Монтенегро
Монтенегро буюу Черногор (монтенегрогоор Crna Gora/Црна Гора, "Хар уул" хэмээсэн утгатай) нь зүүн өмнөд Европт, Балканы хойг дээр орших тусгаар улс юм. Баруун өмнөд хаяанд нь Адриатын тэнгис байх тус улс баруун талаараа Хорват, баруун хойд талаараа Босни ба Херцеговина, зүүн хойд талаараа Серби, зүүн талаараа Косово, зүүн өмнө талаараа Албани улсуудтай хиллэнэ. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Подгорица боловч Цетинье хотыг Вангийн хуучин нийслэл (prijestonica) гэж тодорхойлсон байдаг.[5]
9-р зуунд Сербийн гурван гүнлиг одоогийн Монтенегрогийн нутагт оршиж байв: багцаагаар нутгийн өмнөд хагасыг эзлэх Дукля, баруун хэсгийн Травуния, хойд хэсгийн Расция.[6][7][8] 1042 онд Стефан Воислав Византийн эзэнт гүрний эсрэг бослого гаргаснаар Дукля тусгаар тогтнолоо олж, Воиславевич династи хэсэг хугацаанд оршин тогтножээ. Түүнээс хойш бүс нутгийн хүчирхэг улсуудын мэдэлд ээлж дараалан орсоор, мөн Османы эзэнт гүрний бүрэлдэхүүнд хэдэн зууныг өнгөрөөсний дараа 1918 онд Югославын вант улсын нэг хэсэг болж, улмаар уг вант улсыг 1945 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс залгамжилсан юм.
1992 оны Югославын задралын дараа Серби болон Монтенегро улсууд хамтдаа Югославын Холбооны Улс хэмээх холбооны улсыг байгуулсан боловч Югославын албан ёсны залгамжлагч эсэх асуудал нь хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан бусад улсуудын эсэргүүцэлтэй тулгарч, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн 777-р тогтоолоор үгүйсгэгдсэн тул 2003 онд улсын нэрээ Серби ба Монтенегро болгон өөрчилжээ. 2006 оны 5 сарын 21-ний тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн дагуу, Монтенегро улс мөн оны 6 сарын 3-нд тусгаар тогтнолоо зарлажээ. Тус улс 2007 оны 10 сарын 22-нд албан ёсны нэрээ Бүгд Найрамдах Монтенегро Улс болгон өөрчилсөн.
Дэлхийн Банкны ангиллаар дундаас дээгүүр орлоготой орон болох Монтенегро нь НҮБ, НАТО, Дэлхийн Худалдааны Байгууллага, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Төв Европын чөлөөт худалдааны гэрээний гишүүнчлэлтэй бөгөөд Газрын дундад тэнгисийн холбоог үүсгэн байгуулалцсан гишүүн юм.
Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary: Montenegro – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ CIA – The World Factbook (Schätzung für Juli 2009, abgerufen am 24. August 2009)
- ↑ wolframalpha.com: Montenegro
- ↑ [1] (PDF) Олон Улсын Валютын Сан
- ↑ Human Development Report 2016 des United Nations Development Programme (UNDP).
- ↑ Basic data of Montenegro Archived 20 April 2010 at the Wayback Machine.
- ↑ (14 October 2004) The New Cambridge Medieval History: Volume 4, C.1024-c.1198. Cambridge University Press, 266–.
- ↑ East Central Europe in the Middle Ages, 1000–1500. University of Washington Press, 21–.
- ↑ he early medieval Balkans: a critical survey from the sixth to the late twelfth century. University of Michigan Press, 194.