Jump to content

Тажикистан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Тажикистан Улс
  • Ҷумҳурии Тоҷикистон (Тажик)
  • Республика Таджикистан (Орос)
Уриа: Истиқлол, Озодӣ, Ватан (Тажик)
"Тусгаар тогтнол, Эрх чөлөө, Эх орон"
Төрийн дуулал: Суруди Миллӣ (Тажик)
"Төрийн дуулал"
 Тажикистан улсын байршил (ногоон)
 Тажикистан улсын байршил (ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Душанбе
38°33′N 68°48′E / 38.550°N 68.800°E / 38.550; 68.800
Албан ёсны хэл
Ярианы хэл
Угсаатны бүлгүүд
(2010[2])
Шашин
(2020)[3][4]
Ард түмний нэршил
  • Тажикистанчууд[5]
  • Тажикууд
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (авторитар дарангуйлал)[6]
Эмомали Рахмон
Кохир Расулзода
Хууль тогтоох байгууллагаДээд Хурал
Үндэсний Хурал
Төлөөлөгчдийн Хурал
Үүсгэн байгуулалт
819
6 сарын 18, 1868
11 сарын 27, 1917
4 сарын 30, 1918
1924 оны 10 сар
12 сарын 5, 1929
8 сарын 24, 1990
8 сарын 31, 1991
9 сарын 9 1991
12 сарын 26, 1991
11 сарын 6, 1994
Газар нутаг
• Нийт
142,326 км2 (94)
• Усны эзлэх талбай
2575 км2
• Усны эзлэх талбай (%)
1.8
Хүн ам
• 2022 тооцоо
9,750,065[7][8] (94)
• Нягтаршил
48.6/км2 (155)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$47.2 тэрбум[9]
• Нэг хүнд ноогдох
$4,137[9]
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$12.8 тэрбум[9]
• Нэг хүнд ноогдох
$1,277[9]
ОТББИ (2015)34[10]
дундаж
ХХИ (2021) 0.685[11]
дундаж · 122
Мөнгөний нэгжСомони (TJS)
Цагийн бүсUTC+5 (ТЖЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+992
Домэйн нэр.tj
  1. Орос хэл нь Тажикистаны Үндсэн хуульд зааснаар үндэстэн хоорондын албан ёсны хэлээр албан ёсны хэлний статустай.[12]

Төв Азийн 143 мянган км2 газрыг эзэлсэн дэлхийн 94-р том Тажикистан улс (бас Тажик ч гэнэ, тажикаар Тоҷикистон [тожикистон]) Дундад Азийнхаа Киргиз, Узбекистан болон төрөл хэлтний Афганистан, уулын цаадах Хятад гэсэн дөрвөн улсын нутгаар хүрээлүүлж, Вахан уулын жимээр таслагдан Пакистантай маш ойр оршдог. Үндсэндээ уулархаг, ялангуяа дорнод хагаст нь Памирын нуруу сүндэрлэн бий.

Дэлхийд 99-р олон буюу 7.4 сая хүн амтайгаас нийслэл Душанбед 10 хувь оршин сууж байна. 84 хувийг өмнө зүгийн иран төрлийн хэлтэй тажик үндэстэн, 14 хувийг умар зүгийн түрэг төрлийн хэлтэй узбек үндэстэн бүрдүүлдэг. Аль аль нь ислам шашин шүтнэ.

МЭӨ Согд, 819 оны Саман гээд Тажикистанд эрт дээрээс перс хэлтэн (тажикууд) амьдарч иржээ. XI зуунаас түрэгүүд нэвчиж, 1880-аад он болоход Оросын харьяанд орсон. 1924 онд тажикуудаар гол болгон Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүн дэх улс болоод өнөөгийн хил хязгаар тогтжээ. 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогтносон бүрэн эрхт улсад дэвшээд Бүгд Найрамдах Тажикистан Улс (БНТажУ) болон өөрчлөн байгуулагдаж, тажик хэлээр улсын албан хэрэг бичдэг болов. Одоо ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагтай.

Эдийн хөгжлөөр тааруу, нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээгээр (2011 онд 2000 ам.доллар) дэлхийд 159-р байрт жагсаж байгаа.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Энэ улсыг монгол хэлнээ үндсэн хүн ам тажик үндэстнийх нь нэрээр нь энгийнээр «Тажик улс», товчоор «Тажик» хэмээнэ. Мөн тухайн улсад болон олон улсад хэрэглэгдэж буй -стан (улс орон гэсэн утга бүхий) дагаварыг залган «Тажикистан» гэнэ.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Сансраас харсан зураг
Физик газар зүйн зураг
Памирын нуруу
Каракуль нуур

Тажик орон 143,100 хавтгай дөрвөлжин километр газар эзэлсэн Грекээс ялимгүй том буюу дэлхийн 95-р их нутаг дэвсгэртэй орон юм.

Байрлал[засварлах | кодоор засварлах]

Хойд өргөргийн 36° — 41°, зүүн уртрагийн 67° — 75° дотор багтах ба Төв Азийн далайд гарцгүй орон билээ. Баруунаас зүүн зүгт 700 км, хойноос урагш 350 км сунасан. Өмнөд талаараа Афганистантай 1206 км, зүүн талаараа Хятад улстай 414 км, умард талаараа Киргизтэй 870 км, өрнөд талаараа Узбекистантай 1161 км газраар хиллэх ба хилийн нийт урт 3651 км болно.

Уул нуруу[засварлах | кодоор засварлах]

Тажик орон 90 хувь уулархаг, талаас их хувь нь далайн түвшнээс дээш 3000 метрээс өндөрт оршдог. Нутгийн дорнод хагасыг Памирын нуруу эзлэх ба умард хэсэгт Тэнгэр уулын салбар нурууд болох, Туркетан, Алай, Зеравшан, Хиссарын нурууд хөндлөн чигт параллель тогтоцгоожээ. Алайн нуруунын ноён оргил нь Тандыкуль (5544 км) юм.

Памирын нуруунд Тажикийн хамгийн өндөр уул болох Исмаил Саманийн нэрэмжит оргил (7495 м) байхаас гадна Ибн Сины оргил (7134 м), Корженевскийн оргил, Тусгаар тогтнолын оргил (6974 м), Карл Марксын оргил сүндэрлэжээ.

Гол нуур[засварлах | кодоор засварлах]

Тажикийн гол мөрд Амударья, Сырдарьягийн сав газарт хамаарна. Алайн нурууны арын Ферганын хөндийгөөр Сырдарья мөрөн урсаж Хужанд хот д.т.д. 320 м хүртэл нам доор газарт байдаг. Хөндийд Кайракумийн хиймэл нуур бий. Нурууны өвөрт байх Душанбегийн хажууд Нурекийн хиймэл нуур байна. Тажикийн хамгийн том нуур Каракуль (хар нуур) 380 км² талбайтай, ёроолдоо 236 м гүнд хүрдэг.

Памирт байх Федченкогийн мөсөн гол 77 км урт бөгөөд дэлхийд томоохонд тооцогдоно. Вахш зэрэг голыг нийлүүлсэн Панж гол нутгийн өмнөд хилээр урсаж Амударьяд цутгадаг.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Тажик орны уур амьсгал газрын байцаас хамаарна. Нам доор газарт VII сард дунджаар +27°C, I сард +1°C байх бол Памирын нуруунд VII сард +7°C, I сард −18°C температуртай байна.

Гол мөрний хөндийн жилийн дундаж хур тунадас 500-600 мм бол уул нуруудад 1500 мм хүрнэ.

Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Он Хүн ам [13]
1926 827,167
1939 1,485,091
1959 1,979,897
1979 3,806,220
2000 6,127,500
2010 7,564,502
Жимс худалдагч хархүү

Тажик улс 2010 онд 7,564,502 хүнтэй (дэлхийд 96-р олон) байв. 34 хувь нь 0–14 насны багачууд, 62% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4 нь 65-ээс дээш өндөр настан юм. Жилийн дундаж өсөлт — 1.9%, бичиг үсэг тайлагдалт — 99.5%, дундаж наслалт — 65.3 жил, хүйсийн харьцаа — 0.99 эр/эм.

Хүн амын 84%-ийг тажик үндэстэн бүрдүүлэх ба узбек, киргиз, орос, татар, араб зэрэг үндэстэн угсаатан мөн амьдардаг.

Улсын албан ёсны хэл нь тажик хэл юм. Тажик хэл хэмээх нь үндсэндээ перс хэл бөгөөд кирилл үсгээр бичдэг. Тажикийн ард түмний 90% ислам (85% суннит, 5% шийт), 10% христ (үнэн алдартны шашин), цөөн хэсэгт бахай, заратуштр шашин шүтнэ.

Хот суурин[засварлах | кодоор засварлах]

Тажик улсад одоогоор 18 хот байна. Үүнд:

Душанбе
2009 оны хүн амын тоогоор:

1. Душанбе (703,969 хүнтэй)
2. Хужанд (147,483)
3. Куляб
4. Кургантюбе
5. Канибадам

6. Истаравшан (56,874)
7. Вахдат
8. Турсанзаде
9. Исфара
10. Пенжикент (38,575 хүнтэй)

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эртний улс[засварлах | кодоор засварлах]

Саманы улс (819–999)

Нийтийн тооллын өмнөх 4-р мянганд энд хүрэл зэвсгийн үеийн соёл иргэншил оршин байжээ хэмээн архелогийн судалгаагаар тогтоожээ. Бичиг сударт тэмдэглэгдсэнээр Тажик орны зарим хэсэг НТӨ 6-р зуунд Ахемены улсын харьяанд байсан ба Македоны Александрын байлдан дагуулалтаар грек Бактрын улсын мэдэлд оров. Нутгийн умар хэсэг эртнээс эдүгээ хүртэл «Согд» хэмээх газар орон бөгөөд энд худалдаа наймаа, газар тариалан, шилэн болон модон эдийн дарх эртнээс хөгжсөн.

Дараа нь Кушан улсын (30–375) мэдэлд байж будда, несторын христ, зороастр, манихейзм зэрэг шашин дэлгэрчээ. Цагаан хүннү (408–670)-ийн үед арабчууд ислам шашныг дэлгэрүүлсэн ба өрнө дорныг холбосон торгоны зам бий болсон байв.

I Мансур (961–976)

Хоёрдугаар мянган[засварлах | кодоор засварлах]

Дараагийн зуунуудад араб, төвөд, перс, түрэг, монгол хаадын мэдэлд явсаар 14-р зуунд Төмөрийн улс, 16-р зуунд Бухарын хант улсын харьяа нутаг болов. Бухарын Эмират Улс, Хокандын хант улсын мэдэлд орж байв.

Орос, Зөвлөлт[засварлах | кодоор засварлах]

19-р зууны тажик нутаг

Хаант Орос Дунд Азийг байлдан дагуулж 1870 оноос хөвөнгийн тариаланд ач холбогдол өгөв. 1910-1913, 1916 онд бослого гарсаныг дарсан. Оросын иргэний дайны үед тусгаар тогтнохыг санаархсан ч Зөвлөлтийн улаан цэрэг ялж Зөвлөлтийн төрийн бодлогоор элдэв зүйл шашныг хориглож, сүм хийдийг хааж, хамтралжуулах аян эхэлжээ.

1924 онд Узбекийн ЗСБНУ-ын харьяанд Тажикийн автономит ЗСБНУ байгуулагдаж, 1929 онд зэрэг дэвшиж ЗСБН Тажик Улс хэмээн Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсын нэг болж, хил зурагджээ. 1930-аад онд олон хүнийг улс төрийн хэргээр хилсээр ялласан. Оросууд 1926-1959 онд 1%-иас 13% болтол олноор нүүн ирж, төрийн гол албан тушаалд түлхүү ажилладаг болов. Зөвлөлт Тажикийн намын даргаар Бобожан Гафуров, Турсун Улжабаев, Жаббор Расулов, Рахмон Набиев нар ажилласан.

1990 он. Душанбе.

Тусгаар Тажик[засварлах | кодоор засварлах]

Тажик улс ЗХУ-ыг бутардаг жил буюу 1991 оны 9 сарын 9-нд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан. 1992 онд НҮБ-ын гишүүнээр элсэв. Тажик хэлний эрх хэрэглээ дээшилж улсын хэл болов.

Тажикт 1992-1997 онд иргэний дайн дэгдэж 100000 хүн нас барсан ба 1992 онд ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон одоо хүртэл үргэлжлэн төр барьж байна. 1992 онд 58%, 1999 онд 98%, 2006 онд 79%-ийн санал авчээ.

Улс төр[засварлах | кодоор засварлах]

Эмомали Рахмон

1994 оны 11 сарын 6-д батлагдсан үндсэн хуульд зааснаар тус улс ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай.

Ерөнхийлөгч төр улс болон засгийн газрын тэргүүн болдог. 2003 оны 6 сарын 22-д бүх нийтийн зөвшөөрлөөр үндсэн хуулиндаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгон зассан.[14] 1994 онд БНТажУ-ын ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон 1999, 2006, 2013 онд дахин сонгогдоод байгаа.

Хууль тогтоох эрх мэдэл 5 жилээр сонгогдох «Мажилиси Олии» (Дээд Хурал)-д оногдоно. 33 суудалтай «Мажилиси милли» (Улсын Хурал), 63 суудалтай «Мажилиси намояндагон» (Төлөөлөгчдийн Хурал) хоёр танхимаас бүрдэнэ.

Эмомали Рахмон даргатай Тажикистан Улсын Ардын Ардчилсан Нам олон жил дангаар шахуу төр барьж байгаа бол Тажикистан Улсын Коммунист Нам, Тажикистан Улсын Исламын Сэргэл Нам, Тажикистан Улсын Эдийн Засгийн Шинэчлэлийн Нам, Тажикистан Улсын Хөдөө Аж Ахуйн Нам зэрэг хүч сул хэдэн нам парламентат ганц хоёр суудал авсан байдаг.

Орон нутаг[засварлах | кодоор засварлах]

Газрын зураг д/д Нутаг Төв Дотроо Талбай (км2) Хүн ам (2010)
1 Согд муж Хужанд 18 25400 2,233,500
2 Улсад шууд захирагдах нутаг Душанбе 13 28600 1,722,900
3 Душанбе хот Душанбе 4 100 724,800
4 Хатлон муж Курган-Тюбе 21 24800 2,677,300
5 Уулын Бадахшан өөртөө засах аймаг Хорог 7 64200 206,000
Нийлбэр 63 143100 7,564,500

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Тажикистан улс тусгаар тогтносноос хойш аажмаар зах зээлийн эдийн засагт шилжиж байна. Тажикистанд авилга их байгаа нь эдийн засагт чөдөр болж байгаа.

Хөнгөн цагааны үйлдвэр

Тажикистан улсын эдийн засаг олон улстай харьцуулахад сул байна. 2013 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.5 тэрбум америк доллартай тэнцэж байв. Нэг хүнд ноогдох нь 2200 доллар. Жилийн эдийн засгийн өсөлт 7.4%-ийн өсөлттэй байсан. 54% үйлчилгээ, 23% хөдөө аж ахуй, 23% аж үйлдвэрийн салбарт бүтээгдэв.

Инфляцийн түвшин 5%. Хөдөлмөрлөх хүчний 48% хөдөө аж ахуй, 41% үйлчилгээ, 12% аж үйлдвэрт ажиллаж байна. Тажикистаны иргэдийн 40-өөд хувь Орос зэрэг улсад очиж ажиллаж байна.

Хөвөн давуу, хөнгөн цагаан голлон экспортолдог. Хөвөн даавуу хөдөө аж ахуйн салбарын 60%-ийг бүрдүүлж байгаа ба салбарын ажиллах хүчний 75%, тариалангийн талбайн 45%-ийг эзэлж байна. Хөнгөн цагааныг төрийн өмчит компани олборлож байгаа ба Дунд Ази төдийгүй дэлхийд хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дээгүүр байрт бичигдэж байна.

Тажикистан улсад Афгантай холбогдсон хар тамхины наймаа гэх мэт далд эдийн засаг хөгжжээ.

Хүнсний захын жимсний худалдаа
Экспортын барааны бүтэц
ИранШвейцарХасагТурк
ИранХасагОросХятад

Тажикистаны Вахш, Панж голуудад усны эрчим хүчийг ашиглан цахилгаан гарган дотооддоо хэрэглэх болон гадаад улс руу экспортолж байна. Тажикистаны Нурек УЦС-ын далан дэлхийд хамгийн өндөр далан юм.

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. Constitution of Tajikistan
  2. Национальный состав, владение языками и гражданство населения Республики Таджикистан Том III. stat.tj
  3. "2019 Report on International Religious Freedom: Tajikistan". U.S. Department of State. Archived from the original on 27 September 2022. Retrieved 22 January 2023.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named pewforum.org
  5. "Tajikistan – World Factbook". www.cia.gov. Archived from the original on 20 August 2021. Retrieved 2021-05-08.
  6. "Democracy Index 2020". Economist Intelligence Unit (in британи-англи). Archived from the original on 3 March 2021. Retrieved 2021-12-17.
  7. "Population, total - Tajikistan". Data (in англи). 8 February 2022. Archived from the original on 20 September 2022. Retrieved 20 September 2022.
  8. "Tajikistan". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Retrieved 24 September 2022. (Archived 2022 edition)
  9. 9.0 9.1 9.2 9.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Archived from the original on 24 October 2022. Retrieved October 11, 2022.
  10. "GINI index (World Bank estimate)". databank.worldbank.org. World Bank. Archived from the original on 31 March 2018. Retrieved 3 February 2019.
  11. "Human Development Report 2021/2022" (PDF) (in англи). United Nations Development Programme. 8 September 2022. Archived (PDF) from the original on 8 September 2022. Retrieved 11 October 2022.
  12. "КОНСТИТУЦИЯ РЕСПУБЛИКИ ТАДЖИКИСТАН". prokuratura.tj. Parliament of Tajikistan. Archived from the original on 24 February 2021. Retrieved 9 January 2020.
  13. Демоскоп Weekly
  14. Constitution of the Republic of Tajikistan as amended by referendum of 22 June 2003 (Орос хэл)

Холбоос[засварлах | кодоор засварлах]