Халх журам
Халх журам (монгол бичиг: ᠬᠠᠯᠬ ᠠ ᠵᠢᠷᠤᠮ) бол XVIII зууны Монголын түүхийн болон монгол хууль цаазын нэн чухал түүхэн баримт бичиг.
1691 онд Халх Монгол Манжийн эрхшээлд орсоны дараа Халхын хаад ноёд, шашны том зүтгэлтнүүд 20 гаруй удаа янз бүрийн газар цугларан хуралдаж хэлэлцэн тогтоосон хуулиудыг Халхын дотоод нийгэм, улс төрийн асуудлыг зохицуулж байсан учир “Халх журам” хэмээн нэрийдсэн байна.
“Халх журам” нь Халх Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 18 жилийн дараа буюу 1709 онд гарсан ч Халхын дотоод асуудлыг энэ хуулиар зохицуулж байжээ. Манж Чин улсын Энх-Амгалан хаан “Шинэ дагасан халх нарыг түр тэдний хууль ёсоор болготугай” гэж зарлиг буулгаж байжээ. Хэдийгээр Манж улсын эрх захиргаанд орсон ч Халхын хан, ноёд бие даасан үйл ажиллагаа явуулж байсны нэг илрэл нь “Халх журам” юм.
Манжийн төрөөс “Монгол цаазын бичиг” буюу “Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг”-ийг тогтоож явуулснаар тус хуулийн үйлчлэх хүрээ, ач холбогдол зарим талаар буурч үндсэндээ зөвхөн Их шавийн дотор дагаж мөрдөх болсон байна. Шанзудбын яам нь Их шавийн доторх эрүү, иргэний хэргийг “Халх журам” хуулийг баримтлан шийтгэдэг байв.
“Халх журам”-ын жинхэнэ эх бичиг уламжлагдаж ирсэнгүй. Түүний дэлгэрэнгүй эх “Их намтар” гэдэг нэртэйгээр Амарбаясгалант хийдэд хадгалагдаж байсан тухай дээр үед бичгийн алба хааж явсан хүмүүс ярьдаг байсан ажээ.