Jump to content

1991 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аргын жил дараалал
1986 · 1987 · 1988 · 1989
1990 1991 1992
1993 · 1994 · 1995 · 1996
Хамаарах арван
1990-ээд он
Хамаарах зуун
XX зуун

1991 (MCMXCI) Аргын тооллоор нэгэн мянга есөн зуун ерэн нэгэн он. Билгийн тооллоор 1991 оны төмөр хонь жил. Григорын тооллоор энэ жил мягмар гарагт эхэлжээ. Энэ жил бол хоёр дахь мянганы 991 дэх жил, XX зууны 91 дэх он, 1990-ээд он гэж тоолбол хоёр дахь жил юм. Дэлхий даяар 1947 оноос эхэлсэн үзэл суртлын "хүйтэн дайн"-ы сүүлийн жил нь энэ жил байлаа. ЗХУ задран бутарч үндэс суурин дээр нь 15 тусгаар улс бүрэлдэн тогтож дэлхийн улс төрийн газрын зурагт ихээхэн өөрчлөлт орсон болно. Тусгаар тогтносон дээрх улсууд бүгд нийлж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн болсон юм.

Энэ оныхоо 7-р сард нь Энэтхэг улс үе улирсан автократ шинжтэй бурангуй тогтолцооноосоо салж, эдийн засгаа өргөн хүрээнд чөлөөллөө. Хэдийгээр энэ нь Энэтхэгийн ДНБ-г богино хугацаандаа нэмэгдүүлсэн ч дараагийн 20 жилд нь орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлсэн юм. НҮБ-ын эрх бүхий 34 үндэстний эвсэл Кувейтийг булаан эзэлсэн Иракын эсрэг дайн зарлав. Персийн булангийн дайн гэж нэрлэгдсэн энэ үйл явдал Ойрх Дорнодын бүс нутагт АНУ-ын зэвсэгт хүчний байнгын оролцооны эхийг тавьсан юм. Европ тивд Серби болон Югославын хооронд бараг 10 жил үргэлжилсэн Югославын дайн энэ жилд дэгдлээ.

Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлах апартейд дэглэм устаж, иргэний эрхийн төлөө тэмцэгч Нелсон Мандела шоронгоос суллагдсаны дараах энэ жил хүн амыг арьс өнгөөр ялгаварлах байдал бүрнээ арилж, 1950 оны Хүн амын бүртгэлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцлоо. Өмнөх онуудад CERN-ийн лабораторид эхлэлээ тавьсан дэлхийг хэрсэн интернэт сүлжээ бусад судалгааны байгууллагуудад түгэн тархаж, наймдугаар сард нь олон нийтэд нээлттэй болж дэлхийн түүхэнд анхны цахим хуудас болох “info.cern.ch” ашиглалтад орсон юм. Энэ үйл явдал мэдээллийн технологийн эх үндсийг тавиад зогсохгүй даяаршлыг хурдасгаж, хавтгай дэлхий гэх ойлголтыг бий болгосон билээ.

Поп соёлын хувьд ч ярих юмтай жил байлаа. Альтернатив рок урсгалыг шинэ шатанд гаргасан гранж рокын анхны төлөөлөгчид байгуулагдаж эхлэв. Энэ урсгалын сод төлөөлөл болох Нирвана хамтлаг энэ оныхоо есдүгээр сард “Nevermind” цомгоо худалдаанд гаргав. Хип хоп урлагч урьд хожид байгаагүй өндөр амжилт тогтоолоо. Түүнчлэн электрон хөгжмийн урсгал хүчээ авч дуу хөгжмийн салбарт шинэ тренд тогтоов. Энэ урсгал зөвхөн шинэчлэл байгаад зогсохгүй уламжлалт хөгжимтэй ч сүлэлдэн залуусын анхаарлыг татах болсон юм.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 1 - Чехословак улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халсан Зүүн Европын хоёр дахь улс болжээ.
  • Нэгдүгээр сарын 5 - Гүржийн зэвсэгт хүчин Өмнөд Осетийн Цхинвали хотод довтолж, 1991-1992 оны Өмнөд Осетийн дайн дэгджээ.
  • Нэгдүгээр сарын 7 - Хаити улсад төрийн эргэлт хийхийг завдав. Экс дарангуйлагч Жеан Клод Дувальегийн удирдлаганд нэгдсэн хагас цэргийн зохион байгуулалттай бүлгэм төрийн эргэлт хийхийг санаархсан ч амжилтад хүрч чадсангүй. Төрийн эргэлтийг удирдсан Рожер Лафонтантыг долоодугаар сард нь ялласан юм.
  • Нэгдүгээр сарын 9 - Персийн булангийн дайн: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Иракийн Гадаад хэргийн сайд Тарик Азизтай уулзсан боловч Кувейтийн газар нутгаас Иракын цэргийг гаргах асуудал дээр тохиролцоонд хүрч чадсангүй.
  • Нэгдүгээр сарын 12 - Персийн булангийн дайн: АНУ-ын Конгрессын хоёр танхим Кувейтийн газар нутгаас Иракын цэргийг гаргахын тулд цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн тогтоолыг батлав.
  • Нэгдүгээр сарын 13 - Дуут хувьсгал: Литвийн тусгаар тогтнолын төлөөх ардчилсан жагсаалыг дарахын тулд Зөвлөлтийн цэргийн хүч Вилньюс хотод нэвтрэв. Үүний уршгаар 14 энгийн иргэн амиа алдаж, 702 хүн шархаджээ.
  • Нэгдүгээр сарын 14-16- Москва хотод айлчилсан сөрөг хүчний гол улс төрч С. Зориг тэргүүтэй Ардын Их Хурлын Парламентийн бүлгэмийн төлөөлөгчид ч гэсэн ярилцагч түншүүдтэйгээ юуны өмнө өрийн асуудал зэрэг эдийн засгийн асуудлуудыг хөндөн ярьжээ.
  • Нэгдүгээр сарын 14-27 - Талбайн теннисний Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Германы теннисч Борис Бекер, эмэгтэйчүүдийн ангилалд Югославын теннисч Моника Селес нар түрүүллээ.
  • Нэгдүгээр сарын 15 - Персийн булангийн дайн: НҮБ-ын тогтсон хугацаа дууссан тул “Цөлийн шуурга” ажиллагаа эхлэхэд бэлэн болов.
  • Нэгдүгээр сарын 16 - Персийн булангийн дайн: “Цөлийн шуурга” ажиллагаа эхэлж, агаарын анхны дайралтаа хийв.
  • Нэгдүгээр сарын 17 - Персийн булангийн дайн: Иракын зэвсэгт хүчин Израил улс руу довтолж, “Скад” пуужин харважээ. Улмаар энэ сарынхаа 19-нд Тель-Авивт 15 хүн, 22-нд нь Рамат Ган хотод 96 хүн шархдав.
    • Норвегийн хаан ширээг V Харальд залгахаар болов.
  • Нэгдүгээр сарын 18 - Америкийн агаарын тээврийн “Eastern Airlines” компани 62 жил үйл ажиллагаа явуулсны эцэст дампуурлаа зарлалаа.
  • Нэгдүгээр сарын 22 - Персийн булангийн дайн: Британийн зэвсэгт хүчин Иракын нутагт зэвсэглэлээ байршуулж эхлэв.
  • Нэгдүгээр сарын 24 - Папуа Шинэ Гвиней улсын засгийн газар Бугенвилль арлын босогчидтой энхийн гэрээ байгуулав. Ингэснээр 1988 оноос хойш үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн эцэслэжээ.
  • Нэгдүгээр сарын 26 - Сомали улсын Ерөнхийлөгч Сиад Барре албан тушаалаасаа огцров. Улмаар тус улсад иргэний дайн дэгдэв. Гурав хоногийн дараа тус улсын Ерөнхийлөгчийн суудалд Али Махди Мухаммад суужээ.
  • Нэгдүгээр сарын 27 - АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн шигшээ тоглолт болох Супер боулын тэмцээнд Нью-Йорк Жайнтс баг өрсөлдөгч Баффало Биллсийг 20:19 харьцаагаар хожиж, хоёр дахь удаагаа түрүүллээ.
  • Нэгдүгээр сарын 29 - Өмнөд Африкт Африкийн үндэсний конгресс намын дарга Нелсон Мандела болон Инката эрх чөлөөний намын дарга Мангосуту Бутелези нар найрамдлын гэрээнд гарын үсэг зурав.
    • Персийн булангийн дайн: Хажигийн тулаан эхэлснээр тус дайны хүрээнд анхны томоохон хуурай замын тулаан дэгджээ. Энэ тулаан ердөө нэг хоног л үргэлжилсэн юм.
  • Хоёрдугаар сарын 1 - Афганистанын зүүн хойд хэсгийн Хинду Куш мужид 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж 848 хүн амиа алдан, 200 орчим хүн бэртэж гэмтжээ.
  • Хоёрдугаар сарын 6 - Саудын Арабын нисэх хүчний Бойнг КС-135Е онгоц хоёр хөдөлгүүрийн доголдлын улмаас ослын буулт хийв. Гэмтэл их байсан ч нисгэгчийн ур чадварын ачаар хөлгийн багийн дөрвөн хүн бүгд аврагдаж, хэсэг хугацааны дараа албаабүрэн хааж эхлэв.
  • Хоёрдугаар сарын 7 - Хаити улсад ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч Жеан Бертран Аристид тангараг өргөв. Эдийн засгаа чөлөөлж, дарангуйллын тогтолцоог өөрчилнө гэх амлалтын дараа АНУ тус улсад тавиад байсан хоригоо аравдугаар сард нь цуцалсан билээ.
    • Их Британийн Засгийн газар хуралдаж байхад Ирландын Түр армийнхан Даунинг гудамжид миномётоор дайрав. Золоор нэг ч хүний амь эрсэдсэнгүй.
  • Хоёрдугаар сарын 8- Монгол Улсын Ерөнхий сайд Д. Бямбасүрэн, Дэд Ерөнхийлөгч Р. Гончигдорж нар Москвад айлчилсан. Энэ үеэр “БНМАУ, ЗСБНХОУ-ын хоорондох найрамдал, сайн хөршийн харилцааны тухай тунхаглал” гарчээ.
  • Хоёрдугаар сарын 13 - Төмөр хонь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, улсын арслан Бандийн Ганбаатар үзүүрлэжээ.
    • Лазераар тоноглогдсон “ухаалаг тэсрэх бөмбөг” Багдадын газар доорх нуувчинд дэлбэрч олон зуун хүн амиа алдав. АНУ-ын Цэргийн тагнуулын алба үүнийг цэргийн байгууламж гэж мэдэгдсэн бол Иракын засаг захиргаа үүнийг бөмбөгдөлтөөс хорогдох байгууламж гэж эсэргүүцсээр байлаа.Хоёрдугаар сарын 13
  • Хоёрдугаар сарын 14- Монгол Улс ОУВС, Дэлхийн Банкны гишүүн болсон.
  • Хоёрдугаар сарын 15 - Чехословак, Унгар, Польшийн удирдагчид чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих зорилго бүхий “Вишеградын бүлэг” байгуулагдсаныг зарлав.
  • Хоёрдугаар сарын 18 - Ирландын салан тусгаарлагчид Лондон хотын метроны Паддингтон болон Викториа өртөөнд бөмбөг дэлбэлэв.
  • Хоёрдугаарс арын 20 - Албанийн Ерөнхийлөгч Рамиз Алиа ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаалыг намжаах зорилгоор Ерөнхий сайд Адид Чарчанигийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь тараав. Төд удалгүй дараагийн Ерөнхий сайдаар Фатос Наног тохоон томилжээ.
    • Програмчлалын хэл болох Пайтоныг Гуидо ван Россум зохион бүтээв.
  • Хоёрдугаар сарын 22 - Персийн булангийн дайн: Ирак улс Зөвлөлтийн санал болгосон гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөв. АНУ үүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Кувейтийн газар нутгаас 24 цагийн дотор цэргээ гаргасан тохиолдолд цэргийн ажиллагааг зогсоох нөхцөл тулгажээ.
  • Хоёрдугаар сарын 23 - Тайландын генерал Сунторн Конгсомпонг цусгүй төрийн эргэлт хийж, Ерөнхий сайд Чатичай Чунхаваныг огцруулжээ.
  • Хоёрдугаар сарын 24 - Персийн булангийн дайн: Орон нутгийн цагаар үүрийн 4:00 цаг орчим Саудын Арабын хилийг АНУ тэргүүтэй холбоотон гүрний цэргүүд нэвтэрснээр Булангийн дайны хуурай замын байлдааны үе шат эхэлжээ.
  • Хоёрдугаар сарын 26 - Персийн булангийн дайн: Иракын удирдагч Саддам Хусейн Багдадын радиогоор Кувейтийн газар нутгаас цэргээ гаргахаа зарлав. Гэвч Иракын цэргүүд ухарч байхдаа Кувейтийн газрын тосны томоохон ордуудыг галдан шатаажээ.
  • Хоёрдугаар сарын 27 - Персийн булангийн дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Херберт У.Буш дайнд ялалт байгуулснаа зарлав. Улмаар гал зогсоох зарлиг боловсруулжээ. АНУ-ын цэргүүд гуравдугаар сараас Персийн булангаас гарч эхэлсэн юм.
    • Бангладешийн парламентын сонгуульд Үндэсний нам 300 суудлын 139-ийг авч ялалт байгуулав. Ингэснээр тус намын дарга Халеда Зиа Ерөнхий сайд болох нөхцөл бүрджээ.

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 3 – Сан-Томе ба Принсип улс түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж Мигель Тровоада ялалт байгуулав.
    • АНУ-ын Лос-Анжелес хотод мотоцикль унаж явсан хар арьст Родни Кингийг цагдаа нар гэмгүй байхад нь бүлэглэн халдав. Уг асуудал АНУ даяар тарж, улмаар цагдаагийн дөрвөн ажилтанд хүний биед халдсан хэргээр ял оноосон билээ.
  • Гуравдугаар сарын 6 – Энэтхэгийн Ерөнхий сайд Чандра Шехар улс төрийн нөхцөл байдлын улмаас үүрэгт ажлаасаа огцров.
  • Гуравдугаар сарын 9 – Сербийн Белград хотод Слободан Милошевичийн засаглалыг эсэргүүцсэн жагсаал болов. Эрх баригчид жагсаалыг хүч хэрэглэн тараах үеэр хоёр хүн амиа алдаж, олон арван хүн гэмтжээ. Сербийн гудамжуудад цагдаа, өөрөө явагч хэрэгсэл байршуулсан байна.
  • Гуравдугаар сарын 10 – Эль Сальвадор улсад парламентын сонгууль болж Үндэсний Бүгд найрамдах эвсэл ялалт байгуулав. Тус нам парламентын 48 суудлын 39-г авсан юм.
  • Гуравдугаар сарын 13 – Аляскын нутагт газрын тос алдсан хэргээр “Эксон Валдез” компанид АНУ-ын Хууль зүйн яам нэг тэрбум ам.долларын торгууль оноов.
    • АНУ, Канадын Засгийн газар хүчиллэг борооны гэрээнд гарын үсэг зуржээ.
  • Гуравдугаар сарын 14 – Персийн булангийн дайн: Дайны хөлөөс дайжин эх орноосон дүрвэн Саудын Араб улсад орогноод байсан Жабер аль Ахмад аль Сабах долоон сарын дараа эх нутагтаа эргэн ирэв.
    • Чилийн Атакамын цөлд тухайн цаг үеийнхээ хамгийн том зэсийн уурхай болох Эскондида уурхайг албан ёсоор нээв.
  • Гуравдугаар сарын 15 – Герман улс Дэлхийн хоёрдугаар дайн-аас хойш дөрвөн хүчнээс бүрэн тусгаар тогтнов. Дайны дараа ЗХУ, АНУ, Их Британи, Франц гэсэн дөрвөн улс эдийн засаг, нийгэм зэргээр дотоод хэрэгт нь оролцсоор байсан юм.
    • АНУ-Албани улс 1939 оноос хойш анх удаагаа дипломат харилцаагаа сэргээжээ.
  • Гуравдугаар сарын 17 – ЗХУ-ын задрал: ЗХУ-д бүх нийтийн санал асуулга болов. Санал асуулгад оролцогчдын 77% нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтдаг 15 бүгд найрамдах улсыг тусгаар улс болгохыг эсэргүүцжээ. Уг санал асуулгыг зургаан бүгд найрамдах улс эс хүлээн зөвшөөрч бойкоттолсон байна.
    • Финланд улсад парламентын сонгууль болж Төвийн нам 55 суудал авч ялалт байгуулав. Ингэснээр Финландын Социал демократ намын 25 жилийн ноёрхол эцэслэжээ.
  • Гуравдугаар сарын 23 – Сьерра Леон улсад Хувьсгалт нэгдсэн хүч Засгийн газрынхаа эсрэг төрийн эргэлт хийснээр иргэний дайн дэгдэв.
  • Гуравдугаар сарын 24 – Баруун африкийн Бенин улсад 1970 оноос хойш анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль болов. Сонгуульд Ницефор Согло ялалт байгуулжээ.
  • Гуравдугаар сарын 25 - Академийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж "Чонотой бүжиглэгч" кино шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг долоон төрөлд ялалт байгуулав. Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчнээр Жереми Айронс, шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчнээр Кейти Бейтс нар шалгарчээ.
  • Гуравдугаар сарын 26 – Мали улсад Амаду Тумани Туре нарын цэргийн офицерууд Ерөнхийлөгч Мусса Траорег баривчилж, Үндсэн хуулийг хүчингүй болсонд тооцжээ.
    • Аргентин, Бразил, Уругвай, Парагвай улсууд Асунционы тунхагт гарын үсэг зурснаар, Өмнөд Америкийн чөлөөт худалдааны эвсэл байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 31 – Албани улсад 1923 оноос хойш анх удаагаа олон намын оролцоотой сонгууль зохион байгуулав. Сонгуульд эрх баригч Хөдөлмөрчдийн нам үнэмлэхүй ялалт байгуулж парламентын 250 суудлаас 169 суудлыг авчээ.
    • ЗХУ-ын задрал: Гүрж улсад ЗХУ-аас тусгаар тогтнох эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга болж олонхийн санаалаар ЗХУ-аас тусгаар тогтнохыг дэмжжээ.

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Дөрөвдүгээр сарын 2 – Засгийн газраас тогтоосон үнийн улмаас ЗХУ-д өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өсөв.
  • Дөрөвдүгээр сарын 3 – НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 687 дугаар тогтоолоор Ирак улсын хими болон бактерологийн бүх зэвсгийг устгах, 150 км-ээс алсын тусгалтай пуужинг устгахыг шаардав. Мөн Ирак улсыг олон улсад терроризмыг хөхиүлэн дэмжихээ зогсоохыг уриалав. Иракийн засаг захиргаа үүнийг гурав хоногийн дараа хүлээн зөвшөөрсөн юм.
  • Дөрөвдүгээр сарын 4 – АНУ-ын Сенатор Жон Хайнц өөр бусад зургаан хүний хамтаар Пеннсильвани мужийн Мерион хотод нисдэг тэрэгний ослоор амиа алдав.
    • Калифорни мужийн Сакраменто хотод Вьетнам гаралтай дөрвөн этгээд 14 хүнийг барьцаалав. Холбооны мөрдөх товчоо олон цаг үргэлжилсэн ажиллагааны дүнд 11-ийг нь аварч чадсан юм. Барьцаалагчдаас гурав нь амиа алджээ.
  • Дөрөвдүгээр сарын 5 – АНУ-ын Сенатор Жон Тавер өөр бусад 22 хүний хамт Жоржиа мужийн Брансвик хотод онгоцны ослоор амиа алдав.
  • Дөрөвдүгээр сарын 6 – НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 688 дугаар тогтоолоор Иракын ард иргэдийн эсрэг ажиллагаа явуулахыг Засгийн газарт нь хориглосны дагуу холбоотон гүрнүүд Иракын хойд хэсэгт орших курдуудэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв.
  • Дөрөвдүгээр сарын 9 – Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэл Польш улсаас гарч эхлэв.
  • Дөрөвдүгээр сарын 10 – Италийн Ливорно хотод их манан татсаны улмаас Моби Принс зорчигч тээврийн хөлөг, газрын тос тээвэрлэгчтэй мөргөлдөж140 хүн амиа алджээ. Ослоос цор ганц хүн л амь аврагдсан юм.
  • Дөрөвдүгээр сарын 12 – Варшавын хөрөнгийн бирж байгуулагджээ.
  • Дөрөвдүгээр сарын 14 – Нидерландын нийслэл Амстердам хотод байрлах Ван Гогын музейгээс 500 сая ам.долларын үнэ бүхий 20 уран зураг алдагдав. Хэрэг явдал гарснаас цаг хүрэхгүй хугацааны дараа музейн дэргэдэх нэгэн зогсоолд машины тээшнээс бүрэн бүтэн олдсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 15 – Европын Сэргээн босголт ба хөгжлийн банк байгуулагдав.
    • Европын эдийн засгийн зөвлөл арьс өнгөөр ялгаварлах үзлийн улмаас Өмнөд Африкт тавиад байсан эдийн засгийн хоригоо бүрэн цуцлав.
  • Дөрөвдүгээр сарын 16-18 – ЗХУ-ын Коммунист намын ЕНБД бөгөөд удирдагч Михаил Горбачёв Япон улсад айлчлав. Японд айлчилсан Зөвлөлтийн анхны удирдагч болсон тэрээр Курилийн арлуудын асуудлаар тохиролцоонд хүрэх гэсэн боловч үр дүнд хүрээгүй юм.
  • Дөрөвдүгээр сарын 17 – Дау Жонсийн аж үйлдвэрийн хувьцаа түүхэндээ анх удаа 3000 ам.доллароос давж арилжаалагдав.
  • Дөрөвдүгээр сарын 18 – НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 687 дугаар тогтоолын дагуу Иракын засаг захиргаа химийн зэвсгийнхээ заримыг НҮБ-д тайлагнав. Гэвч бактерологийн ямар нэгэн зэвсэггүй гэдгээ мэдэгджээ.
  • Дөрөвдүгээр сарын 22 – Коста-Рика, Панам улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 47-87 хүн амиа алдан, 759 хүн бэртэж гэмтжээ.
  • Дөрөвдүгээр сарын 23 – Исландын парламентын сонгуульд гавьтай амжилт үзүүлээгүй тул тус улс Ерөнхий сайд Стрейнгримур Херманнссон үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. Түүний орыг Давид Оддссон залгасан билээ.
  • Дөрөвдүгээр сарын 26 – Финландын Ерөнхий сайдаар 36 настай Эско Ахо томилогдов. Тэрээр тус улсын түүхэнд хамгийн залуудаа энэ суудалд суусан хүн болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 29 – Бангладеш улсад далайн хар салхи болж 138 мянган хүн амиа алджээ.
    • Гүржийн Рача хотод 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж 270 хүн амиа алдан, 100 мянга орчим хүн орон гэргүй болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 29-30 – Лесото улсад цусгүй төрийн эргэлт болж цэргийн дарангуйлагч Жастин Лехеньяг түлхэн унагав. Хоёр хоногийн дараа Фисона Рамаена засгийн эрхэнд гарчээ.
  • Тавдугаар сарын 12 – Балба улсад 1959 оноос хойш анх удаагаа олон намын оролцоотой сонгууль зохион байгуулав.
  • Тавдугаар сарын 15 – Францын Ерөнхий сайдаар Эдит Крессон томилогдов. Ингэснээр тус улсын түүхэнд энэ суудалд суусан анхны эмэгтэй болжээ.
  • Тавдугаарс арын 16 – АНУ-ын Конгресст Их Британий хатан хаан II Элизабет үг хэлэв. Энэ нь Британийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал байсан юм.
  • Тавдугаар сарын 18 – Сомали улсаас Сомалиланд салан тусгаарлаж, тусгаар улс болсноо зарлав. Гэвч олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй юм.
  • Тавдугаар сарын 19 – Югославын задрал: Хорватад Югославаас салан тусгаарлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болж, олонхын саналаар хүлээн зөвшөөрчээ.
  • Тавдугаар сарын 21 - Энэтхэгийн Шриперумбудур хотод улс төрийн уулзалтын үеэр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж Ерөнхий сайд асан Ражив Ганди болон өөр бусад 14 хүн амиа алджээ.
  • Тавдугаар сарын 22 – Монгол Улсын Их хурлаар Өмч хувьчлах тухай хууль баталсан.
    • Мөн өдөр Өмнөд Солонгосын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ро Жай Бонг оюутны үймээний дараа үүрэгт ажлаасаа огцров. Түүний үүргийг Чун Вок Шик орлон гүйцэтгэхээр болсон юм.
  • Тавдугаар сарын 25 – Суринамын парламентын сонгуульд цэргийн дэмжлэгтэй Ардчилал ба Хөглийн шинэ фронт нам ялалт байгуулав.
    • Мөн өдөр АНУ-ын Миннесота мужийн Блумингтон хотод болсон Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомд Питссбург Пингвинс баг өрсөлдөгч Миннесота Норт Старс багийг 8-0 бут ниргэв. Аваргын хувь заяа 6 цувралд шийдэгдэхэд ийнхүү Питтсбург Пингвис баг 4-2 тэргүүлж, Стенлийн цомыг анх удаагаа өргөсөн билээ.
  • Тавдугаар сарын 26 – Тайландын Бангкок хотын ойролцоо “Лауда Эйр” компанийн Боинг 767 онгоц осолдож, онгоцонд байсан 223 хүн бүгд амиа алджээ.
  • Тавдугаар сарын 27-Зургаадугаар сарын 9 - Талбайн теннисний Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Америкийн теннисч Жим Курьер, эмэгтэйчүүдийн ангилалд Югославын теннисч Моника Селес нар түрүүллээ.
  • Тавдугаар сарын 28 – Этиопын иргэний дайн: Этиопын Ардын хувьсгалт ардчилсан хүчин нийслэл Аддис-Абеба хотыг эзлэв.
  • Тавдугаар сарын 29 - Европын хөлбөмбөгийн Европын цом/Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Югославын Цревена Звезда клуб Францын Марсель клубтэй учраа таарсан ч үндсэн цагт гоол орсонгүй. Торгуулийн цохилтоор аваргын хувь заяаг шийдэхэд Цревена Звезда клуб түрүүлсэн юм.

Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Зургаадугаар сарын 3 – Японы Үнзен галт уул дэлбэрч, хорт утааны улмаас 46 хүн амиа алджээ.
  • Зургаадугаар сарын 4 – Албани даяар өрнөсөн ажил хаялтын улмаас Ерөнхий сайд Фатос Нано огцров. Удалгүй түүнийг илли Буфи орлосон юм.
    • Наран үүссэн томоохон дэлбэрэлтийн улмаас АНУ-ын Пенсилвани мужийн өмнөд хэсэгт ер бусын туйлын туяа үзэгджээ.
  • Зургаадугаар сарын 5 – Алжирын Ерөнхийлөгч Чадли Бенджедид онц байдал зарлав. Ерөнхий сайд Моулоуд Хамрушег огцруулж, оронд нь Сид Ахмед Гозалиг тохоон томилжээ.
  • Зургаадугаар сарын 7 – Персийн булангийн дайн-д оролцсон 8800 цэргийн алба хаагч АНУ-д ирэв Тэднийг ирснийг тохиолдуулан нийслэл Вашингтон хотноо сүрт жагсаал зохион байгуулжээ. Уг жагсаалыг 200 мянган хүн үзэж сонирхсон гэдэг.
  • Зургаадугаар сарын 9 – Свазиланд (одоогийн Эсватини) улсын Эмасвати нүүрсний уурхай нурж 26 уурхайчин 65 метрийн гүнд гацав. Аврах ажиллагаа 30 цаг үргэлжилж бүгдийг нь эсэн мэнд аварч чаджээ.
  • Зургаадугаар сарын 12 – ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгчөөр Борис Ельцин сонгогджээ.
    • Албанийн Хөдөлмөрчдийн нам татан буугдаж, үндэс суурин дээр нь Социалист нам байгуулагдав.
    • Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шигшээ тоглолтод Чикаго Буллс баг Лос Анжелес Лейкэрс багийг 108:101 харьцаагаар хожив. Цуврал таван тоглолтод 5-1 харьцаагаар ялалт байгуулсан юм. Финалын үнэ цэнтэй тоглогчоор Чикаго Буллсын Майкл Жордан тодорсон юм.
  • Зургаадугаар сарын 15 – Филиппин улсад Пинатубо галт уул дэлбэрэв. XX зуунд хуурай газар дэлбэрсэн хамгийн том дэлбэрэлт гэж бүртгэгдсэн уг гамшгийн улмаас 800 орчим хүн амиа алджээ. Дэлбэрэлтийн улмаас дэлхийн дундаж температур 0.4 цельсээр буурчээ.
    • Энэтхэгийн парламентын сонгууль өндөрлөв. Сонгуульд Үндэсний конгресс нам ялалт байгуулсан ч дангаар засаг бүрдүүлэх боломжтой болсонгүй.
  • Зургаадугаар сарын 17 – Өмнөд Африкийн парламент Хүн амын бүртгэлийн тухай хуулийг хүчингүй болгов. Ингэснээр тус улсад төрсөн бүх иргэнийг төрөхөд нь арьс өнгөөр ялгаварладаг байдал устсан юм.
  • Зургаадугаар сарын 20 – Нэгдсэн Герман улс нийслэлээ Бонн хотоос Берлинд шилжүүлжээ.
  • Зургаадугаар сарын 23-28 – НҮБ-ын шалгалтын багууд Иракын тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмжийг шалгах зорилгоор саатуулахыг оролдов. Үүнийг эсэргүүцсэн Иракын нисэх хүчин агаарт анхааруулах буудлага үйлджээ.
  • Зургаадугаар сарын 24-Долоодугаар сарын 7 - Талбайн теннисний Уимблдоны нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Германы теннисч Михаэл Стик, эмэгтэйчүүдийн ангилалд Германы теннисч Штеффи Граф нар түрүүллээ.
  • Зургаадугаар сарын 25 – Югославын задрал: Хорват, Словени улсууд Югославаас тусгаар тогтносноо зарлав.
  • Зургаадугаар сарын 28 – ЗХУ задарснаар Эдийн засгийн харилцан туслалцах Зөвлөл татан буугджээ.

Долоодугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 1 – Чехословакын нийслэл Варшав хотноо Варшавын гэрээний байгууллагыг татан буулгав.
    • АНУ-ын Вашингтон хот, Питтсбург, Лос-Анжелес, Сан Франциско хотуудад телефон утасны сүлжээнд алдаа гарсны улмаас сүлжээ тасалдав. Нийтдээ 12 сая орчим хүн хэдэн цагийн турш холбоогүй болсон байна.
    • Финланд улсад дэлхийд анх удаа хөдөлгөөнт утасны сүлжээгээр дуудлага хийв.
  • Долоодугаар сарын 4 – Колумб улсад шинэ Үндсэн хуулийг батлав.
  • Долоодугаар сарын 7 – Югославын задрал: Брионигийн хэлэлцээрээр Словенид арван өдрийн дайн эцэслэв.
  • Долоодугаар сарын 9 – Олон улсын олимпын хороо Өмнөд Африкийг олимпод орох эрхийг сэргээв.
  • Долоодугаар сарын 10 – ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Борис Ельцин тангараг өргөв.
    • АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш Өмнөд Африкт тавьсан бүх хоригыг бүрэн цуцалжээ.
  • Долоодугаар сарын 11 – Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст нарны бүтэн хиртэлт тохиов. Нарын хиртэлт Хавай муж болон Мексик, Колумб, Бразилд голцуу үзэгджээ.
    • Нигерийн агаарын тээврийн 2120 дугаар нислэг Саудын Арабын Жидда хотоос хөөрсний дараа галд автаж осолдов. Ослын улмаас 261 хүн бүгд амиа алджээ.
  • Долоодугаар сарын 12 - Ардын хувьсгалын 70 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 512 бөх идэрийн жавхаа, үнэн хүчийг үзэн барилдсанаас Увс аймгийн Наранбулаг сумын харьяат улсын заан Одвогийн Балжинням түрүүлж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат улсын заан Пунцагийн Сүхбат үзүүрлэжээ.
  • Долоодугаар сарын 16 – ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачёв “Их Долоо”-гийн удирдагчдаас тусламж хүсэхээр Лондон хотноо ирэв.
  • Долоодугаар сарын 18 – Мавритани болон Сенегалын Засгийн газрууд 1989 оны дөрөвдүгээр сараас хойш үргэлжилсэн хилийн маргааныг эцэс болгов.
  • Долоодугаар сарын 22 – АНУ-ын мэргэжлийн боксчин Майк Тайсоныг Индиана мужийн Индианаполис хотод “Хар Америкийн мисс” тэмцээний оролцогч Дезири Вашингтоныг хүчиндсэн хэргээр баривчлан, яллав.
  • Долоодугаар сарын 24 – Энэтхэгийн Сангийн сайд Манмохан Сингх эдийн засгийг өргөөн хүрээнд чөлөөлсөн шинэчлэлийн аж үйлдвэрийн бодлогоо зарлав.
  • Долоодугаар сарын 25 – Британийн одон орончид нарны аймгаас гадна гараг илрүүлснээ зарлажээ.
  • Долоодугаар сарын 29 – АНУ-ын Нью-Йорк хотын тойргийн шүүх “Кредит банк”, “Коммерс Интернэшнл”-ийг түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйвар хийсэн хэрэгт буруутган, хадгаламж эзэмшэгчдээс таван тэрбум ам.доллар залилсан гэж дүгнэжээ.
  • Долоодугаар сарын 31 – АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Херберт У.Буш, ЗХУ-ын удирдагч асан М.Горбачёв нар Стратегийн зэвсэглэлийг бууруулах нэгдүгээр гэрээнд гарын үсэг зурав.
    • Дуут хувьсгал: Зөвлөлтийн дотоодын цагдан сэргийлэхийн анги нэгтгэлүүд Литвийн хилийн постуудад ажиллагаа явуулсны улмаас Медининкайд постод Литвийн гаалийн долоон албан хаагч амиа алдав.
  • Наймдугаар сарын 4 – Өмнөд Африкийн эрэг орчимд Грекийн аяллын “МТS Oceanos” хөлөг живэв. Хөлгийн багийн 571 хүнийг аврахаар Өмнөд Африкийн нисэх хүчин ажиллагаа явуулж бүгдийг нь эсэн мэнд аварчээ.
  • Наймдугаар сарын 6 – Нэрт эрдэмтэн Тим Бернерс-Ли alt.hypertext өргөтгөл дээр дэлхийг хэрсэн интернэт төсөл болон программ хангамжаа дэлгэв. Үүний дүнд анхны цахим хуудас болох “info.cern.ch” ашиглалтад оржээ.
  • Наймдугаар сарын 7 – Ираны Ерөнхий сайд асан Шапур Бахтиар Парисын захын Суренес дүүрэгт бусдын гарт алагдав.
  • Наймдугаар сарын 8 – Тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн өндөр байгууламж болох Варшавын радио станцын цамхаг нурав.
  • Наймдугаар сарын 17 – Пруссийн хаан Их Фредерикийн шарилыг Потсдам хотноо дахин оршоожээ.
  • Наймдугаар сарын 19 – ЗХУ-ын төрийн эргэлт: ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёвыг Крымын Форост гэрийн хорионд оруулав. Тус улсын даргын орлогч Геннадий Янаев өөр бусад 7 хүний удирдсан төрийн эргэлт 72 цагийн дотор нуран унаж, Засгийн газрын ордны гадаа 100 мянга орчим хүн эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн. Горбачёв хар тэнгисээс гурав хоногийн дараа эргэж ирээд төрийн эргэлтийг оройлон манлайлсан этгээдүүдийг баривчилжээ.
  • Наймдугаар сарын 20 – Дуут хувьсгал: Эстони улс ЗХУ-аас тусгаар тогтнолоо зарлав. Маргааш нь 21-нд Латви улс ч мөн тусгаар тогтнолоо зарласан юм.
  • Наймдугаар сарын 22 – Дуут хувьсгал: Балтын орнуудын тусгаар тогтнолыг Исланд улс хүлээн зөвшөөрөв.
  • Наймдугаар сарын 23 – ЗХУ-ын задрал: Орос улс цагаан-хөх-улаан өнгийн гурван өнгийн далбааг Төрийн далбаа болгон сэргээв.
  • Наймдугаар сарын 24 – ЗХУ задрал: Украин улс ЗХУ-аас тусгаар тогтнолоо зарлав. Маргааш нь Беларусь улс ч мөн тусгаар улс болсноо зарлажээ.
  • Наймдугаар сарын 25 – Югославын задрал: Сербийн зэвсэгт хүчин Хорватын Вуковар хотруу довтлов.
    • Дэлхийн авто уралдааны ноён оргил “Формула 1”-ийн ээлжит улирлын Бельгийн гран прид домогт нисгэгч Михайл Шумахер анхны гараандаа оролцов.
  • Наймдугаар сарын 26-Есдүгээр сарын 8 - Талбайн теннисний Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Шведийн теннисч Стефан Эдберг, эмэгтэйчүүдийн ангилалд Югославын теннисч Моника Селес нар түрүүлэв.
  • Наймдугаар сарын 29 – Ливаны генерал Мишель Аун Францын хөлөг онгоцоор эх орноосоо дүрвэв.
  • Наймдугаар сарын 30 – ЗХУ-ын задрал: Молдав улс ЗХУ-аас тусгаар тогтнолоо зарлав. Маргааш нь Азербайжан ч мөн тусгаар улс болсноо зарлажээ.
  • Наймдугаар сарын 31 – ЗХУ-ын задрал: Киргизстан, Узбекистан улс тусгаар тогтнолоо зарлав. Тажикистан улс дараа сарынх нь 9-ний өдөр мөн тусгаар улс болсноо зарлажээ.
  • Есдүгээр сарын 4 – Зөвлөлт засгийн үед Свердловск гэж нэрлэж байсан хотын нэрийг Екатеринбург болгон өөрчлөв. Хоёр хоногийн дараа Ленинград хотын нэрийг Санкт-Петербург болгожээ.
  • Есдүгээр сарын 5 – ЗХУ-ын задрал: ЗХУ-ын Ардын их хурал татан буугдав. ЗХУ-ын Дээд зөвлөл, ЗХУ-ын Төрийн зөвлөл ч мөн татан буугджээ.
  • Есдүгээр сарын 6- Монгол Улсын Шадар сайд Ц. Пүрэвдорж Москвад айлчилж Монголын үйлдвэрүүдэд сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх, Монголын хүн амыг өргөн хэрэглээний бараагаар хангах зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд хөндсөн боловч үр дүнд хүрээгүй ажээ.
  • Есдүгээр сарын 8 – Югославын задрал: Македон улс тусгаар тогтнолоо зарлав.
  • Есдүгээр сарын 11 – ЗХУ Куба улсад үзүүлж буй батлан хамгаалах болон эдийн засгийн тусламжаа зогсоох төлөвлөгөөгөө зарлав.
  • Есдүгээр сарын 15 – Шведийн парламентын сонгуульд Социал демократууд 60 жилийн хамгийн муу үзүүлэлтээ үзүүлэв. Улмаар Ерөнхий сайд Ингвар Карлссон огцорчээ.
  • Есдүгээр сарын 17 – Умард болон Өмнөд Солонгос, Эстони, Латви, Литва, Маршаллын арлууд, Микронезийн холбооны улс НҮБ-д гишүүнээр элсэв.
  • Есдүгээр сарын 19 – Альпийн нуруунаас “Мөсөн хүн Өтзи” олдвор олджээ.
  • Есдүгээр сарын 21 – ЗХУ-ын задрал: Армени улс ЗХУ-аас тусгаар тогтнолоо зарлав. Сарын дараа Туркменистан улс, оны эцэст Казахстан улс ч мөн тусгаар тогтнолоо зарласан юм.
  • Есдүгээр сарын 21-30 – Олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээчид Ирак улс нууц цөмийн зэвсгийн хөтөлбөртэй байж болох баримт илрүүлэв. Ирак улс үүнийг эс хүлээн зөвшөөрч, баримт бичиг явуулахаас татгалзжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ирак улсад албадан хэрэгжүүлэх арга хэмжээ явуулна гэж заналхийлэв.
  • Есдүгээр сарын 25 – Сальвадорын иргэний дайн: Фарабундо Мартигийн тэргүүлдэг Үндэсний чөлөөлөх фронтын төлөөлөгчид Ерөнхийлөгч Альфредо Кристианитай тохиролцоонд хүрч, иргэний дайныг эцэслэх үндэс суурийг тавив.
  • Есдүгээр сарын 27 – АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш ойрын зайн тусгалтай цөмийн зэвсгийг бууруулахаа зарлав. Мөн ЗХУ ч мөн үүнтэй адил арга хэмжээг 10-р сарын 5-нд авсан.
  • Аравдугаар сарын 1 – Югославын задрал: Югославын Ардын арми Дубровник хотыг бүслэв. Уг бүслэлт 1992 оны тавдугаар сарын 31 хүртэл үргэлжилсэн юм.
  • Аравдугаар сарын 2- Монгол Улс Израил улстай дипломат харилцаа тогтоосон.
  • Аравдугаар сарын 4 – Шведийн Ерөнхий сайдаар Карл Блидт томилогджээ.
  • Аравдугаар сарын 6 – ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёв Баби Ярын халдлагын 50 жилийн ойд зориулсан мэдэгдэлдээ ЗХУ даяар явуулсан еврейчүүдийн эсрэг үзлийг буруушаажээ.
  • Аравдугаар сарын 7 – Югославын задрал: Югославын Нисэх хүчин Хорватын Ерөнхийлөгч Франьо Тужманын албан газрыг бөмбөгдөж, Хорватын парламент маргааш нь Югославтай үлдсэн бүх харилцаагаа тасалжээ.
  • Аравдугаар сарын 11 – ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хороо (КГБ) солигдох процесс эхлэв.
    • НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 715 дугаар тогтоолыг батлав. Уг тогтоолоор тусгай комиссоос томилсон шинжээчид болон албаны бусад хүмүүсийг ямар нэгэн болзолгүйгээр хүлээн авахыг шаардсан юм. Үүнийг Иракын засаг захиргаа хууль бус гэж үзэн татгалзав.
  • Аравдугаар сарын 12 - Шинээр байгуулагдсан Киргизийн анхны Ерөнхийлөгчөөр Аскар Акаев сонгогджээ.
  • Аравдугаар сарын 13 – Болгарын парламентын сонгуульд Ардчилсан хүчний холбоо ялалт байгууллаа. Ингэснээр Зүүн Европт коммунист засаг үлдээгүй юм.
  • Аравдугаар сарын 15 – Монгол Улс Латви улстай дипломат харилцаа тогтоосон.
    • АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр Кларенс Томасыг батлав.
    • Балтийн орнуудын удирдагчид болох Эстонийн Арнольд Руутел, Латвийн Анатолий Горбуновс, Литвийн Витаутас Ландсбергис нар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын эцсийн гэрээнд гарын үсэг зуржээ.
  • Аравдугаар сарын 16 – АНУ-ын Техас мужийн Киллин хотын “Люби” ресторан хооллож байсан энгийн иргэд рүү Жорж Хеннард гэгч гал нээн 23 хүн амиа алджээ.
  • Аравдугаар сарын 18 – ЗХУ Израил улстай 1967 оноос хойш тасарсан дипломат харилцаагаа сэргээв.
  • Аравдугаар сарын 20 – Энэтхэгийн Уттаркаши хотод 6.8 баллын хүчтэй газар хөдөлж, дорж хаяж 768 ххүн амиа алдан, мянга, мянган барилга байгуулмж сүйджээ.
  • Аравдугаар сарын 23 – Парис хотод Вьетнамын дэмжлэгтэй Камбожийн Засгийн газар иргэний дайныг зогсоох гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрээр Вьетнам-Камбожийн дайн дуусгавар болж Камбож улсад НҮБ-ийн Шилжилтийн засаг захиргаа байгуулагдах болсон юм.
  • Аравдугаар сарын 27 – Польш улсад 1928 оноос хойш анх удаагаа парламентын чөлөөт сонгууль болов.
    • Мөн өдөр АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод Мэргэжлийн бейсболын лигийн финалын Дэлхийн цувралын долоо дахь тоглолтод Миннесота Твинс баг ялалт байгууллаа. Ингэснээр нийт цувралд 4-3 ялалт байгуулж Дэлхийн цувралд гурав дахь удаагаа түрүүлжээ.
  • Аравдугаар сарын 29 – АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн Галилео хөлөг 951 Гаспра солирт хүрчээ. Ингэснээр солирын солбицолд хүрсэн дэлхийн анхны хөлөг болжээ.

Арваннэгдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сарын 1 – Констинополийн Үнэн алдартны сүмийн тэргүүн хамбаар I Бартоломей тодорлоо.
  • Арванэгдүгээр сарын 4-5 – Африкийн Үндэсний конгресс нам Засгийн газарт өөрийн төлөөлөлтэй байх, нэмэгдсэн өртгийн албан татварыг устгахыг шаардан ажил хаялт зохион байгуулав.
  • Арваннэгдүгээр сарын 5 – Филиппин улсад Тельма нэрт халуун орны шуурганы улмаас 4900 орчим хүн амь насаа алджээ.
    • БНХАУ, Вьетнам улсууд 1979 оны дайны дараа тасраад байсан дипломат харилцаагаа сэргээв.
  • Арваннэгдүгээр сарын 6 – ЗХУ-ын Коммунист нам болон түүний аппаратыг Оросын газар нутагт хориглов.
  • Арваннэгдүгээр сарын 14 – Камбожийн хунтайж Нородом Сианук 13 жил цөллөгт байсны дараа Пномпень хотноо хүрэлцэн ирсэн.
  • Арваннэгдүгээр сарын 18 – Югославын задрал: Югославын Ардын арми Сербийн хагас цэрэгжсэн бүлэглэлтэй 87 хоног тулалдсаны эцэст Вуковар хотыг эзлэв. Югославын эрх баригчид Хорватын 260 гаруй олзны цэргийг хөнөөсөн байна.
  • Арваннэгдүгээр сарын 20 - Монгол Улс Бүгд Найрамдах Эстони улстай дипломат харилцаа тогтоосон.
  • Арваннэгдүгээр сарын 21 – НҮБ-ын Аюулгүйн зөвлөл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Египетийн Ерөнхий сайдын орлогч Бутрос Бутрос-Галиг нэр дэвшүүллээ.
  • Арваннэгдүгээр сарын 23 – Их Британийн Коммунист намыг татан буулгаж, суурин дээр нь Ардчилсан зүүний үзлийн бодлогын мэтгэлцээний төвийг байгуулав.
  • Арваннэгдүгээр сарын 24 – Британийн алдарт “Queen” хамтлагийн гочлол дуучин Фрэдди Меркүри ДОХ-ын шалтгаант уушгины хатгалгааны улмаас нас барав. Яг энэ өдөр нь Америкийн “Kiss” хамтлагийн бөмбөрчин Эрик Карр зүрхний хорт хавдраар нас барсан.
  • Арваннэгдүгээр сарын 26 – Азербайжаны Үндэсний ассамблейн ээлжит хуралдаанаар Уулын Карабахын өөртөө засах аймгийн автономит статусыг цуцалж, хэд, хэдэн хотыг Азербайжан нэршлээр нэрлэв.
    • Попын хаан Майкл Жэксон алдарт “Dangerous” цомог худалдаанд гарав. Худалдаанд гарсан эхний долоо хоногт таван сая хувь борлогджээ.
  • Арваннэгдүгээр сарын 27 – Югославын задрал: НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Югославт энхийг сахиулах ажиллагаа явуулах тогтоолыг санал нэгтэй баталжээ.

Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арванхоёрдугаар сарын 1 – ЗХУ-ын задрал: Украин улсад ард нийтийн санал асуулгаар ЗХУ-аас тусгаар тогтнохыг олонхийн саналаар дэмжжээ.
  • Арванхоёрдугаар сарын 4 – Ливанд долоон жил орчим барьцаалагдсан Америкийн сэтгүүлч Терри А.Андерсон барьцаанаас суллагдав. Тэрээр Ливаны барьцаанд хамгийн удаан байсан Америк хүн юм.
    • Калифорнид цуврал галдан шатаалт үйлдсэн Жон Леонард Орр гэгчийг баривчилжээ.
  • Арванхоёрдугаар сарын 8 – ЗХУ-ын задрал: Белорусийн Беловежийн байгалийн цогцолборт газарт Орос, Беларусь, Украины удирдагчид ЗХУ-ыг албан ёсоор дуусгавар болгож, түүний оронд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл байгуулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
  • Арванхоёрдугаар сарын 11- Монгол Улс Бүгд Найрамдах Литва улстай дипломат харилцаа тогтоосон.
    • Югославын задрал: Хорватын зэвсэгт хүчин Паулин Двор тосгонд 18 серб, нэг унгар хүнийг хөнөөжээ.
  • Арванхоёрдугаар сарын 12 – Нигерийн Засгийн газар нийслэлээ Абужа руу нүүлгэв.
    • Укрианы засаг захиргаа ижил хүйстнийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тогтов.
  • Арванхоёрдугаар сарын 15 – Египетийн “Салем Экспресс” гатлага онгоц Улаан тэнгист живж, 450 орчим хүн амиа алджээ.
  • Арванхоёрдугаар сарын 16 – НҮБ-ын Ерөнхий ассамблей 1975 онд батлагдсан еврейчүүдийг үзэн ядах үзэл нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн нэг хэлбэр гэж үзсэн өмнөх тогтоолыг хүчингүй болгожээ. Ингэснээр сионизм гэх ойлголт бие даасан нэг үзэл болсон билээ.
  • Арванхоёрдугаар сарын 19 – Автсралийн Хөдөлмөрийн намын даргаар Пол Китинг сонгогдож, Ерөнхий сайд болов. Тэрээр маргааш нь тангараг өргөжээ.
    • Норвеги улсад Скарнсунд гүүр нээлтээ хийв. Нийт 530 метр урттай энэ гүүр дэлхийн хамгийн урт тростой гүүр болсон юм. Барилгын ажил хоёр жил үргэлжилжээ.
  • Арванхоёрдугаар сарын 22 – Зэвсэгт хүчний бүлэглэлүүд Гүржид цэргийн эргэлт хийв.
  • Арванхоёрдугаар сарын 24 – ЗХУ-ын задрал: ЗСНБХОУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин НҮБ-ын ЕНБД-д захидал илгээж, задарч буй ЗХУ-ын албан ёсны залгамжлагч орон бол Оросын Холбооны Улс болно гэж мэдэгдэв.
  • Арванхоёрдугаар сарын 25 – ЗХУ-ын задрал: Михаил Горбачёв 69 жилийн түүхтэй ЗХУ-ын задралыг гэрчилж, Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорчээ.
    • ЗХУ албан ёсоор Оросын Холбооны Улс гэгдэх болов.
  • Арванхоёрдугаар сарын 26 – ЗХУ-ын задрал: ЗХУ-ын Дээд зөвлөл сүүлчийн удаа хуралдаж ЗХУ-ыг татан буугдсаныг албан ёсоор зарлав. Ингэснээр “Хүйтэн дайн” эцэслэжээ.
  • Арванхоёрдугаар сарын 31 – ЗХУ-ын үлдсэн бүх төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоолоо. Улмаар Кремлийн орой дээр мандсан Улаан өнгийн далбааг халж, цагаан-хөх-улаан өнгө бүхий далбайг албан ёсоор мандуулжээ.

Нобелийн шагналтнууд

[засварлах | кодоор засварлах]

Норвегийн эзэн хааны ивээлт Нобелийн шагнал гардуулах хороо хуралдаж шинжлэх ухаан, нийгмийн дараах зүтгэлтнүүдэд Нобелийн шагнал гардуулахаар болов.

Химийн салбарын Нобелийн шагналыг “Өндөр нарийвчлалтай цөмийн соронзон резонансын спектроскопийн арга зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн төлөө” Швейцарын химич Ричард Р.Эрнстэд олгохоор болжээ.

Физикийн салбарын Нобелийн шагналыг “Шингэн талстууд болон полимерүүдэд нарийн төвөгтэй матерын хэлбэрүүдийг ерөнхийлж болохыг судалсных нь төлөө” Францын физикч Пьер-Жиллес де Женнд олгохоор болжээ.

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг “Эсийн йоны сувгуудын үйл ажиллагааг судласных нь төлөө” Германы эрдэмтэн Эрвин Нехер, Берт Сакманн нарт гардуулжээ.

Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг “Туульсын зохиолоороо хүн төрөлхтий утга зохиолд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсных нь төлөө” Өмнөд Африкийн зохиолч, тэмцэгч Надин Гордимерт олгожээ.

Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн дурсгалын шагналыг “эдийн засгийн институцийн бүтэц, үйл ажиллагаанд гүйлгээний зардал болон өмчийн эрхийн ач холбогдлыг нээж, тодруулсных нь төлөө” Их Британийн эдийн засагч Роналд Коузд олгожээ.

Нобелийн Энхтайвны шагналыг Бирмийн хүний эрхийн төлөө тэмцэгч, сөрөг хүчний тэргүүн Аун Сан Су Чид олгожээ.

Хими – Ричард Роберт Эрнст

Фикик – Пьер-Жиллес де Женн

Анагаах ухаан – Эрвин Нехер, Берт Сакманн

Утга зохиол – Надин Гордимер

Эдийн засаг - Роналд Коуз

Энхтайван – Аун Сан Су Чи