Jump to content

Гэлэгдоржийн Дэмид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өрлөг жанжин Г.Дэмид

Гэлэгдоржийн Дэмид (1900 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Ихтамир сум (хуучнаар Их тэнгэр сум), Хан-Өндөр багийн нутагт, Тамирын голоос урдхан уулын сайхан бэлд, элстэй толгодын хажууд, Алтан тэвш нэрт газар (Шар булан гэсэн бий) төрж, 1937 онд ЗХУ-д нас барсан)-БНМАУ-ын маршал, төрийн зүтгэлтэн.

Тэрээр 1900 онд малчин ард Чойсүрэнгийн Гэлэгдоржийн дунд хүү болон мэндэлжээ. Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хан-Өндөрийн бага сургууль 1919 онд байгуулагдсан, 1921 оноос Монголд байсан ууган сургуулийн нэгэн билээ. Тус бага сургуулиас өрлөг жанжин Г.Дэмид, цэргийн зүтгэлтэн Дашчирав, С.Гиваапил, Дудрайн Бадамхатан, одон оронч С.Нинжбадгар нар төржээ. 1910 онд 10 орчим насандаа Хан-Өндөрийн хүрээнд шавилан суусан боловч удалгүй орхисон байна. Дэмид багадаа хурдан морь унадаг, ажнай хүлгийн уяачдынхаа тоосонд хийморь сэргэдэг байсан нь хожим нь моринд дуртай болгож цэргийн жанжин болсон үедээ ч тэр хүслээ хөглөсөн. 

1917 онд Сэцэн чин вангийн хошууны төвд Гэрзэнз Жалайр хунтайжийн удам Наянт вангийн хүү 3-р агь ноён Артаасэд Бээжингээс ирж 1918 онд монгол бичгийн сургуулийг Тэнхим нэртэйгээр байгуулсан (Хан-Өндөрийн бага сургууль) нь Г.Дэмидийн бичиг үсэг шамдан сурахад маш их нөлөөлжээ.

Улс төрийн намтар

[засварлах | кодоор засварлах]

Г.Дэмид 21 настайдаа 1921 онд шинэхэн мандсан ардын журамт цэрэгт ах Надмидынхаа оронд сайн дураараа элсэн орж, гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж, ардын хувьсгалын ялалтыг хангах үйл хэрэгт, амь бие үл хайрлан, идэвхтэй оролцож явсан аж. Ардын хувьсгалын партизан Г.Дэмид 1921 онд Алтанбулаг хотод МАН-д гишүүнээр элссэн байна.

1926-1929 онд ЗХУТверийн морин цэргийн сургуульд онц дүнтэй үлгэр жишээ суралцсан байна. 1926 оны үеэр Г.Дэмидэд Англи улсаас морин цэргийн жанжны сайхан эмээл бэлэглэсэн байдаг. Энэ эмээл Монгол Улсын цэргийн музейд бий аж. 1928 онд МАН-ын дотор баруун зүүнтний нугалаа тэмцэл ихсэж эх орондоо дуудагдсан. 1930 онд МАХН-ын VIII Их хурлаас Намын төв хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. 1930 онд 4 сараас 1931 оны 1 сар хүртэл 50 гаруй хууль дүрэм боловсруулахад биечлэн оролцжээ.

Маршал Г.Дэмид 1932 оны хувьсгалын эсэргүү бослогыг дарахад идэвхтэй оролцсон төдийгүй 1930-аад оны баруун хилийн мөргөлдөөн, 1935 оноос эхэлсэн зүүн хилийн мөргөлдөөнд Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжны хувьд идэвхтэй оролцож дайсан этгээдийг бут цохиж эх орноо батлан хамгаалсан чадварлаг жанжин байжээ. 1936 онд БНМАУ-ын өрлөг жанжин анхны маршал цол хүртсэн.

Хууль завхруулахын эсрэг тэмцэж байсан цөөн зүтгэлтний нэг. ДЯЯ хууль ёсыг ноцтой зөрчиж, хилс хэрэгт олон зуун хүнийг хэлмэгдүүлж байгааг эхнээс нь зоригтой шүүмжилсэн Монголын хуруу дарам цөөн удирдагчын нэгэн. Мал ахуйг өсгөх, цэргийн хүчин чадлыг дээшлүулэх, лам нарын хэрэг, хэлмэгдлийн үнэн зөв байдлыг олох талаар тууштай тэмцсэн. Нэр хүнд нь ард түмний дунд асар хүчтэй өсөж байв.

1937 оны 8-р сарын 22-ны өдөр ЗХУ-ын Кемерово муж дахь төмөр замын Тайга өртөөнд өөр 4 хүний хамт (дивизийн захирагч Г.Жанзанхорлоо, ЗХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Гомбосүрэн, Батлан хамгаалах яамны орчуулагч Ц.Доржиев ба түүний гэргий Л.Дагзмаа) хорлогдон идэр жавхаа бүрдсэн 37 насандаа цогтой Монголын хүүгийн цохилох зүрх зогсчээ. Эхнэр Навчааг жирэмсэн байхад нь Японы тагнуул гэсэн зүйл ангиар шийтгэж 1938 онд буудаж хороосон байна. Маршал Г.Дэмидийг 1962 онд цагаатгажээ.