анхны усан цахилгаан станц юм. Орхон голыг Туулын адаг хүртэл усан замд ашиглаж болно гэж үздэг. Хөндий нь их өргөсч 10 км, голын өргөн нь 250 м, усны гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 м/с хүрнэ. Усны сүлжээний нягтшил нь 0.08 км/км.

Орхон гол 11-р сард хадаалж 130 орчим хоног хөлдүү байна. Гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 м/с хүрнэ. Орхоны адаг нь (Сүхбаатар хотын орчимд) 602 м өндөрт байдаг. Адаг хавьдаа усны дундаж урсан өнгөрөлт нь 116 м³/с, урсацын модуль 0.76 л/с.км болдог. Усжуулахад ашигладаг. Орхонд зэвэг, цурхай, булуу цагаан, алгана, гутаар зэрэг загас бий. Орхон гол нь XVIII зууны "Халх журам" хуулиар хүрээний орчмоос амьтан агнахыг хориглосон газрыг цаад хил бож байв.

Түүхийн баримтууд

[засварлах | кодоор засварлах]

Орхон голын хөндий нь эртний монгол орны нутаг дэвсгэрийн хувьд хүн ам төвлөрөн суух хамгийн тохиромжтой бүс нутгуудын нэг байсан байна. Ийм учраас энд Эртний түрэг, Уйгур болон Хиргисийн хант улсуудын төв суурин газар нийслэл хотууд нь байсан болох нь археологийн судалгаагаар батлагджээ. Түүнээс гадна Орхоны хөндийд Их Монгол улсын нийслэл Хархорин хотын туурь байдаг. Мөн Орхоны хөндийгөөс эртний Хүннүгийн үеийн археологийн олдвор хүртэл олддог байна. Ер нь Орхоны хөндий нь монгол орны түүх соёлын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний түүх соёлын дурсгалын хувьд үнэлж баршгүй үнэт өв тул 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалыг ЮНЕСКО Дэлхийн өв болгон бүртгэжээ.

Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээ
  • "Сэлэнгэ мөрөн". www.medeelel.mn. Archived from the original on Арван хоёрдугаар сар 5, 2012. Татаж авсан: July 16, 2007. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)