Жарантайн Авхиа
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Жарантайн Авхиа | |
|---|---|
| Төрсөн | |
| Улс орон | Монгол үндэстэн |
| Иргэншил | |
| Мэргэжил | цэргийн зүтгэлтэн |
Жарантайн Авхиа - Хурандаа Генерал, үндэсний бөхийн Улсын харцага.
ЖАРАНТАЙН АВХИА
БХЯ-ны сайд асан, Хурандаа Генерал, Улсын харцага Ж.Авхиа нь Засагт хан аймгийн Сүжигт гүний хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Шарга (Хасагжаргалан) сумын малчин Жарантайн хоёр дахь хүү болон 1923 онд төржээ. Бага нас нь хөдөөгийн эгэл борогхон амьдрал дунд өсч, ширэг зүлгэн дээр үеийн нөхөдтэйгээ өдөржин ноцолдож хувцас, хунараа урж хааяа ээждээ зэмлүүлдэг л байж. Тэглээ гэж яахан шантрах билээ. Арван таван настайдаа дунд ангиа дүүргэж, сумандаа МХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, бага сургуулийн багш, захирлаар ажиллаж, хорин настайдаа буюу 1943 онд ардын цэргийн алба хаахаар алсын дөрөөнд хөл тавьсан.
Орос оронд нийтдээ 15 жил сууж, Цэргийн дээд сургууль, академи, Жанжин штабын академийн дээд курсыг тус тус дүүргэж, аспирантур, докторантурт суралцаж, хуулийн сэдвээр дэд доктор, докторын зэрэг хамгаалсан.
1955 онд Чехословак Улсад болсон Бүх ард түмний спартакиадад оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын хурц арслан Ц.Бадамсэрээжидийн хамт очиж, монгол бөхийн намба төрхийг сурталчилсан нь бөхийн түүхэнд хоёр дахь удаагийнх болон үлджээ
Өвгөн аав (ээжийнх нь эцэг) Лхаасүрэн гэж махлаг том биетэй, бяр тэнхээ ихтэй, цэрвүү барьцнаас халж суйлах, гуд татах мэхийг гаргуунд сайн хийдэг, сайхан барилдаан ч хүн байсан гэдэг. Тэрээр, өөрийн хошуу ноёдын дарлал, доромжлолыг үл тэвчин дайжиж, одоогийн Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдын нутагт очиж суурьшсан хойноо ч “Алтайн бүдүүн” хэмээх хочтой тогтмол барилдан, хошуу наадамд олон удаа үзүүр, түрүүнд үлдэж, шагшигдаж байсан бөх байжээ. Ээжийн нь эгчээс гарсан Ц.Адарсүрэн гэдэг хүү бөх болж, аймагтаа үзүүр, түрүү булаалддаг байж. Мөн аавын нагац ах Намсрай болон түүний гурван хөвгүүн Н.Бавал, Н.Рагчаа, Н.Намжил нар ч бас шаггүй гэж яригдсан бөхчүүд байсан
Гэр бүлийн хүн Ё.Дүгэржав радио, телевизийн байгууллагад 20 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ суусан. Гурван хүү, нэг охинтой. Хүүхдүүд нь бүгд гадаадад дээд сургууль дүүргэсэн. Том хүү А.Сэргэлэн Хилийн цэргийн ангид штабын дарга, хурандаа цолтой, охин А.Жаргалан Худалдаа үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хүү А.Амгалан “Мишээл” компаний захирал, мөн нэг хүү арилжаа наймааны ажил эрхэлдэг. Долоон ачтай.
БХЯ-ны сайд асан, Улсын харцага Ж.Авхиа гуай бөх хүний оюун сэтгэлгээний их нөөцийг эрдэм судалгааны үйлсэд тууштай хэрэгжүүлэн, алжаалыг үл огоорон хөдөлмөрлөж, 1968 онд Хууль цаазны ухааны дэд доктор, 1976 онд докторын зэргийг тус тус хамгаалсан юм билээ. Тэрээр сургууль, олон нийтийн байгууллагын ажлаас эхлэн цэрэг, армийн удирдах томоохон албыг 50 орчим жил хашиж, улс, армидаа ихийг бүтээж, Д.Сүхбаатарын одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны Улаан тугийн болон Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одон, түүнчлэн гадаад, дотоодын олон арван медалиудаар шагнагдсан болохыг нь тодотгох юун. Тэрээр насан эцэстлээ ШУА-ийн төр, эрх зүйн хүрээлэнд зөвлөхөөр ажиллаж, Үндэсний бөхөө хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж, МҮБХ-ны дэргэдэх “Бөх судлалын төв”-ийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулж явсан нөр хөдөлмөрч хүн байсныг эцэст нь тэмдэглэюу.
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.