Туркменистан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Туркмен улс
ᠲᠦᠷᠻᠮᠸᠨ ᠤᠯᠤᠰ
Türkmenistan (туркмен)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
түркм. «Garaşsyz Bitarap
Türkmenistanyň Döwlet Gimni»

(Тусгаар, төвийг сахигч Түркмен улсын дуулал)

Дэлхийн тал бөмбөрцөг дэх Туркмений байршил
Дэлхийн тал бөмбөрцөг дэх Туркмений байршил
Нийслэл Ашхабад
Том хот Түркменабат, Дашогуз
Албан хэл туркмен хэл
Ард түмэн 
(2003 он)
Туркмений ард түмэн:
85% - туркмен үндэстэн
5% - узбек үндэстэн
4% - орос үндэстэн
6% - бус ард түмэн
 -  Нутгийн олон 100% – Туркменийхэн
(Туркмен улсынхан)
Төр засаг Нэгдмэл байгууламж, нэг
намт, ерөнхийлөгчийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов
ЗХУ-аас тусгаар тогтносон өдөр
 -  Зар. тунхагласан 1991 оны 10 сарын 27 
 -  Хүл. зөвш-гдсөн 1991 оны 12 сарын 25 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 491,210 км2 (52)
 -  Гадаргын ус (%) 4.9
Хүн ам
 -  Тооцоо (2009) 5,110,000[1] (112)
 -  Нягт сийрэг 10.5 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $43.359 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $7,846[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $25.742 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $4,658[2] 
ХХИ (2010) 0.669[3] (дундаж) (87)
Мөнгөний нэгж Түркмен манат (TMT)
Цагийн бүс +5
Домэйн нэр .tm
Утасны томьёо +993

Туркменстан нь Төв азийн улс бөгөөд баруун хойд хэсгээрээ Казакстан, хойд болон зүүн хэсгээрээ Узбекстан, зүүн өмнөд хэсгээрээ Афганистан, өмнөд болон баруун өмнөд хэсгээрээ Иран улстай болон баруун талаараа Каспийн тэнгистэй тус тус хиллэдэг.

Газар нутгийн хэмжээгээр Дэлхийд 53 дугаар байранд буюу 491 мянган км² газар нутагтай. Засаг захиргааны таван муж, нэг нийслэл болгон хуваадаг.

Туркменстан   нь олон зуун жилийн турш соёл иргэншлүүдийн уулзвар болж байсан. Дундад зууны үед Мерв хот нь 15-р зууны дунд хүртэл Хятадын худалдаа арилжааны цуваа явдаг байсан Торгоны замын чухал зогсоол бөгөөд Исламын ертөнцийн агуу хотуудын нэг байсан. 1881 онд Оросын эзэнт гүрний хавсарга улс болсон. Туркменстан нь Төв Ази дахь Болшевикийн  эсрэг хөдөлгөөн өрнүүлж байсан боловч 1924 онд ЗХУ-ын бүрэлдэхүүн Бүгд найрамдах улс болж, 1991 онд ЗХУ задарч тусгаар тогнтолоо зарлах хүртэл Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен (Туркмен ССР) улс хэмээн нэрлэгдэж байсан.

Туркменстан улс нь дэлхийд байгалийн хийн нөөцөөрөө 4-т ордог. Газар нутгийх нь ихэнх хэсэг буюу 70 орчим хувийг Каракумын цөл эзэлдэг. 1993 оноос хойш иргэд нь төрөөс үнэгүй цахилгаан, ус болон газын хийгээр хангадаг.

Туркменстан улсын анхны ерөнхийлөгч Сапармурат Нивазов 2006 онд нас барах хүртлээ тус улсыг захирч байсан. 2007 онд Гурбангули Бердимухамедов ерөнхийлөгчөөр  сонгогдсон. Хүний эрхийн манах (Human Rights Watch ) байгууллага “Туркменстан улс нь дэлхийн хамгийн дарангуйлсан дэглэмтэй улсуудыг нэг нь. Энэ улсад бие даасан хяналт бараг хаалттай, хэвлэл мэдээлэл болон шашны эрх чөлөө чанга хяналттай, хүний эрхийг хамгаалагчид болон бусад сайн дурын идэвхтнүүдийн засгийн газраас хяналт тавьж, аюул заналхийлэл учруулж байдаг ” гэж дүгнэлт гаргасан.

Ерөнхийлөгч Бердимухамедов нэг хүнийг тахин шүтэх дэмждэг, түүний хамаатан садан болон хамтрагчидаа хязгааргүй эрх мэдэл эдлүүлдэг ба нийгмийн амьдралын бүхийл асуудлыг бүхэлд нь хянаж байдаг.

5.2 сая иргэний 90 хувь ислам шашинтан, 78 хувь туркмен үндэстэн байдаг. Нийслэл Ашхабад 900 мянган хүнтэй.

Туркмен улс хөгжиж байгаа. 2012 оноор жишээлэхэд ДНБ 11% өссөн. Шатдаг хий, газрын тос ихээр олборлодог.

«Тамын үүд» хэмээх түймэр унтардаггүй том нүх газарт үүссэн байдаг нь аялагч жуулчдын анхаарлыг татдаг.

Нэр[засварлах | edit source]

Түркмен улсын нэрийг түркменээр Türkmenistan гэж бичдэг. Türkmenistan нь türk+men+stan гурван үеээс бүтнэ. «Түркмен улс орон» гэсэн утгатай. Эхний türk нь монголоор «ᠲᠦᠷᠦᠭ», «түрэг» гэж бичдэг үгний нэгэн түрэг хувилбар нь мөн. Хоёрдугаар men-ийг эрдэмтэд «-д хамаарах», «-рхүү» гэсэн утгатай -myn ,-men гэх согд залгаас гэж таадаг. Гуравдугаар stan нь «орон», «-ын газар», «улс» буюу -стан гэх перс дагавар юм. Монголд англи Turkmenistan, орос Туркменистан хоёроос улбаалаад Туркменистан гэж бичих нь давамгайлж байгаа юм. Мөн орос Туркмения-аас болж Туркмен гэж бичих нь байдаг. Дамдинсүрэнгийн толийг баривал Түркмен, түркменээс нь галиглавал Түркменистан, «-стан»-ыг нь «улс»-аар солиод Түркмен улс, зүгээр л Түркмен гэж монголчилж болно. Азербайжанаар Türkmənistan, хасагаар Түрікменстан, хиргисээр Түркмөнстан, сахагаар Түркменистаан, оросоор Туркме́ния, Туркмениста́н гэж үсэг, өргөлтийг нь өөрийн хэл бичигтэй тааруулснаас үлгэрлэвэл кирилл монголоор Түрэгмэнстаан, Түрэгмээн улс гээд бүр монголчлож ч болохоор байдаг.

Түүх[засварлах | edit source]

Урьдын түүхэнд Түркмен оронд төвлөж мандсан улс байсангүй. Хоёр мянган жилийн тэртээ Ахемин, Македоны дайчдын зам татаж өнгөрчээ. Дараа нь Парф, Сасан гэх мэт Иран угсаатны байгуулсан төр улсын хязгаар нутаг байв. Эцэстээ Түрэг угсаатны умраас өмнөш, дорноос өрнөш нүүсэн нүүдлийн замд таарч аажмаар Иран бус Түрэг угсаатны нутаг болжээ. 10-р зуунаас Перс соёлтой Түрэг угсааны Селжук, Сартуул улсын бүрэлдэхүүнд орж явав. 13-р зуунд Их Монгол, Хүлэгийн гэх монгол, 14-р зуунд Төмөрийн гэх түрэг-монгол, 16-р зуунаас Хивын, Бухарын гэх узбек эзэнтэй улсуудын харьяанд орж явсаар 19-р зууны сүүлчээр хаант Оросын цэрэгтэй учирчээ.[4]

Өнөөгийн Түркмен орны үндсэн хүн ам нь Түркмен үндэстэн. Тэд Турк, Азербайжан бас багтдаг Түрэг угсааны өрнө салаа - Огузт хамаардаг. «Огуз» гэдэг үг нь «аймаг» гэх түгээмэл утгатай. Огуз нь 9-р зуунд Каспийн тэнгисээс Балхаш нуур хүртэл, ер нь Арал тэнгисийн орчим нутаглаж байгаад баруун өмнө рүү зүглэжээ. Түрүүч нь явсаар Туркт, дагуул нь Азербайжанд, адаг нь Түркменд суурьшсан шиг байна. 7-р зууны Орхоны бичигт "Sekiz-Oghuz («найман огуз»), Dokuz-Oghuz («есөн огуз») гэж бичжээ" хэмээн Түрэг судлалын эрдэмтэд тайлж уншдаг. Тиймээс Түрэг улсыг мөхсний дараа Огуз («аймаг») Түргүүд Монгол орноос нүүсэн байх гэж таадаг.[4]

Түркмен хувцастай Түркмен эр
(1905-1915 оны хооронд авсан зураг)

Монголчуудын ноёрхлын дараа Түркмен овог аймгууд шинээр нэр төрлөө олж, өнөөгийн шинжийн суурь тавигджээ. 16-р зууны үед аймгийн холбоод нь хэд хэд бутарчээ. Тариачин узбек улсын (Бухарын, Хивын) бүрэлдэхүүнд байгаа гэдэг нэртэй боловч Түркменчүүд өөрсдийгөө эзэн мэдэж, малаа маллан амьдарсаар байлаа. Узбекийг дийлж давсан Оросын цэргүүд 19-р зууны төгсгөлд Түркмений нутагт тулсан.[4] Өмнөдийн Гөктепе («хөх дов») цайзыг Оросууд 1880-1881 оны өвөл эзлэн авснаар уудам Түркмен нутаг Оросын эзэмшлийн Закаспи мужийн (Москвагаас харсан «Каспийн чанад муж» гэсэн утга) бүрэлдэхүүнд орж засагдах болжээ. 1921 оноос өнөөгийн хил хязгаар зурагдаж, Зөвлөлтийн түр цагийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Туркестан Улсын Түркмен муж гэгдэж байгаад 1925 оны 5 сарын 25-наас Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Түркмен Улс (ЗСБНТүрУ) болжээ. Зөвлөлт Түркмений он жилүүд бусадтай адил жишгээр өнгөрсөн. Шашин шүтлэг хориглогдож лалын сүм хийд хаагдах, Орос хэл давамгайлах, Москвад эрх мэдэл төвлөх, Оросууд олноор нүүн ирэх гэх мэт нутгийнханд таагүй, харин аж үйлдвэржих, үйлдвэр уурхай, хот тосгод олноор баригдах гэх мэт нутгийнханд ээлтэй зүйлс хосолж байв. Эцэстээ ЗХУ-ыг бутрахад 1990 онд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 1991 онд тусгаар тогтносон бүрэн эрхт Түркмен улс (Түркменистан) мэндэлжээ.

Хүн ам зүй[засварлах | edit source]

Яс үндэс Хүн ам
(2010 он)
Хувь
Туркмен үндэстэн 4,011,000 78.6 %
Узбек үндэстэн 479,000 9.4 %
Орос үндэстэн 165,000 3.2 %
Хасаг үндэстэн 138,000 2.7 %
бусад ард түмэн 312,000 6.1 %
Он Хүн амын
тоо
1926 975,599
1959 1,516,375
1989 3,522,717
1999 4,993,000
2010 5,105,000

Туркмен улсын хүн амын тоо өсдөг. 1959 онд 1.5 сая байсан бол 50 жилийн дараа 2010 онд 5,105,000–д хүрчээ. Дэлхийн 194 улсаас 94–р олон хүнтэй нь бөгөөд харьцангуй сийрэг суудаг (10 хүн/км²). 0-14 насныхан 26 хувь, 15-64 насныхан 67 хувь, 65–аас дээш настан 4 хувь эзэлдэг. Хүйсийн харьцаа — 0.98 эр/эм, дундаж наслалт — 67.87 жил. Бичиг үсэг тайлагдалт — 98.8%.

Ард түмэн[засварлах | edit source]

Гоёлоо өмссөн туркмен залуус

Туркменд олон үндэстэн ястан аж төрөн сууж байна. Олонх буюу 78.6 хувийг түрэг угсааны туркмен үндэстэн эзэлдэг бол үлдэх хувийг мөн угсааны узбек (9%), хасаг (2%), татар, азербайжан, слав угсааны орос (3%), украйн болон бус угсааны балуч, армен хүмүүс бүрдүүлдэг. Оросууд 1989 онд 10 хувь эзэлдэг байснаа ЗХУ бутарснаас хойш 3 хувь руу унажээ.

Хүн амын 89% (түрэг) исламын шашинтай. 10 хүрэхгүй хувь (слав) христийн шашны үнэн алдартны урсгалыг дагадаг.

Хот суурин[засварлах | edit source]

Ашхабад дахь лалын сүм

Туркмений ард иргэдийн 48.7% хот газар амьдарч байна.

2010 оны хүн амын тоогоор:

Төр засаг[засварлах | edit source]

Ерөнхийлөгчийн ордон

Туркмен улс ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагтай улс юм.

1991 онд тусгаар тогтнохдоо ЗХУ-ийн үеийн шинжээ ихээр хадгалсан. Сапармурат Ниязов 1985 оноос 2006 онд нас барах хүртлээ үргэлжлэн төр барьсан. Нэг хүнийг тахин шүтдэг байсныг Ниязовын цол, урианаас мэдэж болно. Нэг намын тогтолцоотой явсаар 2008 оны үндсэн хуулиараа олон намын тогтолцоо, бусад хэдэн ардчилсан заалт оруулсан ч заримыг мөрдөөгүй.

2007 оноос Гурбангулы Бердымухамедов ерөнхийлөгч болон ажиллаж байна. Ерөнхийлөгч засгийн газрыг толгойлно.

1992 оны үндсэн хуулиар хоёр хуралтай байхаар тогтсон. 2507 гишүүнтэй Ардын зөвлөлийг нь 2008 оны үндсэн хуулиар татан буулгасан. Нөгөөх нь 125 суудалтай Хурал (Межлис) юм. Сүүлийн буюу 2013 оны сонгуулиар

  1. Туркмен улсын ардчилсан нам 47,
  2. Туркмен улсын мэргэжлийн холбоодын байгууллага 33,
  3. Туркмен улсын эмэгтэйчүүдийн холбоо 16,
  4. Туркмен улсын үйлдвэр худалдаа эрхлэгчдийн нам 14 суудал тус тус авчээ.

Орон нутаг[засварлах | edit source]

Таван муж: 1-Ахал, 2-Балкан, 3-Дашогуз, 4-Лебап, 5-Мары

Туркмен улс төрийн нэгдмэл байгууламжтай, нутаг дэвсгэрээ эхлээд зургаа хуваадаг. Ашхабад нийслэл хот болон таван муж (велаят). Хоёрдугаар түвшинд мужийн харьяат хот болон хошуу (этраб) гэмээр нэгжээр хуваагдана. Тоолвол 57 хошуу бий.

Нутгийн нэр Түркмен нэр Газар нутаг[5] Хүн ам (2005)[5] Төв хот
Ашхабад хот Aşgabat 470 871,500 Ашхабад
Ахал муж Ahal welaýaty 97,160 939,700 Анау
Балкан муж Balkan welaýaty 139,270 553,500 Балканабат 
Дашогуз муж Daşoguz welaýaty 73,430 1,370,400 Дашогуз
Лебап муж Lebap welaýaty 93,730 1,334,500 Түркменабат
Мары муж Mary welaýaty 87,150 1,480,400 Мары
Хүндэт харуул

Цэрэг зэвсэг[засварлах | edit source]

Туркмен улс хуурай замын, агаарын, тэнгисийн цэргийн хүчинтэй. 34000 хүн ажиллаж байна. Хүндэт харуул, дотоодын цэрэг, хилийн цэрэг бий. Зөвлөлтөд үйлдвэрлэсэн зэвсэг, техник голлодог. 700 гаруй танк, 560 их буу, 120 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг байна.

Гадаад харилцаа[засварлах | edit source]

Туркменистан бол НҮБ-ийн гишүүн, бүрэн эрхт улс юм. Олон улсын хэрэгт төвийг сахиж алив эвсэл, холбооноос "бүрмөсөн татгалзсныг" НҮБ 1995 онд баталжээ.[6] 132 улстай дипломат харилцаатай.[7]

Хүний эрх боомилсон нь[засварлах | edit source]

Сапармурат Ниязов ерөнхийлөгч видео тоглоом, автомашинд хөгжим сонсох, дуурь, балет, олны газар тамхи татах, эрэгтэй хүн үсээ урт ургуулахыг хориглож байв. Гурбангулы Бердымухамедов ерөнхийлөгч 2008 онд дуурь, цирк тоглох хоригийг цуцалсан. Ниязовын зохиосон шашны«Рухнама» номыг бүх нийтэд уншуулж, баримтлал болгосон. Хэвлэл мэдээлэлд тавьдаг хоригоороо дэлхийн тэргүүн эгнээнд явдаг. Ниязов бүх сэтгүүлчийг өөрөө томилдог байлаа.

Улсын иргэн гадаад улс руу явах чөлөөтэй биш. Цөөн шалтгаанаар л явж болно.

Эдийн засаг[засварлах | edit source]

Туркмений экспортын бүтэц  (англ.)
Каспи дахь газрын тосны цооног

Туркмен улсын эдийн засаг хөгжиж байгаа. 2012 оны мэдээгээр 47.55 тэрбум америк доллартай тэнцэх ДНБ бүтээснээр (дэлхийд 97-р байр), нэг хүнд 8500 $ оногдож байв. Ажилгүйдлийн хувь - 3.5%, үнийн өсөлт - 10.5%, ядуурлын түвшин - 7.8% байна. Мөнгөний нэгж нь манат.

Газрын доорх баялаг[засварлах | edit source]

Туркмен орон шатдаг хий, газрын тосоор баялаг. Каракумын элсэн цөлийн доор байна. Шатдаг хийн нөөцөөр дэлхийд дөрөвдүгээр байр эзлэдгийн дунд Галкынышын шатдаг хийн орд дэлхийд хоёрт гэнэ. Туркменгаз ТӨХК ажилладаг ба Туркмений олборлосон шатдаг хийн гуравны хоёрыг Оросын Газпром компани худалдаж авдаг.[8]

Туркменд газрын тос 1909 оноос олборлож эхэлсэн. Каспийн тэнгисийн эрэг, хөвөөгөөр нөөц арвин.

Эрчим хүч[засварлах | edit source]

Туркмен дотоодын хэрэгцээнээс хэтэрсэн эрчим хүч үйлдвэрлэн экспортолдог. Гиндукушийн УЦС 350 мегаватт, Марын ДЦС 1370 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай.

Хөдөө аж ахуй[засварлах | edit source]

Нутгийн тариаланд тохирох талбайн тал хувьд хөвөн тариалдаг. Хөвөн тариалалтаар дэлхийд 9-р байр эзэлнэ.[9] 2012 онд Беларусь, Америкийн 7000 трактор, 2000 гаруй машин техник хэрэглэсэн мэдээ бий.

Газар зүй[засварлах | edit source]

Байр зүйн зураг

Түркмен бол Төв Ази, тэр тусмаа Дундад Азид 488,100 км2 талбай эзлэн оршиж байгаа далайд гарцгүй орон юм. Нутаг дэвсгэр нь х.ө. 35°43°, з.у. 52°67° дотор бүхлээрээ багтана. Дэлхийн улс орнуудаас газар нутгийн хэмжээгээр 52-р том (Испанийн ард, Камеруны урд) нь юм гэнэ. Баруун талаараа Каспийн тэнгистэй 1,786 км, хойд талаараа Казахстантай 379 км, зүүн хойд талаараа Узбекистантай 1621 км, зүүн урдуураа Афганистантай 744 км, баруун урдуураа Ирантай 992 км урт газраар хиллэдэг. Өрнөдөөсөө дорнод хүртлээ 1100 км, умардаасаа өмнөд хүртлээ 650 км энтэй. Түркмений газар нутаг дунджаар д.т.д 100-220 метр өндөрт тогтсон, ер нь нилэнхүйдээ нам доор газар. Үүнээс Каспийн тэнгисийн ойрх өрнө тал нь Тураны нам доор газар гэж хэлэгдэнэ. Мөн нутгийн дийлэнх хэсэг нь цөл, Кара-Күмийн цөлд хамаарна. Ирантай хиллэх зурвасаар намхан уулстай, Узбекистантай хиллэх дорнод захын цэг буюу Айрабаба уул (3,139 м) хамгийн өндөр цэг нь болдог. Хамгийн нам доор нь Сарыгамыш нуурын мандал. Томоохон голуудаас нэрлэвэл Амударья, Мургаб, Тэжэн гурав.

Аялал жуулчлал[засварлах | edit source]

Туркменд амралт сувиллын чиглэлээр Каспийн тэнгисийн эргийн Авазад голлон очдог бол түүхийн мөрөөр Дашогуз, Кёнеургенч, Ниш, Мары хотуудаар аялах жим татжээ.

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Туркменистан»
  1. Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). Retrieved on 2009-03-12.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Turkmenistan. International Monetary Fund. 22 April 2012-д хандсан.
  3. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
  4. 4.0 4.1 4.2 "Country Profile: Turkmenistan" (PDF). Library of Congress Federal Research Division (February 2007).
  5. 5.0 5.1 Statistical Yearbook of Turkmenistan 2000-2004, National Institute of State Statistics and Information of Turkmenistan, Ashgabat, 2005.
  6. http://www.un.org/documents/ga/res/50/a50r080.htm
  7. http://mfa.gov.tm/en/mfa-en/diplomacy/diplomatic-relations
  8. "Business | Russia reaches Turkmen gas deal", BBC News, 5 September 2006. 3 May 2010-нд авсан. 
  9. The ten largest cotton producing countries in 2009. Statista.com. 2013-11-25-д хандсан.