Ардын хувьсгал
| Ардын хувьсгал | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Хамаарах дайн: Оросын иргэний дайн | ||||||||
Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Борис Шумяцкий нар Ардын хувьсгалын зүтгэлтнүүдийн хамт. 1921 оны 8-р сар. | ||||||||
| ||||||||
| Байлдагч талууд | ||||||||
|
|
|
| ||||||
| Командлагч болон удирдагчид | ||||||||
|
|
| |||||||
Ардын хувьсгал-ын үйл хэргийг Ардын түр засгийн газар, Монгол Ардын Нам, Ардын журамт цэргийг тэргүүлж байсан Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар болон Д.Догсом, Д.Чагдаржав, Д.Лосол, Х.Чойбалсан, М.Дугаржав, Ц.Дамбадорж, Л.Сумьяа, С.Магсаржав, Ц.Хасбаатар, Б.Пунцаг, Ч.Базарсад, Г.Бумцэнд нарын эх орончид, цэргийн зүтгэлтнүүд манлайлан удирдсан билээ. Халхын 4 аймаг, Их Шавь, Хөвсгөлийн Дархад, Дарьганга, Дөрвөдийн аймаг, казахийн хошуудаас ирсэн олон ястан, нийгмийн янз бүрийн давхрааг төлөөлсөн журамт цэрэг энэ хувьсгалын зэвсэгт хүч байв. Энэ бүхэн нь 1921 оны хувьсгалын зорилго нийгмийн олонхийн эрх ашигт нийцэж, тэр чанараараа бүх Монголын үйл хэрэг байсныг гэрчилнэ.
1921 оны хувьсгал Монгол орныг мухардлаас гаргах түүхэн эргэлтийг хийж, үндэстэн урагшлан хөгжих шинэ цагийн эхлэл болсны учир олон түмний сэтгэлд ардын хувьсгал нэрээр мөнхрөн, ХХ зууны Монголын гол үйл явдлаар тодорчээ. Ардын хувьсгалыг Монголын түүхэнд 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал хэмээн мөн нэрлэдэг.
Хувьсгалаас өмнөх нөхцөл байдал
[засварлах | кодоор засварлах]Монголын автономит эрхийг устгасан нь
[засварлах | кодоор засварлах]1911 онд тусгаар тогтнолоо сэргээсэн Олноо Өргөгдсөн Монгол Улс нь 1915 оны Хиагтын гэрээний дагуу Дундад Иргэн Улсын харьяалалд тусгай автономит улс болсон билээ. Гэвч 1914 онд болсон Дэлхийн нэгдүгээр дайн болон 1917 онд Орос оронд гарсан Октябрийн хувьсгал, Оросын иргэний дайн зэрэг үйл явдлуудаас уламжлан Монголын талаар Оросын баримтлах бодлого суларсан байна. Энэхүү эгзэгтэй үед Монголын тусгаар тогтнолыг цаашид хангах тал дээр Монголын ноёд лам нарын хооронд зөрчил хурцадсан бөгөөд 1919 оны 2-р сард анхны ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн учир битүүлгээр нас баржээ.

Монголд сууж байсан Хятадын бүрэн эрх төлөөлөгч Чен-И энэхүү байдлуудыг ашиглан Монголын удирдлага дахь Хятадын тал баримтлагч Шанздуба Бадамдорж, Гадаад хэргийн сайд Балингийн Цэрэндорж зэрэг лам ноёдыг өөртөө татах бодлогыг амжилттай явуулав. Удалгүй 1919 оны 10-р сард Сю Шүжаны удирдсан Хятад цэргүүд Нийслэл хүрээг эзлэж авсан. Тэрбээр зөрчилдөөнөөс болж Чен-Иг баривчлан Бээжинд хүргүүлсний дараа Монголын автономийг устгах гэрээ бичигт монголчуудыг гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлэн Бадамдорж, Цэрэндорж нарын зөвшөөрсний дагуу зуруулсан ба 1920 оны 1-р сарын 2-нд Монголын цэргийн зэвсгийг хураан Монголын автономийг устгах ёслолыг Хүрээнд хийжээ.
Нууц бүлгүүд байгуулагдсан нь
[засварлах | кодоор засварлах]Гадаад Монголын өөртөө эзэрхэх засаг унаснаар эрх чөлөөний тэмцлийн шинэ үе эхлэв. Үзэл бодлоороо нэгэн зорилгод нэгдсэн Ноёдын, Хүрээний, Консулын бүлгүүд бий болж, тэд автономит засгаа сэргээх арга замыг зүйл бүрээр эрэлхийлж байв.
1919 оны сүүлээр Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Дарьзавын Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Дамдины Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж, Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийн хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ.
Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн нь
[засварлах | кодоор засварлах]1920 оны 7 дугаар сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Да лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Д.Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ лүү буцаад иржээ.

Ардын намынхан анх Зөвлөлт Орос улс явахдаа зөвхөн зэвсэг гуйхаар явсан боловч сүүлдээ зэр зэвсгээс гадна оросын улаан цэргийн хүчийг авахаар тохирч үүний төлөөсөнд Монголд зөвлөлт маягийн төр засаг тогтооно гэсэн амлалт өгсөн ажээ. Ингэж анх ардын намынхан Коминтерний нөлөөнд шууд орох нөхцлийг бүрдүүлжээ.
Барон Унгерн Монголд орж ирсэн нь
[засварлах | кодоор засварлах]1919 оны хавар Орос оронд Улаантнууд Александр Колчакын Цагаан цэргүүдийг бут цохиж тус оны намар Алс Дорнодын фронт руу давшиж эхэлсэн. 1919 оны Сибирийн өвлийн хүйтэнд Колчакын удирдсан Цагаантнууд Улаан армид Омск, Томск, Красноярск зэрэг том хотуудыг алдаж 1920 оны 3-р сар гэхэд Байгал нуурын зүүн зүгт орших Чита хот хүртэл ухарсан.

1920 оны эцсээр Оросын Байгал нуурын чанадын Цагаантны удирдагч Атаман Семёновын харьяаны дэслэгч генерал Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан армийн Азийн морин дивиз Монголд орж ирэн 10 сараас эхлэн Нийслэл Хүрээг хэд хэдэн удаа довтолж 1921 оны 2-р сарын 23 ны өдөр Нийслэл Хүрээг хятадын гамин цэргээс бүрэн чөлөөлжээ.
Үүний үр дүнд Богд хаант монгол төр дахин тогтнож монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээв. Барон Унгерн нийслэл Хүрээнд банк, цэргийн сургууль, гааль байгуулж хотыг хогноос нь цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ. Унгернээс зугтсан гамин цэргүүд Хиагт руу явж Орос улсаар дамжин нутаг буцахаар хойд зүгийг чиглэж, зарим нь өмнө зүгт Чойр орчим бүгжээ. Чойр дахь гамингуудыг дийлснээр Барон Унгерний цэргүүд 1921 оны 4 дүгээр сар гэхэд Монгол орныг хятадын гамин цэргээс бүрмөсөн чөлөөлсөн ажээ.
Ардын нам байгуулагдсан, Хиагтыг эзэлсэн, Барон Унгернийг бут цохисон нь
[засварлах | кодоор засварлах]
1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулсан. 26 төлөөлөгчтэй тус хурал нь МАН-ын Төв хороог сонгон, намын хөтөлбөрийг батлажээ. Уг хуралдааныг хожим МАН-ын анхдугаар их хурал хэмээн албан ёсоор томьёолсон юм. ТХ-ны даргаар С.Данзанг, түүний орлогчоор Элбэгдорж Ринчиног сонгосон.
1921 оны 3-р сарын 13-нд Ардын түр засгийн газар (АТЗГ)-ыг байгуулан, түр засгийн газрын ерөнхий сайдаар Д.Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Д.Бодоо, бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатар томилогдсон байна. АТЗГ байгуулснаа Хүрээний засгийн газарт албан ёсоор мэдэгдсэнээр Монголд хоёр засаг тогтсон.
1921 оны 3-р сарын 18-нд жанжин Д.Сүхбаатараар удирдуулсан Ардын журамт цэрэг хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулалдаанаарыг уг хотыг эзлэн авчээ.
5-р сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ.

1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.
Ач холбогдол
[засварлах | кодоор засварлах]Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан байна. 1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. Мөн уг хувьсгалын дараа нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан феодализм, хамжлагат ёсыг халсан байна.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]1921 оноос хойш жил бүрийн 7-р сарын 11-нд Ардын хувьсгалын ялалтын баярыг Эрийн гурван наадам хийн ёслон тэмдэглэж иржээ.
- Д.Сүхбаатар 1921 оны долдугаар сарын 10-ны өдөр Нийслэл хүрээнд.
- Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан босгосон Улаанбаатар хот дахь жанжин Д.Сүхбаатарын хөшөө.
