Пүрэвийн Мөнхдорж
Пүрэвийн Мөнхдорж (1947 оны хаврын тэргүүн сарын эхэнд буюу хоёрдугаар сарын эхээр Төв аймгийн Өнжүүл суманд төрсөн; 1991 оны арваннэгдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод нас барсан) нь монголын хошууч генерал, улс төрч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]П. Мөнхдорж 1947 оны хаврын тэргүүн сарын эхэнд Төв аймгийн Өнжүүл сум буюу одоогийн Бүрэн сумын нутагт “”Ар үнэгт” гэдэг газар төржээ. 1965 онд нийслэлийн 5 дугаар дунд сургуулийг алтан медальтай дүүргэж улмаар 1971 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн ар тал, тээврийн Академийг мөн алтан медальтай төгсөж, Монгол Улсаас уг Академийн анхдагч алтан медальт болж гантиг чулуун самбар дээр Монгол Улсын нэрийг өөрийн нэртэй бичүүлсэн. 1982-1984 онд Москва хотын К.Е.Ворошиловын нэрэмжит Зөвлөлт Холбоот Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Академийг дүүргэж цэргийн оператив-стратегийн мэргэжил эзэмшсэн байна.
Ажил мэргэжил
[засварлах | кодоор засварлах]1965 онд цэргийн албанд ирж, 1971-1973 онд Батлан хамгаалах яамны авто хуягт танкийн хэлтэст офицер;
- 1973-1976 онд мөн хэлтэст авто техникийн албаны дарга;
- 1976-1979 онд мөн хэлтсийн орлогч, ерөнхий инженер;
- 1979-1981 онд Батлан хамгаалах яамны авто хуягт танкийн газрын орлогч дарга бөгөөд ерөнхий инженер, 1981-1982 онд мөн газрын даргын үүрэг гүйцэтгэгч зэргийн ажил хийв.
1984-1985 онд БНМАУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын газрын орлогч, хэлтсийн дарга; 1985-1987 онд БНМАУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч, бөгөөд Оперативын газрын дарга, Монгол ардын армийн Зэвсэглэл техникийн газрын дарга; 1987 оноос Батлан хамгаалах яамны орлогч сайдаар тус тус ажиллаж байв. Мөн 1987 онд Улаанбаатар хотын АДХ-ыг сонгох 15 дахь удаагийн сонгуулийн 98 дугаар тойргийн депутатаар сонгогдон ажиллаж байв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1989 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор Хошууч генерал цол хүртсэн бөгөөд МАХН-ын XIX Их хуралд төлөөлөгчөөр оролцож МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүнээр, 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь сонгуулийн депутатаар 21 дүгээр тойргоос сонгогдон ажиллаж байв.
Тэрээр Армийн авто хуягт танкийн техникийн бэлэн байдлыг хангах ашиглалтыг сайжруулах талаар мэргэжил нэгт нөхдийнхөө хамт хошуучлан ажиллаж байсан төдийгүй Монгол орны батлан хамгаалах салбарын тулгуур бодлогыг тодорхойлж, цаашид хөгжин дэвшихэд цэргийн алдар, мэдлэг, боловсрол, чадвараа эцсийн амьсгалаа хураах хүртлээ зориулж явсан залуу генералуудын нэг байсан.
МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн, Улсын Их Хурлын депутат, Монгол Улсын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хошууч генерал Пүрэвийн Мөнхдорж агсан Монгол Улсын нийгэм, төрийн байгууллын ардчилсан үндсэн зарчмууд, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллага, орон нутгийн тогтолцоог бэхжүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилтыг тунхагласан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах их үйлсэд оюун билэг, авъяас чадвараа дайчлан оролцож байгаад 1991 оны 11 дүгээр сарын 20-нд Ардын Их Хурлын хуралдааны танхимд таалан төгссөн билээ.
Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, залуу генерал П.Мөнхдорж эрдэм, ухаан, цэргийн мэдлэг, эх оронч сэтгэл, хувийн үлгэр жишээгээрээ цэргийн хойч үедээ дурсагдах олон сайхан чанартай хүн байсан төдийгүй чөлөөт цагаа яруу найргийн ертөнцөд зориулж олон арван шүлэг бичиж яруу найргийн цомог номоо хэвлүүлж гавьяа замнал, уран бүтээл, энгүүн дүр төрхөөрөө ард түмнийхээ сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлджээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Хошууч генерал П.Мөнхдоржийн эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх болон ах, дүү армиудын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, Ардын армид олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь төр засаг өндөр үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Байлдааны болон ардын хувьсгал, зэвсэгт хүчин, ардын армийн ойн медаль, гадаад улсын медалиудаар шагнажээ.
- БНМАУ-ын Ардын Их Хурлын гишүүн
- БНМАУ-ын батлан хамгаалахын орлогч сайд
- Монголын хошууч генерал
- Монгол Ардын Намын гишүүн
- Зохиогч
- ЗХУ-ын жанжин штабын цэргийн академийн төгсөгч
- Цэргийн инженер-техникийн их сургуулийн төгсөгч
- Алтан гадас одон шагналтан
- БНМАУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одон шагналтан
- Бүрэний хүн
- Монголчууд
- 1947 онд төрсөн
- 1991 онд өнгөрсөн