Jump to content

1990 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(1990-с чиглүүлэгдэв)
Аргын жил дараалал
1985 · 1986 · 1987 · 1988
1989 1990 1991
1992 · 1993 · 1994 · 1995
Хамаарах арван
1990-д он
Хамаарах зуун
XX зуун

Аргын тооллын 1990 он (Нэгэн мянга есөн зуун ердүгээр он). Билгийн тооллоор 17-р жарны төмөр морь жил. Григорийн тооллоор энэ он Даваа гаргаас эхэлжээ. Энэ он бол хоёр дахь мянганы 990 дэх жил, XX зууны 90 дэх он, 1990-ээд оны эхний жил.

Энэ он бол дэлхийн улс төрийн газрын зураг орвонгоороо өөрчлөгдсөн түүхэн гэж тодотгох жил байлаа. Олон жил үзэл суртлын нөлөөгөөр хоёр хэсэг болон хуваагдсан Герман улс нэгдэж, Персийн буланд Йемен улс ч нэгэн туурган дор нэгдэв. Өмнөд Африкаас Намиби улс тусгаар тогтнож, өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр Балтын тэнгисийн улс орнууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салан тусгаарлалаа. Түүгээр ч зогсохгүй Югославын коммунист дэглэм задран унах дээрээ тулж бүрэлдэхүүнд нь багтах олон улс орнуудад олон намын тогтолцоо бүхий сонгууль явагдаж эхлэв.

Персийн булан ч түйвээнтэй байв. Ирак улс хөрш зэргэлдээ Кувейт улсыг булаан эзэлсэн нь олон улсын дургүйцлийг төрүүлэв. Сауд-Кувейтийн хил дээр олон улсын цэргийн нэгдсэн хүч Кувейтийн газар нутгаас Иракийн цэргийг энхийн замаар гаргах зорилготой “Цөлийн бамбай” ажиллагааг эхлүүлжээ. Чухамдаа энэ үйл явдал нь Персийн булангийн дайны эхлэлийн цэг болов. Өмнөд Африкт олон жил үзэл бодлынхоо улмаас торны цаана суусан Нелсон Мандела суллагдаж, Их Британийн Ерөнхий сайдын суудалд 11 жил суусан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчер албан тушаалаасаа огцорчээ.

Дэлхийн түүхийг өөрчилсөөр буй интернэтийн үүтгэл чухамдаа энэ онд тавигдав. Нэрт эрдэмтэн Тим Бернерс-Ли веб серверийг зохион бүтээсэн нь дэлхийг хэрсэн сүлжээний эхлэл болсон юм. Улмаар дэлхий даяар интернэтийн үйлчилгээ нэвтэрч, төвлөрсөн хайлтын системийн анхны хувилбар болох “Арчи” систем хэрэглээнд нэвтрэв.

Шинжлэх ухааны салбарт гэрэл тусаж хүнийн геномыг өөрчлөх судалгаа албан ёсоор эхэлсэн. Сансар судлалын салбарт эргэлт авчрах хамгийн хүчтэй сансрын дурай авай “Хаббл телескоп” хөөрөв. Генийн өөрчлөлтийн эмчилгээ анагаах ухааны салбарт нэвтэрчээ.

Дэлхий даяар, тэр дундаа зүүн Европ, Азийн зарим улсад хуучин дэглэм нуран унаж, шинэ дэглэм рүү шилжсэн учраас төрөлт огцом буурсан. Гэвч барууны голдуу өндөр хөгжилтэй улс орнуудад төрөлтийн түвшин дээд цэгтээ хүрч өссөн ч дараагийн жилүүдэд алгуур буурах таагүй хувь тавилантай нүүр тулна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сар 1 – Польш улс социалист хараа хяналтыг устгасан Зүүн Европын анхны улс болов.
    • Глазго хотыг Европын соёлын төв хэмээн зарлажээ.
    • АНУ болон Нидерланд улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэх компаниуд байгуулагдаж эхлэв.
    • Британийн нэрт инээдмийн жүжигчин Роуэн Аткинсоны тоглосон “Ноён Бийн” инээдмийн цуврал цацагдаж эхлэв.
  • Нэгдүгээр сарын 2 – Дэлхийн улс орнууд коммунист дэглэмээс татгалзаж байхад Албанийн удирдагч Рамиз Али “Коммунист дэглэмээс татгалзах нь эцсийн сонголт биш. Европ тивд үүссэн улс төрийн өөрчлөлтийг анхааралтай ажиглах ёстой” гэж мэдэгдэв.
  • Нэгдүгээр сарын 3 – АНУ-ын цэргийн хүч Панамын нутагт нэвтрэв. Улмаар тус улсын удирдагч, генерал Мануэль Норьега Америкийн хүчинд бууж өгчээ.
  • Нэгдүгээр сарын 10 – Гурвалсан хөдөлгүүр бүхий “МакДонелл Дуглас МД-11” онгоц анхны нислэгээ үйлдэв.
  • Нэгдүгээр сарын 11 – Дуут хувьсгал: ЗСБН Литва улсад тусгаар тогтнолын төлөөх 300 мянган иргэн эсэргүүцлийн жагсаалд оролцов.
  • Нэгдүгээр сарын 12-19 – Азербайжаны засаг захиргаа армян гаралтай 50 мянган хүнийг эх нутгаасаа хөөв.
  • Нэгдүгээр сарын 13 – АНУ-ын Виржиниа мужийн Ричмонд хотын амбан захирагчаар сонгогдсон Дуглас Уайлдер тангараг өргөв. Ингэснээр тус улсын засаг захиргаа, удирдлагын нэгжийн түүхэнд амбан захирагчаар сонгогдсон анхны хар арьст улстөрч болж түүхэнд үлдсэн билээ.
  • Нэгдүгээр сарын 15 – Болгарын Үндэсний ассамблей нэг намын тогтолцоог халах эсэх асуудлаар санал хураав.
    • Өөрсдийн нууц бүртгэлээ харах хүсэлтэй олон мянган иргэн Зүүн Берлинд байх “Стаси”-гийн төв байрт халдав.
    • АНУ-ын Атланта, Сент-Луис, Детройт хотуудад яаралтай түргэн тусламжийн 9-1-1 утас есөн цагийн турш ажиллагаагүй болов. Үүний шалтгаан нь “АТ&T” компанийн программ хангамжид вирус нэвтэрсэнтэй холбоотой байсан юм.
  • Нэгдүгээр сарын 20 – Хүйтэн дайн-Хар нэгдүгээр сар: ЗХУ-ын Коммунист намын Ерөнххий нарийн бичгийн дарга Михаил Горбачёвын тушаалаар Азербайжанд онц байдал тогтоох тухай зарлигийн дагуу нийслэл Баку хотод Зөвлөлтийн цэргүүд нэвтрэв. Тусгаар тогтнолын төлөөх жагсаалыг тэд хүч хэрэглэн зогсоох үеэр 130 орчим жагсагч амиа алджээ.
    • Хаити улсад онц байдал тогтоов. Энэ үеэр иргэний бүх төрлийн эрхийг хориглож, хатуу цензур тогтоох, улс төрийн өрсөлдөгчдөө баривчлах явдал гаарчээ.
  • Нэгдүгээр сарын 21 – Бүгд найрамдах Монгол ард улсад ардчиллын төлөөх Ардчилсан социалист холбоо, Шинэ дэвшилт холбоо зэрэг олон шинэ холбоод байгуулагдах болов. Тэд бүгд нэгдэн засаг захиргаанд шаардлага хүргүүлэх зорилгоор Сүхбаатарын талбайд олон арван мянган хүнийг хамарсан жагсаал зохион байгууллаа. Жагсагчид “олон намын тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах, АИХ-аар Намын тухай хуулийг боловсруулан батлах, Хүний эрхийн түгээмэл тунхагт тодорхойлсон эрхүүдийг төрийн үйл ажиллагаанд дээдлэн баримтлах, АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентын хэлбэрт шилжүүлэх, олон намын тогтолцоог хангасан сонгуулийг 1990 оны эхний хагас жилд багтаан явуулах, хэвлэлийн эрх чөлөөг хуулиар хүлээн зөвшөөрөх, төрийн өндөр албан тушаалтнуудын тусгай хангамжийг цуцлах” зэрэг шаардлага тавьжээ.
  • Нэгдүгээр сарын 22 - Компьютерын системд вирус тараасан Роберт Таппан Моррис гэгчийг яллагдагчаар татав.
  • Нэгдүгээр сарын 23 – Югославын Коммунист намын 14 дэх буюу хамгийн сүүлийн их хурал хуралдав. Уг хурлаар дорвитой өөрчлөлт оруулахгүй байхаар тохирсон боловч олон намын тогтолцоог хангасан сонгууль явуулах боломжтой гэж үзжээ. Гэвч словеничүүд шинэчлэлтэд алгуур хандаж байна гэж хуралдааныг орхин гарсан байна.
  • Нэгдүгээр сарын 25 – Нью-Йорк хотын Коу Нек дүүргийн ойролцоо Авианка 052-р нислэгийн багийнхан ЖФК нисэх буудлын ажилчидтай үл ойлголцсоны улмаас осолдож 73 зорчигч амь эрсэджээ.
    • Пакистан улсын Ерөнхий сайд Беназир Бхутто амаржиж, охинтой болов. Ингэснээр орчин цагийн дэлхийн улс төрийн түүхэнд Ерөнхий сайдын алба хашиж байхдаа хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол болж түүхэнд үлдсэн билээ.
    • Ромын пап II Иохан Паул Кабо Верде, Гвиней-Биссау, Мали, Буркина Фасо, Чад зэрэг Африкийн улсуудад найм хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлжээ.
  • Нэгдүгээр сарын 27 – ЗСБН Молдав улсын Тирасполь хот өөрсдийгөө тусгаар улс гэж зарлав.
  • Нэгдүгээр сарын 28 – Польшийн хөдөлмөрчдийн нэгдсэн нам засгийн эрхээс бууснаас дөрвөн сарын дараа Бүгд найрамдах, социал демократ Польш улсыг өөрчлөн байгуулахаар хэлэлцэж эхэлжээ.
  • Нэгдүгээр сарын 29 – “Эксон Валдез” газрын тос олборлох хөлгийн багийн ахлагч асан Жозеф Хейзлвуд гэгчид холбогдох шүүх хурал Анкорейж хотноо эхэллээ. Түүнийг газрын тос олборлох явцад алдаа гарган далайд нефть алдсан гэж буруутгасан юм.
  • Нэгдүгээр сарын 31 – Даяарчлал: Оросын нийслэл Москва, Хятадын Шенжен хотод түргэн хоолны алдарт “Макдоналдс” ресторан үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
    • АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш Конгрессийн танхимд анх удаа үг хэлэхдээ ЗХУ-ыг Европын нутагт байршуулсан цэргийн тоог эрс бууруулахыг уриалжээ.
  • Хоёрдугаар сар – АНУ даяар нислэгийн үеэр тамхи татахгүй байх зохицуулалт үйлчилж эхлэв.
  • Хоёрдугаар сарын 2 – Апартейд: Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Ф.В.де Клерк Нелсон Манделатай уулзах үеэрээ суллагдмагц нь түүнд болон Африкийн үндэсний конгрессийнхонд улс төрийн эрх олгоно гэж амлалаа.
  • Хоёрдугаар сарын 7 – ЗХУ-ын Коммунист нам улс төрийн дангаар ноёрхох эрхээс татгалзаж, олон намын оролцоо бүхий сонгуулийн системд шилжихээр шийдвэрлэжээ.
  • Хоёрдугаар сарын 9 – Германы Бремен хотод газар доогуурх трамвайны “АДТранц” шугам нээгдэв. Энэ нь дэлхийн анхны газар доогуурх трамвай болсон юм.
  • Хоёрдугаар сарын 10 – Германы Канцлер Хельмут Коль ЗХУ-д төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр ЗХУ-ын удирдагч Михаиль Горбачёвтой уулзахдаа хоёр Герман нэгдэх замыг сонгосон гэдгээ мэдэгджээ.
  • Хоёрдугаар сарын 11 – Апартейд: Өмнөд Африкт үзэл бодол, зарчмынхаа улмаас 27 жил торны цаана суусан Нелсон Мандела “Виктор Верстер” хорих ангиас суллагдав.
  • Хоёрдугаар сарын 12 – НАТО болон Варшавын гэрээний улс орнууд Канадын Оттава хотноо “Нээлттэй тэнгэр” бага хуралд оролцов. Уг бага хурлаар их гүрнүүд Европын нутаг дэвсгэрээс цэргээ гаргах, Германы нэгдэх асуудлыг хөндөн ярилцсан байна.
  • Хоёрдугаар сарын 13 – Германы нэгдэл: Герман улс нэгдэх хоёр үе шат бүхий тохиролцоонд хүрчээ.
  • Хоёрдугаар сарын 14 – АНУ-ын сансар судлалын “Вояжер 1” хөлөг үүргээ гүйцэтгээд буцах замдаа эх дэлхийн зургийг 5.6 километрийн алсаас буулган авав. Үүнийг олон нийт “Цэнхэр цэг” гэж нэрлэсэн юм.
  • Хоёрдугаар сарын 15 – Аргентин улс Их Британитай дипломат харилцаагаа сэргээв. Их Британи улс 1982 онд Фолклендийн аралд халдан довтолсонтой холбоотойгоор тус улс дипломат харилцаагаа цуцалж байсан юм.
    • Колумбийн Картахена хотноо АНУ, Боливи, Колумби, Перу улсын төрийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалт хийв. Тус уулзалтаар хар тамхины наймаатай нэгдсэн удирдлагаар тэмцэх, дэлхийн бусад улс орнуудыг татан оролцуулахаар тохиролцжээ.
  • Хоёрдугаар сарын 18 - Монголын ардчилсан намын анхдугаар их хурал болов. Уг их хурлыг телевиз, радиогоор шууд дамжуулж, гаднын 30 гаруй сэтгүүлч сурвалжилжээ. Хуралд 16 аймаг, гурван хотоос нийт 611 төлөөлөгч, 200 гаруй зочин оролцсон бөгөөд олон намын тогтолцооны эхийг тавьсан билээ. Тус хурлаар БНМАУ-ын Ардын их хурал болон МАХН-ын Төв хороонд хандан өргөх бичиг гаргав. Уг өргөх бичигт "МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулж, Төв хорооны гишүүдийг өөрчлөх, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг эрх тэгш багтаасан Ардын түр хурлыг гуравдугаар сард багтаан байгуулах" зэргийг тусгажээ.
  • Хоёрдугаар сарын 25 – Никарагуа улсад явагдсан Ерөнхийлөгчийн сонгууьд Виолета Чаморро ялалт байгуулав. Ингэснээр Америк тивийн түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй улстөрч болж түүхэнд үлдсэн билээ.
  • Хоёрдугаар сарын 26 – ЗХУ 1991 оны долоодугаар сар гэхэд 73.5 мянган цэргээ Чехословакийн нутаг дэвсгэрээс гаргана гэж мэдэгдлээ.
  • Хоёрдугаар сарын 28 – Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниел Ортега АНУ-ын дэмжлэгтэй контрас бүлгийнхэнтэй гал зогсоох хэлэлцээ байгуулна гэж мэдэгдэв.

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 1 – Египетийн нийслэл Каир хотод орших “Шератон” зочид буудалд гал гарч 16 хүн амиа алдав.
    • Шинэ Зеландын тэнгисийн цэрэг өдөрт олгох ром дарсны нормыг зогсоов.
  • Гуравдугаар сарын 3 – Олон улсын Транс-Антарктидын шинжлэх ухааны экспедиц хөдлөв. Тус экспедицэд зургаан улсын зурган аялагч багтсан бөгөөд Антарктид тивийг нохойт чаргаар туулснаараа онцлог байлаа.
  • Гуравдугаар сарын 4 - Ардчиллын төлөөх дөрвөн холбоо буюу Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалист холбоо, Шинэ Дэвшилт холбоо, Монголын оюутны холбоо нэгдэж 100 мянган хүн цугласан жагсаал Сүхбаатарын талбайд болов. Жагсагчид Монголын ардчилсан намын анхдугаар их хурлаар боловсруулсан өргөх бичгийн шаардлагыг нэн даруй биелүүлэхийг шаардсан юм.
  • Гуравдугаар сарын 7 – БНМАУ-ын эрх баригчдад тавьсан шаардлагынхаа хариуг авч чадаагүй тул Монголын ардчилсан холбооны 10 гишүүн 14:00 цагт тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарлаж буйгаа зарлав. Өлсгөлөн зарласан 10 гишүүн нь Э.Бат-Үүл, Д.Батбилэг, Б.Галсандорж, И.Жавхлант, З.Эрдэнэбат, Б.Батцэнгэл, Г.Бошигт, Д.Дорлигжав, Д.Нинж, Д.Энхбаатар нар юм.
  • Гуравдугаар сарын 8 – Улс төрийн нөхцөл ихээхэн ээдрээтэй болсон цаг үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх нийт ард түмэндээ хандан радио, телевизээр үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ “МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцрох саналыг Бүгд хуралд оруулах, МАХН-ын Онц их хурлыг зарлах, АИХ-ын ээлжит чуулганы хугацааг хуульд нийцүүлэн наашлуулах, МАХН Үндсэн хуулиар дархалсан эрх ямбаасаа татгалзах, улс төрийн шинэ хүчнүүдтэй хамтран Үндсэн хуулийг шинэчлэх, АИХ-ын депутатуудад итгэл үзүүлэх эсэхийг бүх ард түмний санал хураалтаар шийдвэрлэхээр болж зарласан өлсгөлөнгөө зогсоохыг уриалав.
    • Нинтендо компанийн нэрэмжит дэлхийн аваргын тэмцээн Техас мужийн Даллас хотноо болов. Тэмцээнд АНУ-ын 29 мужаас оролцогчид иржээ.
  • Гуравдугаар сарын 9 – Энэ өдрийнх нь шөнө Монголын ардчилсан холбооноос зарласан өлсгөлөн зогсов.
  • Гуравдугаар сарын 10 – Монголын улс төрийн намууд, холбоод улс орны нөхцөл байдлын талаар зөвшилцөж хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд "Эх орон, улс үндэстнийхээ эв нэгдэл, эрх ашгийг эрхэмлэн дээдэлж тэгш эрхтэй байх, бие биенээ харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, нэг нэгнийхээ эсрэг хүч үл хэрэглэх зарчим баримталж, улс төрийн тулгамдсан асуудлаар харилцан зөвлөлдөж тохиролцоонд хүрэхийг эрмэлзэнэ" гэсэн байна.
    • Хаити улсын Ерөнхийлөгч Проспер Аврил суудалдаа сууснаас хойш арван сарын дараа төрийн эргэлтээр үүрэгт ажлаасаа буув.
  • Гуравдугаар сарын 11 – Дуут хувьсгал: ЗСБН Литвын эрх баригчид Литва улсыг дахин байгуулах тухай актаар ЗХУ-аас тусгаар тогтносноо зарлав.
  • Гуравдугаар сарын 12 – Хүйтэн дайн: ЗХУ-ын цэргүүд Унгарын нутгаас 6-р сарын 1-ний өдөр гэхэд бүх цэргүүдээ гаргах гэрээний дагуу цэргүүдээ гаргаж эхлэв.
  • Гуравдугаар сарын 12-14 – МАХН-ын бүгд хурлаар Улс төрийн товчоо, нарийн бичгийн дарга нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав.
  • Гуравдугаар сарын 13 – ЗХУ-ын Дээд зөвлөл ЗХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болов. Тус өөрчлөлтөөр АНУ маягийн хүчирхэг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор болж Михаил Горбачёвыг таван жилийн хугацаатай Ерөнхийлөгчөөр сонгохоор тогтжээ.
  • Гуравдугаар сарын 15 – Ирак улс Ираны сэтгүүлч Фарзад Базофтыг тагнуулын хэргээр дүүжлэв. Түүнчлэн Британийн сувилагч Дафне Паришийг хамсаатан гэж үзэн 15 жилийн хорих ял оноожээ.
    • Дуут хувьсгал: ЗХУ-ын засаг захиргаа Литвын тусгаар тогтнолын тунхаглалыг хүчингүй гэж зарлав.
    • Бразилын Ерөнхийлөгчийн суудалд 1961 оноос хойш ардчилсан замаар анх удаа сонгогдсон Фернанд Коллор де Меллу үүрэгт ажилдаа оров. Эхний өдрөө валютын данснуудыг 18 сарын турш царцаах шийдвэр гаргасан юм.
  • Гуравдугаар сарын 18 – АНУ-ын түүхэнд хамгийн томд тооцогдох уран зургийн хулгай болов. Цагдаагийн дүрд хувирсан хоёр этгээд Массачусетс мужийн Бостон хотод байрлах Изабелла Стюарт Гарднерын музейгээс 12 ураг зураг, Шан гүрний үеийн 100-300 сая долларын үнэтэй шаазан ваарыг шулгайлжээ. Одоогоор тус бүтээлүүд олдоогүй байна.
    • Зүүн Германд анхны чөлөөт сонгууль болов.
  • Гуравдугаар сарын 20 – Филиппин улсын Ерөнхийлөгч агсан Фердинанд Маркосын бэлэвсэн эхнэр Имельда Маркосыг хээл хахууль авсан, хөрөнгө шамшигдуулсан, хулгай хийсэн хэрэгт буруутган шүүж эхлэв.
  • Гуравдугаар сарын 21 – Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш Өмнөд Африкийн харьяанд байсан Намиби улс тусгаар тогтнолоо зарлав.
  • Гуравдугаар сарын 22-24 – БНМАУ-ын АИХ-ын ээлжит бус 8-р чуулганаар “БНМАУ-ын төр нийгмийн удирдан чиглүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист-Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгосон МАХН мөн” гэсэн 1960 оны онцгой заалтыг хүчингүй болгов. Ийнхүү Бүгд найрамдах Монгол ард улсад нэг намын ноёрхол эцэслэв. УЛмаар Үндсэн хуульд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. Энэ нь "...ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэлд нийцсэн мөрийн хөтөлбөр, дүрэм бүхий улс төрийн нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхтэй" гэсэн шинэ заалт байв.

Түүнчлэн намыг төрийн удирдлагаас салгаж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар П.Очирбатыг сонгож батлав. Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж Ерөнхий сайдаар Ш.Гунгаадоржийг томилсон юм.

  • Гуравдугаар сарын 24 – Австралийн холбооны сонгууль: Хөдөлмөрийн нам ялалт байгуулж Боб Хоук Ерөнхий сайдын албаа дахин хашихаар болов.
  • Гуравдугаар сарын 25 – Унгар улсад 1948 оноос хойш анх удаагаа олон намын тогтолцоо сонгууль болов. Сонгуульд Унгарын ардчилсан форум нам ялалт байгуулжээ.
  • Гуравдугаар сарын 26 – Академийн наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Калифорни мужийн Лос Анжелес хотын “Дороти Чандлер” танхимд болов. Шилдэг кино төрөлд “Хатагтай Дэйзигийн жолооч” ялалт байгуулсан бол Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчнээр Даниел Дэй-Льюис, эмэгтэй жүжигчнээр Жессика Тенди, шилдэг найруулагчаар Оливер Стоун тодорсон юм.
  • Гуравдугаар сарын 28 – АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Бушийн зарлигаар Америкийн нэрт гүйгч, иргэний эрхийн төлөө тэмцэгч Жесси Оуенсд Конгрессийн алтан медаль гардуулахаар болов.
  • Гуравдугаар сарын 30 – Дуут хувьсгал: ЗСБН Эстони улсын засаг захиргаа 1940 оноос хойш тогтсон Зөвлөлт засгийг хууль бус гэж үзээд бүрэн тусгаар тогтнох үйлс эхэлсэнд тооцов.
  • Гуравдугаар сарын 31 – Шинээр тогтоосон татварын системийг эсэргүүцсэн олон Трафальгарын талбайд эсэргүүцлийн жагсаал өрнүүлэв. Эсэргүүцлийн жагсаалын улмаас 471 хүн шархдаж, 341 хүнийг баривчилжээ.

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Дөрөвдүгээр сарын 1 – Их Британийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шоронгийн үймээн болов. Манчестер хотын Стренжвэйс шоронд эхэлсэн энэ үймээн 24 хоног үргэлжилсэн юм.
    • АНУ-ын хүн амын ээлжит тооллого эхэллээ. Оны эцэст дүнгээ гаргахад АНУ-д нийт 248 сая 709 мянга 873 хүн ам тоологджээ.
  • Дөрөвдүгээр сарын 7-8 – Монголын ардчилсан намд нэгдсэн олон холбоодыг хамруулсан анхны их хурал хуралдав. Улмаар Хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгэм байгуулах зорилт бүхий мөрийн хөтөлбөр, үндсэн дүрмийг баталсан юм. Уг хурлаас ардчилсан бүх нийтийн сонгууль явуулах, ардчилсан үндсэн хуулийг улс төрийн бүх хүчний оролцоотой боловсруулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах шаардлага боловсруулжээ.
    • Багамын арлуудад бүртгэлтэй “Скандинавын од” нэрт гатлага онгоц Данийг зорин явах замдаа осолдож, 158 хүн амиа алджээ.
  • Дөрөвдүгээр сарын 8 – Балба улсад эсэргүүцлийн жагсаал сүүлдээ хүчирхийлэл болон хувирав. Улмаар Балбын бирендра буюу хаан улс төрийн намуудад тавьсан хоригоо цуцалжээ.
    • Грек улсад болсон парламентын сонгуульд консерватив үзэл бүхий Шинэ Ардчилал нам олонхын суудал авав. Улмаар намын дарга Константинос Мицотакис Ерөнхий сайд болох нь тодорхой болов.
  • Дөрөвдүгээр сарын 12 – Зүүн Германы Ерөнхий сайдаар Лотар де Мезьер сонгогдов. Улмаар Германыг дахин нэгтгэхийг зорьж буй томоохон эвслийг толгойлох болсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 13 – Хүйтэн дайн: ЗХУ-ын засаг захиргаа 1940 онд Польшид болсон Катынь хядлагад албан ёсоор уучлал эрэв.
  • Дөрөвдүгээр сарын 14 – Хулхи бонд: Санхүүч Майкл Милкенийг гэмт хэргийн шинжтэй залилангийн хэрэгт буруутай гэж үзэв. Шүүхээс түүнд 10 жилээр хорих, 500 сая ам.долларыг улсад буцаан төлөх ялаар шийтгэсэн юм.
  • Дөрөвдүгээр сарын 20 – АНУ-ын Миннесота мужийн Иган хотоос 17 настай Кристофер Керзе сураггүй болов. Тэрээр одоог хүртэл олдоогүй байна.
  • Дөрөвдүгээр сарын 22 – Ливаны дээрэмчид 1987 оны нэгдүгээр сараас хойш барьцаалсан АНУ-ын багш Роберт Полхиллийг суллав.
    • Эх дэлхийн өдрийг дэлхий даяар сая, сая хүн тэмдэглэв.
  • Дөрөвдүгээр сарын 24 – Хүйтэн дайн: Баруун болон Зүүн Герман улсууд долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд эдийн засаг болон валютаа нэтгэхээр тохиролцов.
    • Хаббл сансрын дуран авайг Шаттл хөлгөөр хөөргөв.
    • Заир улсын Ерөнхийлөгч Мобуту Сесе Соко сөрөг хүчний намуудад тавьсан 20 жилийн хоригоо цуцалжээ.
  • Дөрөвдүгээр сарын 25 – Никарагуа улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виолета Чаморро тангараг өргөлөө.
  • Дөрөвдүгээр сарын 26 – Хятадын Чинхай мужид 7.0 баллын хүчтэй газар хөдөлж, 126 хүн амиа алджээ.
  • Дөрөвдүгээр сарын 27 - Монголын ардчилсан холбоо болон Ардчилсан намын тавьсан шаардлагуудыг эрх баригчид туйлийн удаан шийдвэрлэж байгааг эсэргүүцэж Засгийн газрын ордныг бүсэлсэн "пикет" цуглаанаа хийв. Улмаар эрх баригчид төрийн ордныг цэргээр хамгаалуулав. Жагсагчид цэрэг, цагдаатай мөргөлдөх эрсдэл үүссэн тул зохицуулагч С.Зориг "Биднийг дэмжиж байгаа нь суугаарай" гэх алдарт үгээ хэлсэн билээ.
  • Дөрөвдүгээр сарын 30 – Ливаны дээрэмчид 1986 оны есдүгээр сараас хойш барьцаалагдсан АНУ-ын багш Фрэнк Х.Ридийг суллав.
  • Тавдугаар сар – Монгол Улсад Ардчилсан намаас гадна, Монголын социал демократ нам, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам, Монголын үндэсний дэвшлийн нам зэрэг хэд, хэдэн улс төрийн хүчин үүсгэн байгуулагдаж, гэрчилгээгээ аваад байлаа.
  • Тавдугаар сарын 2 – Английн Лондон хотод брокерт хутга тулгасан нэгэн эр 292 сая фунтын үнийн дүн бүхий үнэт цаас дээрэмдэв. (Энэ нь тухайн цаг үедээ хулгайлсан хэмжээгээрээ хоёрт тооцогдох дээрэм байлаа)
  • Тавдугаар сарын 2-4 – Өмнөд Африкийн Засгийн газар болон Африкийн үндэсний конгрессын хооронд эхний хэлэлцээ эхлэв.
  • Тавдугаар сарын 4 – Дуут хувьсгал: Зөвлөлт социалист Бүгд найрамдах Латви улс ЗХУ-аас тусгаар тогтносноо зарлав.
  • Тавдугаар сарын 5 – Монголын улс төрийн намууд яриа хэлэлцээ хийж, зөвшилцөлд хүрэв. Үүний дүнд Монголын ардчилсан нам болон Монголын ардчилсан холбоо Ард түмний онц зөвлөл байгуулах шаардлагаа татан авч, АИХ-ын тэргүүлэгчид жагсаал цуглааныг хориглосон 86-р захирамжийн зарим заалтыг хүчингүй болгов.
  • Тавдугаар сарын 8 – Дуут хувьсгал: Зөвлөлт социалист Бүгд найрамдах Эстони улс хуучин нэршилээ сэргээж Бүгд найрамдах Эстони улс болж, төрийн далбаа, төрийн сүлд, сүлд дууллыг соёрхон батлав.
    • Коста-Рика улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Рафаел Анхел Калдерон Фурньерын бүрэн эрх хэрэгжиж эхлэв.
  • Тавдугаар сарын 9 – Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон өөр бусад хоёр ч хотод Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал болж, цагдаагийн хүчтэй мөргөлдөв.
  • Тавдугаар сарын 10 – Бүгд найрамдах Монгол ард улсын Ардын их хурлын ээлжит чуулганаар Намуудын тухай хуулийг баталж 18-20 насны залуучуудын сонгогдох эрхийг сэргээв.
  • Тавдугаар сарын 13 – Филиппин улсад байрлах АНУ-ын нисэх хүчний “Кларк” цэргийн баазад АНУ болон Филиппиний талууд хамтын ажиллагааны цаашдын нөхцөл байдлын талаар хэлэлцэж байх үеэр зэвсэглэсэн этгээд халдаж, хоёр хүний аминд хүрчээ.
    • Югославын хөлбөмбөгийн Дээд лигийн ээлжит тойрогт учраа таарсан Динамо Загреб, Црвена Звезда клубийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдийн хооронд эмх замбараагүй байдал үүсэв. Нийт гурван мянга гаруй хүн оролцсон энэхүү эмх замбараагүй байдлыг цагдаа нарын хүчээр дарахаас өөр аргагүй болсон юм.
  • Тавдугаар сарын 15 – Дуут хувьсгал: Эстонид зөвлөлтийн талыг баримтлагч улс төрийн өөр нэг жигүүр үүсэв. Улмаар засгийн эрхийг авахыг санаархсан ч амжилт олсонгүй.
    • Голландын нэрт зураач Винсент ван Гогийн “Гачет эмчийн хөрөг” дуудлага худалдаанд 82.5 сая ам.долларын үнэ хүрэв.
  • Тавдугаар сарын 17 – Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ижил хүйстэн гэх ойлголтыг өвчний жагсаалтаас хасжээ.
  • Тавдугаар сарын 18 – Хоёр Германы нэгдэл: Зүүн болон Баруун Герман улс эдийн засаг, нийгмийн байгууллаа долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд нэгтгэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Тавдугаар сарын 19 – АНУ болон ЗХУ химийн зэвсгээс татгалзаж, үйлдвэрлэхгүй байхаар тохиролцов.
  • Тавдугаар сарын 20 – Хүйтэн дайн: Румын улсад коммунист дэглэм нуран унасны дараа анх удаа Ерөнхийлөгч болон парламентын сонгууль зохион байгуулав.
  • Тавдугаар сарын 21 – Кашмирын улс төрийн бүлэглэлийн удирдагч Мохаммад Фарук Шахын амь насанд халдав. Нутгийн ард иргэд гашуудлын ёслол зохион байгуулах үеэр Энэтхэгийн зэвсэгт хүчнийхэн гал нээж, 47 хүний амь насанд хүрчээ.
  • Тавдугаар сарын 22 – Арабын бүгд найрамдах Йемен улс, Бүгд найрамдах ардчилсан Йемен ард улсын удирдагчид хоёр улсыг нэгтгэхээр болж Бүгд найрамдах Йемен улс байгуулагдсаныг зарлав.
  • Тавдугаар сарын 27 – Бирмийн улсад 30 жилийн дараа анх удаа олон намын оролцоотой парламентын сонгууль болов. Тус сонгуульд Аун Сан Су Чигийн тэргүүлдэг Үндэсний ардчиллын лиг ялалт байгуулсан болов тус улсын Төрийн хууль, дэг журмыг сахиулах зөвлөлөөс сонгуулийн үр дүнг хүчингүй болгожээ.
    • Колумбийн Ерөнхийлөгчийн сонгуульд Сезар Августо Гавириа ялалт байгуулав.
  • Тавдугаар сарын 28 – Арабын лигийн дээд хэмжээний уулзалт: Иракийн Багдад хотноо болсон Арабын лигийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтар Иракийн удирдагч Саддам Хуссейн Кувейтийн эмирийг хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтаас өмнө Кувейт улс газрын тосны үнийг буулгаснаас шалтгаалан бүс нутагт эдийн засгийн хямрал нүүрэлж эхлээд байлаа. Хожим нь Иракийн Гадаад хэргийн сайд Тариз Азиз дурсахдаа “Иракийн дарангуйлагч Саддам Хуссейн газрын тосны үнэ бууруулахаа зогсоохыг Кувейт улсад тулгасан. Хүлээн зөвшөөрөхгүй бол дайтна гэж заналхийлсэн” гэжээ.
  • Тавдугаар сарын 29 – ЗХУ-ын дарга Михаил Горбачёв Канадын Оттава хотод айлчлал хийхээр газардав.
    • Зөвлөлт социалист Бүгд найрамдах холбоот Орос улсын Ерөнхийлөгчөөр Борис Ельцин сонгогдов. Тус улсын түүхэнд сонгогдсон анхны Ерөнхийлөгч болж түүхэнд үлдсэн билээ.
    • Европын сэргээн босголт, хөгжлийн банк байгуулагджээ.
  • Тавдугаар сарын 30 – ЗХУ-ын дарга Михаил Горбачёв АНУ-д дөрөв хоногийн айлчлал хийхээр Вашингтон хотноо газардав.

Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Зургаадугаар сарын 1 - Зургаадугаар сарын 1 – АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш, ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёв нар химийн зэвсэг үйлдвэрлэх, үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Зургаадугаар сарын 3 – Парламентын болон орон нутгийн сонгуульд хоёр жил дараалан тааруу үр дүн үзүүлсэн Британийн Социал демократ нам татан буугдав.
  • Зургаадугаар сарын 7 – Москвагийн хамба лам Алексейг Бүх Оросынын Үнэн алдартны сүмийн хамбаар сонгов.
    • Хүүхдийн алдарт “Никелодеон” суваг анхны эфираээ цацав.
  • Зургаадугаар сарын 8 – Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсад эхэллээ. Энэ удаагийн тэмцээн нь HD форматаар цацагдсан анхны тэмцээн юм. Гэвч бүх Европ даяар 2004 онд л HD формат түгэн дэлгэрсэн билээ.
    • Израилийн Ерөнхий сайдыг түр орлон гүйцэтгэгч Ицхаг Шамирын түр Засгийн газар 88 хоногийн дараа жинхэлж, Бүрэн эрхт Засгийн газар боллоо.
  • Зургаадугаар сарын 8-9 – Чехословак улсад 1946 оноос хойш анхны чөлөөт сонгууль болов. Сонгуульд Чехословакийн иргэний форум олон суудал авсан ч Засгийн газар бүрдүүлэх олонх болж чадсангүй.
  • Зургаадугаар сарын 10 – Перу улсын Ерөнхийлөгчөөр Алберто Фүжимори сонгогдов.
    • Болгарын Хууль тогтоох ассамблейн сонгуулийн эхний шатанд Социалист нам ялалт байгуулав.
  • Зургаадугаар сарын 11 - Шри Ланкын иргэний дайн: Тамилын Эламын чөлөөлөх барс бүлэглэл зэвсэггүй 600 цагдаагийн ажилтныг хоморголон устгав.
  • Зургаадугаар сарын 12 – Зөвлөлтийн Ардын төлөөлөгчдийн их хурал тусгаар тогтнолоо тунхаглав.
    • Алжирт орон нутгийн сонгуулиар 48 мужийн 32 хотын тэн хагасаас илүү хувьд Исламын авралын фронт ялалт байгуулжээ.
  • Зургаадугаар сарын 13 – Зүүн Герман Берлиний ханыг нурааж эхлэв. Хэдийгээр 1989 оны 11-р сард нээгдсэн ч ийнхүү бүхэлд нь нураах ажил долоон сарын дараа эхлэв.
  • Зургаадугаар сарын 13-15 – Румын улсын нийслэл Бухарест хотод Үндэсний авралын фронтын дэмжигч болон сөрөг хүчнийнхэн мөргөлдөв.
  • Зургаадугаар сарын 15 – Европын холбооны хуулийн дагуу орогнол хүсэх өргөдөл хүлээн авах Дублины журмыг баталлаа. Уг журам 1997 онд хүчин төгөлдөр болсон билээ.
  • Зургаадугаар сарын 17-30 – Өмнөд Африкийн шоронгоос суллагдсан Нелсон Мандела Хойд Америкаар хөндлөн гулд аялж Канадын гурав, АНУ-ын найман мужид айлчиллаа.
  • Зургаадугаар сарын 19 – ЗСБНХОУ-ын Коммуниcт намын анхдугаар бага хурал Москва хотод эхэлжээ.
  • Зургаадугаар сарын 21 – Ираны хойд хэсгийн мужуудад 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 35-50 мянган амиа алдаж, 60-105 мянган хүн гэмтэж бэртэв.
  • Зургаадугаар сарын 22 – Баруун болон Зүүн Германыг тусгаарлаж байсан баруун блокийн шалган нэвтрүүлэх “Чарли” цэгийг татан буулгав.

Долоодугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 1 – Зүүн болон Баруун Герман улс эдийн засгаа нэгтгэв. Нэгдсэн Германы албан ёсны мөнгөн тэмдэгт дойч марк байхаар тогтжээ. Түүнчлэн 1945 оноос хойш мөрдөгдөж ирсэн Германы дотоод хилийг албан ёсоор хүчингүй болгов.
    • Аргентин улсын засаг захиргаа төрийн өмчит Аргентины агаарын тээврийг Испанийн “Ибериа” компанид зарж байгаагаа зарлав. Зарах процесс удаан үргэлжилсний эцэст 11 дүгээр сард бүрэн шилжиж дуусжээ.
  • Долоодугаар сарын 2 – Меккагийн тунелийн осол: Хажж мөргөлийн үеэр Мекка хотын явган тунелээр мөргөл үйлдэж явсан сүсэгтэн олон шахцалдаж 1426 хүн амиа алджээ.
    • АНУ-ын тойргийн шүүх Филиппин улсын тэргүүн хатагтай асан, улстөрч Имельда Маркост холбоотой мөнгө угаах, сүрдүүлгийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгав.
  • Долоодугаар сарын 3 – Анголын эрх баригч Анголыг чөлөөлөх ардын хөдөлгөөн нам сөрөг хүчнийнхнийг хүлээн зөвшөөрч, олон намын оролцоотой сонгууль явуулахаар болов.
  • Долоодугаар сарын 5 – Кени улсад эрх баригч Кенийн африкийн үндэсний холбоо намын дангаар ноёрхох эрхийг эсэргүүцсэн олон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
  • Долоодугаар сарын 6 –Болгарын Ерөнхийлөгч Петар Младенов 1989 оны 12-р сарын эсэргүүцлийн жагсаалыг тарааыхн тулд танк оруулсан гэх дуулиантай холбоотойгоор үүрэгт ажлаасаа огцров.
    • Сомалийн Ерөнхийлөч Сиад Баррегийн хамгаалалтын алба хөлбөмбөгийн тоглолтын үеэр засаг захиргааг нь эсэргүүцсэн олныг хүч хэрэглэн дарав. Энэ үеэр 65 хүн амиа алдаж, 300 орчим хүн хүнд шархаджээ.
  • Долоодугаар сарын 7-8 – Уимблдоны нээлттэй тэмцээн: Талбайн теннисний Уимблдоны нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын Мартина Навратилова, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Шведийн Стефан Эдберг нар түрүүлэв.
  • Долоодугаар сарын 8 – Хөлбөмбөгийн ДАШТ-ний шигшээ тоглолт: Мексик улсад болон хөлбөмбөгийн ДАШТ-ний шигшээ тоглолтод Баруун Германы баг Аргентин улстай учраа таарч 1-0 харьцаагаар хожиж, түрүүлэв.
  • Долоодугаар сарын 9-11 – АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод “Их 7” бүлгийн 16 дахь дээд хэмжээний уулзалт болов.
  • Долоодугаар сарын 10 – Европын хөлбөмбөгийн холбоо 1985 онд Хейсэл цэнгэлдэх хүрээлэнд болсон гамшгийн дараа Английн клубуудэд тавиад байсан таван жилийн хориг цуцлагдав. Гэвч “Ливерпүүл” клубийн хориг гурван жил үргэлжлэхээр болов.
  • Долоодугаар сарын 11 – Азербайжаны Калбажар мужаас Тартар дүүрэг рүү явж байсан зорчигч тээврийн автобусыг террористууд дэлбэлсний улмаас 14 хүн амь үрэгдэж, 35 хүн шархаджээ.
  • Долоодугаар сарын 12 – Ардын хувьсгалын 69 жилийн ойн их баяр наадын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэн барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Д.Цэрэнтогтох үзүүрлэлээ. Б.Бат-Эрдэнэ “даян аварга” цол хүртсэн юм.
  • Долоодугаар сарын 13 – Памирын нурууны Ленин оргилд газар хөдлөлтийн улмаас нуранги үүсэж, 43 хүн амиа алджээ.
  • Долоодугаар сарын 16 – Филиппин улсын Лузон аралд 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2400 орчим хүн амиа алдав.
  • Долоодугаар сарын 22 – Монгол Улсад анх удаагаа олон намын тогтолцоотой сонгууль явуулав.
  • Долоодугаар сарын 25 – Хорватын Сербийн ардчилсан нам Хорват дахь сербчүүдийн тусгаар байдлыг зарлан тунхаглав.
  • Долоодугаар сарын 26 – АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, тэгш байдлыг хангах зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй Америкчуудын тухай хууль”-д гарын үсэг зуржээ.
  • Долоодугаар сарын 27 – Тринидад ба Тобаго улсад төрийн эргэлт хийхээр оролдов. Нийслэл хот дахь парламентын ордон болон телевизийн байранд Жамаат аль Муслим бүлэглэл халдлаа. Тав хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдлын уршгаар 26-30 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархаджээ. Тус улсын Ерөнхий сайд Артур Робинсон хөлөндөө буудуулж шархадсан юм.
    • Хүйтэн дайн: Беларусь улс ЗХУ-аас тусгаар тогтносноо тунхаглав.
  • Долоодугаар сарын 28 – Перу улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Альберто Фүжиморигийн бүрэн эрх хэрэгжиж эхлэв.
  • Долоодугаар сарын 29 – Монгол Улсад болсон анхны ардчилсан сонгуулийн үр дүнд Ардын хурлын 430 тойргийн 343-т нь МАХН ялалт байгуулж олонх болов. Харин Ардчилсан нам 23, Үндэсний ардчилсан нам 7, Социал демократ нам 4, МЧХН нэг суудал, бие даагч 51 хүн сонгогдсон байна.
  • Долоодугаар сарын 30 – Бүгд найрамдах Ирландын арми бүлэглэл Британийн улстөрч, парламентын гишүүн асан Йан Гоуын гэрийнх нь гадаа амь насанд нь халдав.
  • Наймдугаар сарын 1 – Болгарын Үндэсний ассамблейн ээлжит хуралдаанаар Желью Желевийг Ерөнхийлөгчөөр сонгов. Ингэснээр сүүлийн 40 жилд Болгарын Ерөнхийлөгчөөр сонгогдсон коммунист бус улстөрч болсон юм.
    • ЗХУ-ын “РелКом” компани хэд, хэдэн компьютерыг сүлжээнд холбов. ЗХУ наймдугаар сарын сүүл гэхэд интернэтэд холбогдсон билээ.
  • Наймдугаар сарын 2 – Ирак улс Кувейтыг цэргийн хүчээр довтлов. Ийнхүү Персийн булангийн дайн эхэлжээ.
    • АНУ-ын Калифорни мужийн Сан Луйз Обиспо хот зугаа цэнгээний газарт тамхи татахыг хориглосон журам батлав. Энэ нь АНУ төдийгүй дэлхийн түүхэнд анхны тохиолдол болжээ.
  • Наймдугаар сарын 6 – Персийн булангийн дайн: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 661 тоот тогтоолоор Кувейтыг довтолсон Ирак улсад худалдааны хориг тавихаар болов.
    • Пакистаны Ерөнхийлөгч Гулам Исхак Хан авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутай гэж үзэн Ерөнхий сайд Беназир Бхуттог үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
    • Өмнөд Африкийн Засгийн газар болон Африкийн үндэсний зөвлөлийн хооронд апартейдыг устгах яриа хэлэлцээ эхлэв.
  • Наймдугаар сарын 8 – Ирак улс Кувейтыг албан ёсоор булаан эзэлж байгаагаа зарлав.
    • Перу улсын Засгийн газар сүүлийн үед огцом нэмэгдэж буй хүнсний өргөн хэрэглээний бараа, шатах тослох материалын үнийг хязгаарлах цогц арга хэмжээ авахаа зарлав.
  • Наймдугаар сарын 10 – Египет, Сири тэргүүтэй Арабын хойгийн 10 улс Саудын Араб улсад цэргийн хүч илгээх эсэхээр санал хураав.
    • Арменийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийнхэн Тбилис-Агдам чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд халдаж 20 хүний амь нас эрсдэн, 30 хүн шархаджээ.
  • Наймдугаар сарын 12 – Өмнөд Африкийн Шоса болон Зулу овгийнхий хооронд үндэстэн хоорондын мөргөлдөөн гарч 500 орчим хүний амь нас үрэгджээ. Цуст мөргөлдөөн наймдугаар сарын эцэс гэхэд намжсан юм.
    • АНУ-ын Өмнөд Дакота Фейт хотын ойролцоогоос яс цуглуулагч, аялагч Сью Хендриксон “Тираннозавр Рекс” үлэг гүрвэлийн маш сайн хадгалагдсан чулуужсан яс олов.
  • Наймдугаар сарын 15 – Латвийн Слока-Талси хурдны замд Зөвлөлийн нэрт дуучин, “Кино” рок хамтлагийн ахлагч Виктор Цой автомашины ослоор амь эрсдэв.
  • Наймдугаар сарын 18-20 – Монгол Улсын Хэнтий аймгийн Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчооны 750 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадам зохион байгуулав. Даншиг наадмын бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Даян аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ түрүүлж, Увс аймгийн Хяргас сумын харьяат Дархан аварга, чөлөөт бөхийн Дэлхийн аварга Хорлоогийн Баянмөнх үзүүрлэжээ. Цол, чимэг олгосон энэхүү барилдаанд түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ Дархан аварга болсон юм.
  • Наймдугаар сарын 21 – Либерийн иргэний анхдугаар дайн дэгдсэнтэй холбоотойгоор Гамби, Гана, Гвиней, Нигери, Сьерра Леоне улс энхийг сахиулагчдаа илгээхээр болов.
  • Наймдугаар сарын 23 – Зүүн Герман болон Баруун Герман улс аравдугаар сарын 3-ны өдөр гэхэд бүрэн нэгдэнэ гэдгээ албан ёсоор зарлалаа.
  • Наймдугаар сарын 24 – Зөвлөлт социалист Бүгд найрамдах Армени улс ЗХУ-аас тусгаар тогтнож буйгаа зарлав.
    • Умард Ирландын зохиолч Брайн Кийнан таван жил орчим Ливан улсад барьцаалагдсаны эцэст суллагдав.
  • Наймдугаар сарын 26 – Болгарын Софи хотод жагссан жагсагчид Социалист намын төв байранд халдаж, галдан шатаав.
  • Есдүгээр сарын 1-10 – Ромын пап II Иохан Паул Танзани, Бурунди, Руанда, Кот Дивуар улсуудад айлчлав.
  • Есдүгээр сарын 2 – Зөвлөлт социалист Бүгд найрамдах Молдав улсаас Транснистр тусгаар тогтнож буйгаа зарлав. Гэвч аль ч улсын Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
  • Есдүгээр сарын 3 – Монгол Улсад явуулсан ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардын их хурлын хуралдаанаар БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбатыг сонгов. Монгол Улсын төр түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчтэй болсон нь энэ билээ.
  • Есдүгээр сарын 4 – Шинэ Зеландын Ерөнхий сайд Жеффри Палмер үүрэгт ажлаасаа огцров. Түүний орыг Майк Моор залгасан юм.
  • Есдүгээр сарын 4-6 – Хоёр Солонгосын төрийн дээд албан тушаалтнууд 1945 оноос хойш анх удаагаа уулзав. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ро Тэ-У, Умард Солонгосын Ерөнхий сайд Ён Хёк-Муктай уулзсан билээ.
  • Есдүгээр сарын 5 – Шри Ланкын иргэний дайн: Шри-Ланкийн армийн цэргүүд энгийн номхон 158 иргэнийг хоморголон хөнөөв.
  • Есдүгээр сарын 6 – Мьянмарын Төрийн хууль, дэг журмыг сахиулах зөвлөл Аун Сан Су Чи болон өөр бусад таван улстөрчийг баривчлахаар шийдвэрлэв.
  • Есдүгээр сарын 9 – Финландын нийслэл Хельсинк хотод АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш болон ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёв нар Персийн булангийн дайны асуудлаар уулзав.
    • Либерийн иргэний нэгдүгээр дайн: Либерийн босогчдын толгойлогч Принс Жонсон тус улсын Ерөнхийлөгч Самуел Доег баривчлан, цаазалж байгаагаа дүрс бичлэгээр цацав.
    • Шри Ланкын дорно хэсгийн Баттикалоа хотод Шри Ланкын арми 184 иргэнийг хороов.
  • Есдүгээр сарын 10 – ЗХУ-д түргэн хоолны алдарт “Пицца Хат” сүлжээний анхны ресторан нээгдэв.
  • Есдүгээр сарын 11 – Персийн булангийн дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш телевизээр хэлсэн үгэндээ Ирак улс Кувейтын газар нутгаас нэн даруй цэргүүдээ гаргахгүй бол цэргийн хүч илгээхээ зарлав.
    • БНХАУ-д “Пицца Хат” сүлжээний анхны ресторан нээгджээ.
  • Есдүгээр сарын 12 – Хүйтэн дайн: Хоёр Герман болон ЗХУ, АНУ, Их Британи, Франц улсууд “Германы талаар авч хэрэгжүүлэх эцсийн арга хэмжээ” гэрээнд гарын үсэг зурж, Герман улс нэгдэх замдаа шуудран оржээ.
  • Есдүгээр сарын 18 – Олон улсын Олимпын хорооны ээлжит хуралдаанаар 1996 оны зуны олимпын наадмыг АНУ-ын Атланта хотод зохион байгуулахаар шийдвэрлэв.
  • Есдүгээр сарын 24 – ЗХУ-ын Дээд зөвлөлийн хуралдаанаар ЗХУ-ын зах зээлийн байгууламжийг чөлөөт эдийн засагт шилжүүлэх 18 сарын тусгай эрх хэмжээг Михаил Горбачёвт эдлүүлэхээр тогтов.
  • Есдүгээр сарын 29 – АНУ-д Вашингтоны үндэсний сүмийг барьж дуусгав.
  • Есдүгээр сарын 29-30 – НҮБ-ын төв байранд болсон Дэлхийн хүүхдийн чуулганд 70 гаруй улсын төрийн тэргүүнүүд оролцов.
  • Есдүгээр сарын 30 – АНУ даяар Библийн шинэ стандартаар найруулсан хувилбар хэвлэгдэж эхэлжээ.
  • Аравдугаар сар - Нэрт эрдэмтэн Тим Бернерс-Ли дэлхийг хэрсэн сүлжээний ажилдаа оров. Тэрээр 1989 оноос эхлэн 19 сар удиртгал судалгаа хийсний эцэст ийнхүү цахим сүлжээний концепц боловсруулжээ.
    • Германы Франкфурт хотод Европын хамгийн өндөр барилга болох “Мессетум” худалдааны цамхаг баригдаж дуусав.
  • Аравдугаар сарын 1 - Дорно Африкийн Руанда улсын босогч Руандагийн эх оронч хөдөлгөөн хяналт тогтоосноор Руандагийн иргэний дайн дэгдэв.
    • ЗХУ шашин шүтлэгийг хянах хуулиа хүчингүй болгов. Ингэснээр ЗХУ-ын иргэд шашин шүтэх эрх чөлөөтэй болж, шүтлэгийнхээ дагуу хөдөлгөөн байгуулах, бие даан судлах эрхээр хангагдсан юм.
  • Аравдугаар сарын 2 – БНХАУ-ын Гуаньжоу Байюн олон улсын нисэх буудлаас хөөрсөн Хятадын иргэний агаарын тээврийн хоёр компанийн онгоц хоорондоо мөргөлдөж 128 хүн амиа алдан, 53 хүн бэртэж, гэмтэв. Аврах ажиллагааны дүнд 97 зорчигчийг аварч чаджээ.
  • Аравдугаар сарын 3 – Хүйтэн дайн: Зүүн болон Баруун Герман нэгдэж Нэгдсэн Герман улс байгуулагдав.
  • Аравдугаар сарын 4 – Морогийн зөрчилдөөн: Филиппин улсын Минданао арлын цэргийн хоёр постыг босогчид эзлэв. Хоёр хоногийн дараа босогчид бууж өгсөн билээ.
  • Аравдугаар сарын 8 – Израил-Палестины хямрал: Иерусалим хотын Чулуун сүмийн ойролцоо Израилын цагдаа нар 17 палестинчуудыг хороож, 100 гаруй хүн шархдав.
    • БНХАУ-ын Шэньжэнь хотод “МакДоналдс” түргэн хоолны сүлжээний анхны ресторан нээгдэв. БНХАУ-ын засаг захиргаа Шэньжэнь хотыг 1979 оноос хойш эдийн засгийн тусгай бүс хэмээн зарласан билээ.
  • Аравдугаар сарын 12 – ЗХУ даяар еврейчүүдийг үзэн ядах үзэл санааг дэвэргэсэн “Память” хөдөлгөөний тэргүүнийг баривчлав.
    • Германы Дотоод хэргийн сайд Вольфганг Шойбль сонгуулийн сурталчилгаагаар явахад нь нэгэн этгээд буудав. Золоор амь наснаас холуур өнгөрсөн ч насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсон билээ.
  • Аравдугаар сарын 13 – Ливаны иргэний дайн: Сирийн цэргийн хүч Ливан хайрханд хяналт тогтоож, генерал Мишель Ауны Засгийн газрыг түлхэн унагалаа. Ингэснээр Ливанд 14 жил үргэлжилсэн иргэний дайн эцэс болсон юм.
  • Аравдугаар сарын 14 – Зүүн Германы таван мужийг сонгуулийн 14 тойрогт хувааж Нэгдсэн Германы сонгуулийг явуулав. Христийн Ардчилсан нам дээрх таван мужийн дөрөвт нь ялалт байгуулсан бол Социал-Демократууд Бранденбург мужид ялалт байгуулжээ.
  • Аравдугаар сарын 15 – Өмнөд Африкт нийтийн номын сан, галт тэрэг, автобус, бие засах газар, усан бассейн болон бусад нийтийн эзэмшлийн байгууламжийг арьс өнгөөр тусгаарлах явдлыг эцэслэв.
    • АНУ-ын агаарын тээврийн “United Airlines” компани “Боинг” компаниас 128 нисэх онгоцыг 22 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр худалдан авах гэрээ байгуулав. Энэ нь агаарын тээврийн салбарын түүхэнд байгаагүй өндөр дүнтэй захиалга болсон юм.
  • Аравдугаар сарын 17 – Малайзын Умард Борнео дахь Маоист үзэлтэй Умард Калимантанын Коммунист намын босогчид Саравак хотод 28 жил үргэлжилсэн коммунист бослогыг албан ёсоор эцэслэх энхийн гэрээнд гарын үсэг зурав.
    • ЗХУ-ын Внешторг банкийг татан буулгаж “ВТБ” банк байгуулагдав. Өдгөө энэ банк ОХУ-ын томоохон санхүүгийн байгууллагуудын нэг болсон юм.
  • Аравдугаар сарын 19 – ЗХУ-ын Дээд зөвлөл эдийн засгийн шинэчлэл хийх дунд хугацааны хөтөлбөр баталж, зах зээлийг хянахаа зогсоох зорилт тавив.
  • Аравдугаар сарын 21 - Эстонийн төрийн тэргүүний албыг 1938-1940 оны хооронд хашиж байсан, Эстонийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн гол дүр Константин Патсын цогцсыг Твер голын эргээс олж, улмаар Эстонийн талд шилжүүлэв. Түүнийг эх нутагт нь нэр төртэй салах ёс гүйцэтгэж, Мецакалмисту оршуулгийн газар нутаглуулжээ.
  • Аравдугаар сарын 22 – Оросын Ижил Мөрний Холбооны тойргийн Горький хотын нэрийг Доод Новгород болгож өөрчлөв.
  • Аравдугаар сарын 24 – Пакистан улсад болсон сонгуулиар Беназир Бхуттогийн тэргүүлдэг Пакистаны ардын нам ялагдал хүлээв. Сүүлийн нэг жилийн хугацаанд авлига албан тушаалын хэрэгт холбогдон намын нэр хүнд нь унаад байсан нь нөлөөлжээ. Сонгуульд тус улсын баруун төвийн үзэл баримтлалтай Ислам Жамхури Иттехад нам ялалт байгуулсан юм.
    • Италийн Ерөнхий сайд Жулио Андреотти хүйтэн дайны үед НАТО-гийн зүгээс эх оронд нь “Гладио” нууц ажиллагаа явуулж байсан тухай баримт дэлгэв.
  • Аравдугаар сарын 27 – Хүйтэн дайн: Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс тусгаар тогтносон Киргизийн Дээд зөвлөл Аскар Акаевыг Бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгов.
    • Шинэ Зеландын сонгуульд Үндэсний нам ялалт байгуулж, намын дарга Жим Болгер Ерөнхий сайд боллоо.
  • Аравдугаар сарын 29 – Норвегийн Ерөнхий сайд Ян П.Сисегийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
  • Аравдугаар сарын 30 – Атлантын далай дамнасан анхны шилэн кабель болох “ТАТ-8” эвдэрч, АНУ болон Европыг холбосон интернэтийн урсгал тасалдав.

Арваннэгдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сар – АНУ-ын зах зээлд дижитал камерын эхний хувилбар зарагдаж эхлэв.
  • Арваннэгдүгээр сарын 2 – Санхүүгийн алдагдал хүлээж байсан Британийн өргөн нэвтрүүлгийн суваг буюу “BBC”, “Sky” телевизүүд нэгдэн “BSkyB” компанийг байгуулав.
  • Арваннэгдүгээр сарын 3 – Норвегийн Ерөнхий сайдаар Гро Харлем Брундтландыг томиллоо.
  • Арваннэгдүгээр сарын 5 – Израилын хэт барууны үзэлт “Кач хөдөлгөөн” намыг үндэслэгч Мейр Каханыг Нью-Йорк хотод үг хэлж байхад нь буудан хороов.
  • Арваннэгдүгээр сарын 6 – Пакистаны шинэ Ерөнхий сайд Наваз Шариф тангараг өргөжээ.
  • Арваннэгдүгээр сарын 4 – Энэтхэгийн Ерөнхий сайд Вишванат Сингхд итгэл үзүүлэх эсэх асуудлыг Энэтхэгийн парламент хэлэлцэж олонхын саналаар итгэл үзүүлэхээс татгалзав.
    • Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд Мэри Робинсон ялалт байгуулж, тус улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгч боллоо.
    • ЗХУ-д Их Октябрийн социалист хувьсгалын ойд зориулсан цэргийн сүүлчийн парад ёслол төгөлдөр болов.
  • Арваннэгдүгээр сарын 9 – Балбын вант улсад олон намын систем бүхий Үндсэн хуульт хаант засаглалыг тогтоосон Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэв. Энэ нь 1990 оны Балбын ардын хөдөлгөөний хүссэн үр дүн юм.
    • Сингапур улсад шашны эв нэгдлийг хадгалах зорилго бүхий “Шашны эв найрамдлын тухай” хуулийг соёрхон батлав.
  • Арваннэгдүгээр сарын 10 – Энэтхэгийн Ерөнхий сайдаар Чандра Шекхарыг томилов.
    • Шинэ Зеландын далайн эргийн Арамоана гэх жижиг тосгонд Девид Грей гэгч зэвсэглэсэн этгээд гал нээж 13 хүний аминд хүрэв. Энэ нь тухайн цаг үедээ Шинэ Зеландын түүхэнд хамгийн хөнөөлт алан хядах ажиллагаанд тооцогдсон билээ.
  • Арваннэгдүгээр сарын 14 – Герман болон Польш улсууд орчин цагийн дэг журамд нийцүүлэн Одер-Найссегийн хилийн шугмыг тогтоож, баримт бичигт гарын үсэг зурав.
    • Швейцарын Цюрих хотын нисэх буудалд Италийн агаарын тээврийн Алиталиа 404-р нислэг осолдож, 46 зорчигч амь үрэгджээ.
  • Арваннэгдүгээр сарын 15 – АНУ-ын Батлан хамгаалах яамны нууц даалгаврын хүрээнд “Шаттл” сансрын хөлгөөр Атлантис төхөөрөмжийг хөөргөв.
    • АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х.У.Буш “Цэвэр агаарын тухай хууль”-д гарын үсэг зурав. Энэ хууль нь суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэрийн газрууд хорт хавдарт нөлөөлөх хий ялгаруулахгүй байх зорилготой байв.
    • Болгарын Үндэсний их ассамблейн долоодугаар хуралдаанаар Бүгд найрамдах Болгар ард улсыг татан буулгаж, Бүгд найрамдах Болгар улс байгуулахаар тогтов. Мөн Коммунист төрийн сүлд болон далбааг хүчингүй болгожээ.
  • Арваннэгдүгээр сарын 17 – Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв Засгийн газрын бүтцийг өөрчлөн зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсын тэргүүнүүдийг багтаасан Холбооны зөвлөл байгуулахыг санал болгов.
  • Арваннэгдүгээр сарын 19-21 – Францын нийслэл Парис хотноо АНУ, Канад болон Европын 32 улсын төрийн тэргүүнүүд чуулж Хүйтэн дайн эцэс болсныг дэлхий дахинаа зарлав.
  • Арваннэгдүгээр сарын 20 – Зөвлөлтийн түүхэн дэх хамгийн хөнөөлт цуврал алуурчин Андрей Чикатилог Новочеркасск хотоос баривчлав.
  • Арваннэгдүгээр сарын 21 – Дэлхийн дэг журам өөрчлөгдөж буйтай зэрэгцэн АНУ, Канад болон европын 32 улсын төрийн тэргүүнүүд Европын аюулгүй байдлын дэд гэрээнд гарын үсэг зурлааа.
    • Алдарт “Нинтендо” компани гэртээ видео тоглоом тоглох зориулалт бүхий “Супер Фамиком” консолыг нийтэд танилцуулав.
  • Арваннэгдүгээр сарын 22 – Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер Консерватив намын даргын хоёр дахь шатны санал хураалтад оролцохгүй гэдгээ зарлав.
  • Арваннэгдүгээр сарын 25 – Польшийн Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн эхний шатны санал хураалтаар Лех Валеса болон Станислав Тымински нар шалгарч хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр болов.
  • Арваннэгдүгээр сарын 28 – Орчин цагийн Сингапур улсын хөгжлийг тодорхойлогч гэгдэх Ли Куан Ю өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч, түүний орыг Го Чок Тонг залгахаар болов.
    • Их Британийн түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд, тус албыг 11 жил хашсан Маргарет Тэтчер албан тушаалаасаа буув. Түүнийг Жон Мейжор залгахаар болсон билээ.
  • Арваннэгдүгээр сарын 29 – Персийн булангийн дайн: НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж 678-р тогтоолыг батлав. Уг тогтоолд Ирак улс Кувейтийн газар нутгаас 1991 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр гэхэд цэргийн хүчээ гаргах, барьцаанд буй бүх гаднын иргэдийг суллах шаардлага тавив.
    • Болгарын Ерөнхий сайд Андрей Луканов өөрийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр тараахаар шийдвэрлэв. Болгарын иргэд ардчиллын төлөө жагсаж, ажил хаялт зарласан нь ийнхүү үр дүнд хүрчээ.

Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арванхоёрдугаар сарын 1 – Английн сувгийн хонгилын ажил эхлэв. Их Британи болон Францыг далай доогуур 40 метрт холбох энэхүү хоолойн барилгын ажил дөрвөн жил үргэлжилсэн юм. Сонирхуулахад Их Британи улс Европын эх газартай 8000 жилийн дарай хуурай замаар холбогдсон нь энэ болсон билээ.
    • Чад улсын Эх орноо аврагчдын хөдөлгөөний бослогын үр дүнд тус улсын Ерөнхийлөгч Хиссен Абре үүрэгт ажлаасаа буув. Түүнийг тус хөдөлгөөний удирдагч Идрисс Деби залгамжлахаар болсон байна.
  • Арванхоёрдугаар сарын 2 – Хоёр Герман нэгдсэнээс хойш зохион байгуулсан Холбооны анхны сонгуульд ялалт байгуулсан Христийн ардчилсан нам болон Социал демократ холбооны эвслийн тэргүүн Хелмут Коль “Канцлер”-ын суудалд суув.
    • Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Бүгд найрамдах Бенин ард улс татан буугдав.
  • Арванхоёрдугаар сарын 3 – Ирландын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мэри Робинсон тангаргаа өргөв. Ингэснээр тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон юм.
  • Арванхоёрдугаар сарын 6 – Бангладеш улсын засаг захиргааг эсэргүүцсэн жагсаал хүрээгээ тэлсээр байсан тул тус улсын Ерөнхийлөгч Хуссейн Мухаммад Эршад албан тушаалаасаа огцров. Улмаар Шахабуддин Ахмед Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.
  • Арванхоёрдугаар сарын 7 – Болгарын Үндэсний ассамблейн ээлжит хуралдаанаар Димитар Илиев Поповыг Ерөнхийлөгчөөр сонгожээ.
  • Арванхоёрдугаар сарын 9 – Сербийн парламентын сонгуульд Социалист нам ялалт байгуулж Слободан Милошевич тус улсын Ерөнхийлөгч болох нь тодорхой болов.
    • Польшийн Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн хоёрдугаар шатанд Лех Валеса ялалт байгууллаа.
  • Арванхоёрдугаар сарын 11 – Албани улсад коммунист засаг нурав: Албанийн оюутан, ажилчид ардчиллын төлөө жагсаал цуглаан зохион байгуулсны дүнд Бүгд найрамдах социалист Албани ард улсын удирдагч Рамиз Алйа Хөдөлмөрчдийн намын дангаар ноёрхох эрх мэдлийг татан буулгаж, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөн 1991 оны хавар анхны чөлөөт сонгууль зарлах амлалт өгөв. Дараа өдөр нь Албанийн ардчилсан нам байгуулагджээ.
  • Арванхоёрдугаар сарын 13 – АНУ-ын Мичиган мужийн шүүх Жек Кеворкиан эмчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Тэрбээр Альцхаймерын өвчинтэй Жанет Адкинсыг амиа хорлоход тусласан юм. Шүүхээс түүнийг Адкинст амиа хорлох хэрэгсэл өгснөөс биш амиа хорлоход нь тусалсан гэж үзээгүй юм. Цаашид хэдэн арван жилийн туршид түүнтэй холбоотой олон тооны ижил төрлийн хэрэг дуулиан дэгдэх болно.
  • Арванхоёрдугаар сарын 16 – Хайти улсын Ерөнхийлөгчөөр Жеан-Бертран Аристид сонгогдож, 30 жилийн цэргийн дэглэм нуран унажээ.
  • Арванхоёрдугаар сарын 18 – Замбийн Ерөнхийлөгч Кеннет Каунда тус улсад 17 жил тогтносон нэг намын дарангуйллыг халж, олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгууль явуулахыг зөвшөөрөв.
  • Арванхоёрдугаар сарын 20 – ЗХУ-ын Гадаад хэргийн сайд Эдвард Шеварднадзе албан тушаалаасаа огцорч буйгаа зарлав.
    • Алдарт эрдэмтэн Тим-Бернерс Ли Европын цөмийн судалгааны байгууллагын лабораторид анхны цахим хуудасны загварыг туршилтыг амжилттай дуусгав.
  • Арванхоёрдугаар сарын 22 – Хорват улсын анхдугаар Үндсэн хууль батлагдав.
    • Маршаллын арлууд болон Микронезийн Холбооны Улс хоорондын итгэмжлэлийн гэрээ дуусгавар бол Маршаллын арлууд улс тусгаар тогтнолоо зарлав.
    • Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Лех Валенса тангараг өргөв. Чөлөөт Засгийн газрын тэмдэг болгож цөллөгийн засгийн газрын тэргүүн Ришард Кацоровски төрийн тэргүүний бэлгэдлийг шинэ Ерөнхийлөгчид гардуулан өгчээ. Нацистын Герман 1939 оны есдүгээр сард Польшийг булаан эзэлснээс хойш Польшийн Засгийн газар цөллөгт байсан юм.
  • Арванхоёрдугаар сарын 23 – Словенийн тусгаар тогтнолын асуудлаар ард нийтийн санал асуулгын дүн гарав. Санал асуулгад оролцогчдын 88.5% нь Словенийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.
  • Арванхоёрдугаар сарын 24 - Өмнөд Америкийн хойд хэсэгт орших Суринам улсад төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Рамсевак Шанкарын засаглалыг түлхэн унагав.
  • Арванхоёрдугаар сарын 25 – Оросын зэвсэглэлд нисэх онгоц тээвэрлэх зориулалт бүхий “Адмирал Кузнецов” хөлөг онгоц нэвтрэв.
    • Дэлхийг хэрсэн сүлжээг үндэслэгч Тим-Бернерс Ли холбогдсон дотоод сүлжээгээр өгөгдсөн дата мэдээллийг амжилттай байршуулав.
  • Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний шигшээ өрөгт Оросын шатарчин Гарри Каспаров өөрийн нутаг нэгт Анатолий Карповыг 12 өрөгт буулган авч түрүүлэв.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
Ким Ёна
Ангилал:1990 онд төрсөн

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
Ангилал:1990 онд өнгөрсөн

Нобелийн шагналтнууд

[засварлах | кодоор засварлах]

Шведийн эзэн хааны ивээлт Шинжлэх ухааны академиас дараах хүмүүст Нобелийн шагнал гардуулахаар болжээ.

Физикийн салбарын Нобелийн шагналыг Америкийн хоёр, Канадын нэг эрдэмтэнд олгохоор болсон байна. АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн физикийн профессор Жером Айсек Фридман, Стенфордын их сургуулийн профессор Хенри Кендалл, Стенфордын их сургуулийн профессор Ричард Тейлор нарт "протон болон нейтронуудын электрон нь тархахдаа маш гүнд, уян хатан байдаг талаарх судалгааг физикийн салбарт анх удаа хийснийх нь төлөө" олгохоор болжээ. Энэ судалгаа нь бөөмийн кварк загвар боловсруулахд чухал ач холбогдолтой нээлт байсан юм.

Химийн салбарын Нобелийн шагналыг Массачусетсийн технологийн хүрээлэнгйн профессор, органик химич Элайс Жеймс Корид "органик синтезийн онол, арга зүйг хөгжүүлснийх нь төлөө" олгохоор шийдвэрлэсэн байна.

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг АНУ-ын пластик мэс засалч Жозеф Эдуард Марри, АНУ-ын эрдэмтэнд Фред Хатчинсоны хавдар судлалын төвийн клиникийн судалгааны захирал Эдуард Донналл Томас нарт "аливаа өвчнийг анагаахад хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой шинэ дэвшилт гаргасных нь төлөө" олгохоор шийдвэрлэжээ.

Уран зохиолын салбарт Нобелийн шагналыг Мексикийн сюрреалимз болон экзистенциализмын гол төлөөлөл Октавио Пазд олгхоор болжээ. Түүнийг "Хүний оюун ухаан, мэдрэмжийг илэрхийлэхдээ чин шударгуу, хүмүүнлэг нигүүлсэгч шинж чанартай болохыг өргөн хүрээтэй дүрсэлснийх нь төлөө" олгосон байна.

Нобелийн Энхтайвны шагналыг ЗХУ-ын удирдагч Михаиль Горбачёвт "Өрнө, Дорнын ард түмнүүдийн нийгмийн өөрчлөн байгуулалтыг шийдвэрлэхэд оройлон манлайлж оролцсоных нь төлөө" олгосон юм.

Эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг АНУ-ын Чизагогийн их сургуулийн эдийн засагч Харри Марковиц, Мертон Миллер, Стенфордын их сургуулийн Санхүүгийн сургуулийн профессор Уиллиам Форсит Шарп нарт "Санхүү, эдийн засгийн онолын судалгааны арга зүйг анхлан боловсруулснхых нь төлөө" олгохоор болжээ.

  • Физик - Жером Айсек Фридман, Хенри Кендалл, Ричард Тейлор
  • Хими - Элайс Жеймс Кори
  • Анагаах ухаан - Жозеф Эдуард Марри, Эдуард Донналл Томас
  • Уран зохиол - Октавио Паз
  • Энх тайван - Михаил Горбачёв
  • Шведийн Төв банкны нэрэмжит Эдийн засгийн шагнал - Харри Марковиц, Мертон Миллер, Уиллиам Форсит Шарп