Jump to content

Суварга хайрхан уул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Суварга хайрхан
Үнэмлэхүй өндөр 3117 м
Байрлал Цэнхэр сум, Архангай аймаг
 Монгол
Нуруу Хангайн нуруу
Харьцангуй өндөр 2075 м
Солбицол 47° 3′ 22″ У, 101° 21′ 57″ ЗКоординат: 47° 3′ 22″ У, 101° 21′ 57″ З
Суварга хайрхан уул (Монгол Улс)
Суварга хайрхан уул (Монгол Улс)
Суварга хайрхан уул
Суварга хайрхан уул

[[Ангилал:]]

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суврага хайрхан уул (өөрөөр Суварга хайрхан уул) нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм.

Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.

Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм.

Суврага хайрхан уулсын салбар уулсын нутагт амьдарч байгаа зон олон идээ, малаар элбэг, дэлбэг, ус голоор хэзээ ч гачигдахгүй, элдэв өвчин, ган, зуд, байгалийн аюулт гамшиггүй, энх тунх, элбэг хангалуун амьдарч байх хувь тавилантай юм гэнэ билээ хэмээн нутгийнхан ярьдаг, хойч үедээ захидаг юм.

Байгалийн тогтоц

[засварлах | кодоор засварлах]

Суврага хайрхан уулнаас салбарласан өвөр талдаа Боржин хад, Байц цохио, Нүцгэн орой, хүнх, хуниас бүхий Солбидог, Жимгэр, Хошгот, Тонгорогийн их, Бор, Цагаан өргөө зэрэг олон сүрлэг нугууд салбарладаг бөгөөд эдгээр уулсаас Тонгоргийн гол, Хошготын гол, Жимгэрийн гол, Хөрвөөлгийн гол, Өлзий Тээлийн гол зэрэг түргэн урсгалтай, үхэр чулуутай бэсрэгхэн голууд гол төлөв их ганга, анаг хавцал дундуур боргио үүсгэн урсаж Орхон голын эх сав газрыг бүрдүүлдэг ба Улаан цутгалан хэмээх хүрхрээг үүсгэн Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймгийн олон ард иргэдийг ундаалж, амьдрах усны эх болдог байна.

Мөн баруун талдаа Манхан, Ямбилэг, Чирэнгэт, Нөрөөт, Бугат, Согоот, Баян өндөр, Үйзэн бүрхээр, Хашаат, Шарт, Намшир, Буурал цагаан дунгол, Чил, Байшинт, Хонгор хана, Шар булуу, Шар тээг гээд олон сайхан сүрлэг уулс урт нуруунууд залган салбарладаг юм.

Эдгээр уулсаас Ширдэгийн гол, Шартын гол, Нарийн хамрын гол, Ямбилэгийн гол, Гялааны гол, Цагаан сүм, Могойн гол зэрэг голууд эх аван урсч Цэцэрлэг, Цэнхэрийн голуудыг бүрдүүлэн Архангай, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, сумын зон олныг ундаалдаг голын эх болж Тамирын голтой нийлж Орхон голд цутгадаг юм.

Ургамал ба ан амьтан

[засварлах | кодоор засварлах]

Суварга хайрханаас салбарласан нуруудад Хар Хад, хуш, хус, улиас, бургас, тоорой, хайлаас, далан хальс, яргай, чаргай, болон үхрийн нүд, хад зэрэг төрөл бүрийн жимсний мод ургадаг юм.

Буга, согоо, бодон гахай, бор гөрөс, янгир ямаа, хүдэр, чандага туулай, шилүүс, дорго, мануул, хярс, үнэг, чоно, тарвага, зурам зэрэг ан амьтад элбэг байдаг. Хур, сойр, ятуу, ахууна, ёл, тас, бүргэд, сар, бэгбаатар, хойлог, ууль, шар шувуу, харцага, тоншуул, шатар шаазгай, тагтаа, бор шувуу, хэрээ, улаан хошуут зэрэг байнгын оршин нутаглах жигүүртэн элээ, хөхөө, өвөөлж, хөх, шар цөцгий, хун, галуу, ангир, нугас, тогтруу, өрөвтас, зуунхурга зэрэг нүүдлийн шувууд амьдардаг үзэсгэлэнт нутаг билээ.

Тайлга, тахилга

[засварлах | кодоор засварлах]

Суварга хайрхан уулыг хошуу ноёд, нутгийн иргэд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн түүхэн уламжлалтай юм. Цэцэрлэг багийн нутагт Давцан, Цэнхэр багийн нутагт Тахидаг уул, Орхон багийн нутагт тахидаг овоо зэрэг гурван өндөрлөгөөс урд, баруун, баруун урд зүгээс тахидаг байжээ.

Суварга хайрхан уулын салбар зүүн талд нь орших Жаран цөнхлөг уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо байдаг бөгөөд Чингис хааны их цэрэг баруун зүгт дайтаар мордож явахдаа Суврага хайрхан уулыг биширч, босгосон домогтой билээ.

Суварга хайрхан ууланд гарч мөргөсөн эр хүний 3 жилийн хийморь сэргэж, элдэв гай барцад тохиолдохгүй сайн сайхан амьдардаг гэсэн сүсэг бишрэлийг олон хүн даган мөрдөж, Архангай аймгийн Булган, Цэнхэр, Ихтамир, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэд цагаан идээний дээжээ өргөн жил бүр 7 сарын 15-наас 8 сарын 25-ны хооронд сар гаруй хугацаанд өдөрт 40-60 морьтой хүн тасралтгүй гарч мөргөдөг билээ.

2007 онд ерөнхийлөгчийн зарлигаар Суварга хайрхан уулыг төрийн тахилгат уул болгосон юм[1].

Хангайн нуруунд Суварга хайрхан уулаас өндөр олон уул байх боловч Суварга хайрхан уул шиг олон хүн биширч тахин шүтдэг өвөрмөц тогтоцтой, олон гол эх авсан, олон нуруунд салбарласан уулс ховор билээ.

  1. "ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ". www.touristinfocenter.mn. Archived from the original on 2013-11-13. Татаж авсан: 2013-12-07.