Камбож

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
<tr class="mergedbottomrow">
Камбожийн Вант Улс
Cambodia5-trans.png (кхмер)
Преа Реачеаначак Кампучие
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: CambodiaMotto.svg
(Улс үндэс, шашин, хаан)
Төрийн дууллын нэр:
«Нокор реач» (Сүр жавхлант хаант төр)

АСЕАН-ы газрын зурагт Камбожийг ногооноор
АСЕАН-ы газрын зурагт Камбожийг ногооноор
НийслэлПномпень
Том хот Такман, Сисопон
Албан хэл кхмер хэл
Бичих үсэг кхмер үсэг
Ард түмэн 
(2010 он)
Камбожийн ард түмэн →
86.3% – кхмер үндэстэн
   5.0% – вьет үндэстэн
   4.7% – хятад үндэстэн
   4.0% – бусад ард түмэн
 -  Нутгийн олон 100% – Камбожийнхан
(Камбож улсынхан)
Төр засаг Нэгдмэл байгууламж,
ардчилсан дэглэм,
хэмжээт эрхт хаант засаг
 -  Ван Нородом Сиамони (2004)
 -  Ерөнхий сайд Хун Сен (1998)
Улсын хурал Парламент
 -  Дээд танхим Үндэсний Хурал
 -  Доод танхим Чуулган
Түүхт он цаг
 -  802 он Кхмерийн эзэнт гүрэн 
 -  1863 он Францын эзэмшилд оров 
 -  1953-11-09 Тусгаар тогтносон 
 -  1993-09-24 Хаант засаг сэргэсэн 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 181,035 км2 (88)
 -  Гадаргын ус (%) 2.5 хувь
Хүн ам
 -  Тооцоо (2011) 14,805,358 хүн[1] (65)
 -  Тооллого (2008) 13,388,910 хүн 
 -  Нягт сийрэг 81.8 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $30.181 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $2,470[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $11.629 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $1,040[2] 
ОТББИ (2007) 43[3] (дундаж
ХХИ (2010) 0.494[4] (дундаж) (124)
Мөнгөний нэгж Камбожийн риел (KHR)
Цагийн бүс Камбожийн цаг (ГЧ+07)
Утас, домэйн +855 / .kh
Нэр томъёо KH, KHM / КВУ
2002 оны 1-р сард Камбожийг хиймэл дагуулсан харсан нь
2002 оны 1-р сард Камбожийг хиймэл дагуулсан харсан нь

Зүүн өмнөд Азид, Энэтхэг-Хятадын хойгт баруун талаараа Тайланд, умард хэсгээрээ Лаос, зүүн талаараа Вьетнам гурван улстай газраар хиллэж, өмнүүрээ Тайландын булангаар далайд тулан оршдог бүрэн эрхт улсыг Камбож буюу Кампуч (កម្ពុជា) гэдэг. 181 мянган км² газар нутагтай дэлхийн 88-р том орон, 14.8 сая хүн амтай дэлхийн 69-р том улс юм. Нутгийн ихэнх хэсэг ойгоор хучигдсан. Уулархаг нутагтай ч их өндөр уулгүй. Халуун орны чийглэг уур амьсгалтай. Хүн амын 90 хувь кхмер үндэстэн, бусад нь вьет, хятад, үндэстэн байдаг. Албан ёсны хэл нь мон-кхмер бүлгийн кхмер хэл бөгөөд үндсэндээ трехеватра буддын шашинтан. Нийслэл буюу улс төр, нийгэм-эдийн засгийн төв Пномпень хотод 1.5 сая хүн оршин сууж байгаа.

НҮБ-д 1955 онд элссэн орон юм. Монгол Улс Камбожийн Вант Улстай 1960 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон байна. Манай иргэд Камбожид виз авч зорчино.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Камбож орны түүх Фунань төрөөс /68-550 он/ эхэлдэг. Дундад зуунд Анкор нийслэлтэй хүчирхэг Кхмерийн эзэнт гүрэн оршиж байсан. Тайчуудын довтолгоонд доройтож, улмаар 1860 онд Францын ивээлд дор оржээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Японд эзлэгдэж байсан ч эцэстээ 1953 онд тусгаар тогтносон улс болсон. 1970 онд Лон Нол жанжин вангийн төрийг түлхээд таван жилийн дараа Пол Потд түлхэгдэв. Пол Потын харгислал хэрээс хэтэрч, ард түмэн нь Вьетнамтай хамжин байж 1979 онд төрийн эрхээс зайлуулсан ч тэдний хүчин шугуйд орж байлдаад 1989 онд л дарагдсан байна. Камбож улс 1993 оноос улсын ванг дахин залснаар хаант засагтай, нэгдмэл төр бүхий Камбожийн Вант Улс (КВУ) болон өөрчлөгдсөн.

Хадмал толь
Монгол нэрийдэл
монгол үсгээр бичсэн
худамᠻᠠᠮᠫᠦ᠋᠋᠋ᠴᠢ ᠤᠯᠤᠰ (ḳampüči ulus)
кирилл үсгээр бичсэн
монголКамбож улс (Kamboj uls)
Кам᠋пуч улс (Kampuch uls)
Кампучи улс (Kampuchi uls)
Гадаад нэрийдэл
кхмерកម្ពុជា [kɑmˈpuˈciə]
англиCambodia /kæmˈboʊdiə/
Kampuchea (хуучин)
вьетнамCampuchia (кампучия)
оросКамбоджа (Камбо́джа)
Kампучия (хуучин)
францCambodge (камбо́ж)
хятад柬埔寨 (Jiǎnpǔzhài)
Тайлбар: Монголд орос, англиас галигласан. Уг үндсийг мөшгөвөл Камбож нь франц хэлнээс, Кампуч нь кхмер хэлнээс гарчээ.

Нэр[засварлах | edit source]

Тийн ялгал
нэрлэх Камбож, Кампуч
камбо́ж, кампу́ч
ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋᠋ᠴᠢ
кампүчи
харьяалах Камбожийн, Кампучийн ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋ᠴᠢ ᠶᠢᠨ
өгөх орших Камбожид, Кампучид ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋ᠴᠢ ᠳ᠋ᠤ
заах Камбожийг, Кампучийг ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋ᠴᠢ ᠶᠢ
гарах Камбожоос, Кампучаас ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋ᠴᠢ ᠠ᠋ᠴᠠ
үйлдэх Камбожоор, Кампучаар ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋ᠴᠢ ᠪᠠᠷ
хамтрах Камбожтой, Кампучтай ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋ᠴᠢ ᠲᠠᠢ
чиглэх Камбож уруу, Кампуч уруу ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋ᠴᠢ ᠤᠷᠤᠭᠤ
Тайлбар: 1) "Chrome" үйлдлийн системд худам монгол
бичгийн харьяалах, өгөх орших, заах, гарах тийн ялгал
буруу (үгийн дундах хэлбэр бус) харагдаж буйг анхаарна уу.
2) Хүснэгтэд МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь»
(2011)-д ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋᠋ᠴᠢ (кампүчи) гэснийг авав. Харин Содбилэгийн
найруулсан монгол-англи-хятад толь (2006)-оос үзвэл
Хятадад монголоор ᠺᠠᠮᠪᠣᠵᠠ (камбожа) гэж бичиж байгаа.

Камбож (кампуч) гэсэн үг самгарди гаралтай. Камбожа (कम्बोज) хэмээх иран угсааны аймаг байсан гэдэг. «Камбож» (ᠻᠠᠮᠪᠣᠵᠠ? камбожа) гэх францаас гарсан хувилбар нэрс улс төрийн дэглэмээр ялгах ач холбогдолтой. «Кампуч» (ᠻᠠᠮᠫᠦ᠋᠋ᠴᠢ кампүчи) гэх нутгийн хэллэгийг ойр дотны ард түмэн илүү ойшоодог. Энийг «Кампучи» гэж бичих нь бий.

Камбож улсын бүтэн нэр
  • 1953–1970 — Камбож Камбожийн Вант Улс
  • 1970–1975 — Камбож Бүгд Найрамдах Кхмер Улс
  • 1975–1979 — Камбож Ардчилсан Кампуч Улс
  • 1979–1989 — Камбож Бүгд Найрамдах Кампуч Ард Улс (БНКАУ)
  • 1989–1993 — Камбож Камбож Улс
  • 1993 оноос — Камбож Камбожийн Вант Улс (КВУ)

Төр улс[засварлах | edit source]

Mандсан үе[засварлах | edit source]

Нийтийн тооллын 900 он. Кхмерийн эзэнт гүрэн

Камбож оронд эрт цагт Фунань (68–550), Ченла (550–706) зэрэг төр улс байв. Фунаний хувьд нэгдсэн төр улс байгаагүй олон жижиг ноёд эзэмшлээ булаалдан тэмцэлдэх ба хинду шашин дэлгэрч шива, вишну бурхан шүтдэг байжээ. Шашны хамтаар Энэтхэгт үүссэн кастын систем (анги, давхраа) энд мөн тогтсон. VI зуунаас хүн ам Меконг мөрөн, Тонлесап нуур орчим төвлөрч газар тариалан үндсэн аж ахуй болжээ. Ченла нь Камбож даяарыг нэгтгэсэн улс байсан бөгөөд түүний дараа Камбож Жавагийн хараат болжээ. Ченлагийн үр хойчийн II Жаяаварман гэгч хүчийг олж өөрийгөө «деваража» (бурхан хаан) хэмээн цоллож улс байгуулсан нь Кхмерийн эзэнт гүрэн (802–1431) юм. Монгол Юаний Хубилай хааны цэрэг Анкорыг довтлон ирж нэг сандаргаснаас өөрөөр сайн байжээ. Кхмерийн эзэнт улсад Шри-Ланкаар дамжин буддын шашны бага хөлөгний ёс, дараа нь хинду, буддын их хөлгөний урсгал хүч түрсэн. Кхмерчүүд зүүн зүгт Чампа, хойд зүгт моныг дарж умард хил нь Бирмийн Паган улсад тулж байлаа. Кхмер гүрэн XII зуунд оргилдоо тулж байсан үед нийслэл Анкор ч хөгжин цэцэглэж байв. Анкор-ват (Анкорын сүм)-аас өгсүүлээд шашин шүтээнтэй холбогдсон олон олон уран барилга, хөшөө дурсгал боол болоод ажилчдын хөлс цусаар бүтжээ.

Буурай үе[засварлах | edit source]

Умард талаас эхлээд Сукотай, дараа нь Аюутая улсын тайчууд довтолсоор Кхмерийн нийслэл Анкорыг эзэлжээ. Түүнээс эхэлсэн 1431–1863 он бол Камбожийн түүхэн дэх газар нутгаа ихээр алдаж бууран доройтсон үе юм. Өмнөш шахагдаж Сиам, Вьетнамын завсар жижгэрчээ. 1593 онд шинэ нийслэл Лонвекээ алдан түрэгдэж хэд хэд сольсны эцэст одоогийн Пномпеньд төвлөсөн ажээ. 1600 оноос эхлэн харьцаж эхэлсэн Франц Вьетнамыг төдийгүй 1863 онд Камбожийг залгиж Францын Энэтхэг-Хятад колонид оруулсан нь тодорхойлвол ивээн эзэрхэл (᠋проктерат) байжээ. XVII зуунд Вьетнамын нгуен ноёд Меконг мөрний адагт газар гуйн суусан нь одоо Вьетнамынх болчихсон. Харин 1907 онд Франц Сиамтай лао нутгаар наймалцаж баруун хойд хэсгийн Батдамбан, Сиемреаб нутгийг кхмерчүүдэд эргүүлэн авч өгсөн. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон, түүний холбоотон Тайландад эзлэгдсэн ч дайны дараа нааш эргэж Францын колониос гарч, Нородом Сианук вангийн Камбож улс 1953 онд тусгаар тогтноод 1955 онд НҮБ-ийн гишүүн болжээ.

Тусгаар тогтнол[засварлах | edit source]

1956 оны Нородом Сианук ван

Нородом Сианукийн үед олон олон шинэтгэл хийгдсэн ба гадаад харилцаандаа төвийг сахисан байр сууринаас хандаж байв. Гэсэн ч Вьетнамын дайны хөлд нэрвэгдэж партизаны дайн, агаарын бөмбөгдөлтөд өртөж байлаа. Үнэндээ Хүйтэн дайны хүрээнд дотоодын улаан кхмер, гадаадын Умар Вьетнам зэрэг коммунист хүчин болон АНУ, Өмнө Вьетнам зэрэг коммунист бус хүчний илэрхий дайн өрнөж байв. 1970 онд Лон Нол генерал төр эргүүлж коммунистуудыг зайлуулах бодлого барьсан.

Улаан Кхмер. Пол Потын дэглэм

Камбожийн Засгийн газар АНУ-ын дэмжлэгийг авсан хэдий ч Улаан Кхмеруудэд ялагдаж, 1975 оны дөрөвдүгээр сарын 17-нд Пномпень хотыг орхиход хүрсэн. Нийслэлийн оршин суугчид тэднийг баяр хөөртэй халуун дотноор цэцэг барин угтаж авсан боловч чанга яригчаар бүх хүмүүс гэр орноо орхиж хотоос гарч явахыг зарлав.

Энэ бол Пол Потоор удирдуулсан Улаан Кхмерын "хөдөө аж ахуйд суурилсан социализм", "зуун хувийн коммунист нийгэм" байгуулах бодлогын эхлэл байлаа. Социалист нийгэмд хот гэдэг үзэгдэл байх ёсгүй гэж номлоод бүх иргэдийг хөдөө орон нутаг руу хүчээр нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Түүнээс гадна,  бараа мөнгөний харилцаа, бүх төрлийн шашин шүтэх нь “хөрөнгөтний үзэгдэл” гээд хориглосон байдаг. Сэхээтнүүд эмч нар, мэргэжлийн ажилчдыг өчиггүй хороож эхэлсэн. 1979 онд Пол Потыг түлхэн зайлуулсаны дараа хэдэн зуухан эмч нар л амьд үлдсэн байдаг.

Пол Потын эрх баригчид улсын албан ёсны нэрийг Ардчилсан Кампучи Ард Улс хэмээн  өөрчилжээ. Хотын бүх оршин суугчдийг хөдөө аж ахуйн коммунд нэгтгэж 18-20 ажлын цагаар гол төлөв цагаан будаа тариалан эрхлүүлдэг байв. Улмаар иргэд ядуурал, төрөл бүрийн өвчинд нэрвэгдэж эхэлсэн юм. Бүх эм, антибиотикыг “хөрөнгөтний” гэж зарлаад хориглож зөвхөн ардын эмчилгээ буюу зөвхөн байгалийн ургамал, үндсийг хэрэглэх болсноор олон зуун мянган хүн өвчнөөр мөн амиа алдсан юм. Сургууль, хүрээлэнгүүд хаагдаж, юм уншиж, бичсэн хүн буудуулан алуулах ялтай байжээ. Хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлаж хуаранд Пол Потын үзэл санааг ухуулдаг байв. Тиймээс 1979 он гэхэд Улаан Кхмерийн армийн олонхи нь 12-15 настай хүүхдүүд байсан юм. Үе үе эсэргүүцэн бослого гардаг байсан ч түүнийг хэрцгийгээр дардаг байжээ. 1978 он гэхэд Камбожийн эдийн засаг бүрэн дампуурч, улс орон эргээд Дундад зууны орон болж хувирсан байна. Үүний дараа “Улаан Кхмер”-үүд Вьетнамыг эзлэн авч, баялгийг нь авахыг санаархсан боловч энэ нь тэдний төгсгөлийн эхлэл байсан юм. 1978 оны 12-р сард Камбожийн Үндэсний Аврах Нэгдсэн Фронт байгуулагдсан юм. Дайн дэгдэхэд Вьетнамын армийн талд цуст дэглэмийг дэмжихгүй байсан олон Камбож хүмүүс шилжин орж эхэлсэн.  Ингээд 1979 онд Пномпень  дарангуйлагчдаас Вьетнамчуудын тусламжтайгаар чөлөөлсөн түүхтэй бөгөөд  Камбожийн  баруун хэсгийн ширэнгэн ойд Пол Потын үлдэгдэл цэргүүд орогнон үлдсэн байна.

Пол потын дэглэмийн үед Камбожийн нийт 6 сая хүн амаас хамгийн эрүүл, залуу, хүчтэй, үзэсгэлэнтэй гэсэн нэг сая хүнийг үлдээж бусдыг устгах шийдвэр гаргаж байсан байдаг.  Энэ үеэр төрөл бүрийн баримтаар 1-3 сая хүн амиа алдсан гэсэн тоо баримт байдаг.

Төрийн байгуулал[засварлах | edit source]

Хун Сен сайд

Камбожийн Вант Улсын Үндсэн хуулийг 1993 оны 9 дүгээр сарын 21-нд баталж Үндсэн хуульт Хаант засаглалтай болж Нородом Сианук эргэн Хаан ширээнд сууж парламентыг Үндэсний Ассамблей гэж албан ёсоор нэрлэж эхэлсэн түүхтэй. Мөн парламентад олон суудал авсан хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж 1 дүгээр Ерөнхий сайдаар Н.Сианукийн хүү Нородом Ранарит, 2 дугаар Ерөнхий сайдаар Хун Сен томилогдсон байна. Үүний дараа НҮБ-ын Шилжилтийн үеийн Засгийн газрын Камбож дахь үйл ажиллгаагаа албан ёсоор зогсоож тус улсыг орхисон байна.

1997 оны 7 дугаар сард 4 жилийн турш байнгын зөрчил тэмцэлтэйгээр Засгийн эрхийг хамтарч барьсаны дараа Хун Сен үндсэндээ төрийн эргэлт хийж, “Улаан Кхмер”-чуудтай хувилдсан хэмээн Ерөнхий сайд Нородом Ранаритыг буруутган цэргийн хүчээр огцруулсан юм. Үүнээс хойш Камбожид Хун Сен хязгааргүй бүрэн эрхээ тогтоод 20 жилийн нүүр үзэж байна гэж улс төр судлаачид тэмдэглэж байна.

1998 оны 12 дугаар сард Пол Потыг дэмжигч сүүлийн бүлэглэлүүд ширэнгээс гарч зэвсгээ хураалгаж, Засгийн газрын цэргүүдийн эсрэг байлдахаа нэг мөр бүрэн зогсоож буйгаа мэдэгдсэнээр иргэний дайн зогссон боловч улс төрийн намууд хоорондын хурц тэмцэл өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Үндэсний Ассамблейн 1998, 2003, 2008, 2013 оны сонгуулиудаар Камбожийн Ардын Нам 41%,47%, 58%, 49% тус тус сонгогчдын саналыг авч нийт 123 суудлын 64, 73, 90, 68-ыг эзэлж олонхи болж ирсэн.

1999 оны 3 дугаар сарын 4-нд Үндсэн хуульд нилээдгүй өөрчлөлтүүд оруулсан юм. Үүний нэг гол өөрчлөлт бол анх удаа Камбожийн Вант Улсын Парламент Үндэсний Ассамблей болон Сенат гэсэн хоёр Танхимтай болсон явдал юм.

Камбожийн Үндэсний Ассамблей (Rotsaphea) 123 гишүүнтэй пропорциональ ситемээр /д’Ондтын аргачилалаар/ 5 жилийн хугацаатай гишүүдээ сонгодог Камбожийн Вант Улсын парламентын Доод Танхим. Улс төрийн намууд доод тал нь 62 суудал авч олонхи болох ёстой. Камбожийн Үндэсний Асамблейн гишүүнд нэр дэвшигч нь сонгуулийн өдөр 25 нас хүрсэн, сонгууль өгөх эрхтэй Камбож иргэн байгаад зогсохгүй заавал Камбожид төрсөн байх ёстой байдаг байна.  

Үндэсний Ассамблейн гишүүд дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

1.     Камбожийн хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, Улсын төсөв батлах,

2.     Олон улсын Гэрээ, Хэлэлцээр соёрхон батлах,

3.     Хууль санаачлах,

4.     Олонхийн саналаар Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх,

5.     Засгийн газрын гишүүдийг олонхийн саналаар огцруулах эрхтэй,

6.     Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж 7 хоногийн хугацаанд хариу авах эрхтэй,

7.     Аль ч салбарын сайдыг чуулганд урьж хариуцаж буй салбарынхан талаар асуулга тавих эрхтэй,

8.     Нийгмийн хэв журамд хяналт тавих, гишүүд зөвхөн тойргийнхоо сонгогчдыг бус нийт кхмерчуудыг төлөөлөх үүрэгтэй гэх мэт.

 2006 оноос хойш Үндэсний Ассамблейн даргаар Камбожийн ардын намаас сонгогдсон Хенг Самрин (Heng Samrin) ажиллаж байна.

Камбожийн Сенат (Protsaphea) 61 гишүүнтэй Парламентын дээд Танхим. Үүний 2-ыг улс төрийн намуудын санал болгосон Үндэсний Ассамблейн 2 гишүүнийг Хаан томилдог, Үндэсний Ассамблей 2 хүн томилдог бөгөөд үлдсэн 57 гишүүнийг Камбожийн 24 мужийн Хамтралын Зөвлөлийн гишүүд 6 жилийн хугацаагаар сонгодог. Сенатын анхны чуулган 1999 оны 3 дугаар сарын 25-нд болж байсан бол Сенатын анхны сонгууль 2006 оны 1 дүгээр сарын 22-нд, удаах сонгууль 2012 оны 1 дугаар сарын 29-нд болсон бөгөөд ирэх 2018 онд ээлжит сонгууль болох аж.

Нийт гишүүдийн дийлэнх олны буюу 50+1 гэсэн саналаар /An absolute majority vote of all senators/ дараах асуудлыг шийдвэрлэдэг байна. Үүнд:

1.    Сенатын дарга, орлогч, хорооны болон тусгай хорооны дарга нарыг сонгоход

2.    Органик Хууль батлахад

3.    Сенатын дотоод журам дүрмийг батлахад

Нийт гишүүдийн гуравны хоёр гэсэн саналаар дараах асуудлуудыг шийддэг байна. Үүнд:

1.    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах,

2.    Гишүүнээс түтгэлзүүлэх, халдашгүй эрхийг цуцлах, гишүүнийг сахилгын шийтгэл ноогдуулах зэрэг асуудлууд,

3.     Гишүүдийн дөрөвний гуравын саналаар сенаторын үйл ажиллагааг зогсоож баривчлан хорих арга хэмжээ авахад ашигладаг байна.

 Сонгуулийн хуулийн дагуу парламентын сонгуулийг 5 жилд нэг удаа 7 дугаар сарын сүүлчийн ням гаригт явуулдаг. Хамгийн сүүлд 2013 оны 7 дугаар сарын 28-нд болсон сонгуулийн дүнгээр Үндэсний Ассамблейн 123 суудлын 68-г буюу 48,83 % Камбожийн Ардын Нам (Cambodian People’s Party -CPP), сөрөг хүчин болох Камбож Үндэстнийг Аврах Нам (Cambodian National Rescue Party -CNRP) өндөр амжилт гаргаж 55 суудал буюу 44,46 % авсан. Өнөөгийн байдлаар гол өрсөлдөгч хоёр улс төрийн нам болоод байна.

2018 оны 7 дугаар сард парламентын ээлжит сонгууль болно.

Газар орон[засварлах | edit source]

Газар зүй[засварлах | edit source]

Байр зүйн газрын зураг

Камбож (Кампуч) орон Ази тивийн дорно өмнөд хэсэгт дунджаар х.ө. 13°, з.у. 105°-т байрладаг. Баруун талаараа Тайланд (803 км) , хойд талаараа Лаос (541 км), зүүн талаараа Вьетнам (1228 км)-тай 2572 км газраар хиллэдэг ба урд талдаа Тайландын буланд тулсан 443 км далайн эрэгтэй. Дэлхийн 194 улсын 88-р том орон бөгөөд 181,035 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэйгээс 97.5%-ийг газар, 2.5%-ийг гадаргын ус эзэлжээ.

Ерөнхийдөө уулархаг орон боловч их өргөгдсөн уул цөөн. Халуун орны чийглэг уур амьсгалтай. IV — IX сар хүртэл хур бороо их орж агаарын температур +25° C — 30° C хүрч, халуун чийглэг байдаг. XII сараас сэрүүвтэр болж, агаарын чийглэг багас агаарын температур +20° C болдог. Нам доор нутагт жилд дунджаар 700—1500 мм, уулархаг бүст 2000 мм тунадас унана.

Дорно өмнө Азийн хамгийн том Меконг мөрөн нийслэл Пномпениэр дайрч, нутгийн хойноос урагш урсдаг. Тонлесап голоор дамжин Меконгтой холбогддог, загасны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог Тонлесап гэж нэг том нуур байна.

Нутгийн 70 гаруй хувийг ой эзэлдэг. Нарс, улаан, ягаан царс зэрэг үнэт мод ургана.[5]

Орон нутаг[засварлах | edit source]

Камбож улс эхлээд «кат» (аймаг, муж), тэр нь дотроо «срок» (тойрог, хошуу), цааш «крок» (баг, суурин газар) гэсэн нэгжээр хуваагддаг. 2014 оны байдлаар 24 аймаг, 159 тойрог байна. Хот суурины дотроос улсын нийслэл Пномпень ганцаараа аймагтай тэнцүү эрх эдэлдэг. Пномпень дотроо «кан» (дүүрэг), цаашилвал «санкат» (хороо)-д хуваагдана. Аймаг, нийслэлийг хамтатгаад энэ улсыг засаг захиргааны 25 нутагт хуваагддаг гэж үзнэ. Аймгууд ихэвчлэн төв хотынхоо нэрээр нэрлэгдсэн байдаг.

Камбож улсын аймаглал

Аж байдал[засварлах | edit source]

Эдийн засаг[засварлах | edit source]

Тутрагын талбай

Камбож хөгжиж буй эдийн засагтай хөдөө аж ахуйн орон юм. Нэг хүнд ноогдох худалдан авах чадвараар тэгшитгэсэн дотоод нийт бүтээгдэхүүний хэмжээ харьцангуй бага буюу 2011 онд 2,470 ам.доллар байсан. Өсөлт тогтвортой, жилд дунджаар 7.7%. Газар тариаланд цагаан будааны тутрага голлоно. Мөн эрдэнэ шиш, шар буурцаг, чихрийн нишингэ, чинжүү, газрын самар, тамхи, хөвөнгийн ургамал, олс, каучук тариалдаг. Жимснээс жүрж, хан боргоцой, гадил ургана. Гахай, шувуу, загасны аж ахуйтай.

Хөнгөн үйлдвэр сайн хөгжсөн. Гол салбар нь хүнсний үйлдвэр. Оёдол, нэхмэлийн үйлдвэр олон. Нэхмэлийн салбараас 2012 онд 4.6 тэрбум ам.доллартай тэнцэх (80%) бараа экспортлосон. Ийм үйлдвэр голдуу Хятад, Тайваний эзэнтэй байдаг. Үүнээс гадна нефть цэвэрлэх, автомашин угсрах, резин дугуй, барилгын материал, цаас болон мод боловсруулах үйлдвэрүүдтэй.[5]

Нэхмэлийн үйлдвэрийн дараагаар валютын нөөцийг арвижуулж байгаа нь жуулчлал. 1993 онд 118 мянган хүн ирж байсан бол 2011 онд 2.1 сая жуулчин хүлээн авчээ. Пномпениэс Сиемреаб хүртэл аялдаг жимтэй. Гол нь эртний нийслэл Анкорыг үзэх гэж ирдэг.

Нэхмэлийн үйлдвэрт
Вьетнам улсСингапур улсКанад улсГерман улсИх Британи улсАмерик улс
Өмнө Солонгос улсХонкон оронСингапур улсХятад улсВьетнам улсТайланд улс

Зам тээвэр[засварлах | edit source]

Камбожийг хөндлөн гулд хэрсэн замын урт 38,257 км. Үүнээс 2004 оны үед 2,406 км нь цардмал болсон байсан. Энэ нь гол гол замууд үндсэндээ асфальтаар хучигдсан гэсэн үг. Улсын ач холбогдолтой замын 8 чиг бий. Тэдгээрэс хамгийн урт нь 509 км, богино нь 65 км байгаа.

Бараатай гатлага онгоц

Камбожид нийтдээ 612 км үргэлжилсэн салангид хоёр төмөр зам бий. Нэг метрийн царигтай. Нэг нь нийслэлээс өмнөд эргийн Сиануквиль, нөгөө нь нийслэлээс баруун хойш Сисопон хүрэх (гэвч галт тэрэг зөвхөн Батдамбан хүрдэг)-ээр тавигджээ.

Гол мөрнийг уламжлал ёсоор усан замын тээвэрт ашигладаг. Меконг, Тонлесапын дагуу явна. Ялангуяа буйд тосгоныхон хоттой харьцахад үүгээр явна, бараа зөөнө. Камбожид Пномпений, Сиануквилийн гээд далайн хоёр гол боомт, хэд хэдэн жижиг боомт байна. Пномпень руу Меконгийн цутгал Бассакаар дамждаг.

Улсын хэмжээнд 26 нисэх буудалтай ч талыг нь ашигладаггүй. Пномпений нисэх буудал, Сиемреаб хотын хажуудах Анкорын нисэх буудал хоёрт өөр улсаас шууд очиж болно. 2009 онд улсын гол гэж хэлж болох иргэний агаарын тээврийн Камбож Анкор Эйр компанийг Камбожийн засгийн газар (51 хувь), Вьетнамын иргэний агаарын тээвэр (49 хувь) компани хамтран байгуулжээ.

Нийгэм соёл[засварлах | edit source]

Хүн ам зүй[засварлах | edit source]

Яс үндэс Хүн ам Хувь
Кхмер үндэстэн 13,684,985 90%
Вьет үндэстэн 760,277 5.0%
Хятад үндэстэн 152,055 1%
Бусад ард түмэн 608,222 4%
Он Хүн ам
1901 1,103,000
1931 2,806,000
1971 7,270,000
2011 14,701,717

Камбож улс 2016 оны мэдээгээр 16,005,035 хүн амтай. Үүнээс 90 хувь нь улсын албан ёсны хэл болсон кхмер хэлээр хэлэлцдэг үндсэн, нэгэн төрлийн ард түмэн кхмер үндэстэн байна. Цөөнхөөс дурдвал 5 орчим хувь вьет, 1 хувийг хятад, мөн нэг хувийг чам хүмүүс эзэлдэг. Хүн амын жилийн дундаж өсөлт 1.7%. Эр эм хүйсийн харьцаа 0.96 хувь, дундаж наслалт 62.7. Хүн амын 73.6% бичиг үсэгт тайлагдсан. Хүн амын 95% буддын шашинтан, түүнээс 3 хувь их хөлгөн, бусад нь бага хөлгийн ёсыг дагадаг. 1.6% ислам шүтлэгтэнд чам ястан, малай үндэстэн ордог.

Хот суурин[засварлах | edit source]

Камбожийн хүн амын 24-29% хотод суудаг. 5000-аас олон хүнтэй 25 хот байна. Томоохон нь:[6]

XII зуунд баригдсан Анкор-ват
Бүжиж буй зураг

Соёл урлаг[засварлах | edit source]

Камбожид уламжлалт соёл, орчин цагийн соёл аль аль нь бий. Нам газрынхан ба уулынхан гээд ерөнхий хоёр янз бий.

Онцлогоос дурдвал крама гэдэг содон ороолт-алчуур, хүнтэй алга хавсран мэндлэх (сампеа) ёс, уран барилгын сор Анкор-ват (Анкорын сүм), Бон-ом-тук (Наадам) буюу орон даяар завиар уралддаг 11-р сарын наадам, «Ворвон Сорвон хоёр» үлгэр байна.

Камбожид Бурхан багшийн мэндэлсэн оноос эхлэн тоолсон цагалбар баримталдаг. Аргын тооллын 2014 он гэхэд Буддын тооллын 2558 он болж байгаа юм. Үүгээр Камбожийн шинэ жил 4-р сарын 13 юм уу 14-нд тохиодог.

Камбожийн алтан үеийн дуучдаас нэрлэвэл Син Сисамут, Рос Серейсотея гэж байсан. Хааны ордонд Риемке (Рамаяны хувилбар) зохиолын дүрд орж бүжиглэдэг байсан бол энгийн ард үдэшлэг цэнгүүнд намбалаг бүжих ромвон гэх мэт бүжиг бий.

Хоолонд цагаан будаа, загас зонхилно. Загасыг янзаар бүрээр болгож сурсан.

Хүүхэд залуус ихэвчлэн хөлбөмбөг, гар бөмбөг тоглодог. Уламжлалт завины уралдааныг мартаж болохгүй. Олимпоос медальгүй.

2010 оны үед орон даяар цацдаг 9 телевиз, 50 радиотай, интернэт хэрэглэгчийн тоо 738,641 (5 хувь) байсан.

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF).
  2. 2.0 2.1 2.2 2.3 Cambodia. International Monetary Fund.
  3. Distribution of family income – Gini index. The World Factbook. CIA.
  4. Human Development Report 2009. Human development index trends: Table G. The United Nations.
  5. 5.0 5.1 Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь. III боть. «Дэлхий, хүн төрөлхтөн» (1988). 250-р тал. Кампучи
  6. Cambodia: largest cities and towns and statistics of their population.

Гадаад холбоос[засварлах | edit source]