Пол Пот

Пол Пот (кхиер. ប៉ុល ពត,Pol Pot;жинхэнэ нэр нь- Салот Сар. кхмер. សាឡុត សរ - Salŏt Sâr ) 1925 оны 5-р сарын 19-нд төрсөн -1998 оны 4-р сарын 15-ий өдөр Анлонгвенг-д нас барсан) Кампучийн Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга (1963—1981), Кампучийн Ерөнхий сайд (1976—1979), Камбожийн Улаан Кхмерүүдын хөдөлгөөний толгойлогч байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1928 онд Конпонтум мужид чинээлэг тариачин эцэг Пек Салот, эх Сок Нем нарын 9 хүүхдийн 8 дахь нь болж төрсөн. Хамаатны эмэгтэй нь хааны гэр бүлийн үйлчлэгч хийдэг байсан гэгддэг.

Түүнийг 9 настай байхад нь Пномпень рүү явуулсан гэдэг. Иргэж ирээд лам болсон ч 2 жил болоод хар болсон. Сүүлд 1948 онд Пномпений Рүссэйокэ мэргэжлийн сургуульд элсэн орсон байна.

Дунд боловсролыг эх орондоо эзэмшсэний дараагаар Франц улсад сурах тэтгэлэг авч 1949 онд Францын Их сургуульд радио-цахилгааны ангид суралцах болжээ. Түүний ярьснаар бол эхний жил хичээлдээ шамдан сурч байсан боловч, найзуудынхаа нөлөөгөөр удалгүй оюутнуудын уулзалт цуглаан зэрэгт оролцож К.Марксын "Капитал"-ыг сонирхох болсон гэдэг. Тэнд л залуу оюутан марксизмын үзэл санааг сонирхож өөрийн хамтран зүтгэгч болсон Иенг Сарийн (Ieng Sary) хамт хувьсгалт бүлгэмд суралцаад 1952 онд Францын коммунист намд (Parti communiste franсais) гишүүнээр элссэн байна. Тэр үеэр камбож оюутнуудын гаргаж байсан сэтгүүлд Салот Сарын “Хаанчлал эсвэл ардчилал” нэртэй өгүүлэл гарч тэрээр өөрийн хэт даврагч улс төрийн санаагаа цухуйлгасан байлаа. Ирээдүйн дарангуйлагч Сталин, Ленин ба Мао (Mao Zedong, 1893-1976) нарын үзэл санааг сайн судалжээ. Хэсэг хугацааны дараа өөрийн тэр үзсэн зүйл санаагаа эх орондоо хэрэгжүүлсэн билээ. Салот Сар зөвхөн улс төрийн уран зохиол сонирхоогүй тэрээр Францын сонгодог уран зохиол нэн ялангуяа Жан Жак Руссогийн (Jean-Jacques Rousseau, 1712-1778), бүтээлийг шүтэхээс гадна Луи Арагон (Louis Aragon, 1897-1982) ба Эжен Гильвикийн (Eugиne Guillevic, 1907-1997) шүлгүүдийг чээжээр мэддэг байлаа. Улс төрийн үзэл санаа нь энэ үед төлөвшсөн гэж үздэг. Мөн 1950 онд Югославт олон улсын ажилчидтай хамт зам гүүрийн барилгын ажилд оролцож явсан түүхтэй. Улмаар Францад очсон эхний жилээсээ сурлага нь муудаж, тэтгэлэг нь цуцлагдаж эх орондоо 1953 оны 1-р сард буцаж ирж Пномпеньд том ах Лот Суонг-ийн гэрт амьдарсан байна. 1953 оны 8-р сард Салот Сар Камбожийн Ардын хувьсгалт намд элсэв. Эхлээд тэрээр олон нийтийн суртал ухуулгын хэлтэст ажиллаж эхэлсэн бөгөөд дараа нь намын боловсон хүчний сургуульд сурч эхэлсэн байна.

Салот Сар 1950-иад оноос "Пол" хэмээх нууц нэрийг ашиглаж эхэлсэн бөгөөд сүүлд 1976 оноос "Пол Пот" хэмээх нууц нэрээ бүрэн хэрэглэж эхэлсэн ажээ.

1963 оны 2-р сараас Салот Сар - Кампучийн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон. 1960-аад оны дунд үеэс нам дахь Салот Сарын бүлэг БНХАУ-тай нягт холбоо тогтоож, намын үйл ажиллагааг "маоист" маягаар өөрчлөн байгуулж эхэлжээ.

Тэр үед тус улсад улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, Америкийн талыг баримтлагч генерал Лон Нолын (Lon Nol, 1913-1985) 1970 онд тогтоогдсон дэглэм ихэнхийн дэмжлэгийг алдаад байлаа. Үйлдвэрлэл, худалдаа унаж, төсвийн алдагдал өсөн авлига газар аваад байсан юм. Байлдааны гол ажиллагаа Лаос, Вьетнамын нутаг дэвсгэрт явагдаж байсан ч Хо Ши Мины (Hồ Chн Minh, 1890-1969) партизануудаас “цэвэрлэх” Америкийн сүйрлийн бөмбөгдөлтөд Камбож тогтмол өртөж энгийн иргэд хохирлыг ихээр амсаж байлаа. Гэсэн ч “доллар дээр заларсан” Лон Нол нүдээ аниад л сууж байлаа. Энэ бүгдээс улбаалан тус оронд Камбожийн маоист “улаан кхмерүүдийн” (камбожчууд өөрсдийгөө кхмерүүд гэдэг) толгойлсон коммунист хөдөлгөөн алдаршиж байсанд гайхах зүйлгүй. Тэд Америкийн талыг баригч “тоглоомын” гэх дэглэмийг унагах эвлэршгүй, эргэж буцалтгүй санаатай байлаа. Тэнд партизаны дайн эхлэн жилээс жилд “улаан кхмерүүдийг ялалтад улам бүр ойртуулж байлаа. Камбожийн коммунистууд өөрийн тэмцэлдээ ганцаараа байгаагүй нь үнэн. Тэднийг Хятад, Хойд Вьетнам идэвхтэй дэмжиж байсан юм. Эх орондоо эргэж ирээд даруй улс төрийн үйл ажиллагаагаа эхэлж 1967 оноос засгийн эсрэг Улаан кхмерүүдийн хөдөлгөөнд нэгдэж Хятадын дэмжлэгтэй партизаны дайн эхлүүлжээ. Энэтхэг-Хятадын хойгт Америкчууд өөрсдийн байр сууриа аажмаар алдан 1973 оноос тэд булаан эзэлсэн нутгаасаа цэргээ гаргаж эхэлжээ. Тэдний дэмжлэггүйгээр Лон Нол коммунистуудад эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсон учир 1975 оны дөрөвдүгээр сарын 1-нд генерал хамсаатнуудынхаа хамт нутгаа орхин дүрвэжээ. Харин дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Пномпень хотынхон танк, хуягтаар хотод орж ирсэн чөлөөлөгч “улаан кхмерүүдээ” угтан гудамжнаа гарцгаалаа. Ард түмэн дайн самуунаас ядарч, найдлагаа улаан кхмерүүдэд өгсөн байлаа. Камбож эрт дээр цагаар газар тариалангийн орон байв. Түүн дээр л “улаан кхмерүүд” өөрийн эдийн засгийг байгуулахаар шийдсэн аж. Гэсэн ч тэдний тариалангийн асар их амбицтай хийсвэр төлөвлөгөө нь бүтсэнгүй. “Улаан кхмерүүдийн” лидер Пол Пот өөрийн замаа их сургуулийн даруухан багшаар эхэлсэн гэдэг. Харин түүхэнд өнгөрсөн зууны хамгийн харгис дарангуйлагч гэж үлдсэн юм.

Хятад хувилбарын Коммунист туршилт[засварлах | кодоор засварлах]

Камбожчууд удаан баярлаж чадсангүй. Пномпенийг эзэлсэн “улаан кхмерүүд” бараг л тэр даруйдаа хөдөө орон нутагт хүүхэд, хөгшид, өвчтэй, тахир дутуу хүмүүсийг оролцуулаад хотын оршин суугчдыг нүүлгэхээр зарлав. Хотын ихэнх хүмүүсийг 72 цагийн дотор хөдөө аж ахуйн албадан ажилд хөдөө хөөлөө. Том хот сууринд ч энэ ажиллагааг бас явуулсан юм. Дөнгөж Ардчилсан Кампучиар зарлагдаад байсан улсын Ерөнхий сайд болсон Пол Пот “Хот бол хувьсгалын эсэргүү нарын үүр. Хувьсгалын гол хүчин нь тариачин анги” гэж радиогоор зарлав. Хот сууринд цэргийнхэн ба үйлдвэрийн ажилчид шинэ засгийн түшмэлүүд л үлдсэн байв.Хотоос нүүлгэгдсэн камбожчууд хөдөөгийн оршин суугчид шиг хөдөлмөрийн коммуна болон зохион байгуулагдаж, цагаан будаа ургуулах ёстой боллоо. Шинэ дэглэм Кампучийг хөдөө аж ахуйн хүчирхэг орон болгохоор шийдсэн аж. Сургууль, эмнэлэг, их сургуулиуд, театр бүгд л хаагдлаа. Жилийн дотор улс орон нь асар том хөдөлмөрийн лагерь болон хувирч, хүмүүс 12 цагаар халуун наранд хөдөлмөрлөж байжээ.

Ангигүй нийгэм дэх амьдрал[засварлах | кодоор засварлах]

Шинэ улс дахь камбожчуудын амьдрал улам хүндэрч байлаа.”Улаан кхмерүүдийн” Засгийн газар 1976 өргөн цар хүрээтэй дөрвөн жилийн төлөвлөгөө батлан цагаан будааны тариаланг өмнө байгаагүй их хэмжээнд хүргэнэ гэлээ. Цагаан будааны талбайд ажиллаж байсан хүмүүс өлсгөлөн, өвчнөөр хэдэн зуугаараа хиарч байв. “Улаан кхмерүүд” хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж тариалангийн талбайд ажиллаагүй ч мөн хүнд ажил хийж байлаа. Сургуулиуд хаагдсан тул тэднийг улс төрийн хичээлээр л хүмүүжүүлнэ. Ардчилсан Кампучид хувийн амьдрал бараг хоригдсон байв. Хурим нь хүртэл хамтынх болжээ. Сүйт залуус бүсгүйчүүдийг цуглуулаад нам нь хэн нь хэнтэй гэрлэхийг тушааж, хосууд эцсээ хүртэл үнэнч байх тангараг өргөнө. Тэдэнд арай илүү нормын хоол өгч хэд хоног цуг байлгаад тариан талбайдаа явуулдаг байлаа. Хэрэв бүсгүй ноогдсон нөхрөөсөө татгалзвал түүнийг хатуу цээрлүүлнэ. Хатуу шалгалтаар гэрлэсэн хосууд өнөөг хүртэл хамт амьдарч байгаа жишээ бий. Жишээлбэл, өнөөгийн ерөнхий сайд Хун Сен (Hun Sen) дарангуйллын үеэр намын тушаалаар ноогдсон эхнэртэйгээ цуг амьдарч байна. Ардчилсан Кампучид бусад дарангуйлагч орнуудын адил шорон, байцаах төвүүдийн салаалсан сүлжээ байгуулагдсан байв. Нийтдээ 200 орчим цээрлүүлэх байгууллага байлаа. Гэсэн ч тэнд зай үргэлж дутагдана. “Улаан кхмерүүд” хүн бүрийг шахуу л дайснаа гэх учир шорон дутагдах нь аргагүй болсон. Эрх баригч намын дотоодын гол дайсан нь Лон Нолын дэглэмтэй ажиллаж байсан хүмүүс. Дээр нь үндэсний цөөнх ба уугуулууд чам, вьетнам үндэстнүүд орно. Мөн гадны дайсан гэж хэнийг ч Тайландын, Вьетнамын, Зөвлөлтийн тагнуултай холбоотой гээд буруутгаж байжээ. Тэдний тоонд жирийн иргэдээс гадна эрх баригч намын гишүүд ч байна. Намдаа тогтмол цэвэрлэгээ явуулдаг байсан юм. Гурван жил хагасын дотор эх орноос урвасан гэх хэргээр хагас сая хүнийг цаазалсан байлаа. Дэглэмийн гол шорон S-21, буюу Туол Сленг Пномпень хотод байв. Нийслэлийн нэг сургууль байсан байранд уг шоронг байрлуулан хүмүүсийг тэнд хорихоос гадна тамлан байцааж, үй олноор нь цаазалж байлаа. S-21 шоронгийн цөөхөн хоригдлууд л дэглэмийн унасны дараа амьд үлдсэн байв. “Улаан кхмерүүд” өөрсдөө тэндээс нэг ч хүнийг суллаж байсан түүхгүй. “Улаан кхмерүүд”-ийн гол шорон Туол Сленг өнөөдөр хоморголон устгалтын музей болсон байна. Жил бүр олон хүн ирж Камбожийн түүхийн хар хуудасны гэрчтэй танилцдаг. Шоронд ирсэн хүн бүрээс тэдний намтрыг дэлгэрэнгүй бичин авч зургийг нь авдаг.Дараа нь тэдний 1х1,5 метрийн зайтай өрөө гэгчид хорино. Тэнд хичнээн хүн байсан ч хоорондоо ярилцахыг эрс хориглосон байв. Өдөр бүр S-21 шоронд тамлан байцааж, хэрэгтэй гэсэн мэдүүлэг авахын тулд цахилгаанд цохиулж, хумсанд нь зүү шааж, хутга ба дал модны хурц навчаар зүсэн хэрчиж байлаа. Пластик уут толгойд нь углан боогдуулах, тамхины галаар түлэх хөлөөс нь өдөржин дүүжлэх нь “улаан кмерүүдийн” дуртай тамлал. Тийм тамлалын дараа ямар хэргийг хоригдлууд хүлээхэд бэлэн байв. Өдөр бүр шоронгийн хашаанд бөөнөөр нь цаазална. Галт зэвсгээ хэмнээд тэднийг зээтүүдэн хөнөөдөг байжээ. Эхлээд цаазалсан хүмүүсээ S-21-ийн ойролцоох оршуулгын газар булдаг байлаа. Удалгүй тэнд зайгүй болсон тул цогцсуудыг Пномпениас зөөж Чоунг Эк районд авчран булах болсон гэдэг. Тоул Сленг шоронгийн удирдлага хоригдлуудаас гадна харгалзагч нараа айдсаар барина. Жижүүр хийж байхдаа тэд суух нь битгий хэл, хана түшиж болохгүй хачин журамд захирагдаж байлаа. Хоригдлуудтай ярьсан бол чи өөрөө хоригдол. Туол Сленг шоронг өнөөдөр музей болгосон байгаа. Гадаадын жуулчид тэнд байгаа хүн төрлөхтний хэзээ нэгэн цагт зохиож байсан тамлах багаж хэрэгслүүдийг тоо ба төрлөөрөө ардаа орхисон тамлах зэвсгүүдийг хараад ухаан алдмаар болдог гэнэ. Пол Хэрэгслүүдийг цуст дамжлагыг зохион бүтээж, гурван жилийн дотор Сталины харгислалын жилүүдийнхээс илүү тооны хүмүүсийг хөнөөсөн билээ. Хүн ардаа “хуучин” буюу үндсэн, “шинэ” гэж хоёр ангилсан юм. Эхний ангилалд нь тариачид болон “улаан кхмерүүд” партизаны дайн хийж байхдаа хянаж байсан ойн болон зүүн бүсийн нутаг дэвсгэрийн хүмүүс багтсан байв. Тэр нутгийнхан цаг ямагт талынхнаас муу амьдралтай байсан учир уламжлалаар тэнд муу хандаж иржээ. Тэр боловсрол багатай, мэдлэг байхгүй хүмүүс л полпотчуудын армийн болон намын боловсон хүчнийг бүрдүүлжээ. Хоёрдугаар ангилалд нь Лон Нолын дэглэмийн хяналтад байсан нутгийн хүн ард хамрагдлаа. Тэд Америк дайсантай холбоотой байсан гээд “шимэгч ургамал” гэж нэрлэгдээд тус улсын нийгэм, улс төрийн дайснууд болов. Энэ ангилалд Америкийн бөмбөгдөлтөөс зугтан хил орчмын районоос хотод орж ирсэн олон тооны тариачид багтсан байв. Тэд бүгд л ямар ч эрхгүй болсон ба тэднээс олон хүнийг буудан хөнөөж, шоронгуудыг тэднээр дүүргэсэн байв. Сэхээтнүүд, оюутнууд, багш, эмч, эрдэмтэд мөн шашны зүтгэлтнүүд хуулиас гадуур тавигдсан учир хүмүүс боловсролоо нууж байсан юм. Тэд цаазаар авахдаа хүртэл сум хэмнэх үүднээс хүрз малтуураар тархийг нь цөм цохин хөнөөж, хаядаг байлаа. Жаахан хүүхдүүдэд дайсны элгээ идэх нь зориг оруулдаг гээд хүний маханд тэдний оруулсан байв. Мах идэх гэсэн нэгэн өлсөхөөрөө тааралдсан хүнээ бариад цаазлан элгийг нь шараад идчихдэг байжээ. “Улаан кхмерүүд” улс орноо гадаад ертөнцөөс бараг тусгаарласан байлаа. Олон орны Элчин, төлөөлөгчдийн газрууд хаагдан ажилтнууд нь тэндээс гарсан байв. Зөвхөн Хойд Солонгос, Хятад,Албанийн Элчин сайдын яамд л ажилтай байжээ. 1975 онд Пол Потын тэргүүлсэн хүч нийслэл Пномпенийг эзэлж авч, "коммунизм" нэрийн доорх түүний харгис дэглэм эхэлсэн байна. Юун түрүүнд хотын сэхээтнүүд үүнд өртөж олноор цаазаар авахуулжээ. Энэхүү харгислал нь голдуу хотын иргэдийг хамарсан бөгөөд тэднийг хотоос албадан гаргаж хөдөө ажиллуулах болсон. Хот ийнхүү эзэнгүй орхигдсон нь тэрбээр капитализм буюу барууны соёлыг няцааж байсны илрэл юм. Нийт улсын иргэдийг үндсэндээ "шинэ иргэн" буюу хотынхон, ба "уугуул иргэд" хэмээн хоёр хуваав. Тэгээд шинэ иргэдийг голлон хүнд хүчир ажил хийлгэж олноор нь тарчлаажээ.Пол Пот өөрийн дэглэмийн гол түшиг нь пролетари анги биш тариачид гэж тооцож байснаараа Ленин, Сталинаас ялгаатай. Гэлээ ч коммунист загварын тийм хувилбар бас мухардал байсан юм. Камбожид Пол Потын дэглэм тогтсоны дараа эхэлсэн нийгмийн өөрчлөл нь харгислал ба хүмүүнлэг бусаараа Мао, Гитлер, Сталины хийж байсан адилхан туршилтуудаас даван гарсан юм.

Уналт[засварлах | кодоор засварлах]

Үндэсний аврах фронт[засварлах | кодоор засварлах]

Пол Потын намын явуулсан хэтэрхий харгис бодлого ард түмний дургуйцлийг төрүүлэхгүй байх аргагүй байжээ. Анхны олон нийтийн эсэргүүцэл 1975 оны есдүгээр сард Сиемреап мужид гарсан боловч хатуу харгислалаар дарагдсан. Пномпенийг хамгаалах үүрэгтэй 170 дугаар дивизийн цэргийн бослого 1977 оны хоёрдугаар сард гарч араас нь баруун хойд ба зүүн нутгуудад бослого гарав. Аажмаар Ардчилсан Кампучид чөлөөлөгдсөн районууд үүсэн тийшээ полпотын дэглэмтэй тэмцэх эрмэлзэлтэй харгислалын хохирогчид цувж эхэлжээ. “Коммунист туршилтын” сүйрлийг Засгийн газрынх нь явуулж байсан эдийн засгийн бодлого ч улам ойртуулсан юм. Төлөвлөсөн асар их хэмжээний цагаан будаагаа хүмүүсийн өдөржин шөнөжин ажиллуулаад ч хурааж чадсангүй. “Улаан кхмерүүд” хөдөө аж ахуйгаа сайн мэдэхгүйгээс гадна улс орон даяар үүсгэн хөөрөгдсөн айдас ч саад болж байв. Хөдөө бүсүүдийн удирдлага ноогдсон төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйгээ илтгэхээс айн үзүүлэлтээ ихэсгэсэн илтгэлийг төвдөө явуулна. Районууд хоорондоо мэдээлэл солилцох нь хориотой байсан бөгөөд ер нь нууц байдал Ардчилсан Кампучийн бүхий л салбарыг хэрсэн байжээ. S-21 шоронгийн комендант Канг Кек Иеу 1980 онд “улаан кхмерээс” салан христийн шашинд орсон байв. Түүнийг 1999 онд баривчлаад зургаан жилийн дараа олон улсын шүүхээр шүүсэн юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Пол Потын хамсаатан дахиад л шүүгдлээ. Тэрээр 15 мянган хүнийг хөнөөсөн хэрэгт өөрийн гэм бурууг хүлээж, амь үрэгдэгсдийн хамаатан саднаас уучлалт гуйжээ. Фото: Courtesy of Extraordinary Chambers in the Courts of Cambodia. Үүний зэрэгцээ хүчин сульдсан орон хөрш Вьетнамыг өөрийн дэглэмийн дайснаа гэж үзсэнээс түүнийг Зөвлөлт шигээ “коммунизмын үзэл санаанаас урвасан” гээд дайтаж эхэлсэн юм. Түүний засгийн бодлогыг эсэргүүцсэн хэн болгон шууд цаазаар авахуулж байсан ба түүний засгийн газрын сайд ч өршөөлгүйгээр баривчлагдаж цаазлуулагдаж байв. Нийтдээ баривчлагдан цаазлуулсан ба өлсгөлөн, өвчнөөр албан бус тоогоор 3 сая орчим хүн амиа алджээ.Энэ нь хүн төрөлхтний түүхэнд хараар бичигдэх өөрийн ард түмнээ харгислал-яргалалын цус, нулимсан далайд умбуулж 8 сая хүн амтай байсан улс орноо сүйрлийн ангал руу түлхэж 5 сая болгож хядсан цуст-жигшүүрт алуурчин бөгөөд Мао зе дун-ы "Соёлын хувьсгал"ыг импортолж Бээжингийн эрх баригчдаас онц дүн авсан "сурагч" юм.Түүний энэхүү яргалал нь улаан Кхмерүүдийн бусад нөхдийнх нь хүртэл жигшил зэвүүцлийг хүргэж улмаар хагарал гарч эсэргүүцэн босч түүнээс болон Бээжингийн дэглэмээс харилцаагаа таслан сөрөг хүчнийхэн болон Вьетнам, ЗХУ-ын талтай хамтран ажиллах болсон байна.Удалгүй "Үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдох"-ын үлгэрээр өөрийн хүчээ хэтрүүлэн үнэлж, БНХАУ-ын цэргийн дэмжлэгт найдан өчигдөрхөн АНУ, барууны орнууд, Сайгоны болон Лон Нолын дэглэмийн эсрэг холбоотон болон байлдаж байсан коммунист найз Вьетнамын нутаг дэвсгэрт түрэмгийлэн оров. Энэ нь ч Ханойн эрх баригчид болон түүний эсрэг талынханд аятайхан шалтаг болж өгчээ. Хоёр орны хооронд дипломат харилцаагаа 1977 онд тасалсан байснаас гадна хил орчимд нь зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй болсон байжээ. Олон жилийн дайнд ч туршлагажсан, тоо хүчний хувьд олон дахин давуу Вьетнамын армитай эн зэрэгцэх хүчин тэр үед тэнд байсангүй. “Улаан кхмерүүд” ихээхэн хохирол үзэж байснаас гадна Вьетнам Пол Потын дэглэмийг унагаахыг уриалсан сурталчилгааг камбожчуудад хүчтэй хийж байсан билээ. Вьетнамын оролцоотойгоор 1978 онд Кампучийг аврах үндэсний нэгдсэн фронт байгуулагдав. Вьетнамын арми 1979 оны нэгдүгээр сарын 7-нд Пномпень хотыг эзэлснээр “улаан кхмерүүдийн” дэглэм унажээ. 1979 онд Вьетнамын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Пол Потын эсрэг боссон Улаан Кхмерийнхэн Пол Пот ба түүний талын этгээдүүийг хөөн гаргажээ. Пол Пот өөрийн тойрон хүрээлэгсдийн хамтаар Тайланд улс руу дүрвэн гарч амжсан юм. 1997 онд засгийн газрын дэмжлэгийг авахын тулд өөрийн удаан хугацааны түнш болох Сон Сэнг цаазаар авсан. Гэвч дараахан нь түүнийг Улаан кхмерийн армийн удирдагч Та Мокын тушаалаар баривчлан, насан туршид нь гэрийн хорионд хийсэн байна. 1998 оны 4 сард Та Мок нь шинэ засгийн газрын цэргийн дайралтаас зугтах үедээ Пол Потыг хамт авч явсан байна. Албан бус эх сурвалжаас үзвэл, Пол Пот нь 1998 оны 4 сарын 15-нд зүрхний шигдээсээр нас барсан байна. Түүний шарилын хумсны өнгө нь өөрчлөгдсөн байсан зэргээс хор ууж эсвэл хорлогдож нас барсан гэж үздэг.Ард түмэн бүрт өөрийн гашуудлын өдөр бий. Тэр нь Камбожийн хувьд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр. Тэртээ 1975 оны энэ өдөр тус орны засгийн эрх Пол Потын (Saloth Sar, 1928-1998) удирдсан коммунистуудын хэт харгис “улаан кхмерүүд” жигүүрт иржээ. Гурван жил гаруй хугацаанд тус улсад нийгмийн асар том туршилт хийгдэж, цэцэглэн хөгжиж байсан орон дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болон хувирсан билээ. Цуст дарангуйллын гурван жил хагасын дотор улс орон нь бүрэн сүйрч дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болсон байв. Пол Потын дэглэмийн гай түүнийг унагаснаас хойш олон жилийн турш Камбожид мэдрэгдсээр ирсэн билээ. Ная, ерээд онуудад полпотчуудын зэвсэгт бүлэглэл партизаны дайныг олон районд нь явуулж, Пномпенийн төвд нь хүртэл террорын үйлдлийг хийж байлаа. “Улаан кхмерүүд” дарангуйлж байх цагаас нутгийн олон районуудад үй олон минийн талбай гарч ирсэн юм. Нэн ялангуяа, хил орчмын бүсэд тэр нь ихээр үлдсэн нь өнөөг хүртэл хор хөнөөлөө үзүүлсээр байна. Эмч, багш, инженерүүдийн хомсдол хурцаар илэрч түүнийг арилгахад олон улсын тусламж шаардлагатай болсон юм.

Пол Потын хамсаатнуудаас олон хүн баригдан шүүгдсэн ба тэдний тоонд Пол Потын баруун гар Ардчилсан Кампучийн Гадаад хэргийн сайд Иенг Сари, Туол Сленг шоронгийн дарга, намын "Дучэ" гэдэг нэрээр алдаршсан Канг Кек Иеу (Kang Kek Iew) нар байлаа. Харин “улаан кхмерүүдийн” удирдагч хамсаатнуудынхаа хамт олон жил ширэнгэн ойд бүгж байгаад 1998 онд учир битүүлэгээр нас баржээ. Пол Пот ердийн үхлээр үхсэн үү үгүй юу гэдэг нь нууц хэвээр үлджээ. Дарангуйлагчийн цогцсыг ширэнгэн ойд автомашины дугуй шатаасан түүдэг дээр чандарлажээ. Хамтран зүтгэгчид ба найз нөхөд нь чандарлах ёслолд нь оролцоогүй гэдэг. Ямартай ч 1993 он хүртэл түүний талынхнийг БНХАУ зэр зэвсэг, санхүүгээр дэмжиж байсан гэдэг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Pol Pot – Викимедиа зураг, бичлэг, дууны сан