Хүйтэн дайн
Хүйтэн дайн гэдэг нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхтэй, дэлхийн хоёрдугаар дайны дараа үргэлжилсэн олон улсын улс төрийн үйл явц бөгөөд энэ нь ЗХУ-ын тэргүүлсэн социалист систем, АНУ тэргүүтэй капиталист системийн хоорондын үзэл суртлын зөрчилдөөнийг ийнхүү нэрлэдэг байв. Хүйтэн дайныг 1946 оноос эхлэн, ЗХУ-ыг задартал 1990-ээд оны эхэн үеийг хүртэл үргэлжилсэн гэж үздэг.
"Хүйтэн дайн" гэсэн нэр томъёог анх 1945 оны 10 дугаар сарын 19-нд зохиолч Жорж Орвэлл (англ. George Orwell) Британийн долоо хоног тутмын "Трибюн" сонинд "Атомын бөмбөг Та хоёр" нийтлэлдээ ашигласан юм.
"Хүйтэн дайн" гэж нэрлэх болсон нь энэ дайн нь өмнөх цаг үеүүд шиг талууд нь шууд хоорондоо зэвсэг барин /халуун зэвсэг/ нүүр тулан дайтахгүй харин өөр арга замаар, цэргийн эвсэл байгуулж, тагнуул, үзэл суртлын тэмцэл өрнүүлэх замаар тулалдан, зөрчилдөн тэмцэлдсэнээс ийн нэрлэх болжээ.
АНУ, ЗХУ хоёр талд хуваагдаж өөр өөрийн нөлөөллийн бүстэй болж түүнийгээ НАТО, Варшавын гэрээний орнууд гэсэн цэрэг-улс төрийн эвсэл байгуулсан юм. Хэдийгээр АНУ болон ЗХУ албан ёсоор шууд цэргийн мөргөлдөөнд ороогүй ч нөлөөллийн төлөөх өрсөлдөөн нь Гуравдагч ертөнцийн янз бүрийн хэсэгт орон нутгийн зэвсэгт мөргөлдөөн дэгдэхэд хүргэж байсан.
"Хүйтэн дайн" нь ердийн болон цөмийн зэвсгээр хөөцөлдөн өрсөлдөх явдал үүсч, заримдаа дэлхийн гуравдугаар дайнд хүргэх аюул заналхийлж байсан.
Хэдийгээр ЗХУ болон холбоотны улс орнууд хоорондоо улс төрийн хүрээнд тохиролцон нацист Германы эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд хамтран тэмцсэн ч тэдний хооронд үзэл суртлын том зөрчил байгаа нь дайн дуусахад улам бүр тодорхой болсон юм. Энэ нь дайн дууссаны дараа үүссэн нөхцөл байдал улам бүр ил болгосон юм.
"Хүйтэн дайн"-ы үед олон улсын нөхцөл байдал зарим үед ихэд хурцдан зарим үед тайвшран харьцангуй энхийн байдалтай болж байв. Тухайлбал 1948-1949 оны Берлиний бүслэлт, 1950-1953 оны Солонгосын дайн, 1961 оны Берлиний хямрал, 1959-1975 оны Вьетнамын дайн, 1979-1989 оны Афганистаны дайн, 1962 оны Кубын пуужингийн хямрал зэрэг нь хүйтэн дайны үеийн халуун цэгүүд болж байв. Хүйтэн дайны үед их гүрнүүд хоорондоо шууд нүүр тулан байлдахгүй байсан нь тэдгээрийн цөмийн зэвсгийн хүчин чадавх, хэрвээ цөмийн дайн болбол тэндээс ялагч үлдэхгүй тухай цөмийн дайны онол зэргээс болж байв. 1980-аад оны сүүл үеэс хүйтэн дайны уур амьсгал харьцангуй зөөлөрсөн. Михайл Горбачев 1985 оноос ЗХУ-д өөрчлөн байгуулалт, шинэчлэл, ил тод байдал өрнүүлж эхэлсэн ба ЗХУ 1991 онд задарснаар хүйтэн дайн төгсгөл болсон.
ЗХУ оршин тогтнож байсан жилүүдэд зөвлөлтжүүлэх үзэл суртал болон социализмын нөлөө, стратегийн зорилгын үүднээс зөвлөлтийн зэвсэгт хүчний цэргийн ангиуд монголд удаа дараа байрлаж байсан байна.