Jump to content

1989 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аргын жил дараалал
1984 · 1985 · 1986 · 1987
1988 1989 1990
1991 · 1992 · 1993 · 1994
Хамаарах арван
1980-д он
Хамаарах зуун
XX зуун

Аргын тооллын 1989 он Нэгэн мянга есөн зуун наян есдүгээр он. Билгийн тооллоор 1989 оны шороон могой жил. Григорийн он тооллоор энэ он Ням гарагаас эхэлжээ. Энэ он бол хоёр дахь мянганы 989 дэх, XX зууны 89 дэх, 1980-аад он гэж тоолбол 10 дахь жил.

1989 он бол дэлхийн улс төрийн эргэлтийн цэг болсон түүхэн жил байлаа. Зүүн Европын ихэнх улсад коммунист систем нуран унам. Хувьсгалын энэ их давалгаа Польш, Унгараас эхэлжээ. Энэ оных нь арваннэгдүгээр сард олон жил хаалттай байсан Берлиний ханыг нээж, Чехословак улсад Хилэн хувьсгал болж, арванхоёрдугаар сард нь Румын улс дарангуйлагчийн савраас гарав. Коммунист систем нурах эрчист давалгаа 1991 онд ЗХУ задрах хүртэл үргэлжлэх болно. Зүүн Европын хувьсгалууд бүхэлдээ амжилтад хүрсэн ч зарим нь тийм байсангүй. Энэ онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тяньаньмэнийн талбайд болсон ардчиллын төлөөх тайван жагсаалыг эрх баригчид нь хүчээр дарав.

Өмнөд Америкийн Бразил улсад 29 жилийн дараа анх удаа Ерөнхийлөгчийн чөлөөт сонгууль зохион байгуулав. Энэ оноос дөрөвхөн жилийн өмнө буюу 1985 онд тус улсын толгойд 20 жил заларсан цэргийн дарангуйлал нуран унасан билээ.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр Ф.В. де Клерк сонгогдсон нь тус улсын арьс өнгөөр ялгаварлах апартейд системийг устгах гэрэлт ирээдүй рүү хөтлөх болно.

Шинэ эрин үеийн амин зүрх болсон интернэтийн сүлжээ нэвтэрч эхлэв. Дэлхийг хэрсэн сүлжээ нь Шинэ Зеланд, Япон, Австралийн газар нутагт нэвтэрсэн юм. Дараа жил нь дэлхий даяар энэ сүлжээ хэрж дараагийн 10 жилийн ирээдүйг өөрчлөх болно. Тухайн эхэд үр хөврөл суулгах хагалгаа амжилттай болж үр суулгах аргаар төрөх хүүхдүүд чухам энэ оны сүүлээр хорвоод мэндэлж эхэлнэ.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сар - Бүгд найрамдах Монгол ард Улсад "Шинэ үе" бүлгэмийнхэн эрх баригчдын явуургүй бодлого, нийгмийн алдаа завхралыг шүүмжилсэн утга бүхий ухуулах хуудас тарааж эхлэв.
  • Нэгдүгээр сарын 1 - Нью-Йорк Таймс сонинд Баруун Германы "Имхаузен", "Зальцгиттер АЖ" компаниуд Ливийн Рабта хотод химийн зэвсгийн үйлдвэр байгуулахад оролцсон тухай дуулиант нийтлэл гарав.
  • Нэгдүгээр сарын 2 - Шри Ланкийн гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ранасинхе Премадасагийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.
  • Нэгдүгээр сарын 7 - Япон улсын Цог жавхлант эзэн хаан Хирохито наснаас нөгчив. Түүний орыг хүү Акихито залгаж, тус улсын 125 дахь эзэн хаан болжээ.
  • Нэгдүгээр сарын 8 - Япон улсад Шовагийн эрин эцэслэж, шинэ хаан эриний нэрийг Хэйсэй болгосон юм.
  • Нэгдүгээр сарын 10 - НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 626-р тогтоолын дагуу Куба улсын цэргүүд Анголоос гарч эхлэв.
  • Нэгдүгээр сарын 11 - Хойд Америкийн олон улсын авто шоунд "Лексус" болон "Инфинити" бренд анхны загваруудаа танилцууллаа.
  • Нэгдүгээр сарын 13 - Угандагийн дарангуйлагч асан Иди Аминыг Заираас Сенегал руу хөөв. Учир юу гэвэл тэрээр Уганда руу буцах зорилгоор хуурамч паспорт ашигласан нь тогтоогджээ. Сенегалаас хөөгдсөн тэрээр Саудын Арабаас орогнол хүсэхэд тус улсын Засгийн газар татгалзсанаар Заирт буцан ирсэн билээ.
  • Нэгдүгээр сарын 15 - Европын 35 улс Вена хотод хуралдаж, хүний эрхийг бэхжүүлэх, Өрнө-Дорнын худалдааг сайжруулахаар тохиролцов.
  • Нэгдүгээр сарын 18 - Югославын Ерөнхий сайдаар Анте Маркович томилогдхоор болов.
  • Нэгдүгээр сарын 23-24 - Зэвсэглэсэн зүүнтнүүд Буэнос-Айресын ойролцоо орших цэргийн баазад нэвтэрч, богино хугацаанд хяналт тогтоов.
  • Нэгдүгээр сарын 29 - Дэлхийн хоёрдугаар дайнд өдүүлсэн хэргийнхээ улмаас хамгийн удаан хоригдсон Фердинанд аус дер Фюнтен, Франц Фишер нарыг Голландын шоронгоос суллажээ.
  • Нэгдүгээр сарын 30 - Канадын Ерөнхий сайд танхимынхаа зургаан сайдыг огцруулав.
    • Афганистаны нийслэл Кабул хот дахь АНУ-ын Элчин сайдын яам хаагдав. Элчин сайдын яам 2001 он хүртэл дахин нээгдээгүй билээ.
  • Хоёрдугаар сарын 2 - ЗХУ-Афганийн дайн: ЗХУ-ын сүүлчийн хуягт тээвэрлэгч Кабулаас гарав. Ийнхүү есөн жил үргэлжилсэн Зөвлөлтийн цэргийн интервенц өндөрлөжээ.
    • Венесуэлийн Ерөнхийлөгчийн суудалд Карлос Андрес Перес суув.
  • Хоёрдугаар сарын 3 - Парагвайн төрийн эргэлт: Тус улсыг 1954 оноос хойш удирдсан дарангуйлагч Альфредо Стросснерийг төрийн эргэлтээр түлхэн унагав.
    • Өмнөд Африкийн Ерөнхийлөгч П.В.Бота цус харвав. Улмаар түүнийг Үндэсний намын даргын тушаалаас огцруулав.
  • Хоёрдугаар сарын 5 - Европын спортын алдарт "Евроспорт" суваг эфирээ цацаж эхлэв.
  • Хоёрдугаар сарын 6 - Польшийн Засгийн газар 1981 оноос хойш анх удаагаа "Эв санааны нэгдэл" хөдөлгөөний төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээ хийв.
  • Хоёрдугаар сарын 7 - Ямайкийн парламентын сонгуульд Үндэсний ардын нам ялалт байгуулав.
  • Хоёрдугаар сарын 10 - АНУ-ын Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны даргаар Рон Браун сонгогдов. Ингэснээр тус улсын улс төрийн түүхэнд томоохон намын бодлогын хороог удирдсан анхны хар арьст хүн болсон юм.
  • Хоёрдугаар сарын 14 - Энэтхэгийн Бхопалд 1984 онд болсон үйлдвэрийн ослын улмаас хий алдагдаж 3.7 мянган хүн хохироосон гэх үндэслэлээр тус улсын Засгийн газар АНУ-ын "Юнион Кардайб" компанид 470 сая ам.долларын торгууль оноов.
    • Иран гаралтай Британийн нэрт зохиолч Сальман Рашдигийн 1988 онд хэвлүүлсэн "Сатаны шүлгүүд" нэрт номтой холбогдуулан Ираны Дээд удирдагч Аятолла Рухолла Хамейни түүнийг үхэх ялтай гэж нийтэд зарлав.
    • Байр зүйн системийн (GPS) анхны 24 хиймэл дагуул дэлхийн тойрог замд байршив.
  • Хоёрдугаар сарын 15 - ЗХУ-Афганийн дайн: ЗХУ-ын засаг захиргаа бүх цэргүүдээ Афганистан улсаас гаргаж байгааг зарлав.
    • Шри Ланкийн парламентийн сонгуульд ялалт байгуулсан Үндэсний нэгдсэн намыг эсэргүүцсэн жагсаал олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирч 1000 гаруй хүн амиа алджээ.
  • Хоёрдугаар сарын 16 - 1988 онд осолдсон Пан-Ам 103-р нислэгийн ослыг мөрдөн шалгах явцад хар хайрцаг бичих төхөөрөмжид суурилуулсан тэсрэх бөмбөгнөөс шалтгаалсан болохыг тогтоов.
  • Хоёрдугаар сарын 17 - Өмнөд Африкийн цагдаагийн газар Нелсон Манделагийн эхнэр Уинни Манделагийн гэрт ажиллагаа явуулж түүнийг болон өөр бусад дөрвөн хамгаалагчийнх нь хамт баривчлав.
  • Хоёрдугаар сарын 23 - АНУ-ын Батлан хамгаалахын сайдад Ерөнхийлөгч Бушийн дэвшүүлсэн Жон Таверийг томилох эсэхийг Сенатын танхимын Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хороо хэлэлцэн олонхийн саналаар томилохоос татгалзжээ.
  • Хоёрдугаар сарын 24 - Япон улсын нийслэл Токио хотод эзэн хаан Хирохитог эцсийн замд нь үдэв. Оршуулах ёслолд дэлхийн 160 улсын өндөр дээд төлөөлөгч оролцжээ.
    • Ираны засаг захиргаа "Сатаны шүлгүүд" ном хэвлүүлсэн Сальман Рашдигийн толгойг гурван сая ам.доллароор үнэлжээ.
    • Дуут хувьсгал: Эстонийн нийслэл Талинн хотын "Пикк Херманн" цамхагийн оройд Эстонийн үндсэн төрийн далбаа 44 жилийн дараа анх удаа мандав.
  • Хоёрдугаар сарын 25-27 - АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш БНХАУ, Өмнөд Солонгост хийх төрийн айлчлал эхэллээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Дэнг Сиапинг, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ро Тэ-У нартай уулзсан юм.

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сар - Польш даяар үнийг чөлөөлж, капитализмд шилжихийг уриалсан хөдөлгөөн өрнөж эхлэв.
  • Гуравдугаар сарын 1 - АНУ-ын засаг захираа зохиогчийн эрхийн Бернийн конвенцийг соёрхон батлав.
    • Сербийн цөөнхүүдийг хавчин гадуурхаж буйг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор Косовод хөл хорио тогтоожээ.
    • Исланд улс 74 жилийн дараа шар айрагны хоригоо цуцлав. Үүнийг улс даяар шар айрагны баяр болгон тэмдэглэдэг юм.
  • Гуравдугаар сарын 2 - Европын холбооны 12 улс энэ зууны эцэс гэхэд хлортфтор нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг хориглохоор тохиролцжээ.
  • Гуравдугаар сарын 3 - Финланд улсад олныг цочирдуулсан нэгэн хэрэг гарав. Хельсинк хотын Миллипуро дүүргийн захад яргачин Ямму Силтавуори гэгч найман настай хоёр охингы хулгайлж, хөнөөжээ.
  • Гуравдугаар сарын 7 - Сальман Рашдигийн хэвлүүлсэн "Сатаны шүлгүүд" номтой холбоотойгоор Иран улс Их Британитай дипломат харилцаагаа таслав.
  • Гуравдугаар сарын 12 - Алдарт эрдэмтэн Тим Бернерс-Лий дэлхийг хэрсэн интернэт сүлжээний зураг төсөл, бодлогын баримт бичгийг боловсруулжээ.
  • Гуравдугаар сарын 13 - Соронзон шуурганы улмаас Квебекийн усан цахилгаан станцын сүлжээ тасалдав. Ингэснээр зургаан сая гаруй хүн есөн цагийн туршид цахилгаангүй болжээ. АНУ-ын зүүн хойд хэсэг болон Шведийн зарим бүс нутагт эрчим хүч тасалдсан юм. Техасын цөлд хүртэл туйлийн туяа үзэгдсэн байна.
  • Гуравдугаар сарын 14 - АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У Буш АНУ-д "довтолгооны зэвсэг"-т тооцогддог зарим бууг импортлохыг хориглов.
    • Ливаны генеарл Мишель Аун тус улсыг Сирийн цэргүүд, тэдний холбоотнуудаас ангижруулах зорилго бүхий "Чөлөөлөх дайн"-ыг зарлав.
  • Гуравдугаар сарын 15 - Израилийн засаг захиргаа Таба хотыг Египетийн талд шилжүүлснээр долоон жил үргэлжилсэн газар нутгийн маргаан эцэс болжээ.
    • Унгарт ардчиллын төлөөх олныг хамарсан жагсаал эхлэв.
  • Гуравдугаар сарын 16 - ЗХУ-ын Коммунист намын төв хороо хуралдаж тариаланчдад фермийн газрыг насан туршдаа түрээслэх эрх олгохоор шийдвэрлэв. ЗХУ-ын засаг захиргаа үүнийг Хөдөө аж ахуйн шинэчлэл гэж нэрлэжээ.
  • Гуравдугаар сарын 17 - Эль Сальвадор улсын Ерөнхийлөгчөөр Альфредо Кристиани сонгогдлоо.
  • Гуравдугаар сарын 20 - Австралийн Ерөнхий сайд Боб Хоук гэр бүлээс гадуур харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, Үндэсний телевизээр ард түмнээсээ уйлан байж уучлал эрэв.
  • Гуравдугаар сарын 22 - Үндэсний хоккейн лигийн тоглолтын үеэр "Баффало Саберс" багийн тоглогч Клинт Маларчук хоолойгоо хэрчүүлж, аминд халтай гэмтэв. Золоор тэр мэнд үлдэж чадсан билээ.
  • Гуравдугаар сарын 23-28 - Бүгд найрамдах Социалист Серби улс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Косовогийн автономит эрхийг цуцлав. Үүнийг эсэргүүцсэн жагсаалын улмаас наад зах нь 29 хүн амь эрсэджээ.
  • Гуравдугаар сарын 24 - Аляска мужийн Уильям Саун орчимд "Эксон Валдез" газрын тосны хөлөг осолдож 240 мянган баррель газрын тос асгарав.
  • Гуравдугаар сарын 26 - ЗХУ-ын Ардын депутатуудын их хурлын эхний бөгөөд эцсийн сонгууль болов. Маргаан дагуулсан уг сонгуулиар Коммунист нам ялагдал хүлээжээ.
  • Гуравдугаар сарын 29 - Академийн шагнал гардуулах 61 дэх удаагийн сонгууль ёслол төгөлдөр болов. Оны шилдэг киногоор "Борооны хүн" шалгарч, шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Жюди Фостер, эрэгтэй гол дүрийн шагналыг Дастин Хоффман хүртэв.

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Дөрөвдүгээр сарын 1 - Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн боловсруулсан орон нутгийн засаг захиргааны татварын шинэ систем Шотландад нэвтрэв.
  • Дөрөвдүгээр сарын 4 - Хайти улсын Ерөнхийлөгч Проспер Аврилийг түлхэн унагах зорилготой төрийн эргэлт бүтэлгүйтэв.
  • Дөрөвдүгээр сарын 5 - Польшийн коммунист засаг захиргаа "Эв санааны нэгдэл" хөдөлгөөнтэй хэлэлцээ хийж тус хөдөлгөөнийг хууль ёсных гэж үзээд, зургаадугаар сарын 4-ний өдөр ардчилсан сонгууль явуулах гэрээнд гарын үсэг зурав.
  • Дөрөвдүгээр сарын 6 - Австралийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гүйцэтэх захирал Жон Фридрихийг хөрөнгө оруулагчдаас 235 сая ам.доллар залилсан гэж үзэн баривчлав.
  • Дөрөвдүгээр сарын 7 - ЗХУ-ын шумбагч "К-278 Комсомолец" хөлөг Баренцын тэнгист осолдж, 41 хүн амь үрэгджээ.
  • Дөрөвдүгээр сарын 9 - Тбилисийн хядлага: Гүржийн нийслэл Тбилиси хотын төв талбайд ардчиллын төлөөх жагсаалыг дарах зорилгоор Зөвлөлтийн арми цэрэг оруулав. Үүний уршгаар 20 иргэн амиа алдаж, олон арван хүн шархдав.
  • Дөрөвдүгээр сарын 13 - Израилийн хилчид Нахалин хотод довтолж, таван палестин иргэн амиа алджээ.
  • Дөрөвдүгээр сарын 15 - Европын хөлбөмбөгийн түүхэнд эмгэнэлт явдал тохиов. Английн Шеффильд болон Ливерпүүл клубийн хооронд болсон тоглолтын үеэр Хиллсборо цэнгэлдэх нурж 94 хөгжөөн дэмжигч, гурван энгийн иргэн амиа алджээ.
    • БНХАУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан таалал төгсөв. Түүний үзэл баримтлал, үхлийн шалтгаан олон нийтийг эсэргүүцэн босоход хүргэв. Тяньаньменийн эсэргүүцлийн жагсаалын үүтгэл нь чухам энэ байв.
  • Дөрөвдүгээр сарын 17 - Польшийн эрх баригчид "Эв санааны нэгдэл" хөдөлгөөнийг сонгуульд оролцохыг зөвшөөрөв.
  • Дөрөвдүгээр сарын 20 - Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО ойрын зайн тусгалтай пуужинг бууруулах тухай хэлэлцэж эхлэв. Үүнийг АНУ, Их Британи дэмжиж байгаа ч Баруун Герман улс эсэргүүцэж, хэлэлцэхээ хойшлуулах шаардлага тавьжээ.
  • Дөрөвдүгээр сарын 21 - БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тяньаньмэнийн төв талбайд Бээжин, Шанхай, Сиань, Нанжин хотын оюутнууд эсэргүүцлийн жагсаал эхлүүлэв.
  • Дөрөвдүгээр сарын 23 - Үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор Йордан улсын Ерөнхий сайд Заид аль-Рифай үүрэгт ажлаасаа огцров.
  • Дөрөвдүгээр сарын 25 - Хувьцааны арилжаатай холбогдох дуулианаас үүдэн Японы Ерөнхий сайд Такешита Ноборү үүрэгт ажлаасаа огцров.
    • "Моторола" компани "МикроТАК" нэртэй гар утасаа олон нийтэд танилцуулжээ.
  • Дөрөвдүгээр сарын 26 - Йордан улсын Ерөнхий сайдаар Заид ибн Шакер томилогдов.
  • Дөрөвдүгээр сарын 27 - Тяньаньменийн эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлэв.
  • Тавдугаар сар - Хүний геномыг өөрчлөх туршилт эхлэв.
  • Тавдугаар сарын 2 - Унгар улсын засаг захиргаа Австритай хиллэдэг 240 км өргөт торыг буулгаж эхлэв.
    • Нидерландын Ерөнхий сайд Рууд Лубберсийн хамтарсан Засгийн газар унав.
  • Тавдугаар сарын 3 - ЗХУ-ын нийслэл Москва хотод Макдоналдсын сүлжээ ресторан баригдаж эхлэв.
  • Тавдугаар сарын 10 - Панадын Ерөнхийлөгч Мануэль Норьегагийн Засгийн газар тавдугаар сарын 7-нд болсон сонгуулийг хүчингүйд тооцов.
  • Тавдугаар сарын 11 - АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш Панам дахь америкчуудыг хамгаалах нэрийдлээр 1900 цэргийг Панамд илгээв.
  • Тавдугаар сарын 14 - ЗХУ-ын удирдагч Михаиль Горбачёв БНХАУ-д айлчлав. Ингэснээр Никита Хрущевоос хойш тус улсад айлчилсан анхны удирдагч болов. Энэ нь Хятад-Зөвлөлтийн хуваагдлыг зогсоох онцгой алхам байлаа.
    • Аргентин улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Карлос Менем ялалт байгуулав.
  • Тавдугаар сарын 15 - Коста Рика улсад сүүлийн алтан бах мэлхий ажиглагдав. Удалгүй энэ төрөл зүйл устсан билээ.
  • Тавдугаар сарын 17 - Тяньаньменийн жагсаалд нэг сая орчим хүн оролцож, ардчилсан системд шилжихийг шаардав.
    • Германы Штуттгарт хотод болсон Европын цомын шигшээ тоглолтод Диего Марадона Наполи клубийн хамтаар аварга болов.
  • Тавдугаар сарын 19 - БНХАУ-ын Үрэмчи хотод Уйгур, Хуй лалын шашинтнууд Засгийн ордны гадаа бослого дэгдээв.
    • БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жао Зиянг Тяньаньмэнийн талбайн жагсагчидтай уулзав.
    • Италийн Ерөнхий сайдын албан тушаалаас Сириако Де Мита огцров.
  • Тавдугаар сарын 20 - БНХАУ-ын Засгийн газар Бээжинд цэргийн онц байдал зарлав.
  • Тавдугаар сарын 24 - Европын цом/Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Италийн алдарт Милан клуб Стяуа Бухарестийг 4:0-ээр бут ниргэн түрүүлэв.
  • Тавдугаар сарын 25 - Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээд Калгари Флеймс баг Монреал Канадиенс багийг 4:2-оор хожиж, анх удаа түрүүлэв.
  • Тавдугаар сарын 26 - Английн хөлбөмбөгийн дээд лигт Арсенал клуб сүүлийн тоглолтод Ливерпүүл клубийг хоёр гоолын зөрүүгээр хожиж, түрүүллээ.
  • Тавдугаар сарын 29 - Аргентин даяар инфляцаас үүдсэн үймээн самуун, дээрэм тонуулын улмаас улс даяар Онц байдал зарлажээ.
    • Тяньаньмэнийн талбайн жагсагчид 10 метр өндөр "Ардчиллын эх дагина" хөшөөг сүндэрлүүлэв.
    • НАТО Европ дахь ойрын тусгалын цөмийн зэвсгийн тоог бууруулах талаар ЗХУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэхээр болов.

Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Зургаадугаар сарын 1-10 - Ромын пап II Йоанн Павел Норвеги, Исланд, Финланд, Дани, Швед улсаар айлчлах айлчлалаа эхлүүлэв.
  • Зургаадугаар сарын 2 - Японы Ерөнхий сайдаар Үно Сосүке томилогдов.
  • Зургаадугаар сарын 3 - Япон улсад өндөр нягтралтай телевизийг туршив. Ингэснээр ирээдүйд аналог зурагтыг солих их үйлсийн эхийг тавьсан юм.
    • Ираны Дээд удирдагч Аятолла Рухолла Хамейни таалал төгсөв.
  • Зургаадугаар сарын 4 - Тяньаньмэнийн талбайд ардчиллыг дэмжсэн тайван жагсаалыг БНХАУ-ын засаг захиргаа хүч хэрэглэн тараахаар цэргийн анги нэгтгэл оруулав.
    • Польш даяар сонгууль зохион байгуулав. Эхний шатанд "Эв санааны нэгдэл" хөдөлгөөн ялалт байгууллаа. Энэ нь Төв болон Зүүн Европоп коммунизмын эсрэг хөдөлгөөн амжилтад хүрсэн анхны тохиолдол болсон юм.
    • Ираны дээд удирдагчаар Аль Хаменей сонгогдов.
    • Уфа хотын галт тэрэгний осол: Зөвлөлт Оросын Уфа хотын ойролцоо байгалийн хийн дэлбэрэлт болж 575 хүн амиа алджээ. Байгалийн хийн хоолойн дэргэдүүр өнгөрч явсан галт тэрэг оч хаясны улмаас дэлбэрэлт болжээ.
  • Зургаадугаар сарын 5 - Үл таних танкчин Хятадын Ардын чөлөөлөх армийн танкны өмнө зогсон эсэргүүцлээ илрхийлж байгаа нь барууны гэрэл зурагчдын дуранд буув. Уг зураг олон улс даяар алдаршсан билээ.
    • Ираны Дээд удирдагч Аятолла Рухолла Хомейнитэй салах ёс гүйцэтгэх үеэр найман хүн амиа алдаж, олон зуун хүн шархдав.
    • Зургаадугаар сарын 6 - Ираны Дээд удирдагч Аятолла Рухолла Хомейнитэй салах ёс гүйцэтгэх үеэр түүний ариун биед хүрэх гэсэн сүсэгтнүүд шахцалдаан үүсгэж цогцсыг нь газар унагахаа шахав.
  • Зургаадугаар сарын 8 - Дэлхийн хёордугаар дайны үед 1941 онд живсэн Германы "Бисмарк" байлдааны хөлөг онгоцыг Францын Брест хотоос баруун тийш 970 км-т далайн ёроолоос илрүүлжээ.
  • Зургаадугаар сарын 16 - 1958 онд хилсээр цаазлуулсан Унгарын Ерөнхий сайд Имре Надийг дахин оршуулах ёслол болов. Будапешт хотын Баатруудын талбайд болсон уг ёслолд 250 мянган хүн цугларчээ.
  • Зургаадугаар сарын 18 - Грек улсад болсон сонгуульд Ерөнхий сайд Андреас Папандреу даргатай Панелленийн социалист хөдөлгөөн ялагдав.
  • Зургаадугаар сарын 22 - Нар буцах ёслолыг Стоунхенжид тэмдэглэж байсан 260 орчим хүнийг Их Британийн цагдаа нар баривчлав.
  • Зургаадугаар сарын 24 - БНХАУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд Зян Земин суулаа.
  • Зургаадугаар сарын 30 - Суданы төрийн эргэлт: Омар аль-Башираар удирдуулсан армийнхан төрийн эргэлт хийж Ерөнхий сайд Садик аль-Махдигийн Засгийн газрыг түлхэн унагав.

Долоодугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 2 - Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан Грекийн Ерөнхий сайд Андреас Папандреу огцров. Түүнийг Цаннис Цаннетакис орлон Ерөнхий сайд болсон юм.
  • Долоодугаар сарын 5 - Өмнөд Африкийн Ерөнхий сайд П.В.Бота шоронд хоригдож буй 70 настай Нелсон Манделатай анх удаа нүүр тулж уулзав.
    • АНУ-ын алдарт "Seinfeld" цуврал үзэгчдийн хүртээл болж эхлэв.
  • Долоодугаар сарын 9-12 - АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш хувьсгал дэгдээд буй Польш, Унгар улсад айлчлав. Айлчлалаар эдийн засгийн тусламж, хөрөнгө оруулалтын асуудлыг хөнджээ.
  • Долоодугаар сарын 10 - Сибирийн уурхайн 300 мянга орчим ажилчид хөдөлмөрийн цагийг уян хатан болгож, төрийн дарамтыг бууруулж, цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлав. Энэ нь 1920-иод оноос хойш Зөвлөлтөд болсон хамгийн том ажил хаялт болсон түүхтэй.
  • Долоодугаар сарын 12 - Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод "Лотте Уорлд" дэлхийн хамгийн том зугаа цэнгэлийн дотоод парк ашиглалтад оров.
  • Долоодугаар сарын 14 - Франц улс даяар Францын хувьсгалын 200 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.
  • Долоодугаар сарын 14-16 - "Их 7" бүлгийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг уриалав.
  • Долоодугаар сарын 17 - АНУ-ын зэвсэглэлд нэвтэрсэн "Грамман В-2 Спирит" үл үзэгдэх бөмбөгдөгч онгоц анхны нислэгээ үйлдэв.
    • Польш улс 50 жилийн дараа Гэгээн ширээт Ватикан улстай дипломат харилцаагаа сэргээв.
  • Долоодугаар сарын 18 - Холливудын жүжигчин Ребекка Шефферийг шүтэн бишрэгч нь хөнөөв.
  • Долоодугаар сарын 19 - Польшийн Ерөнхийлөгчийн сонгууль: Бүгд найрамдах Польш улсын Үндэсний ассамблей генерал Войцех Ярузельскийг Ерөнхийлөгчөөр сонгов.
  • Долоодугаар сарын 20 - Бирмийн сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чи гэрийн хорионд орлоо. Тэрээр 2010 онд л суллагдсан билээ.
  • Долоодугаар сарын 23 - Японы сонгууль: Японы төлөөлөгчдийн танхимын ээлжит сонгуульд Эрх баригч нам хяналтаа алдав. Сүүлийн 34 жилийн муу үр дүн үзүүлсэн тул Ерөнхий сайд Юно огцрохоор боллоо.
    • Италийн Ерөнхий сайдаар Жулио Андреотти томилогдлоо.
  • Долоодугаар сарын 26 - АНУ-ын Холбооны тангаргтны шүүх Корнеллийн их сургуулийн оюутан Роберт Таплан Моррисыг компьютерийн вирус тараасан хэргээр буруутгав. Түүнийг АНУ-ын 1986 оны Компьютерийн залилан, урвуулан ашиглах тухай хуулийн дагуу ялласан нь тус улсын хуулийн практикт анхны тохиолдол болов.
  • Долоодугаар сарын 27 - Тайландын зартай санхүүгийн луйварчин Мэй Чамой Типьяо нарын этгээдүүдийг санхүүгийн луйвар үйлдсэн хэргээр 141 мянган жилийн хорих ялаар шийтгүүлэв.
  • Долоодугаар сарын 28 - Ираны Ерөнхийлөгчийн сонгууль: Акбар Хашеми Рафсанжан сонгуульд ялалт байгуулав. Тэрээр сонгогдсон даруйдаа Исламын бүгд найрамдах Иран улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн юм.
  • Долоодугаар сарын 31 - Ливан улсад АНУ-ын Тэнгисийн явган цэргийн дэд хурандаа Уиллиам Р.Хиггинсийг дүүжлэв. Энэ нь Израильд Хезболлагийн удирдагч Абдель Карим Обеидыг барьцаалсны хариу болсон байна.
    • Хойд Америкийн зах зээлд "Нинтендо" компанийн үйлдвэрлэсэн "Гейм Бой" зөөврийн видео тоглоом худалдаанд гарав.
  • Наймдугаар сар - ЗХУ-ын Байгалийн хий, аж үйлдвэрийн яам нэршилээ сольж, ОХУ-ын одоогийн хамгийн том компанийн нэг болох Газпром болж өөрчлөгдөв.
  • Наймдугаар сарын 2 - Пакистан улс Хамтын нөхөрлөлийн системээс 1972 онд гарснаас хойш 17 жилийн дараа дахин гишүүнээр элсэв.
  • Наймдугаар сарын 7 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Микки Леланд болон өөр бусад 15 хүн Этиоп улсад болсон онгоцны ослоор нас нөгчив.
    • Төв Америкийн таван улсын төрийн тэргүүн нар Никарагуа улсад цэргийн ажиллагаа явуулж буй Америкийн дэмжлэгтэй контра бүлэглэлийг татан буулгах ёстой гэдэг дээр санал нэгдэв.
  • Наймдугаар сарын 8 - Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Девид Ланге эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцров. Түүний орыг Жеффри Палмер залгасан юм.
  • Наймдугаар сарын 9 - Японы Ерөнхий сайдаар Кайфү Тошики томилогдлоо.
    • Аречибо одон орон судлалын төв радарын системээр анх удаагаа 4769 Солирыг анх удаа олж тогтоов.
    • АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш Хадгаламж, зээлийн хоршооллын системийг аврах зорилго бүхий Санхүүгийн байгууллагуудын шинэчллэл сэргэлтийг хангах тухай хуульд гарын үсэг зурав.
  • Наймдугаар сарын 10 - АНУ-ын Армийн генерал Колин Пауэлл Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар сонгогдсон анхны хар арьст хүн болов.
  • Наймдугаар сарын 13 - Австралийн Алис Спрингс хотод агаарын бөмбөбөлөг осолдож, 13 хүн амь насаа алджээ.
  • Наймдугаар сарын 15 - Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн суудалд Ф.В. Де Клерк суув.
  • Наймдугаар сарын 18 - Колумби улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Луйз Карлос Галан нийслэл Богота хотын ойролцоо бусдын гарт алагджээ.
  • Наймдугаар сарын 19 - Польшийн Ерөнхийлөгч Войцех Ярузельски Эв санааны нэгдлийн идэвхтэн Тадеуш Мазовецийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв. Энэ нь тус улсын практикт сүүлийн 42 жил ажиглагдаагүй үр дүн болсон юм.
    • Австри-Унгарын хил дээр энх тайвныг эрэлхийлсэн тайван жагсаал болов.
  • Наймдугаар сарын 19-21 - Колумбийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бусдын гарт амиа алдсаны дараа тус улсын эрх баригчид хар тамхины бүлэглэлтэй холбоо бүхий 11 мянга гаруй хүнийг хоморголон баривчлав.
  • Наймдугаар сарын 20 - АНУ-ын Калифорни мужийн Беверли Хиллс хотод Лайл болон Эрик Менендез нар өөрсдийн баян эцэг, эхээ буудан хөнөөв.
  • Наймдугаар сарын 21 - Чехийн нийслэл Прага хотод "Прагийн хавар" дарагдсаны 21 жилийн ойг дурсан, жагсаал зохион байгуулав.
  • Наймдугаар сарын 23 - Дуут хувьсгал: Эстони, Латви, Литвийн хоёр сая гаруй иргэд ЗХУ-ын эзлэн түрэмгийлэл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгож 600 км үргэлжилсэн хүний гинжин хэлхээ бий болгожээ.
    • Унгар улс Австритай хилийн хязгаарлалтаа цуцаллаа.
    • Австралийн засаг захиргаа цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахаас ажил хаясан 1645 нисгэгчийг бүгдийг нь ажлаас нь халав.
    • АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт буудалцаан болж, хар арьст Юсеф Хоукинс амь насаа алдав. Энэ нь тус дүүрэгт хар арьст болон итали гаралтай иргэдийн хооронд арьс өнгөний хурцадмал байдал үүсэх шалтгаан болжээ.
  • Наймдугаар сарын 24 - Колумбийн хар тамхины бүлэглэлүүд Засгийн газрынхаа эсрэг "дайн" зарлаж хэд, хэдэн дэлбэрэлт, халдлага үйлдэв.
    • Польшийн Ерөнхий сайдаар Эв санааны нэгдлийн идэвхтэн Тадеуш Мазовецки сонгогдов.
  • Наймдугаар сарын 25 - АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн "Вояажер 2" сансрын хөлөг Далай ван гарагийн дагуул Тритон гарагт ойртов.
  • Наймдугаар сарын 30 - Ливи болон Чад улсын засаг захиргаа 1973 оноос хойш маргаантай байсан Ауузу хилийн зурвасыг Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрөв.
  • Есдүгээр сарын 6 - Апартейд дэглэмийн доорх сүүлийн сонгууль Өмнөд Африкт болов. Сонгуулийн үр дүнгээр Үндэсний нам олонх болов.
    • Нидерландын Үндэсний сонгуульд Рууд Лубберсийн тэргүүлсэн Христийн ардчилсан дуудлага нам ялалт байгуулав.
  • Есдүгээр сарын 7 - АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картерийн санаачилгаар хилийн маргаантай байсан Эритрей болон Этиоп улсын төлөөлөгчид тус улсын Атланта хотноо уулзав.
  • Есдүгээр сарын 10 - Унгарын засаг захиргаа Зүүн Германы иргэдэд баруун хилээ нээжээ.
  • Есдүгээр сарын 10-11 - Норвегийн эрх баригч Хөдөлмрийн нам парламентын сонгуульд 1945 оноос хойш анх удагаа таваас дээш суудал алдав.
  • Есдүгээр сарын 17-22 - Карибын тэнгис болон АНУ-ын зүүн өмнөд хэсгийг дайрсан Хюго нэрт хар салхины улмаас наад зах нь 71 хүн амиа алдан, эдийн засгийн үнэлгээгээр найман тэрбум ам.долларын хохирол учруулжээ.
  • Есдүгээр сарын 18 - Буркина Фасо улсад төрийн эргэлт хийхийг завдав.
  • Есдүгээр сарын 19 - Буркина Фасо улсад төрийн эргэлт хийхийг санаархсан Жан Баптист Букари Лингани болон Анри Зонго нарыг цаазлав.
  • Есдүгээр сарын 20 - Өмнөд Африк улсын Ерөнилйөгчөөр сонгогдсон Ф.В.деКлерк тангарагаа өргөв.
  • Есдүгээр сарын 22 - Их Британийн Кент мужийн Дийл хотод байх Тэнгисийн цэргийн хөгжмийн сургуульд Ирландын салан тусгаарлагчид бөмбөг дэлбэлж, 11 сонсогч амиа алдан, 22 хүн шархаджээ.
  • Есдүгээр сарын 23 - Бараг гурван сар орчим үргэлжилсэн Ливийн иргэний дайны гал намжив.
    • Японы алдарт "Нинтендо" компанийн 100 жилийн ой тохиов.
  • Есдүгээр сарын 26 - Вьетнамын цэргийн сүүлийн анги нэгтгэл Камбож улсаас гарав. Ингэснээр 11 жил үргэлжилсэн цэргийн интервенц эцэслэсэн юм.
  • Есдүгээр сарын 27 - Бүгд найрамдах Социалист Словени улс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталж, сүлд дууллаар Напрежийн балтан Словенийн Коммунист лигийн дангаар ноёлох эрхийг халав.
  • Аравдугаар сарын 1 - Дани улс ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс болов.
  • Аравдугаар сарын 3 - Панамын дарангуйлагч Мануэль Нориега төрийн эргэлт хийхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ.
    • Зүүн Германы засаг захиргаа хараа хяналтгүй цагаачлалыг таслан зогсоох зорилгоор Чехословак улстай хиллэх хилээ хаав.
  • Аравдугаар сарын 5 - XIV Далай лам Данзанжамц Нобелийн Энх тайвны шагнал хүртлээ.
  • Аравдугаар сарын 7 - Бүгд найрамдах Ардчилсан Герман (Зүүн Герман) улсын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал Плауен хотод эхлэв. Энэ жагсаал яв явсаар бүх нийтийг хамарсан тэмцэл болон хүрээгээ тэлсэн юм.
  • Аравдугаар сарын 9 - ЗХУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг Воронеж хотод үл мэдэгдэх нисдэг биет газардсан тухай мэдээлэв.
    • Зүүн Германы Лайпцих хотод 1953 оноос хойш томоохон жагсаал болж, 50 мянга гаруй хүн ардчилсан шинэчлэл хийхийг шаарджээ.
  • Аравдугаар сарын 18 - Зүүн Германы удирдагч Эрих Хоннекер эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцров. Түүний орыг Эгон Кренц залгамжилсан билээ.
    • Унгарын Үндэсний ассамблей олон намын тогтолцоо бүхий ардчилсан чиг баримжааг сонгох эсэхээр санал хураалт зохион байгуулав.
    • АНУ-ын Сансар судлалын агентлагч Бархасбадь гарагийн агаар мандал түүний бүтцийг судлах зорилго бүхий "Галилео" аппаратыг хөөргөв.
  • Аравдугаар сарын 21 - Хамтын нөхөрлөлийн орнуудын ээлжит хруладаанаар байгаль орчны тогтвортой байдлыг хангах тухай Лангкавигийн тунхаглалыг албан ёсоор батлав.
  • Аравдугаар сарын 23 - Ардчилсан чиг баримжаатай Бгд найрамдах Унгар улсыг зарлан тунхаглав.
    • АНУ-ын Техас мужийн Пасадена хотод байрлах химийн үйлдвэрт дэлбэрэлт болж 23 хүн амиа алдан, 314 хүн шархаджээ.
  • Аравдугаар сарын 24 - Энэтхэгийн Бихар мужийн Бхагалпур хотод шашны хүчирхийллийн улмаас 1000 гаруй хүн амиа алдав.
  • Аравдугаар сарын 28 - АНУ даяар Төрийн далбааг дээдлэх тухай хууль хүчин төгөлдөр болв. Сиэтл болон Нью-Йорк хотод эсэргүүцлийн жагсаалын үеэр төрийн далбааг шатаах явдал гарсан учраас энэ хуулийг баталжээ.
  • Аравдугаар сарын 30 - АНУ-ын нийслэл Вашингтон хотын Капитолын ордны шатан дээр Төрийн далбааг дээдлэх тухай хуулийг эсэргүүцсэн олон АНУ-ын Төрийн далбааг шатаав.
  • Аравдугаар сарын 31 - Туркийн Үндэсний ассамблейн ээлжит хуралдаанаар Тургут Озалыг тус улсын найм дахь Ерөнхийлөгчөөр сонгожээ.
    • Зүүн Германы Лайпцих хотын эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоо 500 мянгад хүрэв.

Арваннэгдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сарын 1 - Зүүн Герман, Чехословак улсууд хилээ нээв.
    • Никарагуа улсын Ерөнхийлөгч АНУ-ын дэмжлэгтэй контрасын босогчидтой гал зогсоох хэлэлцээ байгуулав.
  • Арваннэгдүгээр сарын 4 - Зүүн Германы Берлин хотод Александрплатцын жагсаалд хагас сая хүн оролцлоо.
  • Арваннэгдүгээр сарын 6 - Ази, номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага үүдээ нээлээ.
  • Арваннэгдүгээр сарын 7 - Зүүн Германы коммунист Засгийн газар огцров. Гэвч Эгон Керц төрийн тэргүүн хэвээр байлаа.
    • АНУ-ын Нью-Йорк хотын амбан захирагчаар Девид Динкинс сонгогдов. Ингэснээр тус улсын засаг захиргаа, удирдлагын нэгжийн түүхэнд энэ албан тушаалд сонгогдсон анхны хар арьст хүн болсон билээ.
  • Арваннэгдүгээр сарын 9 - Хүйтэн дайны эцэс, Берлиний хана нурав: Зүүн Германы удирдах албан тушаалтан Гюнтер Шабовски шууд нэвтрүүлгийн үеэр Зүүн болон Баруун Германаар нэвтрэх шинэ дүрмийн тухай хэлэхдээ "нэн даруй" гэж ам алдав. Ингэснээр тэр оройдоо Зүүн Германы талаас Берлиний хананд шалган нэвтрүүлэх цэгүүдийг нээн, Баруун Герман руу нэвтрэх эрх олгож эхлэв.
    • Туркийн шинэ Засгийн газрын тэргүүнээр Йылдырым Акбулут томилогдов.
  • Арваннэгдүгээр сарын 10 - Болгарт 45 жил тогтносон коммунист засаг нуран унав. Тус улсын коммунист намын дарга Тодор Живков үүрэгт ажлаасаа огцорч, түүний ороыг Гадаад хэргийн сайд Петар Младенов залгажээ.
    • Австралийн иргэн Гэйби Кеннард тус улсын түүхэнд дэлхийг тойрон ниссэн анхны эмэгтэй болов.
  • Арваннэгдүгээр сарын 12 - Бразил улсад 1960 оноос хойш анх удаагаа Ерөнхийлөгчийн чөлөөт сонгууль болов.
  • Арваннэгдүгээр сарын 13 - Лихтенштейн улсын хунтайжаар II Ханс-Адам тодров.
  • Арваннэгдүгээр сарын 15 - Польшийн "Эв санааны нэгдэл" хөдөлгөөний удирдагч Лех Валенса АНУ-ын Конгрессын танхимд үг хэлэв.
    • Бразил улсад 29 жилийн дараа чөлөөт сонгууль болов.
  • Арваннэгдүгээр сарын 16 - Москва хотноо анх удаагаа Америкийн гоо сайхны дэлгүүр үүдээ нээв.
  • Арваннэгдүгээр сарын 17 - Хүйтэн дайн: Хилэн хувьсгал - Чехословакийн Прага хотноо болсон оюутнуудын тайван жагсаалыг хотын цагдаа нар хүч хэрэглэн тараав. Энэ нь коммунизмын эсрэг хувьсгалыг өдөөсөн үйл явдал болсон билээ.
  • Арваннэгдүгээр сарын 20 - Хүйтэн дайн: Хилэн хувьсгал - Чехословакийн нийслэл Прага хотноо болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоо хагас саяд хүрэв.
  • Арваннэгдүгээр сарын 21 - Намибийн Үндсэн хуулийн төслийг боловсруулж эхлэв. Энэ нь шинэ тутам тусгаар тогтносон Намиби улсын анхны хууль зүйлийн бичиг болох юм.
  • Арваннэгдүгээр сарын 24 - Хүйтэн дайн: Хилэн хувьсгал - Улс даяар өрнөсөн хувьсгалын дараа Чехословак улсын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Милош Жакеш болон бусад удирдлагууд огцров.
  • Арваннэгдүгээр сарын 26 - Уругвай улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, Луис Альберто Лакалле сонгогдлоо.
  • Арваннэгдүгээр сарын 27 - Колумбийн орон нутгийн зорчигч тээврийн Авианка 203-р нислэгийн онгоц бөмбөгдөлтөд өртөж осолдов. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Колумбийн хар тамхины бүлэглэл 1990 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сезар Гавириа Трухильог устгах зорилгоор бөмбөг суурилуулсан болох нь тогтоогдсон юм. Гэвч Сезар Гавириа амиа алдаагүй. Харамсалтай нь онгоцонд зорчсон 107 хүн, эх газар дээр байсаан гурван хүний хамтаар амь үрэгдсэн билээ.
  • Арваннэгдүгээр сарын 28 - Хүйтэн дайн: Хилэн хувьсгал - Чехословакийн Коммунист нам улс төрийн дангаар ноёрхох эрх мэдлээс татгалзаж буйгаа зарлав.
  • Арваннэгдүгээр сарын 29 - Энэтхэгийн Ерөнхий сайд Ражив Ганди албан тушаалаасаа огцров. Түүний тэргүүлдэг Энэтхэгийн Үндэсний конгрессс нам сонгуульд амжилтгүй оролцсоны дараа ийм шийдвэр гаргажээ.
  • Арваннэгдүгээр сарын 30 - Германы Төв банкны ТУЗ-ын гишүүн Альфред Херраузен бөмбөгдөлтөд өртөж амиа алдав. Хожимоо энэ халдлагыг "Улаан армийн фракц" бүлэглэл зохион байгуулсан болох нь тодорхой болсон юм.

Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арванхоёрдугаар сарын 1 - ЗХУ-ын дарга Михаил Горбачев, Ромын пап лам II Йоанн Павелтай уулзахдаа ЗХУ-ын иргэдэд шашин шүтэх эрх чөлөөг олгоно гэдгээ амлав.
    • Хүйтэн дайн: Зүүн Германы парламент ээлжит хуралдаанаараа Германы Социалист эв нэгдлийн намд улс төрийн дангаар ноёрхох эрх мэдэл олгох Үндсэн хуулийн заалтыг цуцлав. Ингэснээр Эгон Кренцээр удирдуулсан УЛс төрийн товчоо, Намын төв хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.
    • Филиппин улсын Ерөнхийлөгч Коразон Акуиногийн эсрэг төрийн эргэлт эхлэв.
  • Арванхоёрдугаар сарын 2 - Энэтхэгийн Ерөнхий сайдын суудалд В.П.Сингх суув.
    • Бүгд найрамдах Хятад буюу Тайванийн парламентын сонгуульд Гоминдан нам 53% санал авав. Энэ нь 40 жилийн хугацаанд хамгийн муу үр дүн болсон юм.
    • Малайз улсад хоёр дахь удаагаа тогтоосон онц байдал сөргөлдөгч талууд тохиролцсоноор өндөрлөв. Үр дүнд нь Малайзын Коммунист нам таржээ.
  • Арванхоёрдугаар сарын 3 - Хүйтэн дайн: Мальта улсын дээд хэмжээний уулзалт - Мальта улсын эргийн ойролцоо АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, ЗХУ-ын удирдагч Михаил Горбачев нар хоёр өдрийн турш уулзав. Уулзалтын дараа хүйтэн дайныг эцэслэх арга хэмжээ авна гэдгээ хоёр улсын төрийн тэргүүнүүд мэдэгдэлдээ дурдсан юм.
  • Арванхоёрдугаар сарын 4 - Монгол Улсын Эрдэнэт хотод тайван жагсаал зохион байгуулав. Жагсагчид Эрдэнэт хотоос Зөвлөлтийн цэргийн ангийг гаргах, Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх, Эсгий, эсгий гутлын үйлдвэрийн барилгын ажлыг зогсоох, Эрдэнэтийг үндэсний үйлдвэр болгох, Мод дамжуулах үйлдвэрийг нэн даруй хаах зэрэг шаардлагуудыг тавьж байжээ.
  • Арванхоёрдугаар сарын 6 - Канадын Монтриал хотын Эколь политехникийн сургуульд феминизмийг эсэргүүцэгч Марк Лепин гэгч зэвсэглэн гал нээж 14 охины амь насыг хороожээ.
  • Арванхоёрдугаар сарын 7 - Монгол Улсын Ховд аймгийн Багшийн дээд сургуулийн залуу багш, оюутнууд нийгэмд ардчилсан засаг тогтоохыг шаардсан анхны жагсаал, цуглаан болов.
    • Хүйтэн дайн: Хилэн хувьсгал - Чехословак улсын Ерөнхий сайд Ладислав Адамец үүрэгт ажлаасаа огцров.
    • Дуут хувьсгал: ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудаас Литва улс анх удаа Коммунист намын эрх мэдлийг халсан анхны улс болж түүхэнд үлдэв.
  • Арванхоёрдугаар сарын 10 - Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Залуучуудын соёлын төвийн үүдэнд цөөн хүн оролцсон даруухан жагсаал болов. Энэ үеэр Монголын ардчилсан холбоо байгуулагдсаныг Ц.Элбэгдорж зарлалаа. Даруухан жагсаалаар "Хонхны дуу"-г анх удаа эгшиглүүлсэн нь ардчилсан хөдөлгөөний сүлд дуу болсон билээ.
  • Арванхоёрдугаар сарын 14 - Чили улсад 16 жилийн дараа анхны чөлөөт сонгууль болов. Ерөнхийлөгчийн сонгуульд Патрисио Айлвин ялалт байгуулав.
  • Арванхоёрдугаар сарын 15 - Колумбийн зартай хар тамхины наймаачин Хосе Гонзало Родригез Гача цагдаа нарын гарт алагдав.
  • Арванхоёрдугаар сарын 17 - Бразил улсад 29 жилийн дараа болсон анхны чөлөөт Ерөнхийлөгчийн сонгуульд Фернанду Коллор де Меллу ялалт байгуулжээ.
    • Телевизийн алдарт хүүхэлдэйн цуврал болох "Симпсонынхон" цувралын анхны анги дэлгэцнээ гарав.
  • Арванхоёрдугаар сарын 19 - Румын улсын хувьсгал: Румын даяар үйлдвэрийн бүх ажилчид коммунист дэглэмийг эсэргүүцэн ажил хаяв.
  • Арванхоёрдугаар сарын 20 - Панамын дарангуйлагч Мануэль Норьегаг түлхэн унагаах зорилготой "Шударга ёсны шалтгаан" нэртэй цэргийн ажилллагааг АНУ эхлүүлэв.
  • Арванхоёрдугаар сарын 21 - Румын улсын хувьсгал: Румын улсын удирдагч Николае Чаушеску нийслэл Бухарест хотноо цугларсан 110 орчим жагсагчдын өмнө, индэр дээрээс үг хэлэв. Цугласан олон бараг бүгд түүнийг эсэргүүцэж байсан билээ.
  • Арванхоёрдугаар сарын 22 - Румын улсын хувьсгал: Долоо хоног үргэлжилсэн жагсаал үр дүнд хүрч, тус улсын Ерөнхийлөгчөөр Йон Илиеску сонгогдов. Харин өмнөх дэглэмийн удирдагч Николае Чаушеску нисдэг тэргээр дүрвэн дутаах гэж байгаад хувьсгалчдад баригдсан билээ.
    • Берлин хотын алдарт Бранденбургийн хаалга дахин үүдээ нээв.
  • Арванхоёрдугаар сарын 23 - Румын улсын хувьсгал: Тус улсын удирдагч асан Николае Чаушеску болон түүний эхнэр Элена нарыг Тырговиште хотоос баривчлав.
  • Арванхоёрдугаар сарын 24 - Либери улсад иргэний дайн дэгдэв.
  • Арванхоёрдугаар сарын 25 - Румын улсын хувьсгал: Тус улсын удирдагч асан Николае Чаушеску болон түүний эхнийг Бухарест орчимд шүүж, хийсэн гэмт үйлдлийнх нь төлөө цаазын ял оноон, тэр өдрөө гүйцэтгэжээ.
  • Арванхоёрдугаар сарын 28 - Чехословакийн парламентын даргаар Александр Дубчек сонгогдов.
  • Арванхоёрдугаар сарын 31 - Польшийн Ерөнхийлөгч Балцерович капиталист нийгэмд шилжиж, Варшавын гэрээнээс гарах тухай зарлигт гарын үсэг зурав.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
Тео Уолкотт
Дэниэл Редклифф
Ангилал:1989 онд төрсөн

Энэ онд нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
Шоова хаан
Андрей Сахаров
Ангилал:1989 онд өнгөрсөн

Нобелийн шагналтнууд

[засварлах | кодоор засварлах]

Нобелийн шагнал гардуулах хорооны ээлжит хуралдаанаар шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн дараах нэр бүхий хүмүүст Нобелийн шагнал олгохоор шийдвэрлэжээ.

Физикийн салбарын Нобелийн шагналыг атомын цаг бүтээхэд чухал ач холбогдолтой салангид хэлбэлзлийн салангид аргыг нээснийхээ төлөө Америкийн физикч Норман Фостер Рэмси Жр, электрон сорон орны моментийг өндөр нарийвчлалтай хэмжихэд Пеннингийн урхийг ашигласных нь өлөө Ханс Георг Дехмельт, соронзон бус дөрвөлжин маасын шүүлтүүрийг бүтээснийх нь төлөө Германы физикч Вольфганг Пауль нарт олгохоор болжээ.

Химийн салбарын Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн, Йелийн их сургуулийн профессор Сидней Алтманд рибонуклейн хүчлийн каталитик шинж чанарын талаар хийсэн ажлынх нь төлөө, мөн АНУ-ын эрдэмтэн Томас Чехд рибонуклейн хүчлийн хэлхээг тасдаж чаддаг болохыг олж нээснийх нь төлөө тус тус олгохоор болжээ.

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хавдрын эсийг лабораторийн орчинд судалсных нь төлөө Харолд Э.Вармус болон Ж.Майкл Бишоп нарт хүртээхээр болсон байна.

Уран зохиолын салбарын Нобелийн шагналыг Испанийн уран зохиолын нэрт төлөөлөл, "Испани 36" үеийн бичгийн хүн Камило Хосе Селад "хүмүүний эмзэг байдлын талаарх хязгаарлагдмал ойлголтыг нээн илрүүлэхэд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан" хэмээн олгохоор болжээ.

Нобелийн Энхтайвны шагналыг бурхын шашны тэргүүн, 14-р Далай лам Данзанжамцад "Төвдийн тусгаар тогтнол, энх тайвны төлөөх энэрэнгүй тэмцлийг нь үнэлэн" олгохоор болсон байна.

Шведийн Төв банкнын нэрэмжит Эдийн засгийн Нобелийн шагналыг Норвегийн эдийн засагч Тригве Магнус Хаавелмод "эконометрикийн магдалын онолын үндэс суурийг тодруулж, эдийн засаг судлалын суурь бүтцэд дүн шинжилгээ хийсэн" тул олгохоор болжээ.

  • Физик - Норман Фостер Рамзи Жр., Ханс Георг Дехмельт, Вольфганг Пауль
  • Хими - Сидней Алтман, Томас Чех
  • Анагаах ухаан - Ж.Майкл Бишоп, Харольд Э.Вармус
  • Уран зохиол - Камило Хосе Села
  • Энх тайван - 14-р Далай лам Данзанжамц
  • Шведийн Төв банкны нэрэмжит Эдийн засгийн шагнал - Тригве Хаавельмо


Зүүлтийн тайлбар

[засварлах | кодоор засварлах]