Дамдины Сүхбаатар

Энэ хүнийг бусад Сүхбаатараас ялган таниарай.
Дамдины Сүхбаатар
1893 оны 2 сарын 2 (1893-02-02) – February 20, 1922(1922-02-20) (29 насалсан)[1]

1920-1922 оны үеийн зураг
Төрсөн газар Манж Чин гүрэн, Ар монгол Их хүрээ
Нас барсан газар Богд Хаант Монгол Улс, Нийслэл хүрээ
Эх орон Богд Хаант Монгол Улс
Ажиллагаа/салбар Богд Хаант Монгол Улсын арми
Ардын журамт цэрэг
Албан үүргийн он жилүүд 1911–1922 он
Цол Улсын баатар
Цэргийн удирдах албан тушаал Ардын журамт цэргийн Бүх цэргийн жанжин, Цэргийн яамны сайд
Тулалдаанууд/дайнууд 1918 оны байлдаан,
Хиагтыг чөлөөлөх байлдаан,
Нийслэл хүрээг чөлөөлсөн нь
Шагналууд «Монгол Улсын баатар»
Зөвлөлт Холбоот Улсын «Улаан тугийн одон»
бусад

Дамдины Сүхбаатар (* 1893 оны 2 сарын 2; † 1923 оны 2 сарын 20) нь Монголын ардын нам, Төрийг үүсгэн байгуулагчдын нэг, Төрийн зүтгэлтэн, Монгол улсын Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин байсан хүн юм. Олон түмнээ "гоймон баатар" хэмээн алдаршсан. Тэрбээр өнөөгийн Улаанбаатар[1] хот буюу тухайн үеийн Амгаланбаатар хотод харц ядуу ард Дамдины хүү болон мэндэлжээ.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

  • 1893.02.02-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 14 настайдаа бичиг үсэг суржээ.
  • 1911 онд цэргийн албанд орж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
  • 1918 онд эх орноо гадны түрэмгийлэлээс чөлөөлөх дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
  • 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
  • 1921.03.01-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
  • 1921.11 сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлтийн удирдагч Владимир Ильич Ленинтэй уулзав.
  • 1922.07 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон.
  • 1923.02.20-нд 30-н настайдаа таалал төгссөн. (Хорлогдож нас барсан гэж үздэг).

Бага залуу нас[засварлах | кодоор засварлах]

МАН, ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжин, монголын ард түмний гарамгай хүү Дамдины Сүхбаатар 1893 оны 2-р сарын 2-нд тэр үеийн Маймаа (одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байв. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Иймээс Д.Сүхбаатар бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С. Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байв.


Д.Сүхбаатар 19 настайдаа 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга нар бэлтгэх сургуульд амжилттай суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болжээ. Д. Сүхбаатарт орчин үеийн цэргийн тактикаар хэрхэн байлдах, пулемёт буугаар хэрхэн буудах зэрэг цэргийн эрдмийг тэр үед Хужирбулангийн цэргийн сургуульд сургагч багшаар ажиллаж байсан хаант Орос улсын цэргийн офицер, монголчуудын дунд "сахалт" хэмээн алдаршсан Васильев гэдэг хүн сайтар зааж сургасан ажээ. Энэ үеэр Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ. Д. Сүхбаатар цэрэг эрстэй итгэмжит сайн нөхрийн ёсоор харилцаж, цэргийн эрдэм эзэмшихэд нь туслахыг туйлаа эрхэмлэдэг байлаа. Иймээс цэргүүд Д.Сүхбаатарыг чин сэтгэлээс хүндэлдэг байснаар үл барам түүний удирдлагаар тэмцэлд эрслэн босч байв.

Тухайлбал 1914 оны зун Хужирбулангийн цэргүүд хоолонд ялзарсан мах өгсний эсрэг шаардлага тавьж, эсэргүүцэн тэмцээд дийлж байжээ. Д. Сүхбаатар Богд хаант Монгол улсын цэргийн албанд зүтгэж байхдаа улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ.

Нийгмийн бүтээн байгуулалт[засварлах | кодоор засварлах]

Д.Сүхбаатар түүний гэргий Янжмаа 1923 он

Д.Сүхбаатар олон хошуу нутгаас дайчлагдан ирсэн ядуу залуусын хамт цэргийн алба хааж байхдаа гадаадын булаан эзлэгчдийн дарлал доромжлолыг үл зөвшөөрч, тэрхүү зовлон зүдгүүрээс улс орноо хэрхэн ангижруулах арга замыг сүвэгчлэн эрэх болжээ. Д. Сүхбаатарын үзэл бодолд нийслэл Хүрээнд ажиллаж байсан монголын тэргүүний сэхээтэн Солийн Данзан, Догсомын Бодоо болон нийслэл Хүрээний орос хэвлэлийн газар ажиллаж байсан М. И. Кучеренко, Я. В. Гембаржевский нарын зэрэг оросын хувьсгалчид их нөлөө үзүүлж тэдэнтэй нягт холбоо тогтоон ажиллах болжээ.

Д.Сүхбаатар 1918 оноос эхлэн Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажилснаар тус орны гадаад дотоод байдал, засаг төрийн бодлоготой нэлээд тодорхой танилцах бололцоотой болжээ. Орос оронд болсон октябрийн хувьсгалын үзэл санаагаар зоригжсон ард ангийн тэргүүний хүмүүс улс орныхоо тусгаар тогтнолыг хятадын түрэмгийлэн эзлэгчдээс хамгаалахын тулд өөрсдийн хүчийг хамтатган, нэгэн байгууллагад нэгдэхийн чухлыг ойлгож зорилго нэгт хань нөхдөө эрэлхийлж байжээ.

1919 оны 7-р сард нийслэл Хүрээг хятадын гамин цэрэг түрэмгийлэн эзэлж Богд хаант монгол төрийг устгаж монгол цэргийн зэвсгийг хурааж Богд хааныг гэрийн хорионд оруулж улс орны байдал хүнд хэцүү болов. Тэр үеийн монголын төрийн зүтгэлтнүүд, лам хувраг, ард иргэд хятадын гамин цэргийн түрэмгийлэлд ихэд дургуйцэж тусгаар тогтносон Монгол улсаа дахин сэргээх арга замыг эрэлхийлж байв.

Үүний илрэл нь Нийслэл хүрээнд Бодоо, Данзан нарын анх байгуулсан Хүрээний ба Консулын гэсэн эх оронч хоёр нууц бүлэг үүссэн явдал байв. Д. Сүхбаатар эх оронч нууц бүлгийг санаачлан байгуулагчдын нэг байв. 1920 оны 6 дугаар сарын 25-нд хоёр бүлгийн хамтарсан хурал болж, тус хоёр бүлгийг нэг байгууллага болгон нэгтгэж “Монгол Ардын Нам” гэж нэрлэхээр тогтжээ. Энэ хурал дээр Д. Сүхбаатар хэлэхдээ:

„Манай намын нөхөд эв санаа нэгтэй, сахилга бат сайтай, нийтийн төлөө үнэнчээр зүтгэхдээ амь бие үл хайхрах, өөрсдийн нууцыг бусдад задруулахгүй гэж нэг намд багтсан нэгэн тангаргатан болох бидэнд хатуугаар сахиж явах нэг тангараг заавал байх хэрэгтэй“

Д. Сүхбаатар: Намын бүлгүүдийн хамтарсан хуралд хэлсэн үг

гэжээ.

Тэрхүү тангараг нь тус эх оронч байгууллагын дагаж мөрдөх мөрийн хөтөлбөр “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг” байсан юм. Нууц хоёр бүлгийн дотор янз бүрийн үзэл санаатай хүмүүс оролцсон учир тэд ард түмний тэмцлийн зорилгыг өөр өөрөөр ойлгож байв. Нууц бүлгийн хамгийн гол зорилго бол эх орноо хятадын түрэмгийлэгчдээс чөлөөлөх явдал байлаа.

1920 оны хавар Д.Сүхбаатар хэдийгээр эцэг нь хүнд өвчтэй байсан боловч арга буюу орхин гэр орноо зарж хөл залгах унаа бэлдээд ард түмний их хэргийн төлөө Зөвлөлт Орос улсын зүг зорьжээ. Ийнхүү явахынхаа өмнө тэмцэл, үйл ажиллагааныхаа гол шугамыг тодорхойлж өөрийн эцэгт

„Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн“

Д. Сүхбаатар

гэж хэлж байв. Хятадын гамин цэргүүд монгол-оросын хилийг чандлан сэргийлж байснаас болж Д. Сүхбаатар энэ удаа хил нэвтэрч амжаагүй бөгөөд харин 1920 оны зун хоёр дахь удаагийн явалтаар зорилгоо биелүүлж чадсан юм. Тэд Эрхүү хотноо Коминтерний Дорно Дахины нарийн бичгийн дарга нарын газрын удирдах ажилтан нартай удаа дараа учирч Монгол Ардын Намын нэрийн өмнөөс Зөвлөлт орос улсын засгийн газарт хандан тусламж гуйх тухай бичиг үйлдэж түүндээ хувьсгалт байгууллагаас нэн даруй гүйцэтгэх чухал асуудлыг тодорхойлон бичжээ. Зөвлөлт Орос улсад очсон ардын намын Данзан, Лосол, Чагдаржав нар Омскоор дамжин Москва хот орж тэнд Зөвлөлт Оросын ГЯЯ-ны сайд Георгий Чичеринтэй уулзжээ. Харин Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нар бэлтгэл ажлаа хангах зорилгоор Эрхүү хотод үлджээ. Ардын намынхан Орос улсад очоод улс орноо хятадын цэргээс чөлөөлөхийн тулд зэвсэг гуйж оронд нь зөвлөлт засгийг улс орондоо тогтоох тохиролцоо хийсэн гэдэг. Гэвч сүүлдээ зөвхөн зэвсэг гуйх бус, улаан орос цэрэг гуйх болсон нь тусгаар тогтнолооо дөнгөж олоод байсан Богд хаант Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо алдах аюул болно гэдгийн тэр үед хэн ч яахин мэдэх билээ.

1921 оны 2-р сарын 24-ний өдөр хаант Орос цэргийн жанжин, азийн морин дивизийн командлагч, хошууч генерал Барон Унгерн фон Штернберг гамин цэргээс монголыг чөлөөлөх зорилгоор дүн өвлийн хүйтэн цагт нийслэл Хүрээ рүү довтолж, арван мянган хятад цэргийн эсрэг мянга хүрэхгүй цөөн цэрэгтэйгээр зоригтой тулалдаж Богд хааныг гамин цэргийн гэрийн хорионоос чөлөөлж нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлөв. Богд хааныг дахин хаан ширээнд залж Монгол улс дахин тусгаар тогтнолоо сэргээв. Богд хаан монголын тусгаар тогтнолыг дахин сэргээсэн гавьяатай Барон Унгернд Улсыг мандуулагч их баатар цол олгов. Барон Унгерн удалгүй өмнө зүг довтолж Чойрт байрлаж байсан гамин цэргийг ялж 1921 оны дөрөвдүгээр сар гэхэд монголын нутгийг хятадын гамин цэргээс бүрэн чөлөөлөв. Харин нийслэл Хүрээнээс Барон Унгерний цэрэгт ялагдаж зугтаасан гамин цэрэг Оросын нутгаар дамжиж зугтаахаар хойд зүгт явж Хиагт хотод бүгсэн байлаа. Энэ үед Д. Сүхбаатар монголын дотоод дахь бодит байдлыг мэдэж, ард түмнийг дарлал зовлонгоос бүрэн ангижруулах их хэргийг эхлэх цаг нэгэнт болсон гэж үзээд намын анхдугаар их хурлыг яаралтай хуралдуулж, монголын ард түмний хувьсгалт тэмцлийг зохион байгуулж удирдах улс төрийн дайчин байгууллага МАХН-ыг жинхэнэ ёсоор байгуулах бүх бэлтгэл ажлыг шууд гардан удирдсан юм.

Үүний хамт намын бодлогыг олон түмэнд таниулах, ухуулах хуудас болон намын анхны дайчин хэвлэл “Монголын үнэн” сониныг хилийн чандад хэвлүүлэн монгол нутагт нууцаар нэвтрүүлэх, партизан цэрэг элсүүлэх зэрэг асар их ажлыг зохион байгуулж байв. 1921 оны 2-р сарын есөнд болсон хувьсгалчдын зөвлөлгөөнөөр ардын журамт цэргийг байгуулах ажлыг түргэтгэх, зэвсэгт тэмцэлд идэвхтэй бэлтгэх зорилгын үүднээс Д. Сүхбаатарыг журамт цэргийн жанжнаар томилсон байна. 1921 оны 3-р сарын 1-3 ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын анхдугаар их хурал Монгол орны улс төрийн байдлын тухай хэлэлцэж, намын Хөтөлбөрийг батлан бүх ард түмний зэвсэгт бослогыг бэлтгэн явуулах, Ардын журамт цэргийн штаб байгуулах, Монгол Ардын Намын Төв Хороог сонгон нам байгуулах тухай асуудал хэлэлцжээ.

Их хурал Ардын журамт цэргийн жанжинаар Д. Сүхбаатарыг томилсон юм. 1921 оны 3-р сарын 13-нд Дээд Шивээ хотноо “Монгол Ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” гэдэг нэртэйгээр Монгол Ардын Түр засгийн газрыг МАН-ын удирдлагаар байгуулсан байна. Түүний бүрэлдхүүнд Д. Сүхбаатар оржээ.1921 оны 3-р сарын 18-ны шөнө Хиагт хотноо бүгж байсан гамин цэргийн гол хүчийг бут цохиж Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж ард түмний зэвсэгт бослогын том ялалт, ардын хувьсгалын эхлэлт болжээ. Монголд ийнхүү хоёр засгийн газар байгуулагдав. Нэг нь саяхан дахин сэргээн байгуулагдсан хууль ёсны Богд хаант Монгол улсын Засгийн газар, нөгөө нь Дээд Шивээ хотноо байгуулагдсан Монгол Ардын Түр засгийн газар байлаа.

Хиагтыг хятадын гамин цэргээс чөлөөлөх тэмцэлд Д. Сүхбаатарын зохион байгуулах ур чадвар улам тодорч чин зоригт авьяаслаг жанжин болохоо илтгэн харуулсан юм. Д. Сүхбаатараар удирдуулсан ардын журамт цэрэг болон Нейман, Шетинкинаар удирдуулсан улаан армийн олон мянган орос цэргүүд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл Хүрээнд орж ирэв. 1921 оны 7-р сарын 8-ны өдөр МАН-ын төв хорооны өргөтгөсөн хурал болж хууль ёсны Богд хаант монгол төрийг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 1921 оны 8-р сарын 10-нд Богд хаант Монгол улсын засгийн газрыг татан буулгаж, Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Ардын засгийн анхны Ерөнхий сайдаар Д.Бодоог томилж, Д. Сүхбаатарыг Ардын засгийн газрын Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилжээ.

1941 оноос Монгол улсын 5 төгрөгний тэмдэглэл. Баруун талд Сүхбаатарын гэрэл зураг байна

1921 оны 8-р сарын 11-нд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэнд тунхаглан зарлажээ. 1921 оны 11-р сард байгуулагдсан Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлын хэлэлцээр бол их бага үндэстний хооронд жинхэнэ тэгш эрх, бие биеэ хүндэтгэх, харилцан туслах зарчмын үндсэн дээр байгуулагдсан олон улсын ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн юм. Гэвч цаашид дөнгөж байгуулагдсан Ардын нам засаг Коминтерний тулгалтад орж хүнд хэцүү байдалд орж байлаа. Удалгүй Коминтерний шахалтаар ардын засгийн ерөнхий сайд, бусад сайд нар төдийгүй хуучин Богд хаант төрийн зүтгэлтнүүд, лам хутагт хувилгаад нарыг ямар ч үндэслэлгүй цаазаар авах хорт ажиллагаа эхэлсэн юм. Ардын засгийн анхны ерөнхий сайд Бодоо улс орноо Англи, Япон улсын адил хэмжээт эрхт хаант засаглалтай Үндсэн хуульт улс байгуулах төлөвлөгөөтэй байсан боловч 1922 онд амь насаа алдсан юм. Гэвч эцэстээ Монгол улс Коминтерний заавраар зөвлөлтийн загвараар байгуулсан улс болох нь тодорхой болсон юм. 1922 онд Цэргийн жанжин Д. Сүхбаатарын тушаалаар Монгол улсын Ерөнхий сайд байсан Д.Бодоо, Чагдаржав болон Богд хаант төрд зүтгэж байсан бусад 15 түшмэдийг Шар хаданд цаазлан хороожээ. Д.Сүхбаатар 1923 онд үл мэдэгдэх шалтгаанаар нас баржээ. 1924 онд Ардын намын анхны дарга, Сангийн сайд Солийн Данзан цаазаар авхуулжээ. Энэ бүх хорт ажиллагааны цаана Коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчино байсан хэмээн түүхчид үздэг.

Нас барсан нь[засварлах | кодоор засварлах]

Монгол Ардын Нам төрийг үндэслэн байгуулагчдын нэг, улсын баатар, цэргийн жанжин Д.Сүхбаатар ийнхүү нам ард түмнийхээ үйл хэрэгт зүтгэхийн үлгэрийг үзүүлж Ардын хувьсгалын ололтыг хамгаалан тэмцсээр 1923 оны 2-р сарын 20-нд таалал төгсчээ. Энэ цаг үе их ээдрээтэй хүнд хэцүү цаг үе байлаа. Ардын хувьсгал ялаад дөнгөж ганц жилийн дараа 1922 онд Монгол улсын Ерөнхий сайд Д.Бодоо болон Чагдаржав, Да лам Пунцагдорж нарыг ямар ч үндэслэлгүй, ямар ч шүүхгүйгээр шууд буудан хороов. Дараа нь ардын засгийн сайд, ардын намын анхны дарга С.Данзанг ямар ч үндэслэлгүй буруутган цаазаар авав. Түүхчид Д.Сүхбаатарын нас барсан шалтгааныг хоёр янзаар тайлбарладаг. Нэг таамаглал нь Хүрээнд байрлаж байсан оросын улаан цэргүүд нийслэл Хүрээнд хүн алж хүрээ талж, хүчирхийлэл үйлдэж байсан тул Д. Сүхбаатар Монголд орж ирсэн оросын улаан цэргийн тоог 500 болтол нь цөөрүүлэх санал гаргасан нь оросын улаан комиссаруудын дургүйг хүргэж тэд Сүхбаатарт эм хэмээн хортой үрэл өгч хөнөөсөн гэдэг таамаг байдаг. Нөгөө таамаглал нь ханиад хүрч, хатгаа аваад хүндэрсний улмаас нас барсан гэж үздэг. Аль ч таамаг нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд Монголын зарим уран сайхны кинонууд дээр хорлогдож нас барж буйгаар дүрслэн гардаг. Тэрхүү социализмын нэг үзэл суртал ноёрхсон цаг үеийн кинонууд дээр Богд гэгээнтэн нэгэн ламаар дамжуулан Сүхбаатарт эм гээд хортой үрэл өгч хөнөөсөн гэдэг нь огт худал гүтгэлэг юм. Богд гэгээн Сүхбаатар хоёр эртнээс Хужир булангийн сургууль төгсч Богд хаант Монгол төрийн цэргийн бага дарга байх цагаас нь эхлэн найрсаг дотно харилцаатай байсан гэдэг. Д. Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө

„Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ! Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!“

Д. Сүхбаатар: гэрээслэл

хэмээн гэрээсэлжээ. Улаантнууд түүнийг нас барснаас хойш элдэв худал домог зохиож, нам төрийг үндэслэгч суут ард түмний удирдагч байсан мэтээр хэт дөвийлгөж байсан. Тэр туурга тусгаар Монгол улсынхаа төлөө зүтгэсэн эрэлхэг зоригтой цэргийн жанжин байсан.

Шигтгээ[засварлах | кодоор засварлах]

1922 онд Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны бүх хүний нэр, овог, нас, өрх ам, малын тоог тодорхойлсон бүртгэлээс...

Сайд жанжин Сүхбаатар, ургийн овог Хайс, нас 28. Өрх 3. Лам Дэндэв нас 33, хар Эрэнчин нас 31 /зарим номонд Аранжин гэж ташаарсан нь буй/, хөвгүүн Төмөр нас 3, эх Ханджав нас 62, ноёхон Янжин нас 30, эм Мандал нас 35, хүүхэн Долгор нас 21, Оюун 6 настай, ам 9. Адуу 11, үхэр 10, хонь 10 гэж бүртгэгдсэн байна.

Урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Түүнчлэн үзэх[засварлах | кодоор засварлах]

Гадаад орнууд дахь дурсгал[засварлах | кодоор засварлах]

ОХУ-д:[засварлах | кодоор засварлах]

  • Сүхбаатарын нэрээр : ЗХУ-ын Эх орны дайны үед 112 дугаар Улаан тугийн одонт танкийн бригадын "Хувьсгалт Монгол" /Революционная Монголия/ танкийн цувааны Т-34 , сүүлд Владимир хотод байралдаг ОХУ-ын Зэвсэгт хүчний — 44 дүгээр Бердичевын гвардийн танкийн хороо.
  • Москва хотын «Метрополь» зочид буудлын хананд Д.Сүхбаатарт зориулсан дурсгалын самбар байдаг.
  • Хиагт хотод Сүхбаатарын гэр музей байдаг.
  • Д.Сүхбаатарын нэрээр дараах хотуудын гудамжийг нэрлэсэн байна:
    • Барнаул хот
    • Эрхүү хот
    • Курган хот
    • Эрхүү мужийн Ново-Ленино хот
    • Улан-Үд хот
    • Новоя-Курба хот /Буриадын Заиграевский дүүрэг/
    • Элстэй хот

Киргиз Улс:[засварлах | кодоор засварлах]

  • Бишкек хот

Казахстан Улс:[засварлах | кодоор засварлах]

  • Алмата хот
  • Тараз хот
  • Шымкент хот

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дамдины Сүхбаатар – Викимедиа дуу дүрсний сан